| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00880/И |
| Дугаар | 00880 |
| Огноо | 2020-04-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 00880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1983 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-19 тоотод оршин суух, РВ83011208 дугаар регистртэй, Хар дархад овогт Түмэндэмбэрэлийн Наранцэцэгийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, РЭ87051719 дугаар регистртэй, Хавчин овогт Сарантуяагийн Мөнхбатад холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2020/00728/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Т.Наранцэцэг, хариуцагч С.Мөнхбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 онд С.Мөнхбаттай танилцан үерхэж байгаад тус оны намраас хамт амьдрах болсон. Энэ хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Н.Анударь төрсөн бөгөөд бидний амьдралд С.Мөнхбатын эцэг, эхийн оролцоо их байдаг тул хэрүүл, маргаан их гардаг байсан. Би гэрээрээ оёдол хийж, гэр бүлээ тэжээдэг байсан ч С.Мөнхбат олигтой ажил төрөл хийхгүй, хааяа ажил хийж олсон мөнгөө эцэг, эхдээ өгдөг, охиндоо болон гэртээ хоол хүнс авдаггүй байсан. Мөн архи ууж, намайг хэл амаар доромжилж, зоддог байсан. 2020 оны цагаан сараар эцэг, эхдээ золгоно гэж яваад тэр чигтээ ирээгүй, үүнээс хойш тусдаа амьдарч байна. Одоо би бас 2 сар гаруй хугацаатай жирэмсэн. Энэ тухайгаа С.Мөнхбатад хэлэхэд авахуулаарай гэж хэлсэн. С.Мөнхбат бид хоёр өмнө нь гэр бүлтэй байсан, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан боловч бид гэрлэлтээ батлуулаагүй. Охин Н.Анударь маань надаар овоглодог. Цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Н.Анударийн төрсөн эцэг С.Мөнхбат мөн болохыг тогтоолгож, хуульд зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.
Хариуцагч С.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Наранцэцэг бид хоёр 2017 онд танилцан үерхэж байгаад Хөвсгөл аймаг болон Сүхбаатар аймагт ажил хийж хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд охин Н.Анударь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Миний хүүхэд мөн. Бид өмнө нь тус тусын амьдралтай байсан. Т.Наранцэцэгтэй сайхан амьдарна гэж бодож байсан ч бидний өмнөх амьдралын хүүхдүүдээс болж, хэрүүл маргаан гарах шалтгаан болдог байсан. Надад хамаагүй архидан согтуурдаг зүйл байхгүй. Цаашид эвлэрэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Охин Н.Анударийг ээжийнх нь асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Наранцэцэг нь хариуцагч С.Мөнхбатад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Наранцэцэг, хариуцагч С.Мөнхбат нар 2017 онд танилцаж үерхэн, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Анударь төрсөн, түүнийг эх Т.Наранцэцэгээр овоглон бүртгүүлсэн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгч Т.Наранцэцэгийн шүүхэд гаргасан “...Би 2017 онд С.Мөнхбаттай танилцан үерхэж байгаад тус оны намраас хамт амьдрах болсон. Энэ хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Н.Анударь төрсөн...” гэх тайлбар, хариуцагч С.Мөнхбатын “...Т.Наранцэцэг бид хоёр 2017 онд танилцан үерхэж байгаад...охин Н.Анударь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Миний хүүхэд мөн...” гэх тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон “Хар дархад овогт Наранцэцэгийн Анударь, эмэгтэй, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэв...” гэх бичилттэй №6701000890 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайн-Элбэрэлт” ӨЭМТ-ийн их эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдсон тул охин Н.Анударийн төрсөн эцгээр С.Мөнхбатыг тогтоох үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.Анударь нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг С.Мөнхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Н.Анударийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Н.Анударийн төрсөн эцэг нь С.Мөнхбат мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Н.Анударь 01 нас 05 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин Н.Анударьд сар бүр хариуцагч С.Мөнхбат төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Н.Анударьд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэг 1.236.000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг хариуцагч С.Мөнхбатаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Н.Анударийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг С.Мөнхбатаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Наранцэцэг улсын тэмдэгтийн хураамж 104.414 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч С.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамж 104.414 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА