| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/209 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/209
2023/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
хэргийн индекс:180/2023/0197/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Г.Анхбаяр,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 2339000000314 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 05-01 тоотод П.Н-той “усны сав цоолсон” гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газарт нь арматурын төмрөөр нэг удаа цохиж хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд зулайн баруун хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг,
Хохирогч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын сүүлээр 1 тонны усны хуванцар савыг түр хэрэглэж өгье гэж хэлээд түүнээс зөвшөөрөл аваад тухайн усны саваар нь нэг удаа ус зөөгөөд буцаагаад гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед би усны савыг нь цоорхой байсан эсэхийг нь анзаараагүй ба түүнд хүлээлгэж өгөх гэхэд “Г” манай гэрт аваачаад орхичих гэхээр нь би гэрт хүргэж өгсөн. Гэтэл түүнээс 7 хоногийн дараа “Г” гэгч нь над руу утсаар яриад манай савыг цоолчихсон байна гэж надтай утсаар ярихаар нь би наадах савыг чинь цоолоогүй гэж хэлээд өнгөрсөн юм. Гэтэл 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд намайг ажлаа хийж байхад “Г” нь манай ажилд ирээд над руу уурлаад явсан юм. Харин би тэр үед нь юу ч хэлээгүй харин хэсэг хугацааны дараа 17 цаг 30 минутын орчимд “Г” буцаад миний ажлын гадаа приүс-30 маркийн машинтай ирж байсан ба Эрдэнэхүү гэх таньдаг хүнийхээ машины дугуйг янзлаад сууж байтал “Г” миний ард талаас толгой хэсэгт нэг удаа төмрөөр цохиод намайг ална гэж над руу уурлаад дайрахад нь Эрдэнэхүү болон “Г” тай хамт явсан эх******* бололтой нэг эмэгтэй хоёр “Г” г надаас салгаж авч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-7,10-11-р хуудас),
Гэрч Ч.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт мал борлуулаад машинаа янзлуулах ажилтай Хэнтий аймагт ирээд 08 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 5-1 тоотод таньдаг найз “Н” гэх залуугаар машинаа янзлуулаад бид хоёр машины хажууд машин янзлаад сууж байхад нэг цагаан өнгийн Приус-30 маркийн машинтай ах /”Г” / ирээд “Н” ийг сав хагаллаа гэж загнаад удалгүй яваад удалгүй буцаад машинтай эх******* нь бололтой нэг эмэгтэй хүнтэй хамт буцаад “Н” ийн ажил дээр сав төлж өг л гэж уурлаж байснаа тэр ах машиныхаа хаалгыг онгойлгоод нэг төмөр гаргаж ирээд тухайн төмрөөрөө “Н” ийг машины хажууд юм аа янзлаад сууж байхад нь ардаас нь толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гэтэл тэр ахтай хамт явж байсан эмэгтэй тэр ахын гартаа барьсан байсан төмрийг нь булааж аваад машиныхаа ард тал руу л хийх шиг болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),
Гэрч Н.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд “Н” бид хоёр ажлаа хийж байхад нөгөө ах “Г” /”Г” / бид хоёрын ажил дээр ганцаараа ирээд нөгөө саваа төлүүлнэ гээд “Н” руу урласан тэр үед “Н” бид хоёр таны савыг хагалаагүй гэж хэлсэн чинь “Г” ах уурлаад хэруул, маргаан хийж байгаад машинтайгаа хөдлөөд явсан тэгээд удалгүй эх*******тэйгээ хамт буцаж ирээд эх******* нь гэх эмэгтэй “Н” ийг загнаад “Г” ах уурлаад “Н” ийг ажлаа хийгээд машины дэргэд сууж байх үед нь машинаасаа арматур төмрийн хугархай гаргаж ирээд “Н” ийн толгой хэсэгт руу нэг удаа цохисон. Тэр үед “Г” ахын эх******* нь түүнээс төмрийг нь булааж аваад нөгөө төмрөө машиныхаа багажид хийгээд, машинаасаа нойтон салфетик гаргаж ирээд “Н” ийг толгойноос гарсан цусыг нь тогтоож арчсан чинь “Г” эх*******ээ дагуулаад машиндаа суугаад явчихсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч Т.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад миний нөхөр “Г” нь намайг ажилдаа байхад над руу залгаад нөгөө хүн чинь манайхаас авсан усны саваа төлөхгүй гэж байна хоёулаа хамт очиж уулзъя гэж яриад бид хоёр ажлаа тараад 17 цагийн орчимд миний нөхөр бид хоёр нөгөө залуу /”Н” /-той уулзахаар ажил руу очиход нөгөө залууг би загнаад хүнээс юм авчхаад хүлээлгэж өгөхгүй яасан юм бэ гэж хэлээд нөгөө залууд уурлаж загнасан. Тэр үед миний нөхөр миний хажууд зогсож байгаад нөгөө залууг мөн адил загнасан. Тэр үед нөгөө залуу би тэр усны савыг чинь хагалаагүй танай хүүхдүүд л хагалсан байх гэж хэлсэн чинь нөхөр маань гэнэт нөгөө залууг цохиод авах шиг болсон чинь нөгөө залуугийн толгойноос нь цус гарчихсан тэгэхлээр нь би нөгөө залуугийн толгойн цусыг нь тогтоосон нөгөө залуу цагдаагийн байгууллагад хандсан байсан. Ийм л асуудал болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 409 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-34-р хуудас),
Хохирогч П.Н-ийн “...хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй 500,000 төгрөгийг бүрэн авсан..” гэх хүсэлт (хх-ийн 108-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Г хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч П.”Н” “...хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй 500,000 төгрөгийг бүрэн авсан..” гэх хүсэлт (хх-ийн 108-р хуудас)-ийг гаргасан байх тул шүүгдэгч Д.”Г” ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.”Г” ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 30 см 8 мм-ийн урттай арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000000314 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хардал овогт Д.Г -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2339000000314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариул хэсэг нь 30 см 8 мм урттай арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
6. Эрүүгийн 2339000000314 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР