Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/633

 

 

 

 

 

 

 

   2023         06         21                                   2023/ШЦТ/633

 

                               

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Халиунаа

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар нар оролцсон эрүүгийн 2309006041189 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар кочид буудалд ресейпшн ажилтай, ам бүл 2, аавын хамт, Урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзсан. хэрэг хариуцах чадвартай, Г овогт Г-н Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудалд хохирогч А.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар заамдалцаж, ноцолдон эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн гэмтэл, нүүрэнд зулгаралт завжинд шарх хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2309006041189 дугаартай хэргээс:

Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1893 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудалд хохирогч А.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар заамдалцаж, ноцолдон эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн гэмтэл, нүүрэнд зулгаралт завжинд шарх хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч А.Э“Б чи намайг согтуу гэлээ гээд хэрүүл өдөхөөр нь би эргэж хараад чи согтуу л байна ш дээ өмнө нь зөндөө асуудал болж байсан одоо яагаад энэ асуудлаа дахиад давтаж байгаа юм бэ гээд маргалдаад бие биеийгээ заамдаж аваад барьцалдаад байж байтал Х, Э нар салгасан. Бид хоёр бие биетэйгээ ноцолдохдоо нэгнийгээ гар далайж цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн хүзүүнд цус хуралт бол Б бие биеийгээ заамдалцахад үүссэн байх. Харин зүүн чихний дэлбэнгийн гэмтэл, нүүрэнд зулгаралт, завжинд шархыг яг яаж үүсгэснийг мэдэхгүй байна. Бие биетэйгээ заамдалцаж ноцолдож байх үед үүссэн юм шиг байна” гэх мэдүүлэг,

Гэрч М.Х-ийн “...угтагч залуу Э ахад ханаж чи хэн юм бэ чи намайг хэн гэдгийг мэдэх үү гэж хэлээд дайрсан.Тэгсэн тэр хоёр барьцалдаж аваад зууралдаад үлдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Э“...манай фитнесийн багш Э ах В1 давхраар орж ирсэн тухайн үед багш лифт рүү очих замдаа наадах чинь согтуу байна ярих зүйл алга дээшээ ажил руугаа оръё гэсэн чинь Б гэх залуу Э багшид хандаж Чи намайг мэдэх үү араа мэдэж яриарай гэсэн. Тэгээд Х бид хоёр лифтны түлхүүрээ аваад дээшээ гарах гэсэн чинь Э ах Б гэх залуу 2 хоорондоо зууралдаад нэг нэгнийгээ унагаасан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1893 “А.Э биед зүүн чихний дэлбэнгийн гэмтэл, нүүрэнд зулгаралт, завжинд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Э эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, дээрх үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт нийцэж байна.

Иймд шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч А.Э нь гомдол саналгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй тул шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1. 4, 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт Г-н Б-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын  биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН