Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2021/0014

 

2021 оны 05 сарын 27 өдөр                 Дугаар                                              Зуунмод сум

                                            123/ШШ2021/0014

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Гомдол гаргагч: Төв аймгийн ПГ,

 

Хариуцагч: Төв аймгийн ТХ-ийн татварын улсын байцаагч С.Дд холбогдох,

 

Гуравдагч этгээд: Х.Б,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Хэрлэнчимэг, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, гуравдагч этгээд Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал нь тус аймгийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн татварын улсын байцаагч С.Д нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Нармандахаас ирүүлсэн “2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 02, 03, 04, 09 дүгээр саруудад тус тус зээлээр худалдан авалт хийж, 2020 оны 10 дугаар сард төлж дуусгасан боловч И-баримт олгоогүй” гэсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 0312998 дугаартай шийтгэлийн хуудсаар Х.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 379 169 төгрөгийг торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн Т-21003 дугаартай материалыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хяналаа. Эрх бүхний албан тушаалтан, татварын улсын байцаагч С.Д нь гомдол гаргагч С.Нармандахаас гаргасан “Арвай” барилгын материалын дэлгүүрээс 2019 оны 11 дүгээр сард 2 000 000 төгрөгийн, 12 дугаар сард 3 000 000 төгрөг, 2020 оны 02, 04 дүгээр саруудад 15 500 000 төгрөг, нийт 20 427 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 131 600 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 295 800 төгрөг тус тус төлж барагдуулсан боловч төлбөрийн баримт олгоогүй гэсэн гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Эрх бүхий албан тушаалтан нь татвар төлөгч Х.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулахдаа 2019 оны 11 дүгээр сард хийсэн худалдан авалтын өмнөх сарын буюу 2020 оны 10 дугаар сарын борлуулалтын орлого болох 2 100 000 төгрөгийн 2 хувь, 2019 оны 12 дугаар сарын худалдан авалтын өмнөх сарын буюу 2019 оны 11 дүгээр сарын борлуулалтын орлого болох 6 022 990 төгрөгийн 2 хувь, 2020 оны 02 дугаар сарын худалдан авалтын өмнөх сар буюу 2020 оны 01 дүгээр сарын борлуулалтын орлого болох 6 573 360 төгрөгийн 2 хувь, 2020 оны 03 дугаар сарын худалдан авалтын өмнөх сар буюу 2020 оны 02 дугаар сарын борлуулалтын орлого болох 13 694 618 төгрөгийн 2 хувь, 2020 оны оны 04 дүгээр сарын худалдан авалтын өмнөх сар буюу 2020 оны 03 дугаар сарын борлуулалтын орлого болох 7 631 518 төгрөгийн 2 хувь, 2020 оны 09 дүгээр сарын худалдан авалт буюу 2020 оны 08 дугаар сарын борлуулалтын орлого болох 32 935 998 төгрөгийн 2 хувийг тус тус тооцож, нийт 68 958 484 төгрөгийн орлого бүхий үнийн дүнгийн 2 хувь буюу 1 379 169 төгрөгийн торгууль оногдуулжээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан холбогдогч Х.Б, хохирогч С.Нармандах нарын мэдүүлэг, худалдан авагчийн төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтаар С.Нармандах нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд нийт 2 427 400 төгрөгийн барилгын материал худалдан авсан байх бөгөөд хамгийн сүүлчийн үлдэгдэл төлбөр болох 10 295 800 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Бат-Эрдэнийн дансанд шилжүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоосон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заажээ. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасан “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олгосон үнийн дүнгийн 2 хувиар” торгохоор заасны дагуу торгох шийтгэлийн хэмжээг “Арвай” дэлгүүрийн 2020 оны 08 дугаар сарын борлуулалтын орлого болох 32 935 998 төгрөгийн 2 хувиар тооцож, 658 719.96 төгрөгөөр торгох үндэслэлтэй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч С.Дгийн гаргасан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимт тулгуурласан үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн татварын хэлтсийн Татварын Улсын байцаагч С.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргалын “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Прокурор дүгнэлтийн үндэслэлээ “...2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 2,3,4,9 дүгээр сарын худалдан авалтад төлбөрийн баримт олгоогүй зөрчил үргэлжилж, хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдэж дууссан тул өмнөх сар буюу 2020 оны 08 дугаар сарын орлого болох 32,935,998 төгрөгийн 2 хувиар тооцож, 658,719.96 төгрөгөөр торгох ёстой байтал худалдан авалт хийсэн сарын өмнөх сар болох 2019 оны 10,11 дүгээр сар, 2020 оны 1,2,3,8 дугаар сарын орлого болох 68,958,484 төгрөгийн 2 хувь буюу 1,379,169 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-иар торгоно, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлсэн хугацаанд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан. Иргэн С.Нармандах нь “Арвай” барилгын материалын дэлгүүрээс 2019 оны 11 дүгээр сард 2 саян төгрөгийн, 12 дугаар сард 3 сая төгрөгийн, 2020 оны 2,3,4,9 дүгээр сард 15,5 сая төгрөгийн бараа материалыг зээлээр худалдан авч, төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10,161,600 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,295,800 төгрөгийг төлж барагдуулсан боловч төлбөрийн баримтыг огт олгоогүй үйл баримтууд нь тогтоогддог. Гагцхүү “Арвай” барилгын материалын дэлгүүр нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д “Бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчиж, иргэн С.Нармандахын худалдан авалт буюу борлуулсан тухай бүрд төлбөрийн баримтыг олгох үүргээ зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн8.1 дэх заалтад зааснаар олгоогүй сарын өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан. Холбогдогч Х.Б нь С.Нармандахын дээрх худалдан авалт тухай бүрд нь төлбөрийн баримт олгоогүй зөрчлөө хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан. Гэтэл прокурор худалдан авалт тухай бүрд төлбөрийн баримт олгоогүй тус тусдаа үйлдэл буюу зөрчлийг “үргэлжилсэн нэг зөрчил” мэтээр хуулийг илт буруу тайлбарлан дүгнэлт бичсэн. Прокурорын үзэж байгаачлан зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн гэдэг нь онолын хувьд төгссөн, давтан гэдэгтэй адил тусдаа ойлголт бөгөөд нэг удаагийн зөрчлийн үйлдлээр өөр төрлийн төрлийн зөрчилд тооцогдох хэд хэдэн зөрчил гаргах, үйлдэхийг ойлгоно. Нөгөөтээгүүр иргэн С.Нармандах зээлээр худалдан авсан бараа материалын төлбөрийг төлсөн өдөр болон төлбөрийн баримт олгоогүй үйлдлийн талаар ялгамжтай авч үзэхгүйгээр зөрчил үйлдэгдсэн хугацааг, төлбөр төлсөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар юуг зөрчил гэж үзэх, зөрчил үйлдсэн бол хариуцлага хүлээлгэх зарчмыг зөрчиж, зөрчил зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан, 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 2,3,4 дүгээр сарын худалдан авалтад төлбөрийн баримт олгоогүй (хуульд заасан зөрчил) үйлдлийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арвай барилгын материалын дэлгүүрээс иргэн Нармандах 2019 оныд 11 дүгээр сард 2 000 000 төгрөг,  2019 оны 12 дугаар сард 3 000 000, 2020 оны 2, 3, 4, 9 сард нийтдээ 15 000 000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Зээлээр бараа материалыг худалдан авсан. Худалдан авалтад холбогдох эхний төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 925 800 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэн Нармандах нь татварын албанд Арвай дэлгүүрээс нийтдээ 25 000 000 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч төлбөрийн баримтыг өгөөгүй гэх гомдлыг гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол мэдээллийг хүлээн аваад прокурорт бүртгүүлээд 5 хоногийн дотор ажиллагаа явуулаад байж байхад хариуцагч зөрчлөө хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Татварын улсын байцаагч шийтгэл оногдуулахдаа худалдан авалтад баримт өгөөгүй үйлдэл тус бүр дээр шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувиар нь торгууль оногдуулсан байгаа. Прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хянаад 1,2,3 сарын гээд өмнөх сарын борлуулалтын орлогоор тооцох нь буруу буюу холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Зөрчил бол хамгийн сүүлд 9 сард үйлдэгдсэн. Тийм учраас 8 сарын борлуулалтын орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгууль оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Маргааны үйл баримт дээр хууль хэрэглээний хувьд энэ зүйл яригдах болно. 8 сарын борлуулалтын орлогын үнийн дүнгээр торгох бол 600 гаруй мянган төгрөг болсон гэтэл 1 000 000 төгрөгөөр торгох ёстой. Хариуцагчийн зүгээс энэ дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж дүгнэлтээ бичсэн гэж үзэж байна. Хууль зүйн хувьд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт хувь хүнд дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг хэвлэн өгөх илгээх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтад бараа ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэх заалтууд байна. Арвай барилгын дэлгүүр нь худалдан авагч Нармандахын 2019 оны 11 сарын 2 000 000 төгрөгийн худалдан авалт, 12  сарын 3 000 000 төгрөгийн худалдан авалт, 2020 оны 2,3,4,9 дүгээр саруудад бүх худалдан авалтууд нь төлбөрийн баримт олгоогүй, илгээгүй зөрчил гаргасан. Зөрчлийн тухай хуульд зааснаар тус тусдаа үйлдэл байна. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан. Энэ нь 2019 оны 11 сард 2 000 000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Төлбөрийн баримт олгоогүй нэг зөрчил үйлдэл нь дуусаж байгаа. Мөн 12 сард 3 000 000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ 3 000 000 төгрөгийн худалдан авалт мөн төлбөрийн баримт авч системд илгээгүй. Худалдан авалт бүр дээр зөрчил нь үйлдэгдээд төгсөөд явсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувиар хариуцлага хүлээлгэсэн. Үүнийг Х.Б хүлээн зөвшөөрсөн учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Прокурор нь зөрчил бол үргэлжилсэн байна. Хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зөрчил үйлдэгдсэн учир өмнөх сарын буюу 8 сарын борлуулалтын орлогоор торгох ёстой байсан гэж үзсэн. Хууль зүйн хувьд үргэлжилсэн үйлдэл гэдэг нь нэг зөрчил эхлээд дуусаагүй байхыг ойлгоно. Гэтэл маргаан бүхий нөхцөл байдал нь 2019 оны 11 дүгээр сард худалдан авалт хийсэн тэрэнд төлбөрийн баримт олгоогүй. Зөрчил нь эхлээд тухайн үедээ дууссан. Ийм зөрчлийг үргэлжилсэн гэж бол үзэхгүй. Хариуцагч талаас ийм байр суурьтай байгаа. Прокурор бол төлбөр төлсөн өдөр болон төлбөрийн баримт олгоогүй үйлдлийг ялгаж салгаагүй дүгнэлтээ үйлдсэн. Гуравдагч этгээд 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар гээд тухайн худалдан авалтад бүрт баримт олгох үүрэгтэй. Энэ нь тус тусдаа зөрчил байсан. Тийм учраас прокурор нь нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр дүгнэлт үйлдсэн учраас дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Арвай” барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Б миний бие Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг уншиж танилцлаа. Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Дгийн гаргасан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлттэй Х.Б би санал нэг байна. Миний бие бас Татварын улсын байцаагч С.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэлийн дагуу 1,379,169 төгрөгийн торгуулийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлсөн бөгөөд мөн гомдол гаргагч иргэн С.Нармандахын гомдлын дагуу 20 427 400 төгрөгийн и-баримтыг нөхөн олгож өгсөн. Гэхдээ татварын улсын байцаагч С.Дгийн гаргасан 0312998 дугаартай шийтгэлийг нэгэнт төлж барагдуулсан учир уг шийтгэлийн хуудсыг хүчинтэйд тооцуулах саналтай байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Прокуророос “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  гэж  гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төв аймгийн татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч С.Д нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 0312998 дугаар шийтгэлийн хуудсаар “Арвай” барилгын материалын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг Хоролтогоогийн Б нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн гомдол, холбогдогчийн мэдүүлэг, гомдол гаргагчийн дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байх тул Х.Бат-Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх хэсэгт “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж заасны дагуу 1.379.169 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.[1]

Гуравдагч этгээд “Арвай” барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч Х.Б нь дээрх шийтгэлийн хуудсаар олгосон 1.379.169 төгрөгийн торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч, торгуулийн мөнгөн дүнг төлж барагдуулжээ.[2]

Прокурор шүүхэд ирүүлсэн гомдолдоо “...хохирогч С.Нармандах нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд нийт 2,427,400.00 төгрөгийн барилгын материал худалдан авсан байх бөгөөд хамгийн сүүлчийн үлдэгдэл төлбөр болох 10,295,800.00 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Бат-Эрдэнийн дансанд шилжүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж, 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж заажээ. Иймээс зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх хэсэгт зааснаар “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;”-иар торгохоор заасны дагуу торгох шийтгэлийн хэмжээг “Арвай” дэлгүүрийн 2020 оны 08 дугаар сарын борлуулалтын орлого болох 32,935,998.00 төгрөгийн хоёр хувиар тооцож 658,719.96 төгрөгөөр торгох үндэслэлтэй байна.” гэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлоо тодорхойлж байна. [3]

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...“Арвай” барилгын материалын дэлгүүр нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтад “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;” 17.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчиж, иргэн С.Нармандахын худалдан авалт буюу борлуулсан тухай бүрд төлбөрийн баримтыг олгох үүргээ зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад зааснаар олгоогүй сарын өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. [4]

Хэргийн үйл баримтаас үзэхэд Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн татварын улсын байцаагч С.Д нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Нармандахаас ирүүлсэн “2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 2,3,4,9 дүгээр саруудад тус тус зээлээр худалдан авалт хийж, 2020 оны 10 дугаар сард төлж дуусгасан боловч И-баримт олгоогүй” гэсэн гомдлын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 0312998 дугаартай шийтгэлийн хуудас олгосон байна.

Иргэн С.Нармандах нь 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 2,3,4,9 дүгээр саруудад тус тус зээлээр худалдан авалт хийсэн байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно;” гэж зааснаас үзвэл барааг зээлээр олгосон нь борлуулалтад хамаарч байна. Иймээс иргэн, аж ахуйн нэгж зээлээр ажил, үйлчилгээ үзүүлэх бүртээ төлбөрийн баримт олгох ёстой.

 Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.” гэж, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;” гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.” гэж тус тус заасныг иргэн Х.Б зөрчсөн байх тул Татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Иймд “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0312998 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан тус аймгийн Прокурорын газрын 2021  оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар дүгнэлтээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн     41.1.4 дэх хэсэгт зааснаар прокурорыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

[1] 1 дүгээр хавтас 13-р хуудас.

[2] 1 дүгээр хавтас 65-р хуудас.

[3] 1 дүгээр хавтас 1-2-р хуудас.

[4] 1 дүгээр хавтас 63-64-р хуудас.