Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0215

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х” ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймга дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 124/2025/0046/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х” ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х” ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Х ХХК дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үндэслэл болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл..." гэж заасан ба шүүхийн шийдвэрт яг ямар асуудал, нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

3.2. Нөгөө талаас шүүхийн шийдвэрийн хууль зүйн дүгнэлтийн 15, 15.1, 15.2. 16.1, 17, 18, 19, 21-д тус тус зааснаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй "Х" ХХК-ийн саналыг авч, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар тэмдэглэл бэлтгэж, оролцоог бүрэн хангаагүй үйл баримт тогтоогдож байна, цаашид тус компани үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэх, хэрэв боломжгүй гэвэл хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж, оролцоог хангах үүрэгтэй байсан, мөн "Х" ХХК-ийн буюу нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.", Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажиллагааны журам зөрчсөн байх тул зэрэг дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тус захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй "Х" ХХК-ийн саналыг авч, тэмдэглэл үйлдээгүй, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 62.2, 62.5 дахь хэсгийг зөрчсөн гэдгийг үндэслэлтэй, зөв дүгнэсэн атлаа "шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна" гэж тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн дүгнэлтийн 20-д "Усны тухай хуулийн 11.1.4-т заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Барилга, хот байгуулалтын яамны 3/2661 дугаартай "Дүгнэлт хүргүүлэх тухай", 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгүүдээр... дүгнэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан "холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас дүгнэлт гаргуулаагүй" гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

3.4. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2022 онд гаргасан гэх дүгнэлтүүд нь 2022-2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үед буюу Батболд даргатай байх үеийн тогтоолын төсөл бөгөөд тэр үеэс хойш 3 жил өнгөрсөн ба дунд нь буюу 2024 онд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор, 1 дэх заалтаар өмнө нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайг усны хамгаалалтын бүсэд авсан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолыг хүчингүй болгоод, 2 дахь заалтааpaa "Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн засаг даргад даалгасан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн 2022 оны яамдын дүгнэлтийн ач холбогдол, үр дагавар дуусгавар болсон.

3.5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 онд дахин шинээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргах тохиолдолд холбогдох хуульд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнд, Усны тухай хуульд заасан дүгнэлт гаргуулах асуудал хамаарна. Тиймээс Усны тухай хуулийн 11.1.4-т "Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;" гэж заасны дагуу хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн /Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам/ болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/дүгнэлтийг дахин шинээр гаргуулах шаардлагатай. Түүнчлэн дэлхийн байгаль орчин, уур амьсгал богино хугацаанд хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед уст цэг, голын урсгал, хэмжээнд ч байнга өөрчлөлт орж байгаа, энэ нь цаг хугацаанаас ихээхэн хамааралтай төрийн байгууллагын шийдвэрүүд ч үүнтэй уялдаж гарах шаардлагатай болно.

3.6. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.5-д "Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө" гэж, 8.1-д "Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /цаашид "сайд" гэх/ тэргүүлнэ." гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд хэлэлцүүлнэ." гэж, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд зааснаар захиргааны хэм хэмжээний акттай холбогдох дүгнэлтийг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн гаргахаар тус тус заасан байдаг. Харин төрийн нарийн бичгийн дарга ямар нэг дүгнэлт гаргах талаар заагаагүй байдаг ба холбогдох хууль тогтоомжийн дагуy төрийн нарийн бичгийн дарга нь яамны дотоод зохион байгуулалт, захиргаа, санхүү, худалдан авах ажиллагаа гэх мэт асуудлаар шийдвэр гаргадаг гэж ойлгодог. Мөн Усны тухай хуулийн 22.4-т "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно." гэж заасан байдаг.

3.7. Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 11.1.4-т заасан яамдын дүгнэлтийг тухайн асуудал эрхэлсэн яамны сайд нь гаргах ёстой гэж үзэж байна. Гэтэл 2022 онд гаргасан гэх дүгнэлтийг нэгийг нь төрийн нарийн бичгийн дарга, нэгийг нь сайд гаргасан байна. Уг нь нэг л зарчимтай, хууль ойлгомжтой, нэг мөр, адил тэгш үйлчлэх ёстой. Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэл, тайлбар гаргасан ба анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

3.8. Анхан шатны шүүх хуралдаанд манай компанийн эзэмшиж буй 2 тусгай зөвшөөрлийн талбай нь Хяргас нуур, завхан голын сав газрын захиргаанд хамаардаг талаар баримт гаргаж өгч, нэхэмжлэл, тайлбараа хэлсэн. Гэтэл Увс нуур, тэсийн голын сав газрын захиргаа ямар хууль зүйн үндэслэл, ямар баримт бичгийн дагуу өөрийн харьяалах газар нутгийн бус газар үйл ажиллагаа эрхэлж, асуудал шийдвэрлүүлээд байгаа нь тодорхойгүй байгаа. Энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй.

3.9. Усны тухай хуулийн 17.1.2-т "сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах. хэрэгжилтэд хяналт тавих;” гэж, 17.1.4-т "усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;" гэж, 17.1.5-д "сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл манай компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбай нь Хяргас нуур, Завхан голын сав газарт хамаардаг ба уг газар нутагт усны тоо бүртгэл хийх, мэдээллийн сан хөтлөх тодорхой санал дүгнэлт гаргах, хяналт тавих эрх нь Хяргас нуур, завхан голын сав газрын захиргаанд хамаардаг гэтэл өөрт хамааралгүй, өөрийн хариуцах сав газрын бүсэд байрладаггүй газар нутагт үйл ажиллагаа явуулж, санал, дүгнэлт гаргаад байгаа нь дээр дурдсан усны тухай хуулийн холбогдох заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байна. Миний нутаг, би хамгаална гэж, эсхүл зарим хүнд таалагдах гэж, эсхүл зарим нэг хүмүүсийн хэл амнаас айж, төрийн албан хаагч ажилдаг байж болохгүй

3.10. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтыг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутаг "Х" ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана." гэж заасан заалтыг зөрчиж, анхан шатны шүүх шийдвэртээ "хүчингүй болгох заалт"-ыг тусгаагүй.

3.12.Бидний зүгээс шүүхэд буюу О.Б шүүгчийн туслахад энэ талаар буюу шүүх хуралдаанд шүүхээс тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа ... 6 сарын дотор Увс аймгийн ИТХ хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахгүй бол тухайн шийдвэрийн "Х" ХХК-д хамаарах хэсэг нь хүчингүй болох талаар шүүгч хэлсэн", гэтэл албажиж гарахдаа уг заалт тусгагдаагүй байгаа талаар хэлсэн боловч, одоо өнгөрсөн.. гэх агуулга бүхий хариуг утсаар өгсөн болно.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн яагаад хуралдаан дээр уншиж танилцуулсан шийдвэрээ албажуулж гаргахдаа илэрхий хуулийн алдаа гаргаж албажуулж байгааг огт ойлгоогүй болно.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль зөрчиж гаргасан Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутаг "Х" ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосон магадлал гаргаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

4.1. “...Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай" 36 дугаар тогтоолоор баталсан. Тус асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай хамтран усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тогтоолын төслийг цахим хаягт байршуулах, хэлэлцүүлэг хийх, газар дээр. нь шинжээч, ажлын хэсэг ажиллуулах, эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгууллагуудад хэлэлцүүлгийг 3 удаа хийж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаар дүгнэлт гаргуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажилласан. Үүнд:

Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас 2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж сонсгох, мэдэгдэх ажиллагаа явуулж, давхцалын талаар танилцуулж тайлбар, санал гаргах боломжийг олгосон.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох талаарх тогтоолын төслийг боловсруулж uvs.khural.mn сайтад байршуулан иргэд, аж ахуйн нэгжээс санал авч ажилласан.

Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 141 дүгээр албан бичгээр хүсэлт гарган Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 3/2661 тоот дүгнэлтийг гаргуулсан. Мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зураглалыг хянуулан Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2814 тоот дүгнэлтийг гаргуулсан болно.

4.2. Увс аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоосон үндэслэлтэй танилцаж зарим ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай дээр очиж уст цэг, ус намгархаг газар байгаа эсэхийг тогтоохоор Увс аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/597 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн удирдамжаар баталсан ажлын хэсэг хамтран ажилласан. Дээрх ажлын хэсэгт БОАЖЯ болон Усны газрын шинжээчид. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон тухайн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нар лиценз эзэмшигчдийн  төлөөлөл байлцуулан талбай дээр очиж, устай байгааг тогтоож уг ажлын хэсгээс хамгаалалтын бүсийн зураглалыг танилцуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагт Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан ба уулзалтын зарыг өдрийн сонин болон утсаар товыг хүргэж ажилласан.

4.3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-т "хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх". Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т "Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох эрхтэй байна гэж заасны дагуу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 36-р тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоосон шийдвэрийг гарсан.

4.4. Энэхүү захиргааны шийдвэрийг эсэргүүцэж "Х" ХХК Увс аймаг дахь анхан шатны шүүхэд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай" 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт "Х" ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.5. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тогтоолыг эрх ашиг нь хөндөж буй Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны Шүүхээс тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гарсан.

4.6. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай болон холбогдох яам, агентлагийн хэлтэстэй хамтран 2019 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд ганцаарчилсан ярилцлага, хамтарсан хэлэлцүүлэг, зэргийг хийж 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор хүчингүй болгож 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай" 36 дугаар тогтоолоор баталсан. 2019 оноос хойш уг процесс тасралтгүй үргэлжилсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дэх хэсгийн хэрэгжилтийг хангуулж хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд 2020, 2021, 2023 онуудад 3 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

3. Нэхэмжлэгч "Х" ХХК-иас, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х” ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

4. Маргаан бүхий Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолоор “...Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 15 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг 1 дүгээр хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай давхацжээ.  

5. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;” гэж зааснаар усны  сан  бүхий  газар, усны  эх  үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг тогтоох эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байх боловч хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахтай холбоотой ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.   

6. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.”, 62.2-тНийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.” гэж заасан.

7. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, санал авах ажиллагааг заавал хийсэн байхыг шаардана.  

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тогтоосон бөгөөд уг тогтоолыг батлахдаа хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй тул хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор дээрх  “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, “Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

9. Хариуцагчаас өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгож, тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн атлаа 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоохдоо ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцэхгүй.

            10. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Гол мөрний урсац бүрэлдэх ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу энгийн хамгаалалтын бүсэд тодорхой нөхцөлөөр үйл ажиллагаа явуулах боломжууд байдаг. Энэ хүрээнд аймаг, аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагууд хамтран гэрээ байгуулж, журмын дагуу ажиллах боломж нээлттэй байдаг...” гэх тайлбараас үзэхэд нөхцөл байдлыг цаашид тодруулж, нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг хангах боломжийг судалж, дахин шинэ акт гаргах нь хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой байна.  

11. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолд дурдсанчлан тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, давхцалтай хэсэгт хамгаалалтын бүс тогтоохгүй байх боломжтой эсэх асуудлыг судлах, хэрэв боломжгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд үүсэх хохирлыг хэрхэн шийдвэрлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан  зөвшилцөлд хүрэх боломж байгаа эсэх талаар судалж, энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулж шинэ акт гаргах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

12. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн боловч нэхэмжлэгчээс гаргасан “...Энэ хугацаанд хууль бус олборлогчид тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тухайн талбайн бодит байдал өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал үүссэн. ...хугацаа сунжрах тусам хууль бус олборлогчдын үйл ажиллагаа үргэлжилж, байгаль орчин нөхөн сэргээгдэх боломж улам багасах эрсдэл үүсэж байна...” гэх тайлбарыг харгалзан үзэж дахин шинэ акт гаргах хугацааг 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

13. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар хуулийн заалтыг тусгаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124/ШШ2026/0006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...зургаан сарын...” гэснийг “...гурван сарын…” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х” ХХК-ийн эзэмшиж буй MV-0 болон MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж,  шийдвэрийн  2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

      ШҮҮГЧ                                                 Э.ЗОРИГТБААТАР

 

      ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН