Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2023/0198

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-д холбогдох эрүүгийн 2339000000303 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2023 оны

07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Өлзийтийн 11-01 тоот хашаанд байх Ж.Э-ийн эзэмшлийн гэр болох байшинд Ж.Э-ийн хүү Г.Даваахүүтэй хамт орсон үедээ шунахайн сэдлээр Ж.Э-ийн тахилгын 4 ширхэг 7 см диаметр хэмжээтэй жижиг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.У-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  2339000000303 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Э-ийн (хх-ийн 8-10-р хуудас), гэрч Г.Даваахүүгийн (хх-ийн 19-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 22, 28-р хуудас),

Бодит Үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-184 дугаартай “...Ж.Э-ийн хулгайд алдсан 4 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 400,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 34-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63 83, 84, 85-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000303 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Өлзийтийн 11-01 тоот хашаанд байрлах Ж.Э-ийн гэрт түүний хүү Г.Даваахүүтэй хамт орсон байх үедээ шунахайн сэдлээр Ж.Э-ийн тахилгын 4 ширхэг 7 см диаметр хэмжээтэй, жижиг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Э-д  400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч “Э” , гэрч Даваахүүгийн мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ компанийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчтай ямар нэгэн санал, бодлын зөрүү байхгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. У-ыг гэм буруутай гэж тооцоход өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Д.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би буруу зүйл хийж байгаагаа ойлгож 4 аягыг нь эргүүлж өгсөн. Би буруугаа хүлээж байна. Хэргийг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өлзийтийн 11-01 тоотод байх Волтрон хочтой Даваа гэх ахтай уулзсан. Тэгээд Даваа ах манай гэр рүү очиж Батноров сумаас ирсэн хээтэй чулуу үзье гээд цугтаа Даваа ахын гэр рүү орсон Тухайн үед Даваа ахын гэрт хүн байхгүй байсан ба Даваа ах бид 2  байсан. Тэгээд Даваа ахын байшингийн үүдны таамбарт хоол ундны шүүгээны хажуу талын ширээн дээр 4 ширхэг хар мөнгөн жижиг аяга байхаар нь аваад халаасандаа хийчихсэн...Би тухайн үед өөрийн буруутай үйлдлээс болоод тухайн аягыг авсан.... Би буруу зүйл хийж байгаагаа ойлгож 4 аягыг нь эргүүлж өгсөн. Би буруугаа хүлээж байна. Хэргийг минь хөнгөрүүлж өгнө үү....” гэх мэдүүлэг,

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 22, 28-р хуудас),

Хохирогч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ оны 7 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед өөрийн танилтай Мөрөн сумын 100 жилийн ойн наадам үзэх гэж явсан. Яваад оройн 22 цагийн үед гэртээ ороход миний үйл хийдэг өргөл өргөдөг жижиг дөрвөн ширхэг мөнгөн аяганууд байхгүй болсон байсан. Тухайн үед гэрт маань хүү Даваасүрэнгээс асуухад би сайн мэдэхгүй байна. Ширээн дээр байсан ш дээ надтай өдөр нэг хүн орсон. Тэр залуу мэдэж байж магадгүй гээд явсан. Удалгүй олдохгүй цагдаад дуудлага өгнө гээд цагдаа руу мэдэгдсэн удалгүй цагдаа нар ирсэн... Хар мөнгөн аяганууд байсан...тэр манай хойд эгнээнд байдаг У-ыг гэртээ авчирсан гэсэн. Тэр хоёр гэрт юм ярьж байгаад явсан гэж ойлгосон. Хэд хоногийн дараа хүү Даваахүү цуг гэрт байсан У-ыг дагуулж ирсэн. Би У-оос  асуухад “Би Даваа ахад хэлэхгүй авсан уучлаарай аяганууд надад байгаа авчирч өгнө гээд гарсан. Удалгүй цагдаад барьсан гэсэн...би яг хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй байна. Шинжээчээр үнэлгээ гаргуулмаар байна...буруутай этгээдийг олж хариуцлага тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),

Гэрч Г.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай гэрийн урд эгнээнд байдаг Нулимс хочтой Лхагваагийн гэрт хэсэг хүмүүстэй архи уугаад сууж байхад үед манай гэрийн хойд эгнээнд Өлзийт 12-06 тоотод амьдардаг. “У” орж ирсэн Би У-тай  уулзах ажил байсан болохоор гэр рүүгээ дагуулан явж ярих ажлаа яриад гарсан. Тэр үед манай ээж Мөрөн сум руу өглөө эрт наадам үзэх ажилтай яваад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Ээж ирээд бурханд өргөдөг мөнгөн аяганууд алга болсон талаар хэлж уурласан. Би тэр өдөр ганц Угтахааг л авч очсон болохоор авсан гэж таамагласан. Тэгээд цагдаагийн байгууллагад оройн дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн18-19-р хуудас),

Бодит Үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-184 дугаартай “...Ж.Э-ийн хулгайд алдсан 4 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 400,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 34-36-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.У нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.У нь хохирогч Ж.Э-ийн эзэмшлийн 4 ширхэг мөнгөн аягийг хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 28-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Т.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Д.У нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

 мөн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 63, 65-77-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 4, эх*******, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хорих ял  оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339000000303 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.У -ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй. 

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.У-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  Д.У-д хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ахнааруулсугай.

 

6. Эрүүгийн 2139002540287 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР