Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1997 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 16-11 тоотод оршин суух, ИЗ97112900 дугаар регистртэй, эмэгтэй, Цагаан гэрүүд овогт Бат-Эрдэний Цэрэндэжидийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух, РМ93091910 дугаар регистртэй, Тогоруутан овогт Бямбадоржийн Батзаяад холбогдох хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Нэхэмжлэгч Б.Цэрэндэжидэд холбогдох хариуцагч Б.Батзаяагийн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авч, 155/2020/00004/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч Д.Доржханд, хариуцагч Б.Батзаяа, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батзаяа бид хоёр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалтын төвд суралцаж байхдаа 2013 онд танилцан үерхэж эхэлсэн. Тэгээд охин Б.Аминзаяа 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрж, гэрлэлтээ батлуулаагүй байсан ч эцгээр нь овоглож бүртгүүлэн, хамт амьдарсан. Б.Батзаяа архи ууж, намайг хардаж зоддог байсан ч түүнийг ээж нь өмөөрдөг байсан. Аргагүйн эрхэнд охин Б.Аминзаяаг 02 нас 02 сартай байхад нь 2017 оны 8 дугаар сард аавд нь орхиод өөрийн гэр лүүгээ явсан. Охиноо авч явах гэхэд надад өгөөгүй, хөөж явуулсан. Би охиноо авахаар зөндөө оролдлого хийсэн ч уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй байсан. 2018 онд охиноо авахаар очиход Улаанбаатар хот явсан гэсэн, араас нь очиход Түнэл сум руу явуулсан гээд уулзаж чадаагүй. 2019 оны 10 дугаар сард охинтойгоо очиж уулзаад, хэсгийн төлөөлөгчөөс хүүхдээ аваад явж болох уу гэхэд чиний хүүхэд юм чинь болно гэхээр нь аваад гэртээ ирсэн. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш охин Б.Аминзаяа нь аав Б.Батзаяа болон бид хоёрын дунд хэсэг хугацаагаар нааш цааш ээлжлэн явж амьдарч байна. Би 2019 онд нэг хүнтэй танилцан үерхэж эхэлсэн, цаашид гэр бүл болох зорилготой байгаа. Охинд минь сайн ханддаг ч би охиноо өөртөө дасгахын тулд тэр хүнээсээ тусдаа амьдарч, ирэн очин байгаа бөгөөд миний асрамжид байвал хүмүүжил болон цаашид сурч боловсроход нь хэрэгтэй. Зуны гурван сард аав Б.Батзаяагийн асрамжид, бусад хичээл сургуультай үед нь миний асрамжид байлгахаар тохиролцож байсан. Гэтэл одоо болохоор өөрийн асрамжид авна гэж байна. Иймд төрүүлж өсгөсөн охин Б.Аминзаяаг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлнэ гэв.

Хариуцагч Б.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэрэндэжид бид хоёр 2013 онд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байхдаа танилцан үерхэж байгаад 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Аминзаяа төрсөн. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ч эцэг, эх маань байшин барьж өгч, бид Түнэл суманд хамт амьдарч эхэлсэн. Хоорондоо муудалцсаны улмаас 2017 оны 8 дугаар сард Б.Цэрэндэжид гэр лүүгээ явлаа, охиноо сайн хүн болгож өсгөөрэй, би хүүхэдгүй юм шиг амьдарна гэж хэлээд явсан. Үүнээс хойш би охиноо, эмээ, өвөөгийн нь хамт өсгөж байгаа. Би хотод ажил хийхээр явсан байхад 2019 оны 10 дугаар сард Б.Цэрэндэжид манайд ирээд охин Б.Аминзаяаг хулгайлаад аваад явсан байсан. Охин маань зарим хугацаанд манайд ирж, заримдаа ээж дээрээ очиж байгаа. Б.Цэрэндэжид өөрийнхөө зарим нэг үйлдлээс болж маргаан гардаг байсан. Түүнийг хөөж явуулаагүй. Одоо Б.Цэрэндэжид нөхөртэй болж, хамт амьдарч байгаа тул охиноо хойд эцгийн гар харуулахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Батзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэрэндэжид бид хоёрыг үерхэж байх хугацаанд охин Б.Аминзаяа төрж, хамт амьдарснаас хойш таарамжгүй харилцаатай болсон. 2017 оны 8 дугаар сард гэртээ харилаа гээд охиноо орхиод явсан. Үүнээс хойш тусдаа амьдарч, охин Б.Аминзаяа маань миний болон өвөө, эмээгийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж, сумын Хүүхдийн цэцэрлэгт явж байгаа. Гэтэл хүүхдээ нялх байхад нь орхиж явчихаад, бие даагаад том болохоор нь төрсөн гэрээс нь хулгайлж авсан мөртлөө өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн Б.Цэрэндэжид өөр хүнтэй гэр бүл болж байгаа. Би шүүхэд охиноо өөрийн асрамжид үлдээж, эх Б.Цэрэндэжидээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч одоо зөвхөн охин Б.Аминзаяаг өөрийн асрамжид авч, түүнийг дуртай үед нь ээжтэй нь уулзаж байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Б.Батзаяа намайг хардаж зоддог, хадам аав, ээжтэй таарамжгүй харьцаатай байсан тул гэрээсээ явсан. Надад охиныг минь өгөөгүй. Охин Б.Аминзаяа миний асрамжид байвал цаашид сурч, боловсроход нь хэрэгтэй. Би аавтай нь байнга уулзуулж байна. Гэр бүл болох хүн маань буруу зуршилгүй, сайн хүн байдаг. Охин Б.Аминзаяаг өөрийн асрамжид авах тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид нь хариуцагч Б.Батзаяад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батзаяа хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Цэрэндэжидэд холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэх тайлбар гарган  шаардлагаа багасгасан байна.   

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид, хариуцагч Б.Батзаяа нар 2013 оноос эхлэн танилцан үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Аминзаяа төрж, эцэг Б.Батзаяагаар овоглосон бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэж олгосон “рм15260103 дугаар регистртэй, Тогоруутан овогт Батзаяагийн Аминзаяа, охин, 2015 оны 6 дугаар сарын 01-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрсний бүртгэлд 2015 оны 6 дугаар сарын 11-нд бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй 6740000055 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Далайн элбэрэлт” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдлоо.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А.Аминзаяа нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ асрамжлах үүрэгтэй болохыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг. 

Хүүхдийн асрамжийн талаар зохигч маргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд охин Б.Аминзаяагаас тусдаа амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...охин Б.Аминзаяаг 02 нас 02 сартай байхад нь 2017 оны 8 дугаар сард орхиод өөрийн гэр лүүгээ явсан. Охиноо авч явах гэхэд надад өгөөгүй, хөөж явуулсан...2019 оны 10 дугаар сард охинтойгоо очиж уулзаад, хэсгийн төлөөлөгчөөс хүүхдээ аваад явж болох уу гэхэд чиний хүүхэд юм чинь болно гэхээр нь аваад гэртээ ирсэн...Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш охин Б.Аминзаяа нь аав Б.Батзаяа болон бид хоёрын дунд хэсэг хугацаагаар нааш цааш ээлжлэн явж амьдарч байгаа...” гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан “...2017 оны 8 дугаар сард Б.Цэрэндэжид гэр лүүгээ явлаа...гэж хэлээд явсан...2019 оны 10 дугаар сард Б.Цэрэндэжид манайд ирээд охин Б.Аминзаяаг хулгайлаад аваад явсан байсан...Охин маань зарим хугацаанд манайд ирж, заримдаа ээж дээрээ очиж байгаа...” гэх тайлбараар,

Охин Б.Аминзаяа 2019 оны 10 дугаар сараас эхлэн тодорхой хугацаанд эх Б.Цэрэндэжидийн асрамжид байхдаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх баг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт тус тус амьдарч байсан нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Засаг даргын 2019 оны 12  дугаар сарын 12-ны өдрийн “Тус багийн иргэн Бат-Эрдэний Цэрэндэжид нь охин Б.Аминзаяатай багтаа байнга оршин суудаг нь үнэн” гэх бичилттэй 101 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдов.

Мөн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Охин Б.Аминзаяагийн өсөж амьдрах орчны талаар” хийсэн нөхцөл байдлын үнэлгээний ерөнхий дүгнэлтэд “...1. Охин Б.Аминзаяа нь...эх Б.Цэрэндэжидтэйгээ хэвийн харилцаатай. Хойд эцэгтэйгээ бага зэрэг хөндий харилцаатай байгаа нь Б.Аминзаяагийн “Гурван мод” тестээр илэрсэн... 3. ...Эх Б.Цэрэндэжид болон түүний сүүлд гэрлэсэн нөхөр Т.Даваахүү, охин Б.Аминзаяа нарын хоорондын харилцаа хэвийн түвшинд боловч хойд эцэг Т.Даваахүүгээс бага зэрэг хөндий байгаа нь ажиглагдсан...” гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд охин Б.Аминзаяа нь эх Б.Цэрэндэжидээс 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан, хойд эцэг Т.Даваахүүд дасах хандлага удаан байгаа тул хүүхдэд өөрт нь илүү тав тухтай, дассан орчинд амьдрах нөхцөл шаардлагатай учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Аминзаяа 2017 оны 8 дугаар сараас хойш хариуцагч Б.Батзаяа болон түүний эцэг, эхийн хамт амьдарч, тэдний асрамжид байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн “Батзаяа овогтой Аминзаяа /рм15260103/ нь 2017 онд тус цэцэрлэгт 2 настай элсэн орж одоог хүртэл хүмүүжиж байгаа нь үнэн” гэх бичилттэй тодорхойлолт, Б.Аминзаяагийн Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжиж байхдаа авахуулсан гэрэл зургууд, 2019 онд уралдаан тэмцээнд оролцож шагнуулсан дурсамжууд зэрэг баримтуудаар нотлогдов.

 Мөн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Охин Б.Аминзаяагийн өсөж амьдрах орчны талаар” хийсэн нөхцөл байдлын үнэлгээний ерөнхий дүгнэлтэд “...1. Охин Б.Аминзаяа нь эцэг Б.Батзаяатайгаа хамт байх дуртай, аавдаа илүү ээнэгшин дассан...байгаа нь Б.Аминзаяагийн “Гурван мод” тестээр илэрсэн... 2. Эцэг Б.Батзаяагийн амьдарч байгаа орчин нөхцөл нь охин Б.Аминзаяаг эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох нөхцөл боломжоор бүрэн хангаж чадсан...цаашид охин Б.Аминзаяаг эцэг Б.Батзаяагийн асрамжид үлдээх боломжтой гэж үзлээ. 3. Б.Аминзаяа нь эцэг Б.Батзаяа болон өвөө С.Бямбадорж, эмээ Д.Алтанцэцэг нартай эерэг бие биеэ дэмжсэн харилцаатай, тэдний гэр бүлийн насанд хүрэгчид хооронд болон насан хүрэгч хүүхэд хоорондын харилцаа эерэг түвшинд байна...” гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд охин Б.Аминзаяа нь өөрийн эцэг Б.Батзаяа, өвөө, эмээгийн хамт удаан хугацаанд хамт амьдарч байгаа тул илүү ээнэгшин дассан хандлагатай байх тул хүүхдийн өсөж бойжих дассан орчин, илүү таатай нөхцөл зэргийг харгалзан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Батзаяагийн асрамжид 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Аминзаяаг үлдээж шийдвэрлэв.

Охин Б.Аминзаяа эцэг Б.Батзаяагийн асрамжид үлдсэн нь эх Б.Цэрэндэжидийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Б.Аминзаяатай эх Б.Цэрэндэжид хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Хариуцагч Б.Батзаяа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн дараахь баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн охин Б.Аминзаяагийн төрсний бүртгэлийн лавлагааны 45 хоногийн хүчинтэй хугацаа дууссан, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Булаг багийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг дарга нарын тодорхойлолтод Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэрийг буруу бичсэн, гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг тухайн хэрэгт ач холбогдолгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:   

        1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч Б.Батзаяад холбогдох нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Аминзаяаг эцэг Б.Батзаяагийн асрамжид үлдээсүгэй.

 

       3. Хариуцагч Б.Батзаяа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529 төгрөгийг, хариуцагч Б.Батзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Цэрэндэжидээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан хариуцагч Б.Батзаяад олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА