| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01068/И |
| Дугаар | 01068 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 01068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1990 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 48-02 тоотод оршин суух, РБ90011601 дугаар регистртэй, Онход овогт Баттөрийн Намуунбайгалийн,
Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 25-01 тоотод оршин суух, ИЦ89082574 дугаар регистртэй, Өөлд овогт Батнасангийн Амгаланбаярт холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2020/00714/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Намуунбайгаль, хариуцагч Б.Амгаланбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Намуунбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Амгаланбаяртай 2016 онд танилцан үерхэж байгаад 2017 оны 8 дугаар сард хурим найр хийж, нэг гэртээ орж амьдарсан. Бидний дундаас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин А.Энэрэл, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Маргадбаатар нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хүүхдүүдээ ааваар нь овоглож бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд хэрүүл маргаантай байж, том охиноо төрөөгүй байхад хэсэг хугацаанд тусдаа амьдарч байсан. Тэгээд дахиж хамт амьдраад бага хүүг төрөөгүй байхад 2019 оны 3 дугаар сард Б.Амгаланбаяр гэрээсээ яваад одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдүүддээ тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймд Б.Амгаланбаяртай цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул охин А.Энэрэл, хүү А.Маргадбаатар нарт хуульд зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийн талаар Б.Амгаланбаяртай тохирох боломжгүй гэв.
Хариуцагч Б.Амгаланбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Намуунбайгальтай 2016 онд танилцаад 2017 онд хурим хийж, нэг жил гаруй хугацаанд хамт амьдраад 2019 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байна. Хамт амьдрах хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин А.Энэрэл, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Маргадбаатар нар төрсөн. Би ажлын шаардлагаар байнга хөдөө явж ажилладаг тул гэрлэлтээ батлуулж чадаагүй ч хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглосон. Миний хүүхдүүд мөн. Ажил хийж байгаа зарим үед цалингаа авч чадахгүй болдог. Энэ байдлаас болж үл ойлголцон, хэрүүл маргаан гарах шалтгаан болдог, мөн хадам талууд ч бидний амьдралд их оролцдог байсан. Энэ нь миний гэрээсээ явах шалтгаан болсон. Би хаана ажил олдоно, тэр газарт очиж ажил хийдэг. Тогтвор суурьшилтай ажил байхгүй, заримдаа цалингаа авч чаддаггүй тул олсон орлогоосоо хүүхдүүддээ тодорхой хэмжээгээр мөнгө өгдөг. Б.Намуунбайгаль миний өгсөн мөнгийг голдог. Одоо би ажилгүй байгаа тул нэг хүүхэддээ тэтгэлэг төлөөд, нөгөө хүүхдийн тэтгэлэг дээр тохироод боломжтой болохоороо хоёр хүүхдийн тэтгэлгийг өгмөөр байна. Би хоёр хүүхдээ тусалж, дэмжиж явах болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Намуунбайгаль нь хариуцагч Б.Амгаланбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Намуунбайгаль, хариуцагч Б.Амгаланбаяр нар 2016 оноос эхлэн үерхэж, 2017 оноос хамтран амьдарсан ба энэ хугацаанд тэдний дундаас 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин А.Энэрэл, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Маргадбаатар нар төрж, эцэг Б.Амгаланбаяраар овоглон бүртгүүлж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон “РЮ18302006 дугаар регистртэй, Өөлд овогт Амгаланбаярын Энэрэл, охин, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй №6701000819 бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон “РЮ19301055 дугаар регистртэй, Өөлд овогт Амгаланбаярын Маргадбаатар, хүү, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй №6701000883 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Амгаланбаярын Маргадбаатар, эрэгтэй, 05 сартай, эрүүл бойжиж байгаа нь үнэн” гэх бичилттэй, “Амгаланбаярын Энэрэл, эмэгтэй, 01 нас 05 сартай, эрүүл бойжиж байгаа нь үнэн” гэх бичилттэй Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолтууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигч болох Б.Намуунбайгаль, Б.Амгаланбаяр нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А.Энэрэл, хүү А.Маргадбаатар нар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг.
Хариуцагч Б.Амгаланбаяр шүүх хуралдаанд “...Одоо би ажилгүй байгаа тул нэг хүүхэддээ тэтгэлэг төлөөд, нөгөө хүүхдийн тэтгэлэг дээр тохироод боломжтой болохоороо хоёр хүүхдийн тэтгэлгийг өгмөөр байна...” гэх тайлбар гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Амгаланбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Б.Амгаланбаяр үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулжээ.
Иймд эцэг Б.Амгаланбаяраас хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин А.Энэрэл, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Маргадбаатар нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин А.Энэрэл 01 нас 07 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин А.Энэрэлд сар бүр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Маргадбаатар 07 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг хүү А.Маргадбаатарт сар бүр эцэг Б.Амгаланбаяр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Энэрэл, хүү А.Маргадбаатар нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Б.Намуунбайгаль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Амгаланбаяраас нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин А.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Маргадбаатарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Өөлд овогт Батнасангийн Амгаланбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Амгаланбаяраас улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА