| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01186/И |
| Дугаар | 01186 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 01186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 07-02 тоотод оршин суух, РГ84112406 дугаар регистртэй, Бүргэд овогт Аминдаваагийн Ариунсангийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-16 тоотод оршин суух, РЮ83082911 дугаар регистртэй, Авга хариад овогт Бараадазаагийн Энхнасанд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2020/00936/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч А.Ариунсан, хариуцагч Б.Энхнасан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ариунсан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Б.Энхнасантай 2003 онд танилцан үерхэж байгаад 2004 оны 4 дүгээр сард албан ёсоор гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд хүү Э.Болдбаатар 2004 онд, охин Сийлэгмаа 2006 онд тус тус төрсөн. Миний нөхөр Б.Энхнасан архи ууж, гэр орондоо ирэхгүй 7-10 хоногоор алга болдог, ирэхээрээ намайг зодож, хэл амаар доромжилдог байсан. Энэ байдал байнга давтагддаг байсан болохоор аргагүйн эрхэнд охиноо аваад ээж дээрээ очиж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бид тусдаа амьдрах хугацаанд Б.Энхнасанг хүлээж байсан ч эвлэрээгүй, тэрээр хажуудаа хань ижилтэй болсон гэж хэлсэн тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тусдаа амьдраад олон жил болсон, цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Э.Болдбаатар аавынхаа, охин Э.Сийлэгмаа ээжийнхээ асрамжид үлдэхээр тохирсон боловч хүүхдүүд аавынхаа асрамжид очно гэсэн санал өгсөн тул тэдний саналыг хүндэтгээд эцгийнх нь асрамжид хоёр хүүхдээ үлдээхээр болсон. Хүүхдүүд маань дуртай үедээ аав, ээж дээрээ ирж амьдардаг. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Б.Энхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр А.Ариунсангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд бичсэн зүйл үнэн. Бид 2004 онд гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн. Том хүү Э.Болдбаатар надтай хамт, бага охин Э.Сийлэгмаа ээжтэйгээ хамт амьдарч байсан. Гэхдээ дуртай үедээ над дээр ирдэг. Надад хамтран амьдарч байгаа хүн байхгүй. Би говьд ажилладаг болохоор гэр орондоо бараг байдаггүй, тусдаа амьдраад удаан хугацаа өнгөрсөн тул дахин эвлэрэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. А.Ариунсан бид хоёр хүү Э.Болдбаатарыг миний, охин Э.Сийлэгмааг ээжийнх нь асрамжид үлдээе гэж ярилцсан боловч хүүхдүүд маань миний асрамжид очно гэсэн санал өгсөн тул өөрийн асрамжид хоёр хүүхдээ авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ариунсан нь хариуцагч Б.Энхнасанд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хоорондоо ярилцан, хүү Э.Болдбаатар, охин Э.Сийлэгмаа нарыг эцэг Б.Энхнасангийн асрамжид үлдээхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч А.Ариунсан шүүхэд нэхэмжлэл гарган гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2016 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
А.Ариунсан, Б.Энхнасан нар 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын олгосон “Монгол улсын иргэн, 1983 онд төрсөн, Авга хариад овогт Бараадазаагийн Энхнасан, Монгол улсын иргэн, 1984 онд төрсөн, Бүргэд овогт Аминдаваагийн Ариунсан нар 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон учир 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэв...” гэх бичилттэй ПА №62 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
тэдний хамтран амьдрах хугацаанд хүү Э.Болдбаатар 2004 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, охин Э.Сийлэгмаа 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус тус төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргаас олгосон Г №163, №0234602-245 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2004 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Болдбаатар, 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Э.Сийлэгмаа нарыг төрсөн эцэг Б.Энхнасангийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү Э.Болдбаатар, охин Э.Сийлэгмаа нар эцэг Б.Энхнасангийн асрамжид үлдсэн нь эх А.Ариунсангийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Э.Болдбаатар, охин Э.Сийлэгмаа нартай эх А.Ариунсан хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдаж байна.
Иймд А.Ариунсан, Б.Энхнасан нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Болдбаатар, охин Э.Сийлэгмаа нарыг эцэг Б.Энхнасангийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бүргэд овогт Аминдаваагийн Ариунсан, Авга хариад овогт Бараадазаагийн Энхнасан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Болдбаатар, 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Э.Сийлэгмаа нарыг төрсөн эцэг Б.Энхнасангийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг А.Ариунсан, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.Энхнасан нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхнасангаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ариунсанд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА