Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/205

 

2023/ШЦТ/205

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                      

 

Хэргийн индекс:180/2023/0150/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Хэнчбиш,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А-д холбогдох эрүүгийн 2239001660021 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.А нь нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дахь хэсэгт заасан "Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй" гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно". Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна" Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 "Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно", мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2 дахь хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.11, 3 дахь хэсгийн 3.3, 3.3.1, 3.6 дахь заалтуудыг зөрчиж,

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай" тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хавсралтаар акталж худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг хүргүүлсэн, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орчим уг хичээлийн байрыг "Биндэр Алтай Оюу" ХХК-ны ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгосон, улмаар "Биндэр Алтай Оюу" ХХК нь "Эко зуслангийн байр”-ыг 43,977,805 төгрөгийн өртгөөр барихаар зураг төсөл боловсруулж, тендерт шалгарсан атлаа, уг хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Эко зуслангийн байр" барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд байршуулаагүй, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай "эд хөрөнгө актлах худалдах тухай" тэргүүлэгчдийн тогтоолоор уг хичээлийн 2 дугаар байрыг актлах, худалдах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Аймгийн засаг даргад үүрэг болгосон, улмаар Аймгийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай "Эд хөрөнгө актлах, худалдах тухай" захирамжаар ажлын хэсэг байгуулсан байхад, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, "Биндэр Алтай Оюу" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.А-ийг нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239001660021 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргалын (2-р хх-ийн 166-167-р хуудас), иргэний хариуцагч С.Баярсайханы(3-р хх-ийн 35-37-р хуудас) гэрч Д.Ариунцэцэгийн (1-р хх-ийн 14-15-р хуудас), гэрч Б.Наранбаярын (1-р хх-ийн 18-19-р хуудас), гэрч Б.Нямсүрэнгийн (1-р хх-ийн 25-26-р хуудас), гэрч С.Баярсайханы (1-р хх-ийн 29-31-р хуудас), гэрч Б.Эрдэнэсүрэнгийн (1-р хх-ийн 34-36-р, 3-р хх-ийн 31-32-р хуудас), гэрч Ө.Нямдаваагийн (1-р хх-ийн 57-58-р хуудас), гэрч С.Сосорбарамын (1-р хх-ийн 61-62-р хуудас), гэрч Э.Отгондуламын (2-р хх-ийн 131-133-р хуудас), гэрч Х.Баасансүрэнгийн (2-р хх-ийн 189-190-р хуудас), гэрч Н.Лхагвын (2-р хх-ийн 193-194-р хуудас), гэрч Н.Үнэнбатын (2-р хх-ийн 197-198-р хуудас), гэрч Д.Долгорын (2-р хх-ийн 218-220-р хуудас), гэрч Д.Ариунцэцэгийн (2-р хх-ийн 223-224-р хуудас), гэрч Ш.Цамбалсүрэнгийн (2-р хх-ийн 227-228-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/24 дугаартай “үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 71-р хуудас),

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” тогтоолын хуулбар, уг тогтоолын 01 дүгээр хавсралтын хуулбар (1-р хх-ийн 146-147-р хуудас),

Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хуулбар, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 151-153-р хуудас),

Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай албан тоот (1-р хх-ийн 156-р хуудас),

Норовлин сумын засаг даргын тамгын газар, “Биндэр алтай оюу” ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ХЭАНСЗДТГ/202001028 дугаартай “Эко зуслангийн барилга” барих ажлын гэрээ (1-р хх-ийн 132-134-р хуудас),

Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/51 дугаартай “ П.А-ийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (2-р хх-ийн 119-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 201-203-р хуудас),

Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан тоотын хуулбар (2-р хх-ийн 205-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийн хуулбар (2-р хх-ийн 209-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 210-211-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 213-215-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 дугаартай тушаалын хуулбар (3-р хх-ийн 6-р хуудас),

Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам (3-р хх-ийн 24-28-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 174-182, 3-р хх-ийн 38-46-52-р хуудас)

Фэйр Валуэшн  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 2023/ШД33 дугаартай: “...89 ширхэг палкны үнэлгээг 1,245,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хх-ийн 61-64-р хуудас),

ВЕНДО ХХК-ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Т23-6 дугаартай: “...сургуулийн байр зардлын үнэлгээг 4,865,279 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хх-ийн 98-107-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 78-85, 155-156-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2239001660021 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг  "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур өртөггүй олгож "Биндэр Алтай Оюу" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай оролцож байна... Сумын засаг даргын хувьд хичээлийн байрыг худалдан борлуулах нураах, шийдвэр гаргах эрхгүй, энэ асуудлыг шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон. Шүүгдэгч П.А-ийн хийсэн үйлдэл Эко зуслангийн барилга барих гэрээг баталсан, тендер зарласан нь хууль ёсны дагуу явагдсан. Эко зуслангийн барилгыг барихад хичээлийн 2 дугаар байрны модыг буулгаж эко зуслангийн барилгад ашиглана гэсэн шийдвэр гаргаагүй байхад ийм шийдвэр гаргасан гэж буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна....Өмч хамгаалах зөвлөл өөрсдөө шийдвэрээ гаргачихаад байхад П.А энэ үйлдэлд хэрхэн яаж оролцож ямар шийдвэр гаргасан бэ гэдэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна...Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Сургуулийн өмч хамгаалах зөвлөл 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж сургуулийн 2 дугаар байрыг актлах тухай хэлэлцсэн. Аймгийн ИТХ-ын 54 дугаартай тогтоол гарсан. Төрийн өмчийн бодлого зохицуулах газрын тогтоолд 2-р байр 23 сая төгрөгт өртөгтэй гэх тооцоололд ямар хөрөнгө орсон, яаж балансалсан талаар хавтас хэрэгт нотлогдохгүй байна. П.А-ийн шийдвэр гаргасан баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өмч хамгаалах зөвлөлөө хуралдуулж ажлаа хий гэдэг байдлаар мэдүүлэгт хангалттай нотлогдсон. “Биндэр Алтай Оюу” ХХК тендерт шалгарч туслан гүйцэтгэгчээр н.Баярсайхан гэдэг хүн оролцсон нь иргэний хуулиараа байх боломжтой. Харин сургуулийг буулгах ажлыг өмч хамгаалах зөвлөлийн хийх ёстой ажил П.А та нар зохих дүрэм журмынх нь дагуу хийгээрэй гэх гэрчийн мэдүүлгээр хангалттай өөрийгөө нотолж ярьж байна. Өмч хамгаалах зөвлөл зохих журмын дагуу ажлаа хийгээгүй байна. Сургуулийн өмч хамгаалах зөвлөл өөрсдийнхөө хийгээгүй ажлаа сумын засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой гэж буруутгаад байна. П.А-д холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

 

Шүүгдэгч П.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хичээлийн 2 дугаар байрыг буулгаж “Биндэр Алтай Оюу” ХХК-д өгч Эко зусланд модон материалыг нь ашигла гэж би хэлээгүй. Хууль дүрмийнх нь дагуу л актлуулах ажлаа хийгээрэй гэж хэлсэн...” гэв.

 Улсын яллагч болон шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч П.А нь нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орчим уг хичээлийн байрыг "Биндэр Алтай Оюу" ХХК-ны ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур өртөггүй олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, "Биндэр Алтай Оюу" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч П.А-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2000 оноос хойш Норовлин суманд ажиллаж амьдарсан. Норовлин суманд багийн засаг даргаас бүх шатанд ажилласан. Норовлин сумын засаг даргаар ажиллаж байхад хөдөлмөр зуслантай болох санал удаа дараа гарч байсан. Ерөнхий боловсролын сургуулийн захирал энэ байраа актлуулаад хүүхдийн хөдөлмөр зуслан хийлгэе гээд жижиг хэмжээний төсөл бариад орж байсан.Тухайн жил хөрөнгө мөнгө байхгүй учраас амжаагүй дараа жил  хөрөнгө мөнгө суутгуулж  Зураг төсөв хийлгээд ирээ гэхэд ирээгүй, Сумын засаг дарга  орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын зураг төсөв хийлгэх үнэхээр асуудал байдаг. 44 сая тухайн жилийн орон нутгийн хөгжлийн сангийн үлдэгдэл  төсөв тавигдсан. Таны хэлж байгаа мөнгөн дүнд зураг төсөв чинь багтахгүй байна гэж хэлж байсан. Тэр үед барилгын модон материалыг багасгаад 44 сая төгрөгт багтаагаад болчих юм байна гэж бодсон. Эргэж ирээд сургуулийн захиралтай уулзаж хөдөлмөр зуслан болох нь болох юм байна гэхдээ мод нь дутуу та нар  актлуулна гээд байсан модон барилга чинь юу болж байна хэрвээ актлаад энэ модон барилгатайгаа элбэж хамжвал зуслан болох шинжтэй байна гэж хэлсэн. Үүний дагуу актлуулна гэж байсан 4 дүгээр сард  зураг төсөв нь хийгдээд ирсэн сургуулийн захирал актлуулахаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулсан байсан....Сургуулийн захиралтай 8 дугаар сард таараад актлуулах ажил нь юу болж байна гэхэд болчихсон даргаа гэж байсан....Тендерт шалгарсан компани надтай уулзаад сая харах нь энэ төсөв дээр модон материалын зүйл алга байна гэхэд тиймээ сургууль акталж модоо оруулж барилга болгох яригдаад байгаа юм гэсэн. Онон багийн хажууд энэ байшин баригдах газарт Баярсайхан, Ууганцэцэг бид гурав очсон. Энэ талбайд байшингаа барина актлах зүйлээ хурдалж, энэ хүнээр барилгын ажлаа гүйцэтгээрэй л гэсэн. Би эцсийн байдлаар баримт бичгийг нь үзээгүй. Сонгуульд ач холбогдол өгөөд ажилдаа хайхрамжгүй хандсан байх гэхдээ сургуулийн захирлын өөрийнх нь хувьд эрх хэмжээний зохион байгуулах байсан юм...Өмч хамгаалах зөвлөлийг ажлын хэсгийг сургуулийн захирал томилдог, боломжтой бол  хууль дүрэм журмын дагуу асуудлаа шийдвэрлээд ирээрэй гэсэн. Засаг даргын бүрэн эрхийн сүүлийн жилийн хугацаа байсан,  хүлээгдсэн олон ажлууд байсан тэр бүгдийг бүтээх гээд завгүй байсан. Миний итгэж байсан хүмүүс ажлаа хийгээгүй улмаас өнөөдөр энд зогсож байна...” гэв.

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” тогтоолын хуулбар, уг тогтоолын 01 дүгээр хавсралтын хуулбар (1-р хх-ийн 146-147-р хуудас),

Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хуулбар, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 151-153-р хуудас),

Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай албан тоот (1-р хх-ийн 156-р хуудас),

Норовлин сумын засаг даргын тамгын газар, “Биндэр алтай оюу” ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ХЭАНСЗДТГ/202001028 дугаартай “Эко зуслангийн барилга” барих ажлын гэрээ (1-р хх-ийн 132-134-р хуудас),

Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/51 дугаартай “ П.А-ийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (2-р хх-ийн 119-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 201-203-р хуудас),

Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан тоотын хуулбар (2-р хх-ийн 205-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийн хуулбар (2-р хх-ийн 209-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 210-211-р хуудас),

Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 213-215-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 174-182, 3-р хх-ийн 38-46-52-р хуудас)

Фэйр Валуэшн  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 2023/ШД33 дугаартай: “...89 ширхэг палкны үнэлгээг 1,245,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хх-ийн 61-64-р хуудас),

ВЕНДО ХХК-ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Т23-6 дугаартай: “...сургуулийн байр зардлын үнэлгээг 4,865,279 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хх-ийн 98-107-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хичээлийн 2 дугаар байрны модон материалыг Эко зуслангийн байр барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд байршуулаагүй байх тул уг мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 166-167-р хуудас),

Иргэний хариуцагч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Норовлин сумын Онон багт зуслангийн барилга барих гэж байгаа уг барилгын модон материалыг сургуулийн акталсан барилгаас гарах ёстой юм гэж сумын Засаг дарга “А” хэлсэн. Тухайн үед би барилга барих барихгүй нь тодорхой болоогүй байсан...Засаг даргын амаар хэлсэн шийдвэрээр сургуулийн барилгыг нураасан. Надад хэлэхдээ акталсан барилгын модон материалыг ашиглаж Онон багт зуслангийн барилга барихаар шийдвэр нь гарсан юм гэж хэлсэн. Би гэхдээ цаасан баримт бол үзээгүй. Тухайн барилгыг худалдаж аваагүй...сургуулийн барилгын дээвэр, таазны мод, завсрын хананаас гарсан модыг зуслангийн барилгад ашигласан...Одоо Норовлин суманд манай хашаанд бага хэмжээтэй мод байгаа... ” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 35-37-р хуудас)

Гэрч Д.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өмч хамгааллын комиссоор хичээлийн 2 дугаар байрны материалыг Эко зусланд ашиглана гэх яриа гарч байсан. Хичээлийн 2 дугаар байрыг акталж хэрэгцээтэй авахаар модыг эко зусланд ашиглана гэж ярилцаж байсан санагдаж байна...Тухайн үед сургуулийн захирлаар Ууганцэцэг гэж хүн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 14-15-р хуудас),

Гэрч Б.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хичээлийн 2 дугаар байрыг актлах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Тогтоол гарахдаа сургуулийн 2 дугаар байрыг худалдан борлуулах чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн байсан...Хичээлийн 2 дугаар байр нь сургуулийн үндсэн хөрөнгө байсан. Анх 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр байсан...актлах үед элэгдэл хорогдол хасагдаад 23.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан...Баярсайхан гэж хүн авсан гэж ярьдаг... Ямар ч байсан сургуулийн төрийн сангийн дансанд хичээлийн 2 дугаар байр худалдан борлуулсны орлого гэж төвлөрөөгүй...Сургуулийн 2 дугаар байрны модыг ашиглаж эко зуслан барьсан байдаг...Эко зуслангийн байрыг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр барьсан гэхдээ хэдэн төгрөгөөр барьсан гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 18-19-р хуудас),

Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Норовлин Илч ХХК-ийн захирал Баярсайхан сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг буулгуулах гээд хүмүүс хайгаад байсан...Харин сургуулийн 2 дугаар байрыг буулгаад модыг ангилаад сургуулийн хашаанд хураасан байхад нь модыг Норовлин сумын 3 дугаар багийн төв рүү би зөөсөн...Маяти маркийн машинаар модыг 2 удаа зөөж байсан. Бүгдийг нь зөөгөөгүй сургуулийн хашаад мод үлдэж байсан...Багийн төвд барилга барина гэж байсан...” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 25-26-р хуудас),

Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Биндэр Алтай Оюу ХХК-ийн барилгын компани байгаа юм...Би эко зуслангийн байр барьсан. Биндэр алтай оюу ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2-3 удаа Эко зуслан бариулах гэж тендер зарласан боловч оролцогч компани байхгүй байна гэж сумын Засаг дарга “А” надад хэлсэн. Надад хэлэхдээ эко зуслангийн модон материал сургуулиас гарна бусад материалыг танайх өөрсдөө гаргана гэж байсан. Биндэр алтай Оюу ХХК нь эко зуслан барих тендерт ороод ялсан. Би Биндэр Алтай Оюу ХХК-ний туслан гүйцэтгэгчээр хувиараа ажилласан. Эко зуслангийн барилгын ажлыг 100 хувь хариуцаж ажилласан...Эко зуслан барихдаа сургуулийн 2 дугаар байрны модыг ашиглана гэж хэлсэн...Эко зуслангийн байрыг бариад санхүүжилтэй авсан...Надад ажил эхлэхэд сургуулийн 2 дугаар байрыг буулгаад эко зуслан барих юм гэж хэлсэн...Барилгын хананы мод үлдсэн байсан. Барилгын хогийг буулгахад Энхтүвшин гэх хүний машинаар зөөсөн ингээд хөлсөнд нь барилгын модноос өгсөн. Эко зуслан барих модыг Сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг буулгаад ав гэсэн...Ингээд би өөрөө мод гаргасан учраас сургуулийн барилгын ялзарсан модыг нь би авсан. Хичээлийн байрны завсрын хананы мод, таазны мод нь эко зуслангийн барилгад орсон. Бусад модыг нь эко зусланд ашиглах боломжгүй байсан...гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29-31-р хуудас),

Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Палк модоор 7 өрөө бүхий нэг давхар барилга барьсан...Захиргаанд ирж сургуулийн барилгыг буулгах хүн хүч хэрэгтэй байна гэж хэлсэн боловч тендерийн ажилд чинь орсон ажил, бид нар оролцохгүй гэсэн. Сургуулийн захирал Ууганцэцэгтэй уулзаад мөн хүн хүч хэрэгтэй байна гэхэд 20 л түлш гаргаж өгсөн өөр зүйл өгөөгүй. Ингээд эко зуслан барьсан хүмүүсийн хамт сургуулийн хичээлийн байрыг ирж буулгаж байсан... Биндэр Алтай Оюу ХХК-аас цалин, барилгын материалыг гаргаж байсан...Хичээлийн 2 дугаар байрыг тендер авсан компани буулгах ёстой ашиглах материал гарвал авч болно гэж хэлсэн...С.Баярсайхан ах сумын Засаг дарга “А” энийг буулгаж нураана гэж байна гэсэн. С.Баярсайхан ахад энэ сургуулийн барилгаас ашиглах бараа материал байхгүй юм байна энийг нурааж хугацаа алдахгүй барилгын ажилдаа орьё гэж хэлсэн чинь С.Баярсайхан ах Засаг дарга А-д  миний ярьсан зүйлийг хэлсэн гэсэн...тухайн үед сургуулийн захирал надад сургуулийн 2 дугаар байрыг нураа гэж надад бол хэлээгүй....” гэх мэдүүлэг мэдүүлэг (1-р хх-ийн 34-36-р, 3-р хх-ийн 31-32-р хуудас),

Гэрч Х.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Эко зуслан барих төсөв хийгдэж байгаа гэж сумын Засаг дарга “А” хэлсэн. Төсөв мөнгө нь шийдэгдсэн. Танай хичээлийн байрыг актлах шийдвэр нь гарсан уг барилгаас шаардлагатай эд зүйл байвал авч эко зуслангийн байрыг барихад ашиглана гэж хэлсэн. Эко зуслангийн төсөв хүрэхгүй байгаа учраас барилгын хэмжээ жижиг болох байх зарим өрөө тасалгаа хасагдах байх тийм учраас танай актлах шийдвэр нь гарсан байшингаас материал авах хэрэгтэй гэсэн. Эко зуслангийн барилга нь сургуулийн хэтийн төлөвлөгөөнд туссан сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан байсан. Эко зуслангийн байр барих гэж байгаа Баярсайхан надтай уулзаад сумын Засаг дарга танай актлах шийдвэр гарсан байшинг ав гэсэн буулгаад ачаад өгөх хүн байна уу гэж надаас асууж байсан...Ингээд Эко зуслангийн  байрыг барьж байгаа хүмүүс сургуулийн актлах шийдвэр нь гарсан байшинг буулгаж авч явсан. Ямар ч байсан буулгаад ачаад явсан. Хичээлийн байрны тулгуур мод, хананы зарим мод шалны модыг ашиглах боломжгүй хаялаа гэж надад хэлж байсан бусад материалыг бол Онон багт руу ачаад явсан. Эко зуслангийн барилгад сургуулийн хичээлийн 2 дугаар байрны материалаас бол ашигласан. 8х12 хэмжээтэй 2000 онд ашиглалтад орсон 1 давхар барилга байсан....Тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга намайг дуудаад танай актлах шийдвэр гарсан байшинг оролцуулж эко зуслан барихаар болж төсөв нь суусан гэж хэлсэн. Мөн эко зуслангийн барилга барих гэж байгаа Баярсайхан нь эко зуслангийн  барилгын төсөвт танай энэ цагаан байшин орсон байгаа тийм учраас байшинг буулгах хэрэгтэй гэж хэлж байсан. Цагаан байшин гэдэг нь актлах шийдвэр нь гарсан байшинг хэлээд байгаа юм. Ямар ч үнэ төлбөргүй байшинг шилжүүлж өгсөн...ямар ч баримт үйлдээгүй шууд буулгаад л аваад явсан... Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг нурааж Биндэр алтай оюу ХХК-нд олгоход ямар нэгэн албан ёсны шийдвэр, хурлын тэмдэглэл гараагүй, уг хичээлийн байрыг Биндэр Алтай оюу ХХК-д олгохыг засаг дарга П.А эко зуслан барихад ашиглахаар болсон төсөвт суучихсан байгаа Биндэр Алтай Оюу ХХК-аас ирээд барилгыг нураагаад шаардлагатай юмаа аваад явна гэж амаар хэлсэн бусдаар яг албан ёсны шийдвэр гараагүй Засаг даргын хэлснээр Биндэр Алтай оюу ХХК-иас хүмүүс ирээд нураах гэж байна туслуулах хүн гаргаж өгөөч гэхээр нь төсөвт чинь суучихсан байгаа гэсэн биз дээ танай компани өөрсдөө хийх ёстой гээд л орхисон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 39-41-р, 2-р хх-ийн 185-186-р хуудас),

Гэрч С.Сосорбарамын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Дуудлага худалдаагаар худалдан борлуулах, төрийн байгууллага хооронд шилжүүлэх, акталж устгах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Манай байгууллагын архивын баримтыг шүүж үзэхэд манай байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 249 дугаартай албан тоотоор Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуульд “Хичээлийн хичээлийн 2 дугаар байрыг санхүүгийн тайлан данс бүртгэлээс хасаж жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаж ажиллах, мөн холбогдох журмын дагуу хасахыг зөвлөсөн байна. Буцаагаад Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулиас хариу ирүүлээгүй байна. Тухайн  байгууллагын өмч хамгаалах  байнгын зөвлөл гэж байгаа уг зөвлөлөөрөө хэлэлцээд цаашид ашиглах боломжтой бол худалдан борлуулах, ашиглах боломжгүй бол акталж устгах ёстой. Энэ хичээлийн байрыг устгаж акталсан болон дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн тайлан манай байгууллагад ирээгүй байна. Норовлин сумын хичээлийн 2 дугаар байр одоо орон нутгийн өмчид бүртгэлгүй. Нягтлан бодогчийн программаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоож байгаа. Хөдөлмөр зуслангийн байр нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмчид бүртгэгдсэн байна. Зөвхөн дуудлага худалдаагаар шилжүүлэх ёстой...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-62-р хуудас),

Гэрч Э.Отгондуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөдөлмөр зусланг барьж байсан компанийн хүмүүс ирээд хичээлийн 2 дугаар байрыг нураагаад ашиглах боломжтой материалыг нь авсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 131-133-р хуудас),

 Гэрч Х.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Биндэр Алтай Оюу ХХК-аас сумын төрийн санд мөнгө орж ирээгүй би тэр үед төсөв төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан болохоор сайн мэдэж байна...Биндэр Алтай Оюу ХХК-д Эко зуслан барихад шаардлагатай төсөв шилжүүлсэн яг хэдэн төгрөг шилжүүлснийг  санахгүй байна...” гэх мэдүүлэг  (2-р хх-ийн 189-190-р хуудас),

Гэрч Н.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Санхүүжилт  ашиг бага байсан болохоор хичээлийн 2 дугаар байрыг нурааж шаардлагатай зүйлсээ авсан байх. Баярсайхан нь хичээлийн 2 дугаар байрыг нурааж шаардлагатай зүйлсээ авсан....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 193-194-р хуудас),

Гэрч Н.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг сургуулийн хичээл хоёрдугаар байрыг Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үлдэх өртөгтэй хөрөнгийг актлах шийдвэр гарсан байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар 9 ******* төрлийн эд хөрөнгийг актлах, 3 ******* төрлийн хөрөнгийг худалдахаар шийдвэр гарсан байна. Үүний дагуу тус хичээлийн 2-р байрыг үлдэх өртөгтэй актлагдсан талаар хариуцсан ерөнхий боловсролын сургуульд албан бичгээр мэдэгдсэн...манай албан бичгийн дагуу буцааж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй...Тухайн сургуулийн өмч хамгаалах зөвлөл нь уг актлагдсан хичээлийн 2 дугаар байрыг үнэлгээ тогтоон худалдан борлуулах эрхтэй...Хэрэв үнэлгээ тогтоон худалдан борлуулсан бол мөнгөн дүн нь Норовлин сумын Засаг даргын тамгын газрын төрийн санд төвлөрдөг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 197-198-р хуудас),

Гэрч Ш.Цамбалсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “...Үлдэх өртөгтэй хөрөнгө актлах гэдэг нь тухайн актлах гэж байгаа хөрөнгийн элэгдлийг жил бүр тооцож тайлан баланст тусгаж тооцоолол хийж, үлдэх өртөгтэй хөрөнгө актлагдсан тохиолдолд тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөл нь хэлэлцэж актлагдсан хөрөнгөөс дахин ашиглагдах материал бусад хэрэгслийг худалдан борлуулж, өөрийн орлогод оруулах ажил зохион байгуулдаг. Харин шууд устгалд оруулж актлахаар бол актлах гэж байгаа хөрөнгө нь мөн материалууд нь ашиглагдах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг өмч хамгаалах зөвлөл гаргуулж акталдаг. Ашиглагдах боломжтой материал гэж үзэж байгаа бол мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгох эсвэл өмч хамгаалах зөвлөл нь зах зээлийн үнэлгээ тогтоогоод худалдан борлуулж өөрийн орлогод авах ёстой. Бусдаар шууд хандивлах, бэлэглэх, хувь хөрөнгө болгон шилжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хориглосон байдаг. Тухайн байгууллага нь үлдэх өртөгтэй актлагдсан хөрөнгөөс ашиглагдах боломжтой материалуудыг зарж борлуулахаар бол үнийн саналаа тогтоолгоод Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газарт хүсэлт ирүүлээд манайхаас Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж тогтоол гаргуулаад дуудлага худалдаанд оруулдаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 227-228-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.А нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад уг хичээлийн байрыг нураалгаж, гарсан модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур өртөггүйгээр "Эко зуслангийн байр” барихад ашиглуулж "Биндэр Алтай Оюу" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлээрээ “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн ******* томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан ба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцыг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

 Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйл /Чиг үүргээ урвуулан ашиглах/-д “төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.” гэж тусгасан.

 Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан  тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 Шүүдэгч П.А-ийн эрхэлж байсан Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн хуулийн  3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч П.А нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно". Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна" Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т "Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.6-т албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно", мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын холбогдох заалтуудыг зөрчиж Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад уг хичээлийн байрыг нураалгаж, гарсан модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур өртөггүйгээр "Эко зуслангийн байр” барихад ашиглуулж "Биндэр Алтай Оюу" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь иргэний хариуцагч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Норовлин сумын Онон багт зуслангийн барилга барих гэж байгаа уг барилгын модон материалыг сургуулийн акталсан барилгаас гарах ёстой юм гэж сумын Засаг дарга “А” хэлсэн...Засаг даргын амаар хэлсэн шийдвэрээр сургуулийн барилгыг нураасан. Надад хэлэхдээ акталсан барилгын модон материалыг ашиглаж Онон багт зуслангийн барилга барихаар шийдвэр нь гарсан юм гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 35-37-р хуудас)

Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эко зуслан бариулах гэж тендер зарласан боловч оролцогч компани байхгүй байна гэж сумын Засаг дарга “А” надад хэлсэн...Надад хэлэхдээ эко зуслангийн модон материал сургуулиас гарна бусад материалыг танайх өөрсдөө гаргана гэж байсан....гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29-31-р хуудас),

Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....С.Баярсайхан ах сумын Засаг дарга “А” энийг буулгаж нураана гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг мэдүүлэг (1-р хх-ийн 34-36-р, 3-р хх-ийн 31-32-р хуудас),

Гэрч Х.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг нурааж Биндэр алтай оюу ХХК-нд олгоход ямар нэгэн албан ёсны шийдвэр, хурлын тэмдэглэл гараагүй, уг хичээлийн байрыг Биндэр Алтай оюу ХХК-д олгохыг засаг дарга П.А эко зуслан барихад ашиглахаар болсон төсөвт суучихсан байгаа Биндэр Алтай Оюу ХХК-аас ирээд барилгыг нураагаад шаардлагатай юмаа аваад явна гэж амаар хэлсэн бусдаар яг албан ёсны шийдвэр гараагүй Засаг даргын хэлснээр Биндэр Алтай оюу ХХК-иас хүмүүс ирээд нураах гэж байна туслуулах хүн гаргаж өгөөч гэхээр нь төсөвт чинь суучихсан байгаа гэсэн биз дээ танай компани өөрсдөө хийх ёстой гээд л орхисон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 39-41-р, 2-р хх-ийн 185-186-р хуудас)-үүдээр шүүгдэгч П.А-ийн “...Би хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг “Биндэр Алтай оюу” ХХК-д олго гэж хэлээгүй....”гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байх ба мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан бөгөөд уг мэдүүлгүүдийг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч П.А-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна гэх өмгөөлөгч нарын санал дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Өмгөөлөгч Э.Шинэцэцэг нь хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэрчийн мэдүүлгээр шүүгдэгчийг буруутгаж байна гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний хариуцагчаар мэдүүлэг өгсөн хүмүүс шүүгдэгч П.А-тай ашиг сонирхлын хувьд ямар зөрчилтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийг шүүгдэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч П.А-ийн хувьд уг хичээлийн байрыг ямар нэгэн байдлаар нураах модон материал ашиглах гэсэн албан ёсны шийдвэр огт гараагүй гэж маргаж байх ба Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч П.А-ийн Норовлин сумын засаг даргаар ажиллаж байхдаа хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг “Биндэр Алтай оюу” ХХК-д олгож Эко зуслангийн барилгад ашиглуулах талаар амаар хэлсэн үйлдэл нь албан ёсны шийдвэр болох төдийгүй заавал бичгэн хэлбэрээр гарсан байхыг шаардахгүй юм.

Мөн гэрч Д.Долгорын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хичээлийн 2 дугаар байрыг албан ёсоор актлах шийдвэр гарсны дагуу манай сургуулийн өмч хамгаалах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж хичээлийн 2 дугаар байрыг хөдөлмөр зусландаа өгөхөөр шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 218-220-р хуудас),

 Гэрч Д.Ариунцэцэгийн мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “....Хичээлийн 2 дугаар байрыг барилга барьж хариуцаж байгаа хүнд нь өгч эко зуслангийн байшинд ашиглуулахаар болсон юм...” (2-р хх-ийн 223-224-р хуудас) гэж мэдүүлсэн байх боловч уг мэдүүлгүүд нь Хэнтий аймгийн ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдүүлсэн болох нь ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 210-211-р хуудас)-аар тогтоогдсон ба хичээлийн 2 дугаар байрыг хөдөлмөр зусландаа өгөхөөр шийдвэрлэсэн гэх агуулга бүхий мэдүүлгүүд нь уг хичээлийн 2 дугаар байрыг буулгаж ашиглан Эко зуслангийн барилгын ажлыг дуусган хүлээлгэж өгсний дараагаар хуралдаж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК авч ашиглан Эко зуслангийн барилгын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгаж хүлээлгэж өгснөөс хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЕБС-ийн өмч хамгаалах зөвлөлийн хурлаар хичээлийн 2 дугаар байрыг буулгаж эко зусланд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй уг хичээлийн 2 дугаар байрыг буулгаж ашигласны дараагаар уг байрыг буулгаж ашиглах боломжтой модон материалыг эко зуслангийн барилгад шилжүүлэх шийдвэрийг нөхөн гаргасан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал, сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ажлаа сонгуулиас өмнө биелүүлэх гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч П.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч П.А нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч П.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Биндэр Алтай Оюу" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгосон байна. 

Хичээлийн 2 дугаар байрны нийт үнэлгээ нь 4,865,279 төгрөг болох нь ВЕНДО ХХК-ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Т23-6 дугаартай: “...сургуулийн байр зардлын үнэлгээг 4,865,279 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хх-ийн 98-107-р хуудас)-аар 

Хичээлийн байрны үлдэгдэл модон материалын үнэлгээ нь 1,245,000 төгрөг болох нь Фэйр Валуэшн  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 2023/ШД33 дугаартай: “...89 ширхэг палкны үнэлгээг 1,245,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хх-ийн 61-64-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Иймд хичээлийн байрны нийт үнэлгээ 4,865,279 төгрөгөөс үлдэгдэл модны үнэлгээ 1,245,000 төгрөгийг хасаж 3,620,279 төгрөгийг шүүгдэгч П.А-ээс гаргуулж, иргэний хариуцагч С.Баярсайханаас үлдэгдэл модны үнэлгээ буюу 1,245,000 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Норовлин сумын төрийн санд тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч П.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзнэ гэж заасан үндэслэлээр миний үйлчлүүлэгч П.А-ийг торгуулийн ялын доод хэмжээ буюу 5400 нэгжтэй тэнцэх  буюу 5,400,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Э.Шинэцэцэг өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.А урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 156-р хуудас)-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.А нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орчим гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эх*******, 4 хүүхдийн хамт амьдардаг гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч П.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай санал дүгнэлтээс 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч П.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339001660021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Батанай овогт П.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч С.Баярсайханаас 1,245,000 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч П.А-ээс 3,620,279 ( гурван сая зургаан зуун хорин мянга хоёр зуун далан ес) төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн Норовлин сумын төрийн санд олгосугай.

 

6. Эрүүгийн 2239001660021 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР