Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

2023/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2023/0192

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Хохирогч Б.М /онлайнаар/

Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-т холбогдох эрүүгийн 2339000000301 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ү нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-8 тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 19-ний 16 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тэй “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.М-ийн баруун гуя хэсэг рүү хүрэн өнгийн иштэй хутгыг  1 удаа шидэж, түүний эрүүл мэндэд баруун гуяны өмнөд дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000301 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-9-р хуудас),

Гэрч Э.Мянганбаярын (хх-ийн 22-23-р хуудас), гэрч П.Ганболдын (хх-ийн 26-27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаартай дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 55-62, 66, 65, 54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000301 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Д.Ү нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-8 тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 19-ний 16 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тэй “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.М-ийн баруун гуя хэсэг рүү хүрэн өнгийн иштэй хутгыг  1 удаа шидэж, түүний эрүүл мэндэд баруун гуяны өмнөд дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хохирогч гэрч Э.Мянганбаяр, П.Ганболд нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 353 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Хохирогч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр бид хэд юм уугаад сууж байхад Д.Ү ах 2 хүнтэй улаан өнгийн приус 20 маркийн машинтай ирсэн. Тэгээд  машиных нь аккумлятор суусан гээд аккумляторын зааж өгсөн чинь хутга шидээд ийм асуудал болсон...сар гаруй ажилгүй байсан, эмнэлгээр явсан мөнгөө нэхэмжилмээр байна. Би сард 3,000,000 төгрөгийн цалин авдаг. Эмчилгээний зардал 500,000 төгрөг гаран гарсан...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Д.Ү нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-8 тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тэй “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.М-ийн баруун гуя хэсэг рүү хүрэн өнгийн иштэй хутгыг  1 удаа шидэж, түүний эрүүл мэндэд баруун гуяны өмнөд дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай найз 3 залуутай ууж байхдаа нэг залуу нь агсан тавиад тайван суулгахгүй хэл амаар доромжлоод байхаар нь би машиндаа гал хамгаалагчийг нь хутгаар авч байсан тэр үед миний уур хүрээд надад агсам тавиад байхаар ядаргаатай пизда вэ гээд амандаа үглэж байтал гаранд нөгөө хутга байсан гэнэт гарнаас мултраад шидэгдсэн юм. Тэгээд зүс таних залуугийн баруун гуяанд нь хатгагдаад хутга нь доош унасан. Тэгээд эмнэлэг явья гэхээр машин маань асдаггүй өөр машинтай холбож асаая гэхээр гудамжинд тухайн үед машин зогсохгүй, нөгөө залуугийн хөлнөөс их хэмжээний цус асгараад байсан. Тэгээд нэг машин зогсоод холбож асаагаад бид хэд бүгд машинд суугаад эхлээд 24 цагийн эмийн сан ороод би бент, өвчин намдаах эм аваад гараад ирсэн чинь нөгөө залуу байхгүй хүн эмнэлэг аваад явсан гэхээр нь би Ганболдынд буцаад очсон юм...Хүрэн иштэй жижиг хутга байсан. Би гараад машины зогсоол дээр машины гал хамгаалагчийг хутга бариад авч байсан юм. “М”  ирээд олон юм яриад болохгүй болохоор нь уурлаад барьж байсан хутгаа шидсэн юм...хохирол төлөх гэж явж байтал муурын байшингийн тэнд дээрэмдүүлсэн. Хутгаа хайгаад олоогүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд нөгөө танихгүй залуу орж ирээд бид нарын ууж байсан архинаас уугаад машиных нь акумлятор нь суучихсан гээд гараад машин нь асахгүй байхаар нь би приус 20-ын аккумулятор нь ардаа байдаг ш дээ гэж хэлтэл тэр залуу чи юугаа мэддэг юм гээд миний баруун хөлний гуя хэсэг рүү хутга шидсэн. Тэгээд миний баруун хөлний гуя хэсэгт зоогдоод доошоо уначихсан юм. Тэгээд Мянганбаяр гэх залуу миний хөлийг тэлээгээр чангалж боож өгсөн. Тэгээд хутга шиддэг залуу намайг эмнэлэг рүү хүргэж өгнө гэтэл гуанз руу ороод хуушуур авна гээд бас эмийн сан орно гээд өөрөө буугаад явчихсан. Тэр хооронд миний хөлнөөс их хэмжээний цус асгараад байсан учраас нэг танихгүй машинаас гуйгаад эмнэлэг рүү хүргүүлсэн. Эмнэлгийн гадаа очтол 103-ын сувилагч болон тэр танихгүй ах хоёр намайг нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад оруулж өгсөн...Би сарын цалин 3 сая төгрөг, эмчилгээний зардал 500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Тухайн үед Ганболд ахынд нэг танихгүй ах Ганболд хоёр л байсан. Тэгээд удалгүй 15 цагийн үед нүдэн Бааяа гэдэг *******тэй хүн нэг шил бүтэн архи, нэг тал шил архитай орж ирээд бид нар уусан. Тэгээд нүдэн Бааяа буюу “Ү”  гэдэг хүн нь ирэхдээ нэг улаан өнгийн приус 20 маркийн автомашинтай ирсэн тэр машин нь асахгүй аккумлятор нь суучихсан байна гээд асаах гээд чадаагүй машинаа янзлах гээд гадаа байсан. Тэгээд араас нь “М”  гараад тун удалгүй буцаж орж ирэхдээ баруун хөл нь цус болчихсон орж ирсэн. Би гүйж очиход өөрийнхөө тэлээгээр хөлийг нь боож өгсөн. Тэгээд машинаа “Ү”  ах асаагаад эмнэлэг авч явлаа гээд аваад явсан. Миний мэдэхийн ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),

Гэрч П.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “М”  бид хоёр гэртээ байж байсан тэгтэл “М”  гарчхаад ирье гээд хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна гараад явсан. Буцаад иртэл Мянганбаяртай хамт гаднаас орж ирсэн. Тэр хоёр 0,75 литрийн ямар *******тэй архи гэдгийг мэдэхгүй байна архитай орж ирээд тухайн үед  манай гэрт зүс таних *******ийг нь санахгүй байна тэгээд Мянганбаяр, “М”  бид дөрөв цуг байсан. Тэгээд удалгүй гаднаас улаан приус 20 маркийн машинтай нүдэн Баяраа буюу “Ү”  гэдэг залуу орж ирээд хоол идээд гадаа машин нь асахгүй байна гээд гарч янзална гээд гараад явсан. Тэгээд би нэлээн согтсон байсан сайн санахгүй байна. Нэг мэдсэн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Би согтоод гэрийнхээ гадаа унтаад өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд цагдаагийн газар руу авч явна гэхээр нь би тухайн үед юу ч мэдэхгүй байсан учрыг нь ч олоогүй ээ...Тухайн үед энэ хоёрт муудалцсан асуудал байгаагүй. Тэгээд би нэлээн согтсон байсан учир башингынхаа урд талд унтаад өгсөн байсан...”М” , “Ү” , зүс таних залуугийн хамт бид дөрөв  байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаартай дүгнэлтэд:

1. Б.М-ийн биед баруун гуяны өмнөд дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-ийн баруун гуя хэсэг рүү хүрэн өнгийн иштэй хутгыг 1 удаа шидэж, түүний эрүүл мэндэд баруун гуяны өмнөд дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан авсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Ү нь хохирогч Б.М рүү хутга шидсэн гэмт үйлдлийн улмаас Б.М-ийн  эрүүл мэндэд баруун гуяны өмнөд дунд хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Ү нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.Ү нь хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Б.М нь эмчилгээний зардал 500,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг,  эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.”Ү” аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.”Ү” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Б.”Ү” т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.”Ү”  нь урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 54, 55-62-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6,5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.”Ү” т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2339000000301 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөөргүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-ыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн 2339000000301 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М нь ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг,  эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.”Ү” аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР