Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0141

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2239003550151 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг "Цогтын хоолой" гэх газарт "нас барсан аавын минь талаар ярилаа" гэх шалтгааны улмаас хохирогч Г.Д-тай маргалдаж улмаар багалзуурдаж, арагш түлхэж унаган зүүн талын шанаа толгой хэсэг рүү нь гараараа цохин зодож түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга хэсгүүдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239003550151 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-15 хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсайханы (хх-ийн 20, 24-25-р хуудас), гэрч Д.Ганзоригийн (хх-ийн 34-37, 39-40-р хуудас), гэрч Г.Батжаргалын (хх-ийн 43-45-р хуудас), гэрч О.Дамбадоржийн (хх-ийн 48-50-р хуудас), гэрч А.Уранчимэгийн (хх-ийн 53-55-р хуудас), гэрч Л.Цогтсайханы (хх-ийн 58-61-р хуудас), гэрч Г.”Г” ийн (хх-ийн 64-66-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 593 дугаартай дүгнэлт (хх-ийн 72-74-р хуудас),

Хохирол нөхөн төлсөн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд,

Хохирол төлбөр барагдуулах тухай графикийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б.Г-ийн зан байдлын тодорхойлолт,  (хх-ийн 123, 124, 128, 129-130-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2239003550151 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэлийн шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Д-тай маргалдаж улмаар багалзуурдаж, арагш түлхэж унаган зүүн талын шанаа толгой хэсэг рүү нь гараараа цохин зодож түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга хэсгүүдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “....гэм буруугийн хувьд маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “....Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна....Шаардлагатай эм тариа бүх зүйлийг олж өгсөн...хойшид асрагч авъя, эмч хөлсөлнө, сэргээн засах эмчилгээ хийлгэн хойшид гарах эмчилгээний зардлыг би төлж хэвийн байдалд нь оруулна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг "Цогтын хоолой" гэх газарт "нас барсан аавын минь талаар ярилаа" гэх шалтгааны улмаас хохирогч Г.Д-тай маргалдаж улмаар багалзуурдаж, арагш түлхэж унаган зүүн талын шанаа толгой хэсэг рүү нь гараараа цохин зодож түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга хэсгүүдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-15 хуудас),

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.Д нь манай охин дүү Бадамсамбуугийн Долгорсүрэнгийн нөхөр бөгөөд 5 хүүхдийнх нь эцэг байгаа юм. Г.Д нь зам ангиудад ковш түрээслээд  мөнгө олдог. Тийм  учраас 2022 оны 8 дугаар сарын 25-ны орой “Д”  пиво уучихсан согтуу Ганзоригийг дуудчихсан цуг Норовлин сум руу явж замын эндүү янзлах хэрэгтэй байна та машин бариад яваад өгөөч гэсэн. Тухайн үед Ганзориг, “Д”  нар нь согтуу байсан учраас би машин бариад 2022 оны 8 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Норовлин сум руу явсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  Норовлин сумын наад хэсэгт зам анги дээр очоод индүүгээ янзлаад байж байх үедээ Норовлин сум руу яваад дэлгүүр орж зам ангид ажиллаж байсан хэдэн хүмүүст архи аваад зам анги дээр очоод архи уусан. Тухайн үед хүмүүстэй “Д”  маргалдаад, зүгээр байгаа хүмүүс рүү дайрч давшилаад байсан. Мөн зам анги дээр байж байхад хөдөөний малчин залуу ирсэн чинь би морь унана гээд “Д”  морь руу мордох гэсэн чинь морь нь хөдөлсөн чинь хойшоо бөгсөөрөө суугаад /унсан/. Тэгээд босож ирээд ааштай муу адсага вэ гээд морийг нь өшиглөсөн чинь малчин залуу уурлаад морио аваад явчихсан. Тэгээд индүү нь засвар үйлчилгээ хийж дуусахаар нь Ганзориг машин бариад би хажууд нь суугаад “Д”  арын суудал дээр суугаад явсан. Харин явж байх замдаа “Д”  бууж бие засъя гээд буугаад шээчихээд архи аваад ир гэхээр нь би авч гараад гадаа суугаад архи хувааж уугаад байж байхдаа “Д”  над руу дайрч давшлаад агсан согтуу тавиад байхаар нь би муудалцаад яахав гэж бодоод дугарахгүй байж байсан чинь “Д”  надад хэлэхдээ танай аав 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барахад чи хаана байсан юм гэхээр нь би “Д” ад хандан чи 2009 онд манайд хүргэн болж орчхоод яаж манай аавын нас барсан өдрийг мэддэг юм гэсэн чинь би танай аавыг алчихсан болохоор танай дүүд чинь ээжийг чинь би насан туршид нь тэжээж асран хамгаална гэж амласан гээд согтуурахад байхаар нь би уурлаад “Д” ыг нэг удаа цохиод авсан чинь Ганзориг дундуур орж ирээд болиулсан чинь “Д”  намайг нэг удаа цохисон. Тэгээд машин руу явсан чинь ардаас нулимаад байхаар нь би буруу хараад машины хажууд зогсож байсан чинь ардаас тэврээд унагаахаар нь би дээр нь гарч суугаад нэг удаа шанаа хэсэгт нь цохисон тэгээд машиндаа суугаад “Д”  машиндаа суугаад явж байсан чинь машины хаалга “Д”  онгойлгохоор нь Ганзориг зогссон. Тэгсэн чинь “Д”  машинаас бууж ирээд намайг машинаас чирч гаргаад цохихоор нь би “Д” ыг түлхээд унагаасан чинь “Д”  босож ирэх гэж байгаад машиныхаа гуперээс татаад буцаад хэвтэн. Тухайн үед Ганзориг бид 2-ыг салгаж байгаад ойрхон хөдөөгийн айл руу ус, тамхи олоод ирье гээд явсан. Тэгэхээр нь би “Д” аас жоохон зайгаа бариад хэвтсэн чинь “Д”  гараа дэрлээд унтаад байсан. Тэгээд Ганзоригийг ирэхээр нь машиндаа суугаад “Д” ыг явъя гэсэн чинь хурхирч унтаад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь машинд өргөж оруулж унтуулсан. Харин би өмнө орой нь машин барьчихсан болохоороо урд талын суудал дээр унтаад өгсөн. Тэгээд замдаа Батноров суманд очиж архи, тамхи, ундаа авсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өглөө үүрээр сэрээд Ганзоригоос хаана явж байна гэсэн чинь Ганзориг гуперээ хаячихсан байна гэхээр нь гуперыг нь хайхаар явж байгаад “Д”  руу харсан чинь “Д”  2 гарынхаа бугалгыг хазаад хөхрүүлчихсэн байхаар нь би шууд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандсан. Учир нь би Онцгой байдлын газарт олон жил ажилласан болохоороо хүний биеийн байдлыг ер нь ямар байгааг мэдэх болохоороо шууд эмнэлгийн байгууллагад авч очсон. Тухайн үед би Ганзоригийг эмнэлэг рүү яв гэсэн чинь Ганзориг хэлэхдээ “Д”  ах зүгээр л байсан ш дээ орой сэрээд хаана явж байгаа юм гэж асуугаад төөрчхөөгүй явсан бол болоодоо гээд буцаад унтсан гэж хэлсэн...Би болон “Д”  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундааны зүйл  бага  зэрэг хэрэглэсэн. Үйл явдлыг санаж байгаа.  ...хэдхэн хором зуур шүлсээ зайлгаад өнгөрсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Үнэхээр гэмшиж байна...51,247,901 төгрөг хохиролд төлсөн байгаа. Одоо би “Д” ын эрүүл мэндэд анхаарч байгаа...хохирогчтой байнга харилцаа холбоотой байгаа. Харвалт нь хурдан эдгэхгүй. Дасгал хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээг хийж байгаа...Шаардлагатай эм тариа бүх зүйлийг олж өгсөн...хойшид асрагч авъя, эмч хөлсөлнө, сэргээн засах эмчилгээ хийлгэн хойшид гарах эмчилгээний зардлыг би төлж хэвийн байдалд нь оруулна...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Турк улс руу 7 хоногийн аялалаар явсан. Тухайн үед манай хүү “Д”  Улаанбаатар хотод эрүүл саруул машинаа угаагаад байж байсан. Манай хүү Хэнтий аймгийн Дадал суманд замын индүү түрээслэж байсан. Тэгээд Хэнтий аймаг явж индүүгээ засварлах ажилтай гэж хэлж байсан. Би ганцаараа явна гэж байсан. Тэгээд би Турк улсад очоод нэг хоноод байж байтал 2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө манай төрсөн дүү Цэцэгболд над руу залгаж “Д” ын бие муу байна та наашил гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 8 дугаар сарын 28-ны үдээс хойш онгоцонд суугаад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өглөө Улаанбаатар хотод буусан....2022 оны 08 дугаар сарын 29-ний орой 17, 18 цагийн үед Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүү “Д”  маань тархиндаа хагалгаа хийлгэсэн гээд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд хүүгийн маань бие нь тогтворжихгүй байсан тул Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хоёр хоног харж хоноод 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн машиныг хоёр эмчийн хамт дуудаж Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт авч ирж хэвтүүлсэн.... Г.Д нь ухаан орсон боловч явж чадахгүй, ярьж чадахгүй, хүний асрамжид байгаа бөгөөд болсон үйл явдлаас гадна ой санамжаа алдсан байдалтай байгаа...”Г” нь тусалж дэмжиж байгаа....” гэх мэдүүлэг (хх-ийн 20, 24-25-р хуудас),

Гэрч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороо 51-96 тоотод оршин суух гэрийнхээ гадаа хоёр найзынхаа хамт пи во уугаад байж байхад над руу “Д”  ах залгаад манайд хүрээд ирээ гэхээр нь за гээд очтол намайг шууд хувцсаа соль Хэнтий аймаг явъя гэхээр нь нэгэнт гэрт нь ирсэн юм чинь за хамт яваад ирье гээд хувцсаа солиод 23 цагийн орчимд “Г”  ах машин бариад, “Д”  ах бид хоёр машины арын суудал дээр суугаад пиво уугаад Хэнтий рүү явсан. Тэгээд шөнөжин яваад 2022 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн Норовлин сумын наана замын ажил хийж байгаад эвдэрсэн Индүү нь дээрээ очиж эвдрэл гэмтлийг олж тогтоон газар дээр нь засварлаж байх хугацаанд Норовлин сумын төв рүү дэлгүүр яваад ирье гээд “Д” , “Г” , бид гурав явсан. Тэгээд дэлгүүрээс нэг блок хар эссэ тамхи, гурван шил 0,75 граммын Хараа архи, нэг 0,5 литрийн Хараа архи, хоёр ундаа, нэг буриад талх зэрэг аваад дэлгүүрээс гараад замын ажил хийж байсан Индүү нь дээрээ очиж гагнуулж ирсэн араагаа угсарч дуусгаад Индүүний жолоочид нэг шил 0,75 граммын Хараа, тамхи, ундаа зэргийг өгөөд Автогридерийн оператор Дамба гэх хүнд нэг шил 0,75 граммын Хараа архи өгөхөд тэр дор нь задлаад “Д” , “Г”  хоёр тэр хавийн ажил хийж байсан хүмүүстэй тойруулаад ууж байтал морьтой хүн ирсэн тэгтэл “Д”  ах морь уная гээд цулбуураас нь барьж байгаад унаж чадалгүй арагшаа унасан. Тэгтэл “Д”  ах би морь унаж чадахгүй юм байна гээд морийг нь буцаагаад өгсөн. Тэгээд морины эзэн нэг хундага архи уугаад мордоод яваад өгсөн. Тэгтэл замын инженер нь ирээд одоо та нар болио ажил төрлөө хийцгээ гэхээр нь болиод бид гурав Улаанбаатар хот орохоор явсан нэг их хол яваагүй байтал “Д”  машинаа зогсоо үлдсэн архиа тойруулъя гэхээр нь зогсоод би архийг “Д” , “Г”  хоёрт аягалж өгөөд байж байх хооронд “Д” , “Г”  нарын хооронд өмнө өнгөрсөн зүйлийн талаараа ярьж маргалдсан. Тэгээд “Д”  “Г”  ах руу чиний аав чинь үхэж байхад чи хаана байсан юм би аавыг чинь үхэж байхад хажууд нь байсан. Тэгээд би танай дүү охиныг өрөвдөөд авч суусан юм муу бандиа, новшоо гээд инээгээд хашхичаад байсан. Тэгтэл чи юу яриад байгаа юм бэ гээд “Г”  ах хэсэг дуугүй 10 минут орчим сууж байснаа гэнэт уйлж босож ирээд “Д” ыг уруул хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл “Д” ын доод уруул хэсэг язарч цус гарсан. Тэгэхээр нь би салгаад “Г”  ахыг цааш нь түлхээд холдуулж байхад “Д”  араас ирээд “Г”  ахыг зөрүүлээд шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл “Г” ийн амнаас цус гарсан. Тэгээд салгаад эргээд архиа тойруулаад ууж байх зуураа “Д”  “Г”  ах руу байн байн өнгөрсөн аавынх нь талаар яриад л хашхичаад байсан. Тэгтэл “Д”  “Г”  ахыг босоод зогсож байхад нь ар нь хөлөө тавиад арагш нь дараад унасан тэгэхээр нь би салгаад буцаагаад суулгаад байж байтал “Д”  би танай ээж дуу хоёрыг 10 гаран жил тэжээж харж явж байна гэхэд “Г”  ах босож ирээд “Д” ыг багалзуураас нь шахаж алгадаад арагш нь дарж унагаагаад дээр нь сууж байгаад миний аав үхсэн өдрийг чи яаж мэддэг юм чи яагаад энэ үгийг байн байн хэлээд байгаа гээд “Д” ын зүүн талын шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон тэгээд дахин цохих гэж байхад нь би гарыг нь барьж аваад болиулсан тэгээд машиндаа сууцгаа гээд суулгаж явж байхдаа миний үгэнд орохгүй зодолдоод байх юм би ганцаараа салгаж дийлэхгүй юм байна энэ талаар нь эх*******т нь хэлье гээд хөдөөгийн айл руу явж байтал “Д”  машин явж байхад хаалга онгойлгоод буух гэхээр нь би зогстол буугаад машины урд талын суудал дээр сууж байсан “Г”  ахыг татаж буулгаад тэр хоёр хоорондоо барилдаж байгаа юм шиг ноцолдоод дээр дээрээсээ давхралдаж унаад байсан. Тэгэхээр нь би хөөе “Г”  ах та хоёр босооч гэхэд “Г”  ах “Д” ын дээрээс хажуу тийшээ эргээд дээшээ хараад хэвтсэн “Д”  босохгүй хэвтэж байхаар нь энэ хоёрын бүр тамир нь тасарсан юм байна гээд машинд байсан орны бүтээлэг нөмөргөж орхиод хажууханд 300 метр орчим зайнд байсан хөдөөгийн айл руу очиж энд Мобикомын сүлжээ байхгүй байна ямар сүлжээ барьдаг вэ гэж асуухад юнителийн сүлжээ барина гэсэн. Тэгэхээр нь машинд байсан юнителийн сим картыг задалж утсандаа хийж “Д” ын эх******* Долгорсүрэн руу залгаад энэ хоёр чинь архи ууж тасарчхаад дээр үеийнхээ юмыг яриад хоорондоо зодолдоод хоёулхны ам хамраас цус гараад “Д” ын хацар шанаа нь хөхөрч хавдаад байна би ганцаараа салгаж дийлэхгүй байна аргаа бараад танд болсон асуудлын талаар хэлж байна гэхэд Долгорсүрэн “Г”  ах уучихсан юм уу тэгвэл наад хоёр чинь тэгээд хоорондоо зодолдоод байдаг хоёр юмаа тэгээд одоо гайгүй юу гэж асуухаар нь би мэдэхгүй за хоёулаа л хөдөө согтуу байна харахаар хөдлөхгүй л хэвтэцгээж байна гэж хэлээд утсаа таслаад тэр хоёр руу очтол “Г”  ах чи хааччихдаг пизда вэ гээд босоод ирсэн тэгээд “Д” ыг босгох гэтэл шүдээ хавираад унтаад байх шиг байсан тэгэхээр нь “Г”  ах бид хоёр өргөөд машины арын суудал дээр хэвтүүлээд замдаа ганц ч зогсохгүй Батноров суманд ирээд би дэлгүүр ороод 2 ундаа, нэг шил 0,5 литрийн Хараа архи хоёр хайрцаг тамхи авсан. Тэр хугацаанд “Д”  машинд сэрэхгүй хурхираад л унтаад байсан. Тэгээд Бэрх рүү гарч яваад шөнө Бэрх рүү орж байхад “Д”  хаана явна гэж асуусан тэгэхээр нь Бэрх рүү орж ирж байна гэж хэлтэл эргээд унтаад өгсөн тэгээд колонкоос бензин авахдаа буугаад хартал машиныхаа арын гуперийг хаячихсан байхаар нь Долгорсүрэн эгчид хэлсэн чинь наад гупер чинь 400-500-гаад мянган төгрөгийн үнэтэй эргээд замаараа яв гэхээр нь буцаад явсаар байгаад Батноров сумын замын хаалган дээр ирээд хөеө “Г”  ах хөөе босоо “Д” аа гэхэд өөдөөс ямар ч хариу байхгүй гөлрөөд байсан тэгэхээр нь “Г”  ах наадах чинь нэг бишээ сум энд ойрхон харагдаж байна эмнэлэгт очиж үзүүлье гээд эмнэлгийн гадаа ирээд босгох гэхэд босохгүй өөдөөс хараад хоёр хөл нь баруун гартайгаа хөдлөхгүй, мөн зүүн хөлийнх нь булчин чангарчихсан байхаар нь эмнэлгээс насилка гаргаж ирээд өргөж оруулсан. Тэгээд их эмч ирээд үзлэг хийгээд байж байтал дараахан нь хэсгийн төлөөлөгч ирсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 34-37, 39-40-р хуудас),

Гэрч Г.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд 10 цаг дөхөж байх үед миний барьж байсан индүүний эвдрэлийг засах гэж “Г” , Ганзо гэдэг хоёр хүний хамт гурвуулаа ирсэн. Тэгээд индүүний эвдрэлийг олж дараа нь тэр гурав Норовлин сум яваад 1 цаг гаран болсон байх эргэж ирээд надад 1 хайрцаг тамхи 1 шил Хараа 0,75 граммын архи үлдээгээд нэг 0,5 литрийн Хараа архийг “Г” , “Д” , өшөө манай энд ажиллаж байсан ганц нэг жолооч бид нар хувааж уугаад тэгээд явлаа гээд “Д” , Ганзо, “Г”  гурав Улаанбаатар хот явлаа гээд 15 цаг өнгөрөөгөөд явсан...Жоохон уучихсан байсан. Харин дараа нь Норовлин сум яваад эргэж ирэхдээ нэлээн согтчихсон ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),

Гэрч О.Дамбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр намайг ажлаа хийж байхад зам ангид түрээсээр ажиллуулдаг индүү эвдэрсэн янзлах гэж ирлээ гээд нэлээн халамцуу өөр хоёр хүнтэй хамт ирсэн байсан. Тэгээд надаас ирж 41, 36, 32-н гурван түлхүүр аваад явсан. Дараахан нь Норовлин сум яваад ирлээ ахдаа нэг шил архи өгнө гээд 0,75 литрийн Хараа архи өгөхөөр нь би тэр дор нь задлаад уусан. Тэгээд Г.Д явлаа гээд хамт явсан хоёр хүнтэйгээ хөдлөөд явсан...хонь, үхэр хариулж яваа гээд нэг залуу морьтой ирсэн. Тэгээд би яваад өгсөн...Хүнтэй муудаж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-50-р хуудас),

Гэрч А.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр манайхаар улаан хүрэн өнгийн жижиг машинтай нэг залуу ирээд манай гэрийн гадаа ирээд энд ямар утасны сүлжээ барьдаг вэ гэж асуухаар нь Юнителийн сүлжээ барина гэхэд танд сим карт сольдог зүү байна уу гэхээр нь зүү өгсөн. Тэгтэл манай гэрийн гадаа хэсэг зогсож машиндаа утсаар ярьж байгаад хөдлөхдөө Хэнтий аймаг ороход хашаа явах уу гэж асуугаад Норовлин хаашаа вэ гэж асуугаад манай гэрээс хойшоо явсан. Манай гэрийн араар ойрхон Норовлин, Хэнтий аймаг явдаг төв зам байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-55-р хуудас),

Гэрч Л.Цогтсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай зам анги дээр ашигладаг замын индүү 8 дугаар сарын 25, 26-ны үед эвдэрсэн тэрийг засна гээд 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос гурван хүн улаан хүрэн өнгийн автомашинтай индүүний эзэн “Д”  гэх залуу нэлээн халамцуу ирээд техникээ засаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би тэд нар дээр очиход юмаа засаад дууссан гээд нэг шил 0,75 литрийн хараа архи хотоос ирсэн 3 залуу индүүний оператор, автогрейдер-оператор нар архи тойруулаад сууж байхаар очтол намайг наашаа суу гээд индүүний эзэн “Д”  гэх залуу дуудахаар нь би ажилтай байна сууж амжихгүй ээ та нар ажлаа бод гэж хэлээд явсан. Дараахан нь тэд нар хөдлөөд явж байх шиг байсан тэгснээ манай байрлаж байгаа кеймпээс баруун тийш машин нь зогсож байхаар нь эд нар архи нэмж ууж байгаа юм байна гээд бодсон...Намайг харснаас хойш багцаагаар 1 цаг орчим хугацаанд зогссон байх хүн хоорондоо зодолдож ноцолдож байгаа зүйл байгаагүй гэхдээ би сайн анзаарч хараагүй манай байрнаас 1 километр гаран зайд зогсож байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 58-61-р хуудас),

Гэрч Г.”Г” ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр гэрийнхээ ойр орчмоор малаа хараад явж байхад манай гэрийн ард засмал зам тавьж байгаа хүмүүс байхаар нь очтол 4 хүн юм засаад дууссан гээд нэг шил архи тойруулаад сууж байсан надад өгөхөөр нь би уухгүй гээд байж байтал замын индүүний эзэн гээд “Д”  гэх хүн нэлээн согтуу миний унаж явсан морийг уная гээд морийг маань хөтөлж байгаад халтираад арагшаа унасан тэгтэл хамт явсан нэг залуу та болно хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байж яаж морь унаж чаддаг юм гээд очоод босгосон. Тэгтэл газар чийгийн гудас дэлгэсэн тэр дээрээ мишок дэрлээд тамхи татаад хэвтэж байсан би морио унаад мал руугаа явсан...Миний морины цулбуурыг барьж байгаад халтирсан уу нэг бол согтуудаа унасан уу ямар ч байсан арагшаа бөгсөөрөө унасан. Тэгээд босож ирээд миний морийг энэ нь шиг муу адсагыг унаж л явлаа гэж хэлэхээр нь хамт явсан хүмүүс нь чи хэл мэдэхгүй адуусыг тэгж хэлдэг нь яаж байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-66-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 593 дугаартай:

1. Г.”Д” ын биед гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины зүүн чамархай хэсэгт мэс заслын цонх/трепнаци/ гаргасны дараах байдал, баруун, зүүн бугалга хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 72-74-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.”Г”  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Д-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай уруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.”Д” ыг арагш түлхэж унаган зүүн талын шанаа толгой хэсэг рүү нь гараараа цохин зодсон гэмт үйлдэл, түүний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уур бухимдлаа барьж чадахгүй байдал, хохирогчийн хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Б.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.”Д” ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 51,274,901 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардал 2024-2029 оны хооронд жил бүр 20,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирол төлбөр барагдуулах тухай графикийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул  шүүгдэгч Б.”Г” ээс 120,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсайханд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн тусгай ангийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялын санкц нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчлан заасан нь миний үйлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Б.Г тэтгэвэрт гарсан хэдий ч сар бүрийн тогтсон орлоготой, гэр бүлийн хүн нь ч тогтсон зэрэг нь тухайн тогтох ялыг оногдуулах гол үндэслэл буюу Монгол улсын эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзана" гэж заасны хангаж байна.

 Шүүхээс торгох ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл хувийн байдлыг харгалзан торгох ялын доогуур буюу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж хуульчлан заасан мөн 1.3-т "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээд хэмжээ найман жил хүртэл хугацаанд тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж” хуульчлан заасан байх тухайн төрлийн ялын доод хэмжээний тавин хувь буюу таван мянган нэгжээр торгож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "...торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно" гэж хуульчлан заасан байх тул тухайн торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөх хууль зүй боломжтой байна гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргаж байна... гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Багахүү эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн 120 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 129, 130-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, мөн зүйлийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль, шударга журам медалиудаар шагнагдаж байсан зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн тэтгэвэрт байдаг, орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээд хэмжээ найман жил хүртэл хугацаанд тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн зүйл хэсэг, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж” хуульчлан заасан байх тул тухайн төрлийн ялын доод хэмжээний тавин хувь буюу таван мянган нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх заалт нь зөвхөн хорих ял оногдуулах тохиолдолд тухай хорих ялыг Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулахад хэрэглэхээр хуульчилсан болно.

Шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.”Г” эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2239003350151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Адимба овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар цаашид гарах эмчилгээний зардал 2024-2029 оны хооронд жил бүр 20,000,000 (хорин сая) төгрөг нийт 120,000,000 (нэг зуун хорин сая) төгрөгийг шүүгдэгч Б.Г-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсайханд олгосугай.

 

6. Эрүүгийн 2239003550151 дугаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР