| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0075/З |
| Дугаар | 221/ма2026/0200 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/ма2026/0200
П.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэгч: П.П
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/2681 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 6,900,000.00 төгрөгийг гаргуулж, П.П-д олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.П
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0075/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.П-ээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/2681 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 6,900,000.00 төгрөгийг гаргуулж, П.П-д олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2, 33.2.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1 дэх хэсэг, заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, П.Пгийн жирэмсний хугацааны тэтгэмж болох 6,900,000.00 төгрөгийг нөхөн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/2681 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх захиргааны акт биш гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, уг актад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын давж заалдах гомдлын агуулга:
3.1. Иргэн П.П нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад орж, эмнэлгийн хуудсыг эмнэлэг хугацаанд нь илгээсэн, тэтгэмж авах талаар удаа дараа эмнэлэгт очиж лавласан гэх боловч, нийгмийн даатгалын байгууллагад хуулийн хугацаанд гаргах талаар эмч, даатгал хариуцсан эмч мэдээллээр дутуу хангасан, нийгмийн даатгалдаа ер хандаж тодруулаагүй. Хэрэв манай байгууллагад хандсан бол энэ мэдээллийг авах бүрэн боломжтой, мөн цахим хуудас, сошиалд энэ талаарх мэдээ, мэдээлэл бүрэн тавигдсан байдаг. Манай байгууллагын лавлах утас 7555**** дугаараар мэдээ, мэдээлэл зөвлөгөө бүрэн авах боломжтой.
3.2. Иргэн П.П нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримт манай байгууллагад тухайн үед гаргаж өгөөгүй. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд ч гаргаж өгөөгүй. Бид төрийн байгууллагыг төлөөлж ард иргэддээ үйлчилж ажилладаг. Үнэхээр нотлох баримтаа тухайн үед гаргаж өгсөн бол судалж үзэж шийдвэрлэх байсан. Гэтэл иргэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд цаасаар эсвэл цахимаар өргөдлөө гаргаагүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох эмнэлгийн баримт материалаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлд болон манай байгууллагад маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд бүрэн дүүрэн гаргаж өгөөгүй. Зөвхөн шүүхэд материал гаргаж өгсөн.
3.3. Тус газар төрийг төлөөлөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийг баримтлан тэтгэмжийг ард иргэддээ олгож ажилладаг. Иргэн хуулийн хугацаа хэтрүүлсэн, хүндэтгэх шалтгаантай гэх баримт гаргаж өгөөгүй байхад тэтгэмж олгож ажиллавал даатгалын байцаагч хууль зөрчсөн үйлдэл болно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль 2024 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн ард иргэдэд хуулийн талаарх мэдээлэл цахим хуудсаар бүрэн хүргэдэг. Жилд манай байгууллага дунджаар 5000-6000 жирэмсэн эхэд тэтгэмж олгож ажиллаж байгаа бөгөөд хүсэлт илгээгээгүй анхны тохиолдол болж байна.
Иймд манай байгууллагыг иргэн П.Пд тэтгэмжийг олгохоор гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.П-ээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/2681 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгал төлөгч П.П-ийн жирэмсэн хугацааны тэтгэмжийн 6,900,000.00 төгрөгийг нөхөн олгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Анхан шатны шүүхээс “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан нь жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ гаргаж болох хугацаа буюу хүсэлт гаргах эрх үүсэх хугацааг тодорхойлж өгсөн журам болохоос тэтгэмж олгохыг хориглох хугацаа, эсхүл захиргааны байгууллагад тэтгэмжийг олгохгүй байх эрх үүсэх хугацааг тогтоосон зохицуулалт биш тул уг хугацаагаар хязгаарлаж тэтгэмж олохгүй байгаа нь хуулийн үндсэн үйл санаа болон хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр юм...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар мөн өдрөөс П.П-д жирэмсэн, амаржсаны амралт олгосон.
4.2. П.П нь жирэмсэн байх хугацаандаа “Эрүүл өсөх” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байж, эмнэлгийн хуудас олгосон нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын цахим программд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн.
5. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 6,900,000.00 төгрөгийг гаргуулж, П.П-д олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
5.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, мөн зүйлийн 4.1.16-д “"тэтгэмж" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг” ойлгохоор тус тус заасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, мөн зүйлийн 6.1.1-т “хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх” гэж тус тус заасан.
5.2. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч П.П нь нийгмийн даатгалын шимтгэлийг 12-оос дээш сар төлсөн. Үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн ба жирэмсний тэтгэмж авахаар хүсэлт гаргах үедээ 32 долоо хоногтой байсан тул дээрх хуулийн шаардлагыг хангаж, жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн байна.
5.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Даатгуулагч, иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад дараах хугацаанд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана”, 14.1.1-т “хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” гэж заасан.
5.3.1. Дээрхээс үзэхэд хариуцагчаас “...иргэн П.П нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр жирэмсний хуудас илгээсэн бөгөөд жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн..., өөрийн хүсэлтээ хугацаа хэтрүүлэн ирүүлсэн тул тэтгэмжийг олгоогүй болно...” гэж хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй.
5.3.2. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/292 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 1-т “Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг илрүүлэх асуумж”-ийн эрсдэлийн А бүлэгт 35-аас дээш насны жирэмсэн эмэгтэй хамаарахаар байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь жирэмсний тэтгэмж авах хүсэлт гаргах үедээ 46 настай жирэмсэн буюу өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйд хамаарч, гэрч Ч.Тогоочийн “П.Пд өөрт нь аль болохоор тайван байх, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах, ачаалал өгөхгүй байх, хэвтрийн дэглэм барих зөвлөгөөг өгсөн” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “...эмнэлгийн хуудас авснаас хойш... хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” гэж заасанд хамаарахаар байна.
5.3.3. Түүнчлэн, нэхэмжлэгч жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай баримтаа хугацаанд нь бүрэн бүрдүүлж өгсөн бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын цахим программд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр илгээсэн үйл баримттай хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч П.Пгийн жирэмсний тэтгэмж авах хуулиар олгогдсон эрх хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас зөрчигдсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгчийн жирэмсний тэтгэмж болох 6,900,000.00 төгрөгийг нөхөн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
6. Нэхэмжлэгч П.П-ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлд холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/2681 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
6.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
6.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/2681 дүгээр албан бичгээр П.П-ийн гомдолд “...та тэтгэмж авах хүсэлтээ 48 хоногийн дараа илгээсэн тул жирэмсний тэтгэмж олгох боломжгүй, ... Танаас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус газарт дахин хандсан өргөдөлдөө хавсаргасан холбогдох баримт бичгийг судлан үзэхэд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан нотлогдохгүй байгаа тул жирэмсний тэтгэмжийг олгох үндэслэлгүй байна...” гэсэн хариу өгчээ.
6.3. Дээрх албан бичиг нь захиргааны актын захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гомдлыг шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэж хариу өгсөн албан бичиг байх тул захиргааны акт гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН