Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

 

  2023       10          17                                             2023/ШЦТ/231

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0220/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д  холбогдох эрүүгийн 2339000000369 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” дэлгүүрийн гадна талд хохирогч Ч.О-ийн гээгдүүлсэн эд хөрөнгө буюу “iphone 12” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 1,355,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 37-38-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 39-р хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 40-44-р хуудас),

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг өнгөрөөгөөд Хэрлэн сум 3 дугаар багт байх Төгөлдөр дэлгүүрээр үйлчлүүлээд гараад хажуу талын дэлгүүрээр нь ороход миний гар утас алга байхаар нь би залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд Төгөлдөр дэлгүүрт очоод камерыг шүүж харахад би дэлгүүрээс гараад өөрийн эзэмшлийн 9614 УБЦ улсын дугаартай Corolla маркийн тээврийн хэрэгсэлд суух үедээ гар утсаа унагаасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...iphone 12” маркийн хар өнгийн утас байсан...” өнгөгүй гэртэй хар өнгийн л утас байгаа...Миний охин Гэрэлмаа Швед улсад байхдаа 2023 оны 04 дүгээр сард Монгол мөнгөөр 2,800,000 төгрөгөөр худалдан аваад надад төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн...би гээсэн гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8-р хуудас),

Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...миний гар утсанд эвдрэл гэмтэл гараагүй. Харин миний гар утсанд байсан бүх зургийг болон миний бүх мэдээллийг устгасан байна. Аппликейшн устгаад утсанд байсан жи мобайлын сим картыг алга болгосон байна...байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ий 11-12-р хуудас),

Гэрч О.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед Сүхбаатар аймаг Мөнххаан суманд байх гэрээсээ Хэнтий аймагт хүү Батжаргалыг дотуур байранд хүргэж өгөхөөр ирээд сургууль дээр нь буулгаад гадуур нөхрийн хамт хүнсний зүйл цуглуулсан...Би 16 цаг өнгөрөөгөөд нөхрийн хамт Төгөлдөр дэлгүүр орсон. Би дэлгүүрт ороод удаагүй байж байтал манай нөхөр над руу залгаад гараад ир гэхээр нь би гартал нөхөр маань хоёулаа 99 худалдааны төв орно гээд намайг аваад хөдөлсөн. Би ямар нэгэн гар утас  олоогүй, хараагүй...Би Сүхбаатар аймаг Мөнххаан сумаас ирэх үедээ нөхөр Б болон хүү Батжаргалын хамт ирээд хүүгээ шууд сургуульд нь буулгасан...Үгүй нөхөр маань надад юу ч хэлээгүй. Би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

Бодит Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №2023/ШД-232 дугаартай дүгнэлт (хх-ийн 29-31-р хуудас)

Хохирогч Ч.О-ийн “...гар утсыг бүрэн авч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлт (хх-ийн 66-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Б хохирогч Ч.О-ийн гээгдэл эд хөрөнгийг завшиж 1,355,000 төгрөгийн  хохирол учруулсан бөгөөд хохирогч Ч.О-ийн “...гар утсыг бүрэн авч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлт (хх-ийн 66-р хуудас)-ийг гаргасан байх тул шүүгдэгч Д.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339000000369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д  оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянгатөгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2339000000369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.УУГАНБАЯР