| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/221 |
| Огноо | 2023-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/221
2023 10 03 2023/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0195/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х-д холбогдох эрүүгийн 2339001090258 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг "Баян эрдэс" гэх газарт 87-89 ХЭҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа - хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, улмаар уг зам дээр унадаг дугуйгаар зорчиж явсан Ц.Д-ыг мөргөж гавлын зүүн чамархай яс, зүүн зулай яс, гавлын урд хонхор, турк эмээл, зүүн ухархайн дотор хананы шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн зүүн чамархайн хуйхны шарх, духанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, сарвууны ар, хэвлийн баруун, зүүн хажуу, баруун ташаа, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж Ц.Д-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Х-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Д-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001090258 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 4-9-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 10-12-р хуудас),
Унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 13-14-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н ын ( хх-ийн 19-21-р хуудас), иргэний хариуцагч Б.Б-ын ( хх-ийн 25-26-р хуудас), гэрч Э.Жамсранжавын ( хх-ийн 33-34-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл ( хх-ийн 45-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-50-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Б.Баярмагнайгийн 2023 оны 04-р сарын 05-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Г.Пүрэвдоржийн 2023 оны 06-р сарын 09-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт (хх-ийн 117-119-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШД-162 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 122-124-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШД-161 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 127-129-р хуудас),
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 171-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 174-р хуудас),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 175-р хуудас),
Шүүгдэгчийн Голомт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Хэнтий аймгийн Засаг даргын А/144, А/146 дугаартай захирамжуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 134, 136-137, 141, 168-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х нь зам тээврийн осол гаргаж, улмаар уг зам дээр унадаг дугуйгаар зорчиж явсан Ц.Д-ыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н ын мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Б-ын мэдүүлэг, гэрч Э.Жамсранжавын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг гарсан үеэс эхлэн өнөөдрийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн үе хүртэл гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирол төлбөрийн тал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаангүй оролцож байгаа. 6.128.763 төгрөгийг 6 сар дотор багтааж төлье гэдгээ илэрхийлж байна. Сэтгэл санааны хохирлыг өнөөдрийн байдлаар хэлэлцэх боломжгүй байна. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байгаа учир 20.000.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлтэй байгаа үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал буюу ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт, замын хөдөлгөөний ослын дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг агуулж байна. Улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа зүйл анги тохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон. Эрдэнэт хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломж байхгүй. Үлдэгдэл нэхэмжилж байгаа оршуулгын зардалтай холбоотой баримт нь 6.386.813 төгрөг юм....Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх шинжилгээний тухай хуулиар сэтгэл санааны хохиролтой холбоотой төлбөрийг гаргуулахаар хуульчилсан 20.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг "Баян эрдэс" гэх газарт 87-89 ХЭҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа - хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, улмаар уг зам дээр унадаг дугуйгаар зорчиж явсан Ц.Д-ыг мөргөж гавлын зүүн чамархай яс, зүүн зулай яс, гавлын урд хонхор, турк эмээл, зүүн ухархайн дотор хананы шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн зүүн чамархайн хуйхны шарх, духанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, сарвууны ар, хэвлийн баруун, зүүн хажуу, баруун ташаа, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж Ц.Д-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... 87-89 дугаартай тээврийн хэрэгсэл эх*******ийн ******* дээр байдаг...тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. 6, 7 жил болж Б ангилалтай...хохиролд 7.000.000 төгрөг мөн ажил явдлын 800.000 төгрөг өгсөн...би олон хүүхэдтэй, 1.000.000 төгрөгийн цалинтай, аль болох хохирлыг барагдуулахыг боддог. Миний 5 хүүхэд бүгд сургуульд суралцдаг. Эх*******тэйгээ ажил хийх гэхээр 2 бага хүүхэд маань 2 дугаар анги болохоор би л ажил хийдэг...гэмшиж байгаа...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй 2 удаа уулзсан... Гэрт нь, эмнэлэгт байхад нь очиж уулзсан...Би уучлаарай гэж хэлээгүй. Ийм зүйл хийчхээд уучлаарай гэж гуйх хэцүү...үлдсэн 6.128.763 төгрөгийг 6 сарын дотор төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 4-9-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 10-12-р хуудас),
Унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 13-14-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл ( хх-ийн 45-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Талийгаач бол миний аав байгаа юм. Манай аав 1959 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын ууган хүү болж төрж байсан. Эцэг эхээс дөрвүүлээ. Аав Хэнтий аймгийн аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуульд 1967-1977 он хүртэл суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1978-1981 он хүртэл 3 жил Улаанбаатар хотод цэргийн алба хааж, цахилгаанчин мэргэжил эзэмшиж байсан. Цэргээс халагдаж ирээд 1983 онд Хэнтий аймгийн 1 дүгээр арван жилд цахилгаанчнаар ажилд орж ажиллаж байгаад 1990 онд Жаргалтхаан сумандаа мал дээр гараад малчнаа хийж байгаад тэтгэвэртээ гарч байсан...Би хамгийн сүүлд аавтай хэрэг гардгийн 2,3 хоногийн өмнө утсаар ярьж байсан. Тэгэхэд биеийн байдал хэвийн зүгээр байсан...Манай аав Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт бамын байранд бэр Болормаагийн хамт амьдардаг байсан...Оршуулгын зардалд 14.686.813 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Х буяны ажлын үед 800.000 төгрөг өгсөн. 7 дугаар сард 7.500.000 төгрөг өгсөн үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...87-89 ХЭҮ улсын дугаартай тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ машиныг би 2018 оны 09 дүгээр сард Дорнод аймгаас 6 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн хэрэг болох үед манай нөхөр Х нь миний ******* дээр байдаг тээврийн хэрэгслийг унаад таксинд явж байгаад тийм осол гаргасан байсан. Би энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч Э.Жамсранжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны орой ойролцоогоор 19 цагийн орчимд санаж байна би гэрээсээ гараад ажил руугаа алхаад Баян-Эрдэс зочид буудлын урд талд явж байтал гэнэт тус гээд чанга зүйл дугарсан тэгээд би Баян-Эрдэс зочид буудлын баруун талд байрладаг засмал зам руу гараад очтол приус-11 маркийн тээврийн хэрэгсэл унадаг дугуйтай хүнийг мөргөчихсөн байсан. Тэгээд мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч ах машинаасаа буугаад ирчихсэн зогсож байхаар нь би түргэн дуудаарай гэж хэлээд харахад тухайн тээврийн хэрэгслийн урд талд настай эрэгтэй хүн газарт толгой хэсгээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь би яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай:
1. Талийгаач Ц.Д-ын цогцост гавлын зүүн чамархай яс, зүүн зулай яс гавлын урд хонхор, турк эмээл, зүүн ухархайн дотор хананы шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бембелгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн зүүн амархайн хуйхны шарх, духанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу сарвууны ар хэвлийн баруун, зүүн хажуу, баруун ташаа, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3.4 Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5.6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна.
7. Нас барсан хүнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодоггүй болно.
8. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цус болон цөсөнд илрээгүй.
9. Талийгаач нь өвчний түүхэнд тэмдэглэснээр артерийн даралт ихсэх өвчинтэй байжээ.
10. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Б.Баярмагнайгийн 2023 оны 04-р сарын 05-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтэд:
1. Тоёота Приус 11 маркийн 87-89 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосыг стенд дээр шалгаж үзэхэд урд 2 дугуйны тоормосны хүчний зөрүү 10% тай. Хойд ажлын тоормосыг шалгахад 2 дугуйны тоормосны хүчний зөрүү 45% тай байна. MNS 5011:2020 стандартад хойд тэнхлэгийн тоормосны хүч 30% -аас илүүгүй гэж заасан байдаг. Иймд буруу талын хойд дугуйн тоормосны хүч бага байна.
2. Тоёота Приус-11 маркийн 87-89 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд салхины шил хагарсан, урд копуд хэв гажилтанд орсон эврэл гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Г.Пүрэвдоржийн 2023 оны 06-р сарын 09-ний өдрийн 13 дугаартай:
...Амь хохирогч Ц.Д /сю59110113/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага 25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай Сайна гэсэн заалтыг зөрчиж харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд болон ар талдаа гэрэл ойлгуургүй явж дээрх заалтыг зөрчсөн байна.
Энэхүү зам тээврийн осол гарахад 87-89 ХЭҮ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Товуудоржийн Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нехцелд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
13. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан дүгнэв...” гэх дүгнэлт (хх-ийн 117-119-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШД-162 дугаартай:
“...Приус 11 маркийн 54-87 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, копотны зах зээлийн үнэлгээг 520,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 122-124-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШД-161 дугаартай:
“...Hermes *******тэй ундаг дугуйны хойд дугуй /ком/ зах зээлийн үнэлгээг 200,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 127-129-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж Ц.Д-ын амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Т.Х нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Д-ын амь насыг хохироосон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь шүүгдэгч Т.Х оос оршуулгын зардалд 14.681.813 төгрөгийг, сэтгэл санааны хохирол нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь эм тариаын төлбөрт 253,050 төгрөг, оршуулгын зардалд 800,000 төгрөг, 7,500,000 төгрөг нийт 8,553,050 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба оршуулгын зардлын үлдэгдэл 6,128,763 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна.
Иймд оршуулгын үлдэгдэл зардал 6,128,763 төгрөгийг шүүгдэгч Т.Х оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н ад олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Х нь оршуулгын зардлын үлдэгдэл 6,128,763 төгрөгийг бүхэлд нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул уг хохирлыг иргэний хариуцагчаас хуваан гаргуулаагүй болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байх ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Х болон иргэний хариуцагч Б.Баасанжав нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Х-ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Х од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Х од оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна. Мөн хуулийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь 19 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.1-д заасан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй унадаг дугуйны тоормос, жолоо бүрэн ажиллагаатай, цацруулагч зүүсэн бол гэмт хэрэг гарахгүй байх боломж байсан. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих нь болгоомжгүйгээр үйлдэгддэг онцлогтой. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага ял шийтгэлийг нь оногдуулна гэж хуульчилсан. Х ам бүл 7, 5 хүүхэдтэй, өөрийнх нь 2 хүүхэд эх******* Баасанжавын асрамжид үлдсэн. Баасанжавын төрсөн дүүгийнх нь 3 өнчин хүүхэд байгаа. 6-16 насны 5 хүүхдийг тэжээн тэтгэдэг. Ар гэрийн нөхцөл байдал боломж муу, амьжиргааны баталгаажих түвшинөөс доогуур орлоготой өрх байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хариуцлагын зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх юм. Хүний амь насыг мөнгөөр үнэлж, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй хэдий ч хохирлыг нь нөхөн төлөх боломжийг олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй. Прокурорын ялын саналыг дэмжиж оролцож байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н : “...гомдолтой байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Х нь урьд Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн a/14 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1 дүгээр зүйл, 239 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу 3 жилийн хорих ялаар,
1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 134, 136-137-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Х од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, ам бүл 7 эх*******, 5 хүүхдийн хамт амьдардаг, эх******* Б.Баасанжав нь М.Бат-Эрдэнэ, М.Батмөнх, Б.Анужин нарын асран хамгаалагчаар тогтоогдсон, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Х од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.Х-ыг 2 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Улсын яллагч Б.Нарангэрэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 7, эх*******, 5 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эх******* Б.Баасанжав нь М.Бат-Эрдэнэ, М.Батмөнх, Б.Анужин нарын асран хамгаалагчаар Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар тус тус тогтоогдсон зэрэг хувийн байдлууд болон хохирогчийн хууль ёсны төлөөгчид шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирлыг богино хугацаанд нөхөн төлүүлэх боломж нөхцөлийг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2339001090258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Т.Х оос 6,128,763 (зургаан сая нэг зуун хорин найман мянга долоон зуун жаран гурав) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н ад олгосугай.
6. Эрүүгийн 2339001090258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Т.Х , иргэний хариуцагч Б.Баасанжав нараас жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР