Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

 

                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0162

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Хохирогч Г.М ,

Иргэний хариуцагч Б.Цэрэндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2339001490254 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 21-нд шилжих шөнө 02 цагаас 03 цаг 35 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Магнай трейд" шатахуун түгээх станцын зогсоолын талбайд 24-15 ХЭН улсын дугаартай, “Ssangyong Istana” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3.7 жолооч дараах зүйлийг хориглоно а. ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 1.3 Замын хөдөлгөөд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болохгүйгээр зорчино, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх...” гэх заалтуудыг тус тус зөрчиж Г.М-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь дунд чөмгөний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001490254 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл ( хх-ийн 4-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч  (хх-ийн 7-15-р хуудас),

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),

Хохирогч Г.М , иргэний хариуцагч Б.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Б.”М”  ын (хх-ийн 55, 59-р хуудас), гэрч Д.Эрдэнэцэцэгийн ( хх-ийн 63-р хуудас), гэрч Б.Мэндбаярын ( хх-ийн 67-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 173 дугаартай дүгнэлт ( хх-ийн 88-89-р хуудас),

Монгол Улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1867 дугаартай дүгнэлт ( хх-ийн 142-143-р хуудас),

Хэнтий аймгийн авто тээврийн төвийн шинжээч Г.Пүрэвдоржийн  2023 оны 04-р сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт (хх-ийн 125-126-р хуудас),

Бодит үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШД-158 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 152-155-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 225-р хуудас),

Жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 228-р хуудас),

Ажилгүй байсан хугацааны цалин 1,800,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, эмчилгээний зардалд 152,000 төгрөг нөхөн төлсөн тухай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 173, 174, 175, 205-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02 цагаас 03 цаг 35 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Магнай трейд" шатахуун түгээх станцын зогсоолын талбайд 24-15 ХЭН улсын дугаартай, “Ssangyong Istana” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж Г.М-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь дунд чөмгөний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугийн хувьд маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зам тээврийн осол нь тохиолдлын шинжтэй болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргийн төрөл, шүүгдэгч маш их гэмшиж харамсаж байгаа. Хохирол нөхөн төлбөр 3,942,300 төгрөгийг өөрийн сайн дураар төлсөн. Цаашид хохирол төлөхөө илэрхийлж байна...гэв.

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хохирол 3 сая гаруй төгрөг төлсөн... Цаашид хохирол төлөхөө илэрхийлж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02 цагаас 03 цаг 35 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Магнай трейд" шатахуун түгээх станцын зогсоолын талбайд 24-15 ХЭН улсын дугаартай “Ssangyong Istana” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3.7 жолооч дараах зүйлийг хориглоно а. ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 1.3 Замын хөдөлгөөд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болохгүйгээр зорчино, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх...” гэх заалтуудыг тус тус зөрчиж Г.М-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь дунд чөмгөний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Машинтайгаа явлаа гэж хэлээд хөдлөхдөө “М”   гэх эмэгтэйг анзаарахгүй дайрчихсан...Цаашид гарах бодит хохирлыг төлж барагдуулах болно...Би “М”  ын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл ( хх-ийн 4-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч  (хх-ийн 7-15-р хуудас),

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),

Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гадаа цагаан өнгийн “Истана” маркийн машин байсан. Жолоочийн хажууд эхэлж Эрдэнэцэцэг суугаад би захад нь шахаж суусан. ...Жолооч “одоо үргэлжлүүлэх юм байгаа биз дээ” гэж хэлхээр нь “би одоо харихгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн жолооч “үргэлжлүүлэх болоод ирж авч байгаа юм биш үү чи яасан их зантай юм, буу” гээд “Магнай трейд” шатахуун түгээх станцын зогсоол дээр зогсоод жолооч намайг түлхээд машинаас буулгасан. Би “уналаа ш дээ” гэж хэлээд машины хаалганы бариулаас бариад миний нэг хөл газар, нөгөө хөл машин дотор бүрэн буугаагүй байхад машинтайгаа хөдөлсөн. Би машины хаалганаас гараа барьж чирэгдэж байгаад гараа алдаад газар унаад машины дугуй миний дээгүүр гарах шиг болсон. Тэгээд түргэн ирээд намайг эмнэлэгт хүргэсэн. Миний биед зүүн хөлийн дунд чөмөг хугарсан гэмтэл, шарх учирсан. Эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилнэ...6 сарын сүүлээр 3 сарын маань цалин 1,800,000 төгрөгийг явуулсан...Хот явж үзүүлчхээд ирсэн ойрын 2 жилдээ босож явж болохгүй гэсэн. Ахиж хагалгаанд орно. Миний цалинг 3 жилээр нь бодож өгөөрэй гэж хэлмээр байна...Сая хотод 8-р сарын 10-даар очиход 1,120,000 төгрөг явуулсан...Ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хүү “Э”  нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө зам тээврийн осол гаргасан. 24-15 ХЭН улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Хохирогчийн эмчилгээний зардал болох 590,000 төгрөг, ойр зуурын хэрэглээнд 300,000 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах бодит хохирлыг төлж барагдуулах болно...Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

Гэрч Б.”М”  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэрчээр дахин өгсөн: “...."Магнай трейд" шатахуун түгээх станцын зогсоол руу баруун баруун эргээд зогссон. “Э” , “М”   хоёр маргалдаад байсан. “М”   машины хажууд зогсоод хаалга хаагаагүй байхад “Э”  гэнэт машинтайгаа хөдөлсөн. “М”   5-6 метр чирэгдэж байгаад унахад машины баруун талын хойд дугуй “М”  ын дээгүүр гарах шиг болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 55, 59-р хуудас),

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...02 цагийн орчим цагаан “Истана” маркийн машин ирээд “М”  , Б.”М”  , Дуламсайхан, бид дөрөв уг машинд суугаад машин хөдөлсөн. Машин явж байхад Г.М  “Истана” машины жолоочтой маргалдаад муудаад байсан. Яагаад маргалдаж муудаад байгааг нь би сайн ойлгоогүй. Тэгээд машин явж байгаад "Магнай трейд" шатахуун түгээх станцын зүүн талд зогсоол дээр зогсоход Г.М  машинаас бууж байхад Истана машины жолооч гэнэт хөдлөөд Г.М  машинд 5-6 метр орчим чирэгдэж байгаа унаад машинд дайруулчихсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 63-р хуудас),

Гэрч Б.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 35 минутад цагдаагийн газрын 102 жижүүрээс Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд" шатахуун түгээх станцын урд талд "Истана" маркийн тээврийн хэрэгсэлд иргэн “М”   дайруулж гэмтсэн гэх дуудлагын дагуу хэргийн газар очиход Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд” шатахуун түгээх станцын баруун талд 24-15 ХЭН улсын дугаартай цагаан өнгийн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зүүн зүгт харуулан зогсоолд байрлуулсан байх бөгөөд хэргийн газар гомдол мэдээлэл гаргасан Дуламсайхан гэх иргэнтэй уулзахад Истана машины жолооч баруун зүгт зугтаад явчихсан гэж заасны дагуу уг иргэний хамт өөрийн хувийн машинтай иргэний заасан зүгт явахад Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн хойд талд "Истана" машины жолооч гэх иргэн “Э”  нь Б.”М”   гэх эмэгтэй хүнтэй ноцолдоод байж байсныг олж тогтоон хэргийн газар буцааж авчирсан...Истана маркийн тээврийн хэрэгслийн жолооч “Э”  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд, үзлэгийн дараа драгер багаж үлээлгэн шалгахад 1.79 хувьтай гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-р хуудас),

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 173 дугаартай:

1. 2. Г.М-ын биед дунд чөмгөний хугарал гэмтэл тогтоогдлоо

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон өвчний эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт (хх-ийн 88-89-р хуудас),

2023 оны 4 дүгээр сарын  05-ны өдрийн Г.Пүрэвдоржийн 08 дугаартай дүгнэлт:

  1. 24-15 хэн улсын дугаартай  "Истана" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх дээрх 2 заалтыг зөрчсөн.

10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтыг зөрчин хөдөлгөөн эхлэх үедээ зам орчны байдлыг шалгаж магадлаагүй хөдөлсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна.

2. Явган зорчигч Г.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт ( хх-ийн 125-126-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Золжаргалын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний 1867 дугаартай:

1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Ц.Э-  /СЭ88041212/ гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 142-143-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.М д нийт 3,942,300 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж ажилгүй байсан хугацааны цалин 1,800,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, эмчилгээний зардалд 152,000 төгрөг нөхөн төлсөн тухай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

            Хохирогч Г.М  нь  ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.”Э” , иргэний хариуцагч Б.Цэрэндорж нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 25-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, 35 настай, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.”Э” т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339001490254  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зайсан овогт Ц.Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э- ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 2 (хоёр)  жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  Ц.Э-т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхаарсугай.

 

7.  Эрүүгийн 2339001490254 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Г.М  нь  ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.”Э” , иргэний хариуцагч Б.Цэрэндорж нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР