| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/212 |
| Огноо | 2023-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0199/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө-д холбогдох эрүүгийн 2339000000308 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Дэл гэх газарт байрлах н.Байгалийн байшинд хохирогч Г.Б-тай “ээжийгээ хүнд өчтэй байхад нь асарсангүй, архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт нь нэг удаа алгадаж, зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөсөн цохиж зодсон, 13 цагийн тухайн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Б-ийн уруул тус газарт түлхүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд уруулд шарх, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг,
Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн орчимд Шинээ, Тунгаа нартай архи уугаад сууж байтал манай ээжийн төрсөн дүүгийн хүү “Ө” ах орж ирээд "Ээжийнхээ ямар хүнд өвчтэй та нар мэдэж байна уу? Та нарыг ална" гэж хэлээд намайг 1 удаа алгадаж, 2 удаа хөл хэсэгт өшиглөөд гарсан. Тухайн үед эрүүл байсан. Харин тус өдрийн 13 цагийн орчимд мөн адил Шинээ, Тунгаа нартай архи уугаад сууж байтал “Ө” ах нэлээн согтуу орж ирээд "Одоо та нарыг ална" гэж хэлээд гартаа машины түлхүүр барьж байгаад дээд уруулын зүүн дээд хэсгийг сэт цохисон. Тэгээд би цусандаа хутгалдаад үлдсэн. Цусаа тогтоогоод маргааш, нөгөөдөр нь аав маань намайг дагуулаад сумын эмнэлэгт үзүүлэхэд уруул ангайж хатсан байна, оёдол тавих боломжгүй аймаг яв гэхээр нь гуйсаар байгаад сумын их эмч Энхзулаар оёдол тавиулсан...Алгадуулсан хэсэгт гэмтэл шарх өвдөлт байхгүй. Харин өшиглүүлсний улмаас зүүн хөлийн өвдөгний гадна талд, баруун хөлийн шилбэ хэсэгт бага зэрэг хөхөрсөн. Мөн дээд уруулын зүүн дээд хэсэгт ойролцоогоор 2 см сэтэрсэн шарх авч 11 удаа оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8-р хуудас),
Гэрч Б.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Ө” ах орж ирээд “Б” эгчийг "Архи дарсаа боль чамайг ална шүү" гэх зэргээр загнаж байгаад гарсан. Тус өдрийн 13 цагийн орчимд нэлээн согтуу орж ирээд “Б” эгчийг машины түлхүүр гартаа барьж байгаад уруул хэсэгт 1 удаа цохихоор нь босоод салгахад “Б” эгчийн уруул нь сэтэрч их хэмжээний цус алдаж байсан. “Ө” ах гараад явсан...Архи уулаа гэж загнаад зодсон байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас),
Гэрч Б.Тунгалагтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэл гэх газар байрлах ээж Байгалийн гэрт 2023.07.12-ны өглөө 08 цагийн орчимд нөхөр Шинэбаяр болон “Б” эгч нарын хамт архи уугаад сууж байтал “Ө” ах орж ирээд “Б” эгчийг алгадаж өшиглөөд уурлаж загнаад гарсан. Тэр өдрийн 13 цагийн орчимд “Ө” ах халамцуу орж ирээд намайг загнаад над руу дайрахаар нь би зугтаад гараад гүйсэн. Тэгээд удалгүй “Ө” ах гарахаар нь байшиндаа буцаад ортол “Б” эгчийн уруул нь сэтрээд цус гоожоод байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 383 дугаартай дүгнэлт (хх-ийн 20-21-р хуудас),
Хохирогч Г.Б-ийн “...Би Д.”Ө” д гомдол саналгүй тул бид 2 дунд үүссэн маргааныг яаралтай шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт (хх-ийн 74-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Ө хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Г.”Б” “...би иргэн Д.”Ө” д гомдол саналгүй тул бид 2 дунд үүссэн маргааныг яаралтай шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт (хх-ийн 74-р хуудас)-ийг гаргасан байх тул шүүгдэгч Д.”Ө” ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Ө нь хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.”Ө” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000308 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхууруулсугай.
5. Эрүүгийн 2339000000308 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР