| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
2023.08.31 2023/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0160/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 2339001550240 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 9-04 тоотод байх Ш.Ж-ы эзэмшлийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /хөндлөн/ 4 метрийн урттай 32 ширхэг банзыг машин механизм буюу 80-94 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, М.Цолмонбаярт манай хашааны банз гэж хэлж, цуг явж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ш.Ж-д 896,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001550240 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9-р хуудас),
Хохирогч Ш.Ж-ы (хх-ийн 14-р хуудас), Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын (хх-ийн 17-р хуудас), гэрч Э.Мөнгөншагайгайн (хх-ийн 19-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШД-159 дугаартай “...80-94 ХЭҮ улсын дугаартай HYUNDAI porter маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 4,000,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 37-40-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ХЖ-09 дугаартай “...32 тооны банзыг 896,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 43-45-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 83-р хуудас),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 54-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 64, 96, 97-104 -р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339001550240 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.А нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 9-04 тоотод байх Ш.Ж-ы эзэмшлийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /хөндлөн/ 4 метрийн урттай 32 ширхэг банзыг машин механизм буюу 80-94 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан М.Цолмонбаярт манай хашааны банз гэж хэлж, цуг явж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ш.Ж-д 896,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ш.Ж-ы мэдүүлэг, гэрч Э.Мөнгөншагай, М.Цолмонбаяр нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Батжаргал, хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...С.А нь хохирогч Ш.Ж-ы эд зүйлийг хулгайлж 896,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай тооцоход хангалттай баримтууд цугларсан тул гэм буруу дээр маргахгүй байр суурийг гаргаж байна. Хохирол бүрэн төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч С.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Миний буруу....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч С.А нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 9-04 тоотод байх Ш.Ж-ы эзэмшлийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн урттай 32 ширхэг банзыг машин механизм буюу 80-94 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Ш.Ж-д 896,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан
Шүүгдэгч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд банз ачиж авчрах машин хэрэг болоод тэр граж дээр байсан 1 машинтай залууг 40,000 төгрөгөөр яваад өгчих гэж гуйсан. Тэгээд банз авах залуу болон 1 цагаан портер хөлслөөд Өлзийтийн 10-03 тоотод байдаг эгчийнхээ хашаанд ирсэн. Манай эгч Анхцэцэг тухайн үед хотод байсан юм. Тэгээд эгчийн баруун талынх нь хамар хашааны банзыг бид гурав буулгаад 4 метр орчмын урттай, 30 гаран банзыг нөгөө машин ачаад. Өлзийтийн 10 дугаар эгнээнд нөгөө залуугийн хашаанд буулгасан. Тухайн банзнуудыг нөгөө залууд 170,000 төгрөгөөр зараад, банз ачсан машиндаа 40.000 төгрөгийг өгөөд салсан...Тухайн үед архи уучихсан архины мөнгө олох санаатай зарсан. Манай эгчийн хашаа болохоор л эгчид хэлэлгүй зарчихъя гээд авчихсан юм. Тэгсэн тухайн хашааны банз нь нөгөө талынх нь айлын банз байсан юм байна лээ......Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9-р хуудас),
Хохирогч Ш.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 9-4 тоотод нөхөр хүүхдийн хамтаар оршин суудаг. Харин манай хойд талын залгаа хашааны тоот нь Өлзийтийн 10-3 тоот хашаа байдаг. Манай 2 хашааны голоор байдаг хашаа нь манай хашаа бөгөөд бариастай хашаа байдаг. Харин 2023 оны 02 дугаар сарын 16-ны өглөө манай нөхөр гэрээсээ гараад ороод ирэхдээ манай хойд талын хашаа алга болчихсон байна. Хойд хашаатайгаа нэг том хашаа болчихсон байна гэхээр нь би нөхрийгөө дооглоод бариастай хашаа хулгайлдаг хэн байдаг юм гээд байсан чинь манай нөхөр чи өөрөө гараад хардаа гээд байхаар нь гараад харсан чинь манай хашаа үнэхээр алга болчихсон байсан. Тэгэхээр нь хайж явсаар байгаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Батжаргал гэх айлаас өөрийн хашааныхаа банзыг олж авсан. Тэгсэн чинь Батжаргал гэх эгч би А гэдэг хүнээс мөнгөөрөө худалдаж авсан. Би хохирч чадахгүй гээд уурлаж байгаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байсан. Харин цагдаагийн байгууллагаас манай банзыг Батжаргал гэх хүнээс авч хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай хүү Цолмонбаяр нь над руу утасдаад “ээж энд нэг хүн банз зарна гээд байна та авах юм уу гэхээр нь” би хэд гэж байгаа юм бол юун банз юм бол гэж асуухад мэдэхгүй нэг залуу 30 гаран ширхэг хар банз 170,000 төгрөгөөр зарна гэнэ яах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар нэгэн асуудалгүй юм бол авсан ч яах вэ гэж хэлсэн. Тэгээд дараах нь нөгөө залуу манай хүүхдээр манай хашааг заалгаад машин дээр банз аччихсан ирсэн. Тухайн банзаа манай хашаанд буулгасан. Тухайн банз нь хар банз байсан ба яг ямар урттай банз байсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд тухайн банзыг би хашаандаа буулгаад 170,000 төгрөгийг тэр залууд бэлнээр өгсөн. Тэгсэн хэд хоногийн дараа 2 танихгүй эмэгтэй хүн манай гэрт ирээд манай банзыг нэг залуу хулгайлаад танд зарсан байна. Бид нар банзаа авмаар байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ би энэ банзыг чинь бэлэн мөнгөөр нь худалдаж авсан хүн учрыг нь олж байгаад би буцааж өгнө гэж хэлсэн....би тэр залууг танихгүй...4 метр орчим урттай, 32 ширхэг хар банз зарсан. Тухайн банзнуудыг прокурорын зөвшөөрлөөр надаас хураагаад авчихсан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),
Гэрч Э.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ойлгосноор бол нөгөө танихгүй ах Цолмонбаярт хашааны банз зарж байгаа гэж байсан, тэгээд нөгөө ах болон Цолмонбаяр бид гурав нөгөө ахын зааж өгсөн хашаар уу явсан, тухайн хашаа нь Өлзийтийн 10 дугаар эгнээнд хойд талаараа ордог хашаа байсан тухайн хашааны бараан талынх нь хамар хашааны хөндлөн банзнуудыг буулгаад миний машин дээр ачсан тэгээд тэр хашаанаас хөдлөөд нөгөө Цолмонбаярын хашаанд аваачиж буулгасан. Цолмонбаяр тэр ахад банзны мөнгө гэж өгсөн нөгөө ах надад тухайн мөнгөнөөс зөөвөрлөсний мөнгө гээд 30,000 төгрөг өгсөн, нөгөө ах болохоор дэлгүүр дээр буугаад үлдсэн...Тэр хашаанд нэг модон амбаар байсан ямар нэгэн айл байгаагүй урд талд нь нэг байшин байсан тэр модон амбаарыг тэр ах мөн зарна гэж ярьж байсан...Надад ямар нэгэн хулгайн хэлээгүй хэлсэн бол юу гэж ачих вэ...30-иад ширхэг хар банзнууд байсан...Портер-2 маркийн 80-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан тухайн тээврийн хэрэгслээ 5 сард хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас)
Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ХЖ-09 дугаартай “...Г.Б-ын хулгайд алдсан 32 ширхэг банзны үнэлгээг 896,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 43-45-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШД-159 дугаартай “...80-94 ХЭҮ улсын дугаартай HYUNDAI porter маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 4,000,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 37-40-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 9-04 тоотод байх Ш.Ж-ы эзэмшлийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн урттай 32 ширхэг банзыг машин механизм буюу 80-94 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.А нь машин механизм ашиглаж, ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч С.А нь хохирогч Ш.Ж-ы эзэмшлийн хашаанаас 32 ширхэг банзыг хулгайлж 896,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ш.Ж-ы “...цагдаагийн байгууллагаас манай банзыг Батжаргал гэх хүнээс авч хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас)-ээр,
Иргэний нэхэмжлэгч Г.Б-д 170,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохирогчид төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 20, 29-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 80-94 ХЭҮ улсын дугаартай Hyundai Porter тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш байх тул уг машины үнэлгээ 4,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч С.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.А нь урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар (хх-ийн 96, 97-104-р хуудас) тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Porter маркийн 80-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.Энх-Оюун гэх хүний ******* дээр байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339001550240 дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.А ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А д оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2339001550240 дугаар хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 80-94 ХЭҮ улсын дугаартай Hyundai Porter тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шүүгдэгч С.А аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2339001550240 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР