| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/216 |
| Огноо | 2023-09-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0201/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Г.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2339000000318 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 08-12 тоотод байрлах н.Батболдын гэрээс гарахдаа цуг сууж байсан хохирогч Ш.И-ын "Huawei Nova Y90" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан хохирогч Ш.И-д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000318 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.И-ын (хх-ийн 8-9-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Бодит Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №2022/ШД-198 дугаартай дүгнэлт (хх-ийн 24-26-р хуудас)
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 30, 32, 37, 39-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000318 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь Ш.И-ын "Huawei Nova Y90" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан хохирогч Ш.И-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч “Б” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргаан байхгүй улсын яллагчийн гэм буруутай тооцуулах саналтай санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн уед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 08-12 тоотод байрлах н.Батболдын гэрээс гарахдаа цуг сууж байсан хохирогч Ш.И-ын "Huawei Nova Y90" маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч Ш.И-д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэнтий аймгийн хэрлэн сумын 5 дугаар баг саригийн 8-12 тоотод байх танил ах Батболдын гэрт очиж сууж байгаад шалан дээр байсан хар ногоон өнгийн гар утсыг аваад кармаандаа хийгээд гарсан. Тэгээд тэр утсаа алга болгочихсон юм би гар утас авсан хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...бэлэн мөнгө өгч хохирлыг барагдуулсан....” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Цэцэн Хан төвийн хүнсний дэлгүүрээс Хараа 0.75 граммын архи авч найз Сариг 08-12 тоотод суух Батболдын гэрт очсон. Гэрт Батболдын эх*******болон зүс “Б” гэх дүү нар сууж байсан. Би тэд нартай юм ярьж байгаад авчирсан архийг задлан өгч ууцгаасан. “Б” бол уугаагүй миний хажууд сууж байгаад гэрээс гараад явсан Гараад явсны дараа нь би гар утсаараа эх*******рүүгээ ярих гээд цамцны халаасанд хийсэн утсаа хайхад байхгүй болсон байсан. Тэгээд шууд гар утас руу Батболдын утсаар залгаж үзэхэд холбогдохгүй болж хамт байсан “Б” ыг авсан гэж таамаглаад “Б” ын өөрийн утас руу нь хэд хэдэн удаа залгаж байж нэг юм холбогдоод Батболдын гэрт дуудахад очлоо гэж хэлээд алга болсон. Тэрнээс хойш таарахгүй байж байгаад “Б” ын аав Баяртогоотой гудамжинд таараад Танай хүү “Б” миний утсыг хулгайлаад явсан Үнэ нэг сая гаран төгрөгийн үнэтэй утас шүү, болохгүй бол цагдаагийн байгууллагад өгнө" гэж хэлээд явсан. Дараа нь Эвт худалдааны төвийн хажууд “Б” аавтай явж байгаад бас таарахад Ахаа би утсыг чинь авсан. Төлж өгнө битгий цагдаад өгөөч гэж гуйгаад байхаар нь хэд хоногоос төлж өгөөрэй гэж сануулаад одоог хүртэл алга байна. Тийм болохоор цагдаад гомдол гаргасан юм... Гар утсыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр лизингээр авсан Huawei Nova Y90 маркийн хар ногоон утас байсан. Үнэ 1.099.000 төгрөгийн утас Баталгаа болон хайрцаг бүх юм нь байгаа....” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ" ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-198 дугаартай... "Huawei Nova Y90" маркийн гар утсыг 700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 24-26-р хуудас),
Хохирогч Ш.И-ын Хэнтий аймгийн Прокурорын газарт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан “...Б.”Б” аас Huawei Nova Y90" маркийн гар утасны хохирол 700,000 төгрөгийг өөрийн хаан банкы 5759023519 тоот дансаар хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл санал гомдолгүй болно...” гэх тодорхойлолт (хх-ийн 65-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь хохирогч Ш.И-ын гар утсыг хулгайлан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч Ш.И-ын Хэнтий аймгийн прокурорын газарт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан “...Б.”Б” аас Huawei Nova Y90" маркийн гар утасны хохирол 700,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5759023519 тоот дансаар хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл санал гомдолгүй болно...” гэх тодорхойлолт (хх-ийн 65-р хуудас) байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг гаргаж байна..” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 30-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.”Б” ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн тэнсж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Харин улсын яллагчийн шүүгдэгч Б.”Б” ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардалгагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн 2139002540287 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халбин овогт ББ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-ад хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн 2339000000318 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР