| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2019/0831/З |
| Дугаар | 221/МА2026/0212 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2026/0212
“Н” ХХК -ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, О.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н” ХХК
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “XV-008953 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0098 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2019/0831/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК -иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “XV-008953 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0098 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК -иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан "XV-008953 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, О.Д нар давж заалдах гомдолдоо:
“...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн, газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан нөхцөл байдалтай байх үед маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн маргааныг Захиргааны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/MA2018/0269 тоот дугаартай магадлалд XV-008953 тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан боловч нөхөх олговрыг төлөөгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг дүгнэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх үед дээрх үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж үзнэ. Энэ ч утгаараа Ашигт малтмал газрын тосны газар тусгай зөвшөөрлийн хугацааг сунган тооцож, нэхэмжлэгчид шилжүүлэн бүртгэсэн болох нь тогтоогдож байна... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 тоот дугаартай магадлалд XV-008953 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсний дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
...Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацааг баримтлаагүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасаар байтал бодит нөхцөл байдлыг тогтоох, нарийвчлан шинжлэн судлаагүй зэрэг нь захиргааны акт гаргах хууль үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Гэвч хариуцагч өргөдлийг ямар үндэслэлээр 78 хоногийн дараа сунгахаас татгалзсан нь тодорхой, үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй байдаг. Зүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт дээрх өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж шийдвэрлэх ёстой байсан. Ийнхүү хуульд заасан хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь өргөдлийг хүлээн зөвшөөрсөн буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн гэж дүгнэж болохоор байна. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан үндэслэлээр сунгахаас татгалзах талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн материалын бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.
...2018 оны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нөхөх олговор олгоогүй байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг баталж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан, цаашлаад тусгай зөвшөөрлийг “Н” ХХК -д шилжүүлэн бүртгэсэн болохыг дээр дурдсан. Энэхүү шийдвэр, үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэдий ч нөхөн олговор олгоогүйн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг дээрх шийдвэр, үйл ажиллагаагаараа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
... XV-009698 тусгай зөвшөөрлийн талбайд явуулах байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2025 онд батлаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2018 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө батлаагүй үндэслэл нь хууль бус болох нь тодорхой байна. Нөгөө талаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаартай албан бичигт "Иймд дээрх газруудад хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй байна" гэсэн хариунаас Газрын тухай хуулиас гадуур буюу тодорхойгүй үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан болох нь тогтоогдож байна. Засаг даргын хууль бус үйлдлийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 76 дугаар магадлалд тодорхой дүгнэсэн байдаг... “Н” ХХК -ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 дугаартай албан хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд түүний дагуу оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулалгүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна.
Ийнхүү “Н” ХХК -ийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөгөө батлуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөөр байгааг зөв дүгнэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш2026/0098 дугаартай шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулж “Н” ХХК -ийн эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших XV-008953 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Н” ХХК -иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “XV-008953 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. “А” ХХК-ийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших 1921 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрсөн ашигт малтмалын хайгуулын 8953X дугаар тусгай зөвшөөрлийн 010-FE дэс дугаар хэсэгт “Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2018.05.09-2019.05.09 хүртэл” гэсэн байна.[1]
2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дахь Халзан давааны ам нэртэй 1919.51 гектар талбай бүхий XV-008953 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-иас “Н” ХХК -д шилжүүлэн бүртгэхээр шийдвэрлэжээ.[2]
2.4. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст XV-008953 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг[3] гаргатал тус газраас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 321 дүгээр шийдвэрээр “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэх үндэслэлээр сунгахаас татгалзсан байна.[4]
2.5. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр “Н” ХХК-иас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.[5]
2.6. Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр магадлалаар “...Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д "Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах" гэж зааснаар нэгэнт маргаан бүхий газрыг 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад нэхэмжлэгчийн зүгээс эзэмших эрхтэй байсан "Халзан давааны ам" нэртэй XV-008953 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшиж, ашиглах боломжгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор шаардлагатай баримт болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар гаргасан хүсэлтийг татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэхүү утгаар нэхэмжлэгчийн төлөвлөгөө батлуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв байна” гэж дүгнэсэн.
2.7. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр “Н” ХХК-иас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "Тусгай хэрэгцээнд авах тухай" 06 тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "Тусгай хэрэгцээнд авах тухай" 07 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 535 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.[6]
2.8. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.5-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг зайлшгүй хавсаргасан байхыг шаарддаг.
2.9. Гэтэл нэхэмжлэгч “Н” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст XV-008953 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.[7]
2.10. Тодруулбал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай маргаан бүхий Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцалтай,[8] байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар гаргасан хүсэлтийг татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал тус тус хэрэгт авагдсан.
Мөн нэхэмжлэгч “Н” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөлдөө хавсаргаж ирүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримт бүрдээгүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч сунгахаас татгалзсан нь хуульд нийцсэн байх тул “...хариуцагч өргөдлийг ямар үндэслэлээр 78 хоногийн дараа сунгахаас татгалзсан нь тодорхой, үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй байдаг... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн материалын бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй... оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулалгүй захиргааны акт гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, О.Д нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА