Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01109

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1989 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-07 тоотод оршин суух, РА89032801 дугаар регистртэй, Бичээч овогт Тэгшбаярын Бадамхандын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Ган чандмань” дэлгүүрт худалдагч ажилтай, РЮ90052217 дугаар регистртэй, Онход овогт Тэрбишийн Отгон-Эрдэнэд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2020/00953/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Т.Бадамханд, хариуцагч Т.Отгон-Эрдэнэ нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Отгон-Эрдэнэ бид хоёр 2010 онд танилцан үерхэж байгаад 2011 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас 2011 онд охин О.Хонгорзул, 2014 онд охин О.Болорзаяа нар төрсөн бөгөөд би дагавар хүү Түмэнцэнгэлийг нөхөр Т.Отгон-Эрдэний нэрээр овоглуулан хамт амьдарч байсан. Т.Отгон-Эрдэнэ архи ууж, намайг зодож, таарамжгүй харилцаатай болсон тул аргагүйн эрхэнд 2016 онд хоёр охиноо аавд нь үлдээгээд хүү О.Түмэнцэнгэлийн хамт тусдаа амьдарсан. Би охидуудтайгаа уулзаж, гэртээ аваачдаг. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа охин О.Хонгорзул,  О.Болорзаяа нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг авна гэсэн боловч Т.Отгон-Эрдэнэтэй ярилцаад түүний асрамжид үлдээхээр ярилцаж тохирсон. Амьжиргааны түвшинг тодорхойлох бүртгэлд хамрагдаагүй байсан учир улсаас хүүхдэд олгодог 20.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сараас эхэлж би авсан. Одоо охин О.Хонгорзул, О.Болорзаяа нарын нэр дээр хадгаламж нээж, 2020 оны 6 дугаар сараас хүүхдийн мөнгийг тус хадгаламжид хийнэ. Т.Отгон-Эрдэнэ бид хоёр өөр өөрийн амьдралтай болж, хүүхэдтэй болсон тул цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй болсон.  

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин О.Хонгорзул,  О.Болорзаяа нарыг эцэг Т.Отгон-Эрдэний асрамжид үлдээнэ. Надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн. Би боломжоороо хүүхдүүддээ тусалж дэмжинэ. Хүү О.Түмэнцэнгэлийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Т.Отгон-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Бадамханд бид хоёр 2011 онд гэр бүл болон хамт амьдарч, 2011 онд охин О.Хонгорзул, 2014 онд охин О.Болорзаяа нар тус тус төрсөн. Дагавар хүү Түмэнцэнгэлийг би өөрийн нэрээр овоглосон. Би байнга архи ууж, эхнэрээ зодож байгаагүй. Гэр бүлийн маргаанаас болоод Т.Бадамханд том охиноо 05 настай, бага охиноо 02 нас хүрээгүй байхад нь надад үлдээгээд 2016 онд гэрээсээ явсан. Үүнээс хойш би охидуудаа харж хандаж байгаа бөгөөд улсаас хүүхдэд олгодог 20.000 төгрөгийг огт аваагүй, тэр мөнгийг ээж нь авдаг байсан. Т.Бадамхандтай ярилцаад хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээж, 2020 оны 6 дугаар сараас эхлэн хүүхдэд олгодог мөнгийг тус хадгаламжид хийхээр тохиролцлоо. Одоо бид тус тусдаа хамтран амьдрагчтай болж, хүүхэдтэй болсон тул цаашид эвлэрэх боломжгүй учир гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин О.Хонгорзул, О.Болорзаяа нарыг өөрийн асрамжид үлдээнэ, эх Т.Бадамхандаас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Хүү О.Түмэнцэнгэлийг ээжийнх нь асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.   

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадамханд нь хариуцагч Т.Отгон-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд охин О.Хонгорзул, О.Болорзаяа нарыг эцэг Т.Отгон-Эрдэний асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон гэх тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Т.Бадамханд, Т.Отгон-Эрдэнэ нар 2016 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “Эрэгтэй: РД: рю90052217, Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Онход овогт Тэрбишийн Отгон-Эрдэнэ, эмэгтэй: РД: ра89032801, Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Боржигон овогт Тэгшбаярын Бадамханд нар 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 05-рт бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй №0128855 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр охин О.Хонгорзул, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин О.Болорзаяа нар төрсөн, дагавар хүү О.Түмэнцэнгэл 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ба 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Отгон-Эрдэнээр овоглон бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн №0000610478-40 дугаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн 6701000259 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

 Охин О.Хонгорзул, охин О.Болорзаяа нар 2016 оноос хойш одоог хүртэл эцэг Т.Отгон-Эрдэний асрамжид байгаа болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын “Тэрбишийн Отгон-Эрдэнэ /рю90052217/ нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Наран багийн 11 дүгээр багийн 21-02 тоотод бүртгэлтэй бөгөөд одоо 11-41-02 тоотод ээж Б.Бямбатогтохынд 2 хүүхдийн хамтаар оршин сууж байгаа нь үнэн” гэх бичилттэй 14/57 тоот албан бичиг, Ерөнхий боловсролын “Мөрөн Гурван Эрдэнэ” сургуулийн нийгмийн ажилтаны “Отгон-Эрдэнэ овогтой Хонгорзул нь тус сургуулийн Б.Сайзмаа багштай 3б ангид суралцдаг ба гэртээ аав, эмээ, дүүгийн хамт амьдардаг нь үнэн” гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн “Тус цэцэрлэгийн Ч.Давааноров багштай бэлтгэл б бүлэгт Отгон-Эрдэний Болорзаяа сурч төлөвшдөг нь үнэн. О.Болорзаяа 11-21-02 тоотод оршин суудаг” гэх бичилттэй 48 тоот тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь охин О.Хонгорзул, охин О.Болорзаяа нарт сар бүр улсаас олгодог мөнгийг тэдний нэр дээр хадгаламжийн данс нээлгэн, тус хадгаламжид хийж байхаар ярилцаж тохиролцсон болно.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал, амьдарч байгаа дассан орчин зэргийг харгалзан 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Түмэнцэнгэлийг эх Т.Бадамханд, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин О.Хонгорзул, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Болорзаяа нарыг эцэг Т.Отгон-Эрдэнэ нарын асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин О.Хонгорзул, О.Болорзаяа нар эцэг Т.Отгон-Эрдэний, хүү О.Түмэнцэнгэл эх Т.Бадамхандын асрамжид тус тус үлдсэн нь эх Т.Бадамханд, эцэг Т.Отгон-Эрдэнэ нарын хувьд тэдний эх, эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин О.Хонгорзул, О.Болорзаяа нартай эх Т.Бадамханд, хүү О.Түмэнцэнгэлтэй эцэг Т.Отгон-Эрдэнэ хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн  болохыг тус тус дурьдлаа.

Иймд Т.Бадамханд, Т.Отгон-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж, охин О.Хонгорзул, О.Болорзаяа нарыг эцэг Т.Отгон-Эрдэний, хүү О.Түмэнцэнгэлийг эх Т.Бадамхандын асрамжид  тус тус үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бичээч овогт Тэгшбаярын Бадамханд, Онход овогт Тэрбишийн Отгон-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Түмэнцэнгэлийг эх Т.Бадамхандын, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин О.Хонгорзул, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Болорзаяа нарыг эцэг Т.Отгон-Эрдэний асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн эрх, үүргээ биелүүлэхийг эцэг, Т.Отгон-Эрдэнэ, эх Т.Бадамханд нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Отгон-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Бадамхандад олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА