Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2019/0009

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н НХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Ж сумын З Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ж сумын З Д-ын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/501 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н НХХК-ийн захирал Ц.Сүхнацаг, хариуцагч Төв аймгийн Жсумын З Д Т.Ц, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Л.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н Н ХХК-ийн захирал Ц.Сүхнацаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Н ХХК нь маргааны зүйл болсон Төв аймаг Жсумын нутагт байрлах нэгж талбарын 18564375149075 дугаартай, 31 га газарт 2003 оноос өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд Төв аймгийн Жсумын З Д-ын2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулан дахин эзэмшиж байгаа болно. Гэтэл Төв аймгийн Жсумын З Д-ын2016 оны 08 сарын 25-ны өдрийн А/501 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн Н НХХК-д эзэмшүүлсэн 31 га газар эзэмших эрхийг хүчингүй болгон бусад этгээдэд давуу эрхээр газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь Н НХХК нь дээрх маргааны зүйл болсон газарт олон төрөл зүйлийн төмс, хүнсний нарийн ногоо 2003 оноос хойш тарьж ургуулан одоогийн байдлаар нийт 15 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн жимс жимсгэний мод, бут үржүүлэх зорилгоор хуучин байсан жимс жимсгэний мод, бут, таримал модны хатаж хувхайрсан байсныг ухаж цэвэрлэх ажил хийсэн. Бидний өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа өөрийн хүч хөрөнгөөр явуулж, жил бүр татвар хураамжаа төлж ирсэн байтал огт юм тариагүй мэтээр хандан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

1998 онд Мэндийн үзүүр гэх нөхөрлөл байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байсан. 2001 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн яамнаас албан тоот бичиг ирсэн. 1996 оноос хойш 5-6 жил жимсний хашаа эзэнгүй боллоо. Тийм учраас мэргэжлийн хүнд буцааж өг. Цэцэрлэг байгуулж хуучнаар нь бий болгоно гэсэн тушаал шийдвэрийн дагуу 2006 онд 5-6 жил эзэнгүй болоод хатаж, хувхайрсан талбайг авсан. 2003 онд сумын З Д-ын захирамжаар Мэндийн үзүүр гэх нөхөрлөлийг өөр хүнд шилжүүлсэн тул түүний эзэмшилд байсан жимсний талбай буюу 11 хэсэгтэй 31 га талбайг 15 жилийн хугацаатай Н НХХК-д эзэмшүүл гэсэн захирамж гарсан. Энэ газар дээр гэрчилгээ авахдаа жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо тарина гэж гэрчилгээ авсан. Гэрээндээ ч гэсэн жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо тариална гэж эзэмшилдээ авсан. Стандартын суулгац байхгүй. Гарал үүслийн гэрчилгээгүй суулгац байгаа учраас мэргэжлийн хүний хувьд ирээдүйд 40-50 жилийн настай жимсээ таръя гэсэн сэтгэлтэй явсан. Мэргэжлийн хүний хувьд газраа үржил шимтэй хэвээр хадгалж ирсэн гэж боддог. Энэ газрыг зорилтот бүлгийн 12 хүнд хуваарилахад Л.Мд 3 га газар, бусад эмзэг бүлгийн хүмүүст тус бүр 1 га газар хуваарилсан байгаа нь сонин санагдаж байна. Мэргэжлийн хүний хувьд үржил шимээ хамгаалж, газрын түүх бичих ёстой байдаг. Энэ талбайн 1963 оноос хойш түүх надад байгаа. 3 дахь удаагаа энэ талбай дээр захирамж гарч байна гэж би ойлгож байна. 11 хэсэг 31 га газарт гэрчилгээтэй, кадастрын зураг байгаа.

2016 оны 08 дугаар сарын 25-нд Н НХХК-ийн газрыг хүчингүй болгох захирамж гаргасан байсан. Энэ захирамжийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр захирамжийн хуулбарыг авч үүнийхээ дагуу өргөдлөө гаргасан. Энэ талаар надад мэдэгдээгүй. 2017 онд тариалалтаа хийх гээд сумын З Д Т.Ц дээр ороход таны газар хүчингүй болсон байна гэсэн. Үүнээс өмнө З Д Т.Ц дээр хэд хэдэн удаа орж уулзсан. Жимсээ тариалаагүй нь үнэн. Төмс хүнсний ногоо тарих гэрчилгээ авсны дагуу 10 гаруй жил газраа бэлдээд ирээдүйд жимс тарина гэж байсан. Хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан, Сангийн яам, Н НХХК гурвалсан гэрээ хийгээд мөнгө нь орж ирээгүй гээд 2-3 жил хүлээгдсэн. Жимс тарих зориулалттай байсан газрыг сэргээгээд хадгалаад явж байгаа. Газрын хөрсний үржил шимийг хамгаалъя гэж хадгалсан, гарал үүслийн гэрчилгээ буюу стандарт улсын хэмжээнд батлагдаагүй. Үүнийг хүлээгээд газраа хадгалаад 2-3 хэсэг талбайд нь хэсэгчлэн төмс тариалаад өдийг хүрсэн. Тариалан эрхлэх сангаас бичиг аваад ир гээд тариалан эрхлэлтийг дэмжих сангаас чацарганын суулгацын хуваарилалтыг судалж гаргасан бичиг авчирч Т.Ц даргад өгч байсан. Зорилтот бүлгийнхэнд хуваарилах нь яах вэ мэргэжлийн хүний үүднээс сумын брэнд бүтээгдэхүүн бий болгохын тулд явж байгаа гэж хэлж, энэ газрыг надад шилжүүлж өгөөч гэж хэлж байсан. Надад албан ёсоор таны газрыг цуцалсан гэж мэдэгдээгүй.

Хариуцагч Төв аймгийн Жсумын З Д Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч захирамж гарсныг мэдээгүй гэж ярьдаг. Над дээр 2011 оны 03 дугаар сарын үед орж ирсэн. Би ч гэсэн өмнө нь цуцлагдсан захирамж гарсныг мэдээгүй байсан. ...Өөрөө 2016 оны намар цуцлагдсан байсан. Нэхэмжлэгч 2016 ондоо Ганболд даргаас гуйгаад надад өгөөгүй байж байгаад сонгууль болоод дууссан... гэж хэлсэн. Би архиваас бичиг хэргийн ажилтнаар шүүлгэсэн. 2016 оны 08 дугаар сарын 25-нд захирамж нь гарсан байсан. Нэхэмжлэгч мэдээгүй гэдэг нь худлаа. Өөрөө 2015.2016 онд дуудаад ирдэггүй байсан юм билээ. 2017 онд нэхэмжлэгчийн зүгээс надад газрыг буцааж олгооч гэсэн амаар хүсэлт тавьсан. Би энэ суманд ажиллаж амьдарч байгаа хүний хувьд танд ямар үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байна. Энэ талбай дээр тариалалт хийхгүй байгаа. Жимс жимсгэнэ тарих гэж авсан. Жимс жимсгэнээ ч тариагүй. Та хотод амьдарч байгаад ирсэн байна. Энэ газрыг зорилтот бүлгийнхэнд өгнө гэсэн. Үйл ажиллагаа явуулъя гэж байгаа бол 3-4 га газартаа тариалалт хийгээд үз гээд тухайн төмс тарьж байсан газрыг өөрт нь эзэмшүүлэхээр болсон, тэндээ худагтай. Жимс тариална гэвэл танд өөр газар олгож өгье гэж хэлж байсан. Аймаг дээр намайг дуудуулаад Энхбат дарга нэхэмжлэгч Ц.Сүхнацаг бид хоёрыг нүүрэлдүүлж уулзаад нэхэмжлэгчийг 2003 оноос хойш зориулалтаар нь үйл ажиллагаа явуулаагүй гэхэд үүнийгээ зөвшөөрсөн, үйл ажиллагаа явуулдаггүй талбайг зорилтот бүлгийнхэнд олгосон юм байна гэх зэрэг зүйлүүд ярьж байсан гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н НХХК нь Жсумaнд үйл ажиллагаа явуулдаггүй. Одоо маргаж байгаа жимсний 31 га газар бут сөөг, жимс жимсгэнэ тарьсан гэдгийг үгүйсгэж байна. Н НХХК өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэж нэхэмжлэлдээ дурдсаныг гуравдагч этгээд болох 11 хүн үгүйсгэж байна. Сүүлд 3 га газарт төмс тарихдаа өөрөө тариалалт хийдэггүй. Тухайн талбайд жимсний модон ойн төгөл байсан бүгдийг нь түлээ болгон худалдсан. Энэ 31 га талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хүчингүй болгосныг мэдээд ирж хүний 3 га талбайд төмс тарьж, маргаан болж байсан гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Т.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н НХХК-ийн талаар мэдэхгүй. 2017 онд газар олгогдлоо гээд газраа аваад үрийн төмс тарих гэж байтал миний газар дээр ирж төмс тарьсан. Э.Нандинцэцэг бид 2 үрийн төмс тарих гэхэд Ц.Сүхнацаг эгч миний газар дээр төмс тарьсан байсан. Тэгээд хүний тарьсан төмсийг капатлаад гаргаж хаялтай нь биш гээд тарих гэж байсан үрийн төмсөө хог дээр аваачиж хаясан. 2017 онд ингээд тарьж чадаагүй. 2018 онд Э.Нандинцэцэг бид 2 тус бүр 2 га газар төмс тарьсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н НХХК-иас Төв аймгийн Жсумын З Д-ын2016 оны А/501 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Жсумын З Д-ын2016 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/501 дугаар захирамжийг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн захирамжлах нь гээд, нэг дэх хэсэгтээ Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул Н НХХК-д газар эзэмшүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225 тоот захирамж, /ГД:000306175/ тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж дурьдан шийдвэрлэжээ. [1]

Үүнд нэхэмжлэгчээс ... Н НХХК нь Төв аймгийн Жсумын нутаг дэвсгэрт байрлах 31 га газарт 2003 оноос өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд ... сумын З Д-ын2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулан дахин эзэмшиж байгаа болно. Гэтэл ... сумын З Д-ын2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/501 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн Н НХХК-нд эзэмшүүлсэн ... 31 га газар эзэмших эрхийг хүчингүй болгон, бусад этгээдэд давуу эрхээр газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна [2] гэж, хариуцагчаас ...Тус компанид З Д-ын2014 оный 05 дугаар сарын 21-ний өдрийн А/255 дугаар захирамжаар Жимс жимсгэний 252/37 га газраас 31 га газрыг Жимс жимсгэний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч зориулалтын дагуу нэхэмжлэгч компани нь 2014 оноос 2016 онуудад жимс жимсгэнэ тариагүй тул ... дээрх газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн [3] гэж, 10 гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Л.Мгээс ... Н НХХК нь 2003 онд байгуулагдсан боловч захирал Ц.Сүхнацаг нь гэр бүлийн хамт Улаанбаатар хотод 2004 оноос 2017 оныг хүртэл амьдарч, ... 31 га бүхий жимсний талбайг арчилж тордож хашиж хамгаалаагүйгээс ургаж байсан алим, үрэл, давжаа алим, интоор, үхрийн нүд, сливийн бүх мод бут сөөг нь хатаж хувхайран устаж үгүй болсон. ... Хамгаалалтын торон хашааг тонуулж, ойн зурвасын улиасыг нь сумын иргэд өвлийн түлш болгон устгасан. ... 31 га жимсний бут сөөг бүхий ой байснаас 2003 оноос 2017 онд нэг ширхэгч мод тариагүй, устаж үгүй болсон. Энэ хаягдаж атаршсан 31 га талбайд 2017 онд сумын 12 иргэнд хувааж эзэмшүүлсэн гэж, гуравдагч этгээд Т.Угаас ... Н НХХК нь 2003 оноос огт үйл ажиллагаа явуулаагүй, өмнө нь байсан жимсний төгөл, ойг аваад жимсний бут сөөг тарих нь бүү хэл 31 га ойг устгасан. 2017 онд ирж хэсэг газарт төмс тарисан байсан[4] гэж тус тус тайлбарлан маргажээ.

Маргааны үйл баримт, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр огноолон шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр огноолон Жсумын З Дд гаргаж байсан 05 дугаартай албан бичигт тус тус Н НХХК нь 2003 оноос тухайн 31 га газрыг эзэмшиж байсан талаар дурдаж, мөн гуравдагч этгээд нарын тайлбарт Н НХХК нь 2003 оноос хойш тус жимс жимсгэний 31 га газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ойн төглийг устгасан гэсэн зэрэг тайлбар, мөн Жсумын З Д-ын2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Н НХХК-ийн газар эзэмших эрхийг сунгах тухай А/225 дугаартай захирамжаар ...Жимс жимсгэний 252/37 га-с Жимс жимсгэн тариалах зориулалтаар 31 га газрыг Н НХХК-д 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлсүгэй гэж шийдвэрлэж байсан баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь маргаан бүхий акт гарсан 2016 оноос өмнөх 2 болон түүнээс дээш жилийн хугацаагаар тухайн газрыг жимс жимсгэний зориулалтаар эзэмшиж байсан болох нь нотлогдож байна.[5] Мөн дээрх сумын З Д-ын2014 оны захирамжийн үндсэн дээр Н НХХК-д 000306175 дугаар бүхий Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-г 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бичиж олгохдоо, нэг нэгж талбар бүхий 31 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, Жимс жимсний хашааны 252/37 га нэр бүхий талбайд Жимс жимсгэний зориулалтаар баталгаажуулан бичиж олгожээ. [6]

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдээс Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 1 хувийг гаргаж ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд дахин 1 хувийг гаргаж өгсөн, энэхүү гэрээг хариуцагчаас шүүх хуралдаанд манайд ийм гэрээ байгаагүй гэж тайлбарлаж байна. Уг гэрээнд тусгагдсан зүйлийг тодруулж үзвэл, гэрээний бичилт нь бүхэлдээ болон түүний дотор гэрээний 2 дугаар зүйлд газар эзэмших зориулалтыг нь Жимс жимсгэнэ гэж хэвлэмэл бичилтээр бичсэн боловч энэ бичилтийн ард гар бичмэлээр нэмж төмс, хүнсний ногоо гэж бичсэн байх ба нэхэмжлэгч нь зөвхөн энэ нэмж гараар бичсэн бичилтийг үндэслэн ...жимс, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай газар учир би төмс тарьсан, 3 га газарт нь төмс тарьснаар газрыг зориулалтын дагуу ашигласан гэж маргааны үндэслэлдээ дурьдаж байна. Гэтэл тус гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нь Гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж цаашид 2014 оны намраас жимс жимсгэнэ тариална, ... гэж заасан байгаагаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2 гэрээнд тус тус 2, 4 дүгээр зүйлд бичигдсэн зүйлсийн байдлаар газар эзэмших зориулалтын бичилт нь зөрчилтэй гэрээ болж байх тул энэ хэргийн оролцогчдын нэг талаас гаргаж ирүүлсэн, нэмж засвар оруулсан энэхүү гэрээг шүүхээс шаардлага хангасан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй болж байна. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын зориулалтыг бусад байдлаар тодруулж үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрөө анхлан жимс жимсгэний зориулалттай үйл ажиллагаа явуулж байсан бут сөөг бүхий ойн байгууламжтай 31 га газрыг тухайн жимс жимсгэний зориулалтаар нь үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших эрхийг авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ... Мөн жимс жимсгэний мод бут үржүүлэх зорилгоор хуучин байсан жимс жимсгэний мод бут, таримал модны газар ... гэж тайлбарласан, мөн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэрэл зургууд[7] -аар тухайн газар, талбай нь жимс жимсгэний зориулалттай байсан болох нотлогдохоос гадна Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон... гэж зааснаар өмнөх дүгнэлтэд дурьсан нэхэмжлэгч аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрх олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр болох тус сумын З Д-ын2014 оны А/225 дугаар захирамж, энэ шийдвэрийн үндсэн дээр баталгаажуулан бичиж олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэнээр тухайн газар эзэмших зориулалт нь Жимс жимсгэний зориулалттай болох нь тус тус нотлогдож, эдгээр баримтад төмс, хүнсний ногоо гэж тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн төмс хүнсний ногоо тариалах зориулалттай байсан гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Эдгээрээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь уг газрыг 2003 оноос хойш эзэмшил газраа зориулалтаар нь ашиглаж байсан" гэж маргаж байгаа боловч, шүүхээс тухайн газарт очиж хийсэн үзлэгээр тус 31 га газарт жимс жимсгэнэ тариалах үйл ажиллагаа явуулсан гэх тодорхой баримтгүй байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын 571 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд ... тухайн талбайд жимс жимсгэний тариалалт хийгээгүй, тарьсан мод, бут, сөөг байхгүй, хашаагүй байна [8] гэсэн дүгнэлт, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Ц.Сүхнацагийн ... 10 гаруй жил газраа бэлдээд ирээдүйд жимс тарих гээд газрын хөрсний үржил шимийг хамгаалаад, ... газраа хадгалаад өдийг хүрсэн гэсэн мэдүүлгээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, улмаар 3 га газрыг нь өөр зориулалтаар ашигласнаас бусад газрыг нь Тариалангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар эзэмших, ашиглахыг хориглоно гэж тус тус зааснаар газраа зориулалтаар нь огт ашиглалгүй, зарим хэсгийг нь өөр зориулалтаар ашиглаж, үлдэх хэсгийг нь атаршуулсан байсан болох нь нотлогдож байна. Үүнээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 10 гаруй жилийн хугацаанд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс тухайн газартаа жимс жимсгэнэ тариалаагүй шалтгаанаа 2014 оноос төсөл хөтөлбөрт хамрагдаж, мөнгө нь орж ирээгүй хүлээгдэж байгаа, мөн гарал үүслийн гэрчилгээтэй стандартад нийцсэн суулгац байхгүй байсан гэж тайлбарлах боловч энэ үндэслэл нь Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

Мөн тухайн талбайд нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 15 сая төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байсан, маргаан бүхий актын улмаас хохирч байна гэсэнд холбогдуулан үзвэл, захирал Ц.Сүхнацаг нь 3 га /хариуцагч сумын З Дас энэ 3 га газрыг Ц.Сүхнацагт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн/ газарт төмс хүнсний ногоо тарихдаа тус хэсэгтээ худаг гарган ашигласан нь, мөн талбайн хажуугийн 3 га талбайд төмс тарих гэж торон хашаа барьсан байгаагаас өөр хөрөнгө оруулсан баримт байхгүй болох нь шүүхээс газар дээр нь очиж хийсэн үзлэгийн үед нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Ц.Сүхнацагийн 15 сая төгрөгөөр энд худаг гаргаж, хашааг барьсан гэж үзүүлсэн баримт, тайлбар, хэргийн гуравдагч этгээд нарын өнгөрсөн онд хүний талбайд төмс тариад хашаа татсан, энэ хашаагаа буулгаж аваагүй байгаа, бусад бүх талбайд хүмүүс нь тариалалт хийхдээ хамгаалалт торон хашаа бариад, намар нь буулгаж хураан авдаг, Ц.Сүхнацаг өөрийнхөө газар дээрх хуучин худгийг сэргээн гаргасан гэсэн тайлбар зэрэг мэдүүлгээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Ц.Сүхнацагт нь өөрт нь эзэмшүүлэхээр захирамж гарч эрх олгосон талбайд худаг гаргасан, мөн бусдын эзэмшил бүхий газар дээр төмс хүнсний ногоо тарьж, хамгаалалтын хашаа барьж үлдээсэн, энэ нь маргаан бүхий акт гарснаас хойш 2017 онд хийгдсэн ажлууд болох нь тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг эзэмшил 31 га газрыг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах гэж хийгдсэн хөрөнгө оруулалт байгаад маргаан бүхий актын улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй болж байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Ц.Сүхнацаг нь маргаан бүхий актын талаар мэдэгдээгүй гэж тайлбарласан бөгөөд үүнд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн эзэмшиж байсан 31 га газартаа 2016 оноос өмнө 2 болон түүнээс олон жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтуудаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2016 онд маргаан бүхий акт гарахад мэдэгдсэн тохиолдолд уг актын үндэслэлийг үгүйсгэх, хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүй байсан болох нь нэгэнт нотлогдож байгаа учир нэхэмжлэгчийн тайлбарласан мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг ханган, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл бодит болохгүй юм.

Дээрхээс хариуцагч захиргааны байгууллагын гаргасан маргаан бүхий акт нь хууль болон нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч аж ахуйн нэгж өөрөө газар эзэмших хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н НХХК-ийн Төв аймгийн Жсумын З Дд холбогдуулан гаргасан Төв аймгийн Жсумын З Д-ын2016 оны А/501 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н НХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР.

 

 

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 7 дахь тал

[2] Хавтаст хэрэг 1-ийн 1 дэх тал

[3] Хавтаст хэрэг 1-ийн 52 дахь тал

[4] Хавтаст хэрэг 2-ын 1, 4 дэх тал

[5] Хавтаст хэрэг 1-ийн 1, 37 дахь тал

[6] Хавтаст хэрэг 2-ын ... дахь тал

[7] Хавтаст хэрэг 1-ийн 24-30 дахь тал

[8] Хавтаст хэрэг 1-ийн 63 дахь тал