| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0059/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 30
Н.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0059/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ын А-д холбогдох, 2018000000025 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ********** регистрийн дугаартай, Т- овогт Н-ын А-.
Шүүгдэгч Н.А- нь 2020 оны 01 сарын 08-ны өдөр Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрал” зочид буудалд байрлаж байхдаа 334 тоот өрөөнд байрлаж байсан Б.Ж-ийн гар утсыг хулгайлж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т заасныг журамлан мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчилж,
Шүүгдэгч Т- овогт Н-ын А-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5., 3.3.т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж прокурорын эсэргүүцзл гаргаж байна.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байхад шүүх эдгээр нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар тогтоолд дурьдаагүй, мөн шүүхийн хийсэн дээрх дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайпах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хүн байнга амьдрах. үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь тухайн орон, байр, агуулахын өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр сэм орох зэргээр хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлоор орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
“Ундрал зочид буудал” нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр мөн юм.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Н.А- нь анхнаасаа бусдын эд хөрөнгийг хулгайлах замаар өөрт шилжүүлэн авах субъектив санаа зорилготой байсан нь тогтоогдож байх тул H.А-г Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ., давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байна., шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ,хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:
Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.А-г 2020 оны 01 сарын 08-ны өдөр Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэр “Ундрал” зочид буудалд байрлаж байхдаа хажуугийн 334 тоот өрөөнд хаалга нь онгорхой, хүмүүс унтаж байхад нь хохирогч Б.Ж-ийн 450.000 төгрөгийн үнэтэй “Iphonе-6 plus” загварын, мөнгөлөг саарал өнгийн, гар утсыг өөрөөр хэлбэл хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1. болгон хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл тухайн тохиолдолд “Ундрал” зочид буудлын 334 тоот өрөө түгжээгүй байсан., мөн шүүгдэгчийн утас цэнэггүй болсон учраас гэр лүүгээ утсаар ярих зорилгоор утас хайж 334 тоот өрөөнд орсон бөгөөд ширээн дээр байсан утсыг авч гэр лүүгээ хүүхдээ асууж ярьсан., тэгээд утсаа буцааж тавилгүй авсан талаарх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон байна.
Харин шүүгдэгч нь 334 тоот өрөөнд орохдоо анхнаасаа хулгайлах зорилго агуулаагүй, хохирогчийн утсыг авах сэдэлт, санаа нь өрөөнд орсны дараа үүссэн байх тул үйлдлийг хулгай хийх зорилгоор өрөөнд нэвтэрсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх хуулийн үндэслэлгүй бөгөөд хохирогчийн өрөөний хаалга түгжээгүй байсан, өрөөнд байсан А.Золбаатар, Ө.Тэмүүлэн нар унтаж байсан нь тэдний мэдүүлгээс гадна камерийн бичлэгээр тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх болсон үйл баримт болон хэргийн нөхцөл байдалд түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал, хохирогч утсаа буцааж авсан, гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Иймд ...шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах... тухай прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР