| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2016/0094/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-02-03 |
| Зүйл хэсэг | 091.2.6, 091.2.12, 125.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
Иргэдийн төлөөлөгч: П.Гантулга,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбын Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201625020585 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Боржигон овогт Гомбын Эрдэнэбат, Монгол Улсын иргэн 1970 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ гутал засварчин хийж байсан, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Оёдлын үйлдвэрийн 80 айлын 9 дүгээр байрны 8 тоотод түр оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд нь Нийслэлийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 239 дүгээр зүйлийн 239.3, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 18 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.1, 109 дүгээр зүйлийн 109.2.5-д зааснаар нийт 10 жилийн хорих шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгэээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 4 сарын 6 хоногийн хорих ялаас хугацааны
өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:ХК70062614/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 10 тоот, өөрийн амьдарч ажиллуулж байсан гутал засварын газарт иргэн Ж.Нэмэхжаргалын анусаар бэлгийн харьцаанд орж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
мөн иргэн Ж.Нэмэхжаргалыг амьд байхад нь зүүн дээд 3 дугаар шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга, баруун суга, баруун хөхө, баруун зүүн гуяны цус хуралт, хошногоны амсрын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар боомилж санаатай алсан, уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, талийгаач Ж.Нэмэхжаргалыг шуудайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар зүйлчилсэн бол би хүлээн зөвшөөрөх байсан. Харин энэ зүйлчлэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач бид хоёр дотно харьцаанд ороод 2 жил болж байсан. Бид хоёр өмнө шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орохдоо хэн, хэн маань хүсч үйлддэг байсан. Хэрэв талийгаач зөвшөөрдөггүй байсан бол хэн нэгэнд энэ талаар мэдэгдэх юм уу, надаас салах, хориг тавих зэрэг боломжтой байсан. Мөн талийгаач бид хоёрыг дотно харьцаатай байсан гэдгийг гэрийнхэн нь болон хамт ажилладаг хүмүүс нь мэддэг байсан. Бид хоёр хэн, хэнийхээ хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд огт орж байгаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад талийгаачтай бэлгийн харьцаанд орсноо бусдаас нуух зүйл байгаагүй. Тухайн үед ажлын газраар маань хүмүүс орж гараад байсан бөгөөд би тэр үед айж цочирдсон байсан учир талийгаачийн цогцсыг шуудайнд хийсэн. Хэрвээ талийгаачийн цогцсыг нуух байсан бол хаа нэгэн газар аваачиж нуух байсан. Гэвч би ийм үйлдэл гаргаагүй. Мөн өөрийн хийсэн буруутай үйлдлээ би утсаар бусдад мэдэгдэж, талийгаачийн цогцсыг зааж өгсөн. Мөн мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Надад уг хэргийг нуун далдлах шаардлага байгаагүй. Би талийгаачийг санаатайгаар тамлан тарчлаан, мөчлөх зэргээр онц харгис хэрцгий аргаар аминд хүрсэн гэж бодохгүй байна. Би тухайн хэрэг болдог өдөг талийгаачтай маргаж байхад талийгаач намайг ороолгож байсан гутлын цахилгааныг нь нэг удаагийн үйлдлээр булаан авч боомилсон нь үнэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэт нэг талыг баримтлан яллах дүгнэлт үйлдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр зүйлчилж өгнө үү. Би талийгаачийн ар гэрээс чин сэтгэлээс өөрийн хийсэн буруутай үйлдлээсээ уучлалт гуйж байна. Би талийгаачтай хамт амьдрах хүсэлтэй байсан. Гэтэл тухайн үед тийм зүйл болсон. Мөн шүүхээс миний насны хязгаар, эрүүл мэнд болон бусад талыг харгалзан үзээд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2 дугаар сарын 26-ны өдөр миний эгч ажлаасаа тараад ээж рүү утасдаад гэртээ харина гэснээс хойш би эгчийгээ хайж эхэлсэн. Эгч маань ирэхгүй байхаар нь 3 дугаар сарын 2-нд бид Эрдэнэбатынд эгчийгээ хайж очсон. Тэгэхэд энэ хүн ажлаа хийгээд гадаа гагнуур хийгээд юу ч болоогүй юм шиг зогсож байсан. Эгчийгээ асуухад “таараагүй” гэхээр нь сэжиглээгүй. Маргааш нь бас дахин очиход Эрдэнэбат гутал засвартаа бас л ажлаа хийгээд сууж байсан. Тэгээд түүнийг дагуулаад “танай Яармагийн гэрт чинь очиж үзье” гэхэд тэр “энгийн хүмүүстэй би явахгүй, цагдаагаа дагуулаад ир” гэхээр нь бид цагдаа дээр очоод буцаж очиход тэр оргон зайлсан. Цагдаа нар түүнийг хайсаар байгаад 3 дугаар сарын 9-нд тусгайгынхан барьж авсан. Эрдэнэбатыг хайж отолт хийж байхад түүний эгч Сэлэнгээ гэдэг нь байрнаасаа биднийг хөөж байсан. Бид тэнд отолтоо хийсээр байсан учир энэ Эрдэнэбат яалт ч үгүй байдалд ороод ахдаа энэ талаар хэлсэн байсан. Бид мөрдөн байцаалтын шатанд Эрдэнэбатын утасны биллийг авах хүсэлт гаргахад Эрдэнэбатын утасны биллийг аваагүй мөртлөө хохирогчийн утасны биллийг авсан байсан. Эрдэнэбат нь талийгаачийн цогцсыг гаргаж хаях санаатай л шуудайлсан. Тэгээд бид 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл тэнд отолт хийсээр байхад ах нь гарч ирээд “манай дүү хүн алсан юм байна” гэж байсан. Тэгэхээр нь байцаагчид хэл гэж байгаад байцаагч маань эхэлж очиж уулзаад энэ хэрэг илэрсэн. Болсон зүйл бол ийм юм. Мөн манай эгчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн гэдэг талаар хангалттай нотлох баримт байна. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан “хатуу үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл” гэдгийг энэ хүн ажлын байрандаа өлгөсөн байсан хутга, заазуур зэргийг ашиглан, талийгаачид хүч хэрэглэн хувцас, цамцыг нь урсан байгаа юм. Мөн Эрдэнэбат сая ярихдаа “араас нь хөхөвчнөөс нь татахад тасарсан” гэлээ. Гэтэл хөхөвч нь урд талаараа тасарсан байсан. Мөн Эрдэнэбат манай эгчийг алчихаад 10 хоног хадгалсан гэж үзэж байна. Мөн талийгаачийг унагаахдаа энэ олон гэмтлийг учруулаагүй. Энэ хүн өөрийн үйлдлээрээ тэр олон гэмтлийг учруулсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хуульч хүний хувьд өөрт ашигтайгаар хуулийг ашиглан, ёс зүйгүйгээр авирлаж биднийг доромжилж байсан учир арга хэмжээ авч өгнө үү. Бид баримттай байгаа төлөгдөөгүй хохирол болох 4.594.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг үйлдсэн Г.Эрдэнэбатад хуулийн дагуу ял оногдуулж өгнө үү. Энэ хэрэг нь олон нийтэд айдас төрүүлсэн учир бусдад сургамж болох үүднээс тохирсон ялыг оногдуулж өгнө үү.” гэв.
Гэрч Ц.Батнасан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...талийгаач Нэмэхжаргал бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа. 2016.03.03-ны өдөр 14-15 цагийн орчим талийгаачийн төрсөн дүү Зэндмаа миний утас руу залгаж - эгч Нэмэхжаргал гэрээсээ гараад ирээгүй сураггүй алга болоод удаж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2016.02.26-ны өдөр ажилдаа явна гээд гараад тэр чигтээ ирээгүй гэж хэлсэн. ... Нэмэхжаргалын дүү Мягмарсүрэнгийн гар утас 17 цагийн орчим дуугарсан тэгээд Мягмарсүрэн утсаа аваад ярьтал Эрдэнэбатын ах нь байна гээд нэг эрэгтэй хүн яриад "манай дүү ажлынхаа өрөөн дотор хүн алаад хаячихлаа гэж байна, би өөрөө ажлынх нь газар луу алхаад очиж байна" гэж хэлсэн. ... Талийгаач Нэмэхжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг хүн биш байгаа юм. Ер нь бол хүнд их тусархуу, цагаахан, бодсон санаснаа шууд хэлчихдэг тийм л хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-75/,
Гэрч Д.Шинэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016.02.26-ны өдөр манай ажлын хувьд энгийн л нэг ажлын өдөр байсан бөгөөд ямар нэгэн баяр ёслол болоогүй. Манай байгууллагаас ямар нэгэн хүнийг шагнаж урамшуулсан зүйл байхгүй. Банкны салбарын хувьд мөнгө тоологчид албан тушаал дэвших боломж бага байдаг. ... талийгаачийн ар гэрээс ирээд сураггүй алга болсон талаар хэлэхэд бид нар ажлынхаа гадна камерыг шүүж үзэхэд талийгаач 18 цаг 42 минутанд хуруугаа уншуулж ирцээ бүртгүүлээд мөнгө тоологч нараас хамгийн сүүлд ганцаараа гарч явсан. Тэгэхдээ ажлын гадна ATM орж мөнгө авсан. Талийгаач их нийтэч, хүнтэй хэрүүл ам хийгээд муухай ааш зан гаргаад байдаггүй. Ажил дээрээ согтуу ирж байгаагүй, ажлаа тасалдаггүй байсан. ... /хх-88/ ...талийгаач Нэмэхжаргал нь өөрийн ажиллаж байсан Төрийн банкнаасаа 2015.05.29-ний өдөр цалингийн зээл 8.400.000 төгрөгний зээл авсан байсан... cap болгон 2 удаагийн төлөлт хийгдэж 2016.02.26-ны байдлаар 6.621.043 төгрөг 50 мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байсан. 2016.02.26-ны өдөр талийгаач Нэмэхжаргал нь эхлээд 76.000 төгрөг цалингийн картнаас авсан байдаг дараа нь мөн энэ өдрөө 100.000 төгрөг авсан байна дансанд 4858 төгрөг үлдсэн байна…” гэсэн мэдүүлэг /2-р хх-50/,
Гэрч С.Бямбадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 20-доор байх одоо яг санахгүй байна өглөө 8 цаг өнгөрч байхад 32-ын тойргийн шинэ замаар уруудаад явж байсан чинь нэг эмэгтэй гар өргөхөөр нь би зогсоод авсан. Тэгтэл нөгөө эмэгтэйгээс архи үнэртээд байсан тэгтэл тэр эмэгтэй надаас архи үнэртэж байна уу? гэхээр нь би жаахан үнэртэж байна гэж хэлсэн. Тэгтэл манай найз залуу энд гуталчин хийдэг юмаа, тэгээд хааяа энд ирдэг юм. Энд ирэхээрээ архи уучихаад байх юм гэж хэлсэн...хороололд баарнаас аваад гэррүү нь явж байхад нөгөө найз залуу гээд байгаа хүнээ очихоор архи, пиво уугаад байх юмаа надад хань болохгүй юм шиг байна гэхээр нь би архи, дарс уудаг бол хэрэггүй шүү дээ гэж хэлсэн. Тэр залуу нь их архи уудаг юм шиг л байсан …” гэсэн мэдүүлэг /1-р хх-96/,
Гэрч Г.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Эрдэнэбат гуталчин хийдэг... өнөөдөр 11 цагийн орчим надруу 88180095 дугаарын утаснаасаа залгаад би нэг хэрэг хийчихсэн шүү гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд буцаагаад залгахаар холбогдох боломжгүй гэж байсан. 12-13 цагийн хооронд байх дахиж залгаад би хүн алаад хойд талын өрөөнд хийчихсэн, давхар өрөөний түлхүүр оёдлын машин дээр байгаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. ...би өөрийн ах Батдэлгэрлүү яриад Эрдэнэбат хүн алчихсан гэж утсаар хэллээ гэж хэлсэн чинь наадах чинь урд нь шоронд орж байсан хүн алчихсан байж магадгүй шүү гэсэн. Эрдэнэбат архи уугаагүй үедээ зүгээр байдаг боловч архи уухаараа маш догшин ширүүн зантай, мэдрэл муутай, галзуу хүн шиг болчихдог.../хх-102/, ... 2016.02.26-наас 03 сарын 03-ны хүртэл би Эрдэнэбаттай уулзаж гутал засварын газарлуу орж гарч байсан. Гэхдээ цаад талын жижиг өрөөнд орж гарч байгаагүй. Учир нь Эрдэнэбат мөнгө төгрөгөө болон хэрэгтэй зүйлээ хийдэг гээд байнга цоожтой байдаг байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-8/,
Гэрч Г.Бямбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Эрдэнэбат Одноо гэж хүнтэй суусан нэг охинтой. 2000 онд хэрэгт ороод 3 жил шоронд суугаад гарч ирсэн. ...2007-2008 онд шоронд ороод 2014 онд гарч ирсэн. .. уучихаараа их догшин ширүүн, огцом ууртай болчихдог. Архи уугаад гудамжинд шалдан гүйж явдаг гэсэн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-78/,
Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Нэмэхжаргалын биед учирсан гэмтлүүдийн 1 шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн хүзүү хоолойд амьддаа үүсгэгдсэн дарагдлын ором нь хүзүүний бүх түвшинд бусад баруун, зүүн тал, урд хэсэгтээ жигд бус үүссэн байсан. Тиймээс урдаас арагш чиглэлтэй татах эсхүл дарсан байх боломжтой. Хохирогч босоо байрлалтай байсан тохиолдолд хохирогчийн ар нурууруу тодорхой хэмжээний талбайтай зүйлээр эвх үед үүсэх боломжтой. (хохирогч, холбогдогчийн өндөр ойролцоо тохиолдолд).../1хх-106-107/... Нэмэхжаргалын хошногоны амсарт үүссэн гэмтэл нь эрэгтэй бэлэг эрхтэнээр үүссэн байх боломжтой. Учир нь Нэмэхжаргалын хошногоны амсраас авсан арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байдаг. Иймээс боломжтой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /2хх-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 480 тоот шинжээчийн дүгнэлт:
“...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга , баруун суга, баруун хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь талийгаачийг нас барснаас хойш үүссэн гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
-Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлтэнд хамаарна.
Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Талийгаач В бүлгийн /III/ цустай байна.
-Талийгаачийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн анусны арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн. ДНХ шинжилгээ хийх боломжтой.
Талийгаач жирэмсэн биш байна.
Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
-Талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ…” /1-р хх-111/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2143 тоот шинжээчийн дүгнэлт: “...Ж.Нэмэхжаргалын гэх шингэн цус АВО системээр В/lll/ бүлгийн харъяалалтай байна.
Ж.Нэмэхжаргалын гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.
Ж.Нэмэхжаргалын гэх анусны арчдас наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. ДНХ харьцуулах шинжилгээ хийх боломжтой…” гэх дүгнэлт.” /1-р хх-112/,
Шүүх эмгэг судлалын 330 дугаартай дүгнэлт:
Сэтгэцийн онош: Эрүүл, Г.Эрдэнэбат нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэггүй болно. Г.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан. Г.Эрдэнэбат болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна…” гэсэн дүгнэлт /1-р хх-149/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1732 дугаартай дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд урагдалт, цооролт, тасралт, ханзралт, зулгаралт гарсан байна.
1. хар ногоон цамцанд гарсан 5х5мм, улаан хүрэн ороолтонд гарсан бхЗмм, 4х2мм, 1x1 мм, Зх2мм цоорхойнууд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цоорхойнууд.
2. цайвар цэнхэр жинсэн өмдөнд гарсан 27x15 мм уранхай нь эдэлгээний явцад гарсан хуучин уранхай.
З. цайвар шаргал хөхний даруулгад гарсан тасралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан тасралт.
4. түрийтэй гуталд гарсан 3.3х2см, 2x1,Зсм талбайд гарсан зулгаралтууд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр тус тус гарсан шинэ зулгаралт.
5. түрийтэй гуталд гарсан 20 мм уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна.
6.Бусад хувцас уранхайгүй гэсэн дүгнэлт /1-р хх-151/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: /хх-4-17, 25-29/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-65-66/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1515 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Г.Эрдэнэбатын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-193/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар, ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, /1-р хх-194, 198-206/,
Оршуулгын зардал /1-р хх-208-212/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
НЭГ: Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 10 тоот, өөрийн амьдарч ажиллуулж байсан гутал засварын газарт иргэн Ж.Нэмэхжаргалтай анусаар бэлгийн харьцаанд орж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
“...Нэмэхжаргалын хошногоны амсарт үүссэн гэмтэл нь эрэгтэй бэлэг эрхтэнээр үүссэн байх боломжтой. Учир нь Нэмэхжаргалын хошногоны амсраас авсан арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байдаг. Иймээс боломжтой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлгүүд /2-р хх-43/,
Шинжээчийн 480 дугаартай дүгнэлт “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга , баруун суга, баруун хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь талийгаачийг нас барснаас хойш үүссэн гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...Талийгаачийн анусны арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн.” гэх дүгнэлт, /1-р хх-111/, шинжээчийн 2143 дугаартай дүгнэлт: “Ж.Нэмэхжаргалын гэх анусны арчдас наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. ДНХ харьцуулах шинжилгээ хийх боломжтой…” гэх дүгнэлт.” /1р хх-112/, 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ж.Нэмэхжаргалын шулуун гэдэснээс авсан гэх арчдаснаас эр бэлгийн эс илэрсэн.” гэх дүгнэлт, хүснэгт /1-р хх-121-122”, Цогцсоын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-18-24/, шүүгдэгч Г.Эрдэнэбатын урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан талаар таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-198-206/ болон шүүгдэгч Г.Эрдэнэбат нь шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачтай анусаар бэлгийн харьцаанд орж байснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
ХОЁР: Талийгаач Ж.Нэмэхжаргалыг амьд байхад нь зүүн дээд 3 дугаар шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга, баруун суга, баруун хөхө, баруун зүүн гуяны цус хуралт, хошногоны амсрын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар боомилж санаатай алсан, уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, талийгаач Ж.Нэмэхжаргалыг шуудайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнгийн “...2016.02.26-ны өдөр манай талийгаач эгч Нэмэхжаргал ажилдаа явлаа гээд гарсан. Тэгээд орой 19 цагийн орчим ээж рүү утсаар яриад л намайг хүлээлгүй унтаж байгаарай гэж хэлсэн байсан... ээжээс ямар ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг юм бэ? гэхэд Эрдэнэбат гэдэг залуутай танилцсан гэж байсан. ...бид нар ороод өөрөөс чинь өөр хүнтэй уулздаггүй, таньтай уулзах гэж байсан байна гэж хэлэхэд надтай утсаар ярьсан, ирж уулзаагүй гэхээр нь та утсаа өгч байгаач гэж хэлээд утсыг нь аваад үзтэл 2016.02.26-ны өдрийн 22 цагт эгчийн утаснаас Эрдэнэбатын утас руу залгасан дуудлага хадгалагдсан байхаар нь би цохилдуулах санаатай 2016.02.26-ны орой 22 цаг өнгөрч байхад танай гутал засвар руу орж байхыг нь харсан хүн байна гэсэн чинь Эрдэнэбат өө тийм надруу залгачихаад ирсэн, тэгээд найзуудтайгаа амралтанд явах гэж байна нөгөө гутлаа авч ирж өгнө шүү гэж хэлээд гарсан тухайн үедээ бөмбөгөр комби маягийн машинтай явж байсан би машиных нь дугаарыг хараагүй гэж хэлсэн. ...бид нар ярьж байгаад 5 давхар байранд ажиглалт хийе гэж шийдсэн. ...орой 17 цаг 05 минутын 86-тай дугаараас надруу залгаад би та нарын хайгаад байсан Эрдэнэбатын ах Сэлэнгээ байна, манай дүү гутал засварын газар дотроо хүн алчихсан юм шиг байна, чи хүрээд ирэхүү гэхээр нь та цагдаад мэдэгдсэн үү гэхэд үгүй хоёулаа уулзая гэхээр нь би очлоо гэж хэлчихээд Эрдэнэбаатар ахмад руу утсаар яриад болсон явдлыг хэлэхэд би 100 айлд явж байна, чи намайг орохоос өмнө уулзаж болохгүй шүү хоёулаа хамт уулзая гэсэн. /1-р хх-76/,
гэрч Ж.Буян-Өлзийгийн “2016 оны 02 дугаар сарын 26-ны өглөө манай эгч Ж.Нэмэхжаргал ажилдаа яваад түүнээс хойш сураггүй алга болсон. Эгчийн найз Лхамаа гэдэг хүнээс нь хэнтэй нийлдэг талаар асуухад шинэ замын хажууд байрлах гуталчин залуутай уулздаг гэж надад хэлсэн. Би тэр гуталчин дээр очоод эгчийн талаар асуухад 4-5 хоногийн өмнө утсаар ярьж байсан гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би эрэгтэй дүү Мягмарсүрэн, хүргэн ах Баясгалан нарын хамт гуталчин дээр очоод утсыг нь аваад харсан чинь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагт манай эгч залгасан байсан. Тэгэхээр нь чам дээр манай эгч ирээд явсныг нь хүн харсан байна гэсэн чинь “өө тийм нэг саарал өнгийн тэрэгтэй ирээд явсан” гэж надад хэлсэн. ...Би цагдаатай хамт гуталчин дээр очиход хаалгаа хаагаад гараад явсан байсан. Утсаар ярихад Офицер дээр явж байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхэд “за за би очлоо” гэсэн. Маргааш нь цагдаа дээр очиход Эрдэнэбат нь ирээгүй байсан бөгөөд утас руу нь залгахад салгаастай байсан. ...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг өнгөрч байсан гуталчин Эрдэнэбатын ах Сэлэнгэ нь манай дүү Мягмарсүрэн рүү залгаад “манай дүү Эрдэнэбат над руу залгаад би хүн алаад хойд талд хийсэн байгаа шүү” гэж хэлээд утсаа салгачихлаа. Энэ болох оо байлаа, та нар хүрээд ирэх үү гэсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-73/, гэрч Ц.Батнасангийн “...Нэмэхжаргалын дүү Мягмарсүрэнгийн гар утас 17 цагийн орчим дуугарсан, тэгээд Мягмарсүрэн утсаа аваад ярьтал Эрдэнэбатын ах нь байна гээд нэг эрэгтэй хүн яриад “манай дүү ажлынхаа өрөөн дотор хүн алаад хаячихлаа” гэж байна, би өөрөө ажлынх нь газар луу алхаад очиж байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-75/, гэрч Г.Сэлэнгийн “…12-13 цагийн хооронд байх дахиж залгаад би хүн алаад хойд талын өрөөнд хийчихсэн, давхар өрөөний түлхүүр оёдлын машин дээр байгаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. ...би өөрийн ах Батдэлгэрлүү яриад Эрдэнэбат хүн алчихсан гэж утсаар хэллээ гэж хэлсэн чинь наадах чинь урд нь шоронд орж байсан хүн алчихсан байж магадгүй шүү гэсэн. Эрдэнэбат архи уугаагүй үедээ зүгээр байдаг боловч архи уухаараа маш догшин ширүүн зантай, мэдрэл муутай, галзуу хүн шиг болчихдог...” гэх мэдүүлэг /1-р хх-100-103/,
шинжээч Б.Долгормаагийн “…Нэмэхжаргалын биед учирсан гэмтлүүдийн 1 шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн хүзүү хоолойд амьддаа үүсгэгдсэн дарагдлын ором нь хүзүүний бүх түвшинд бусад баруун, зүүн тал, урд хэсэгтээ жигд бус үүссэн байсан. Тиймээс урдаас арагш чиглэлтэй татах эсхүл дарсан байх боломжтой. Хохирогч босоо байрлалтай байсан тохиолдолд хохирогчийн ар нурууруу тодорхой хэмжээний талбайтай зүйлээр эвх үед үүсэх боломжтой.
(хохирогч, холбогдогчийн өндөр ойролцоо тохиолдолд)...” /1-р хх-106-107/, “...Нэмэхжаргалын хошногоны амсарт үүссэн гэмтэл нь эрэгтэй бэлэг эрхтэнээр үүссэн байх боломжтой. Учир нь Нэмэхжаргалын хошногоны амсраас авсан арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байдаг. Иймээс боломжтой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлгүүд /2-р хх-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.4. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга , баруун суга, баруун хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь талийгаачийг нас барснаас хойш үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5.6. Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлтэнд хамаарна. 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8. Талийгаач В бүлгийн /III/ цустай байна. 9.10. Талийгаачийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн анусны арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн. ДНХ шинжилгээ хийх боломжтой. 11.12. Талийгаач жирэмсэн биш байна. 13. Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 14. Талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ…” /1-р хх-111/, 2143, 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-121-122/, 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-151/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: /1-р хх-4-17, 25-29/,
эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-66-67/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1515 дугаартай дүгнэлт:
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар, ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, /1-р хх-194, 198-206/ болон шүүгдэгч Г.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Эрдэнэбатыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.1, 109 дүгээр зүйлийн 109.2.5-д зааснаар нийт 10 жилийн хорих шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 4 сарын 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг “урьд нь хүнд …гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно” гэснийг үндэслэн шүүгдэгч Г.Эрдэнэбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх,
түүнчлэн шүүгдэгч Г.Эрдэнэбатын үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал болон урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялын заримыг гянданд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 331 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн нь оршуулгын зардалд нийт 60.086.908 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 54.492.473 /тавин дөрвөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шаардлага хангасан баримтыг үндэслэж гэм хорын хохирол болох нийт 4.594.435 /дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Шинэчимэгийн “...талийгаач Нэмэхжаргал нь өөрийн ажиллаж байсан Төрийн банкнаасаа 2015.05.29-ний өдөр цалингийн зээл 8.400.000 төгрөгийн зээл авсан байсан... cap болгон 2 удаагийн төлөлт хийгдэж 2016.02.26-ны байдлаар 6.621.043 төгрөг 50 мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байсан. Манай ажлын зүгээс ар гэрт нь тус нэмэр болог гэж бодон түүний зээлийг өөрсдөөсөө төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 6.621.043 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гутлын цахилгаан, гурилын шуудай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Гомбын Эрдэнэбатыг ялтай байхдаа давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Г.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх зааснаар Г.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 /хорин тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11, 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатад оногдуулсан 25 /хорин тав/ жилийн эхний 5 /тав/. жилийн хорих ялыг гянданд, үлдэх 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатын цагдан хоригдсон 331 /гурван зуун гучин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг гутлын цахилгаан, гурилын шуудай зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
- 1 ширхэг Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Эрдэнэбатаас 4.594.435 /дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнд олгосугай.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эрдэнэбат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР
ШҮҮГЧИД С.ОЮУНЧИМЭГ
Ү.ТҮМЭНЖАРГАЛ