Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

 

2023/ШЦТ/234

                              

MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0181

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Ариунжаргал, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Иргэдийн төлөөлөгч П.Сарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-т холбогдох эрүүгийн 2339000000253 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хэрлэнбаян-Улаан” тосгоны хөдөө хэсэг “Цагаан толгой” гэх газар байх өөрийн гэртээ тамхи авах зорилгоор гэрт нь орсон хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж цээжин тус газарт нь нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндий цус хуралдалт, зүүн уушигны хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Шүүгдэгч Д.Ц-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000253  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах, эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 9-12-р хуудас),

Хохирогч В.Б-гийн (хх-ийн 17-19-р хуудас), гэрч Г.Ганзориг (хх-ийн 27-29-р хуудас), гэрч  Э.Баяртуяагийн (хх-ийн 32-36-р хуудас), гэрч Ч.Энхбаярын (хх-ийн 39-41-р хуудас), гэрч М.Батцэцэгийн (хх-ийн 44-46-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-67-р хуудас),

Хохирогч В.Б “...Бид хоёр хоорондоо тохиролцсон учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 120-р хуудас) ,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт (хх-ийн 86-91, 94-96-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000253 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Д.Ц нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “...Д.Ц-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоогоогүй, эд мөрийн баримт хураан авахдаа хэргийн газар дээр тэмдэглэл үйлдээгүй, гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хувийн сонирхолтой эсэхийг тогтоогоогүй, хохирогч мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч оролцсон эсэх нь эргэлзээтэй, хутганд шинжилгээ хийгээгүй байна. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногоор хойшлуулж өгнө үү...” гэв.

Иргэдийн төлөөлөгч П.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хэрлэнбаян-Улаан” тосгоны хөдөө хэсэг “Цагаан толгой” гэх газар байх өөрийн гэртээ тамхи авах зорилгоор гэрт нь орсон хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж цээжин тус газарт нь нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндий цус хуралдалт, зүүн уушигны хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах, эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 9-12-р хуудас),

Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд Ганбат Бэхбат, Аамка нарын хамт 750 граммын хэмжээтэй 2 шил "Хараа" архи ууж дуусгаад бид дөрөв тарцгаасан. Би үхрээ эргүүлээд нутгийн айл болох Энхбаяр ахын гэрээр орсон. Энхбаяр ах өнөөдөр шуургатай байна хоёулаа ганц нэг татаж суух уу гэхээр нь би зөвшөөрөөд Энхбаяр ахын хамт Хэрлэнбаян-Улаан тосгоны төв орж 750 граммын хэмжээтэй 2 шил "Хараа" *******тэй архи аваад Энхбаяр ахын гэрт эргэж очоод Энхбаяр ах түүний хүргэн Б нарын хамт нэг шилтэй архийг хувааж уугаад унтсан. Унтаж байгаад сэрээд Энхбаяр ахын хамт мотоциклтой Ганзориг гэх айлд 1 шилтэй "Хараа" архиа авч очсон. Ганзориг гэх айлд 16-17 цагийн орчим очсон байх. Энхбаяр ах бид хоёр авч очсон "Хараа" архиа уугаад сууж байхад араас Б Ганзоригийн гэрт ирээд архинаас хамт уусан. Ууж байсан архи дууссаны дараа Б "Хэрлэнбаян-Улаан" тосгоны төв яваад 750 граммын хэмжээтэй "Хараа архи авчирсан. Б-гийн  авчирсан архийг бид гурав ууж байгаа дуусгаж чадалгүй согтсон. Тэгээд Ганзориг та гурав согтсон байна одоо мотоциклтой явж чадахгүй гээд Энхбаяр, Б бид гурвыг машинаараа хүргэж өгсөн. Намайг хүргэж өгөх гээд манай гэр рүү явсан. Би гэртээ ирээд машинаас буугаад гэртээ ороход миний араас Б орж ирсэн. Ганзориг Энхбаяр хоёр манай гэрт орж ирээгүй. Манай гэр хүнгүй, гэрэл асаагаагүй харанхуй байсан бөгөөд Б та намайг хутгалчихлаа гэхээр нь би юу яриад байгаа юм гээд гэрлээ асаахад Б баруун гараараа цээжээ дарчихсан цус гарч байсан. Намайг гэрэл асаахад манай гэрийн төмөр бариултай хутга гэрийн зуухны хойд талд байх ширээн дээр цус болчихсон байсан. Би өөрөө бол хутга авч Б-г хутгалснаа огт санахгүй байгаа юм. Тэгээд Баяjжавхланг Энхбаяр, Ганзориг хоёр аваад эмнэлэг явсан....Ганзоригийн гэрт архи ууж байх үед Б намайг архиа гарга гээд хөлөөрөө өшиглөөд байсан. Би Б-г яагаад хутгалчихсан гэдгээ хэлж мэдэхгүй байна...Манай гэр цоожтой байсан гэрээ онгойлгож орсон. Тухайн үед гэрт Б бид хоёроос өөр хүн байгаагүй...Би Баяржавхланд 6,000,000 төгрөг өгсөн...Би Б-г хутгалаагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 19-ний оройхон малаа хотлуулчхаад гэртээ ирэхэд манай гэрт манай хадам аав болох Энхбаяр нь манай гэрээс урагш өвөлжсөн хар Цогоо гэх зүс мэдэх ахын хамт 1 шил 0,75 литрийн Хараа *******тэй архи уугаад бараг дуусаж байсан. Тэгтэл Цогоо ах архи аягалж байсан болохоор надад 3 удаа архи хийж өгснийг  би уусан. Тэгээд архи дууссан тул хадам аав Энхбаяр, Цогоо ах хоёр мотоцикл унаад урд байдаг айл Ганзориг ахын гэр рүү хамт яваад өгсөн. Тэгээд орой 18 цаг өнгөрч байсан байх. Би хадам аав Энхбаяр, Цогоо ах хоёрын араас Ганзориг ахын гэрт мотоцикл унаж жолоодож очиход Ганзориг ахын гэрт эх******* Батцэцэг хадам аав Энхбаяр, Цогоо ах нар юм яриад сууцгааж байсан. Тэгээд сууж байтал Ганзориг ах малдаа  гараад удалгүй эргэж ирээд бид гурвыг гэр гэрт маань хүргэж өгөхөөр болж машинтай бид гурвыг суулгаад явсан. Цогоо гэх ахын гэр нь хамгийн хол байсан учир эхлээд Цогоо ахыг хүргэж өгөөд дараа нь хадам аав Энхбаяр бид хоёрыг хүргэж өгөхөөр болоод Ганзориг ахын гаднаас хөдөлсөн. Тухайн үед харанхуй болсон байсан...Бид хэд хоорондоо маргаж муудсан асуудал байхгүй зүгээр л ойр зуурын зүйл яриад л явсан.... Бид хэд Ц  ахын хамт гэрийнх нь гадаа ирээд Ц  ах түрүүлэн машинаас буугаад гэртээ орсон. Тэгэхээр нь би тамхи татмаар санагдахаар Ц  ахад тамхи байгаа гэж бодоод хадам аав Энхбаяр, Ганзориг ах хоёрт Ц  ахаас тамхи авъя гэж хэлээд гэрт нь араас нь ороход Ц  ах гэрийн зүүн урд талын түмбүчикний хажууд зогсож байхаар нь Ц  ахаа гэрлээ асаагаач гэхэд гэнэт Ц  ах намайг эргэж хараад  шууд хутгаар цээжинд дүрчихсэн. Тэгэхээр нь би хутга барьсан гарыг нь түлхэхэд цус олгойдсон миний цээжнээс тэгээд би Ц  ахаа та намайг хутгалчхаад яаж байна гэж хэлээд харахад Ц  нь хоёр гартаа нэг нэг хутга барьсан байсан би гарч зугтсан. Машинд ороод хадам аав Энхбаяр, Ганзориг ах хоёрт Ц  ах намайг хутгалчихлаа гэхэд Ганзориг ах машинаа асаагаад шууд Хэрлэнбаян-Улааны эмнэлэгт намайг авчирч буулгаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19-р хуудас),

Гэрч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед манайд ойрхон нутагладаг Энхбаяр, Д.Ц гэж 2 хүн мотоциклтой хоёулаа архи ү*******түүлсэн байдалтай гэрт хүрч ирсэн. Тэгээд тухайн Энхбаяр, Ц  2 манай гэрт юм яриад байж байтал дахин манай гэрт мотоциклтой араас нь Энхбаяр гэх хүний хүргэн хүү болох В.Б гэх залуу манайд 18 цагийн үед хүрч ирсэн. Мөн В.Б нь бас манайд ирэхдээ архи ү*******түүлсэн байдалтай хүрч ирсэн. Ингээд би Б-г манайд хүрч ирсний дараахан орой болж байсан учраас хонио хурааж ирэх гээд явсан. Тэгээд би хониндоо яваад иртэл харуй бүрий болсон гэгээ тасрах гэж байсан бөгөөд гэртээ иртэл манай гэрт Энхбаяр, В.Б , Д.Ц нар яваагүй байсан бөгөөд манай гэрт хоорондоо юм яриад сууж байсан. Ингээд манай эх******* М.Батцэцэг хоол унд хийсэн байсан бөгөөд Энхбаяр, В.Б , Д.Ц нарыг манайд хоол унд идсэнийх нь дараа би бүгдийг нь гэрт нь хүргэж өгөх гээд өөрийнхөө машинд суулгаад аваад явсан. Тэгээд явах замдаа хамгийн түрүүнд манайхаас баруун урд зүгт 2 км орчим зайд байрлах Д.Ц гэх ахын гэрийнх нь гадаа хүрч очтол Д.Ц ах болон В.Б нар түүний гэр рүү машинаас бууж орсон. Ингээд гэрийнх нь гадаа Энхбаяр ах бид хоёр машиндаа В.Б-г гарч ирэхийг хүлээгээд сууж байсан В.Б нь Д.Ц гэх ахын гэр рүү нь татах тамхи авна гээд дагаад орсон. Ингээд хүлээж байтал 5 минут хүрэхгүй шахуу хугацаанд В.Б , Д.Ц-ын гэрээс Д.Ц ах намайг хутгалчихлаа гээд цээжин хэсэгтээ гараараа дарсан байдалтай цусаа гоожуулаад гараад ирсэн. Ингээд В.Б-г би машинтайгаа шууд тосгоны эмнэлэг рүү Энхбаяр ахын хамтаар авч явсан....Би архи огт уугаагүй эрүүл байсан....Би Б-г гэрээс нь Д.Ц ах намайг хутгалчихлаа гээд гарч ирэхээр машинаасаа бууж зөрөөд Д.Ц ахын гэр рүү нь орж харсан. Гэтэл ямар нэгэн өөр хүн гэрт нь байхгүй байсан бөгөөд Д.Ц гэрийнхээ баруун талын орон дээр ганцаараа доошоо тонгойсон юм асуухаар дугарахгүй суугаад байсан. Тэгэхээр нь гарч ирээд Б-г аваад яаралтай Хэрлэнбаян-Улаан тосгоны эмнэлэг рүү хүргэж очсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-29-р хуудас),

Гэрч Э.Баяртуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчим манай төрсөн эгчийн охин болох Санчирмаа нь манай гэрт орж ирээд Цогоо ах гэмтсэн юм биш үү хажуу айлын Энхцэцэг эгч хэлсэн гэсэн...Манай нөхөр охины дугаар барьж байсан болохоор тэр 91858083 дугаараас залгахаар нь автал эмнэлгийн бага эмч ажилтай Гэрэлтуяа нь сандарсан байдалтай чи эмнэлэг дээр яаралтай солих хувцас аваад хүрээд ир гэхээр нь би нөхөр болох Б эмнэлэг дээр ирсэн юм болов уу гэж бодоод ирэхэд манай нөхөр Б ирчихсэн хоёр гар цус болчихсон байсан болохоор нь эмч Гэрэлтуяагаас яасан юм бол гэж асуухад Гэрэлтуяа эмч хүнд хутгалуулсан юм шиг байна гэж хэлсэн. Харахад Б цээжний зүүн хэсэгт 5 оёдол хийсэн харагдаж байсан....Манай нөхөр Б хоёр цагдаад хандаж за би намайг хутгалсан хүнийг хэлье намайг манай урд өвөлжсөн хар Цогоо гэх хүн хутгалчихсан юм аа гэж цагдаад хэлж байсан. Тэгээд удалгүй эмч нар хагалгаанд аваад орсон. Тэгж л би хар Цогоо гэх хүн хутгалсан юм байна гэж мэдсэн...Би маш их гомдолтой байна. Эрүүл саруул зүгээр байсан хүнийг одоо ийм байдалтай эмнэлгийн орон дээр байхыг харах хэцүү байна би дахин хэлэхэд маш их гомдолтой байна шүү...” (хх-ийн 32-36-р хуудас),

Гэрч Ч.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш 16 цаг өнгөрч байх үед манайд ойрхон нутагладаг Д.Ц гэх хүн ганцаараа мотоциклтой хүрч ирсэн. Тэгээд Д.Ц болон миний хүргэн хүү В.Б бид 3 хоёр шил 075 граммын Хараа *******тэй архи 2,5-н литрийн савлагаатай Нийслэл *******тэй пиво 1 савыг гурвуулаа хувааж уусан. Тухайн архи, пивыг манайд ууж байтал харуй бүрий болсон байсан. Ингээд манай гэрээс гараад Ц  бид 2 нэг мотоциклтой сундлаад манайхаас урагш байдаг саахалт айл Г.Ганзориг гэх айлд хүрч очсон. Тухайн айлд юм яриад сууж байтал араас В.Б мотоциклтой Г.Ганзоригийн гэрт нь хүрч ирсэн. Тэгээд бид нар Г.Ганзоригийн гэрт нь архи уусан асуудал огт байхгүй бөгөөд тэднийд хоол унд идээд хоорондоо юм яриад сууж байсан. Хоол унд идсэний Г.Ганзоригийг машинтай нь гуйгаад гэр гэртээ хүргүүлэхээр болсон бөгөөд Д.Ц болон миний хүргэн хүү В.Б бид 3 Ганзоригийн машинд суугаад тэдний гэрийн гаднаас хөдлөөд явцгаасан... Г.Ганзориг намайг машиндаа унтаж байхад нь сэрээж буулгаж өгсөн. Тэгээд намайг сэрээж гэрт буулгаж өгөхдөө танай хүргэн В.Б-г Д.Ц хутгалсан хүргэнийг чинь эмнэлэгт хүргэж өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд би хүргэнээ хутгалуулсан талаар Г.Ганзоригоос мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас),

Гэрч М.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Г.Ганзориг бид хоёр өглөө эрт малдаа яваад үдээс хойш 15 цагийн орчим гэртээ ирээд байж байтал манайхтай ойролцоо зусаж нутаглаж байгаа Ц , Энхбаяр гэх хоёр ах мотоциклтой сундалдаж ирсэн хоёулаа архи уусан халамцуу байдалтай ирсэн. Тэгэхээр нь нөхөр Ганзориг бид хоёр хоол унд хийж өгөөд байж байгаад нөхөр Г.Ганзориг бид хоёр хонь маань уруудсан учраас мал руугаа явсан. Тэр үед Ц , Энхбаяр гэх хоёр ах манайд үлдсэн. Тэгээд малдаа яваад оройхон 19 цагийн орчим нөхөр Ганзориг бид хоёр ирэхэд манайд тэр хоёр сууж л байсан. Тэгээд удаагүй байхад Энхбаяр ахын хүргэн Б нь мотоцикл унаад ганцаараа ирсэн Б нь халамцуу ирсэн. Тэгээд би тэр хэдэд хоол хийж өгсөн оройхон болсон байсан...Хоорондоо муудаж маргасан зүйл огт байхгүй удалгүй хоол унд идэж дуусаад байж байтал Ц  ах манай нөхөр Г.Ганзориг чи машинаар бид хэдийг гэр гэрт нь хүргээд өгчих татах тамхи ч дууслаа гэж Г.Ганзориг хэлсэн тул манай нөхөр Г.Ганзориг за гээд Энхбаяр, Ц , Б нарыг машиндаа суулгаж явсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 44-46-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Ариунзаяагийн  2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаартай дүгнэлтэд:

  1. В.Б-гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, зүүн уушигны хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.    Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 66-67-р хуудас),

Хохирогч В.Б “...Бид хоёр хоорондоо тохиролцсон учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 120-р хуудас)  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний биед хүнд хохирол санаатай уруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг. Харин “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ. 

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлдэг ба шүүгдэгч Д.Ц нь хохирогч В.Б-г  хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна.

Иргэдийн төлөөлөгч П.Сарантуяагийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлт, улсын яллагчийн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:“...Би Б-г хутгалаагүй...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч В.Б-гийн (хх-ийн 17-19-р хуудас), гэрч Г.Ганзориг (хх-ийн 27-29-р хуудас), гэрч Э.Баяртуяагийн (хх-ийн 32-36-р хуудас), гэрч Ч.Энхбаярын (хх-ийн 39-41-р хуудас), гэрч М.Батцэцэгийн (хх-ийн 44-46-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-67-р хуудас) зэргээр үгүйсгэгдэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...Д.Ц-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоогоогүй, эд мөрийн баримт хураан авахдаа хэргийн газар дээр тэмдэглэл үйлдээгүй, гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хувийн сонирхолтой эсэхийг тогтоогоогүй, хохирогч мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч оролцсон эсэх нь эргэлзээтэй, хутганд шинжилгээ хийгээгүй байна. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногоор хойшлуулж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.”  гэж заасан бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “....хувин дотор цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг хойшлуулшгүй тохиолдолд хяналтын прокурорт мэдэгдэн хураан авлаа...” гэж бичигдэж, гэрэл зургаар авагдсан байна. "Хойшлуулшгүй тохиолдол" гэж....хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг хэлдэг.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах, эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн санал гаргасныг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 9-12-р хуудас)-оор уг ажиллагааг хүчинтэйд тооцсон ба хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримт шинжлэн судлах үед шүүгдэгч Д.Ц нь эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг “...манай хутга мөн байна эх******* хоол хийхдээ хэрэглэдэг...” гэж өөрийн гэрт байдаг хутга мөн болох талаар мэдүүлсэн болно.

Гэмт хэрэг гарсан гэх газрыг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд “Цагаан толгой” гэж бичигдсэн ба мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд “Хар толгой” гэж бичигдсэн байгааг техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах тухай Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь зөрчсөн байх тул уг гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хохирогч В.Б гаас 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан ба мэдүүлэг авахад өмгөөлөгч Б.Төгсбаяр оролцож мэдүүлгийн хуудас бүрд гарын үсгээ зурсан байх тул уг мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч биечлэн оролцоогүй эргэлзээтэй гэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   Мөн гэрчүүд нь тухайн хэрэгт ямар нэгэн хувийн болон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугларсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Ц нь хохирогч В.Б-г хутгалсан гэмт үйлдэл, түүний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Д.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.Ц нь хохирогч В.Б-г хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

 

Хохирогч В.Б “...Бид хоёр хоорондоо тохиролцсон учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 120-р хуудас)  тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 10 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өмнөх байр сууриа дэмжиж байна...” гэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ц нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 86-р хуудас)-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, 51 настай, ам бүл 3 эх*******, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Дашдаваагийн Ц ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2339000000253 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан саарал өнгийн ажлын хэсэг 19 см, бариул 13.5 см нийт 32.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Ц ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн 2339000000253 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан саарал өнгийн ажлын хэсэг 19 см, бариул 13.5 см нийт 32.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2339000000253 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй