Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/223

 

2023/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2023/0209/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д  холбогдох эрүүгийн 2339000990311 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын газрын хойд талын асфальтан зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 38 минутын орчим "01-02 ХЭН улсын дугаартай саарал өнгийн "Toyota hilux" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн 10.9-д заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", 1.4-д зааснаар "1.1-1.3, 1 15.а- 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно" гэсэн дүрмүүдийг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, "01-30" хэү улсын дугаартай "УАЗ 220695 фургон" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ц.Э-гийн эрүүл мэндэд "зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 22-28-р хуудас),

Хохирогч Ц.Э-гийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаагийн газрын хойд талын зогсоол дээр шинжээч Пүрэвдашийг буулгах гээд ирээд машинаа зогсоож амжаагүй байхад эсрэг урсгалаас 01-02 ХЭН улсын дугаартай саарал өнгийн "Тоёота хайлукс" маркийн тээврийн хэрэгсэл цагдаагийн газрын хойд зогсоол руу зогсох гэж байгаад шууд миний жолоодож явсан албаны 01-30 ХЭҮ улсын дугаартай "УАЗ Пургон" маркийн тээврийн хэрэгслийн жолооч таны хаалгыг мөргөсөн...ослын улмаас миний зүүн дунд чөмгөний ясны доод хэсэг болон зүүн тойг ясны далд хугаралтай байна гэж эмч хэлсэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны орой манай байгууллагын 01-30 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрийнтовч гэгч нь мөргөж зам тээврийн осол гаргасан боловч тухайн иргэн автомашинд учирсан хор хохиролыг бүрэн төлсөн. Одоо байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),

Гэрч Д.Алтансувдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17:40 цагийн үед цагдаагийн газрын хойд талын зогсоолын хажуу талын замд тус цагдаагийн газрын албаны 0130 ХЭҮ улсын дугаартай Фургон загварын тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд холбогдсон ослын газар явж очсон. Ослын газар явж очиход цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн зүүн талын урд булан хэсгээр эвдрэлтэй, нөгөө мөргөсөн машин нь баруун талд зогсоолд ороод зогссон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),

Гэрч Б.Пүрэвдашийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр жижүүрийн бүрэлдэхүүний хамт Өлзийт тосгон руу алсын дуудлагад цагдаагийн газрын 01-30 ХЭҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслээр явчхаад 17 цаг өнгөрөөгөөд аймгийн төвд орж ирээд цагдаагийн газрын хойд талын авто зогсоол руу орж зогсох гээд жолооч баруун талаас зүүн зүгт нэгдүгээр эгнээгээр орох гээд явж байхад миний сууж явсан тээврийн хэрэгслийн өөдөөс буюу эсрэг урсгалаас дунд оврын жийп маркийн тээврийн хэрэгсэл ирээд жолоочийн зүүн урд талын булан хэсгийг нь мөргөж буцаж хөдлөөд, тухайн зогсоол руу орж зогссон. Тухайн үед гадаа бүрэнхий байсан. Ийм л асуудал болсон. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч Эрдэнээ ах бид хоёр л явсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд₮

1. Ц.Э-н биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2023.01.12-ны өдрийн зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдоно.

2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 78 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гэх дүгнэлт (хх-ийн 80-82-р хуудас),

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад цолтой Б.Мэндбаярын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн магадалгалаа:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д зааснаар "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчин зүүн тийш эргэхдээ өөдөөс замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д зааснаар "1.1-1.3, 1.15.а- 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно" гэсэн заалтыг үргэлжилсэн шугаман тэмдэглэл давж зүүн тийш эргэх үйлдэл гаргасан....жолооч Л.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт, 1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна." гэх магадалгаа (хх-ийн 83-84-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №7498 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 86-87-р хуудас),

Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 80-82-р хуудас),

Хохирогч Ц.Э-гийн “...Ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх нотариатчаар батлуулсан хүсэлт (хх-ийн 93-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Л.Э нь хохирогч Ц.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх нотариатчаар батлуулсан хүсэлт (хх-ийн 93-р хуудас) байх тул шүүгдэгч Ц.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Э-ийн хүлээн зөвшөөрсөн 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000990311 дугаартай эд мөрийн баримтаар тогтоогдсон 1 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Э-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ийг  1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-д оногдуулсан 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2339000990311 дугаартай эд мөрийн баримтаар тогтоогдсон 1 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.

 

6. Эрүүгийн 2339000990311 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР