| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/108 |
| Огноо | 2023-11-23 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Б.Э, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, оршин суух, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н******* Л-ын Б /РД:../
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн,.. настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, оршин суух, хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн ..дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б******* Б-ын Э /РД:/-д холбогдох эрүүгийн 23200005100.. тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.Б, Б.Э нарт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Б.Э-д улсын хилээр эд зүйл нэвтрүүлсэнийх нь хариуд 1,000 юань өгөхөөр амлаж, шүүгдэгч Б.Э нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 1 ширхэг шавар бурхан, металл бурхад 7 ширхэг, илтгэл шастир 18 ширхэг, судар 5 ширхэг, ном 2 ширхэг, зоос 2 ширхэг зэрэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
-шүүгдэгч Б.Э дангаараа 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 3 ширхэг сангийн бойпор, 3 ширхэг бурхны гар, 2 ширхэг цайвар зоос, 1 ширхэг очир зэрэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-36/
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 38-39/
Соёлын өвийн үндэсний төвийн хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн “ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт "соёлын өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ, ЮНЕСКО- гийн "Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" конвенцид "...100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал эд зүйл, зоос, тамга тэмдэг зэрэг хуучны эд юмс соёлын өвд хамаарна" гэж тус тус заасан байдаг.
Тодорхойлолт гаргуулахаар ирүүлсэн 9 ширхэг эд зүйлсээс 6 ширхэг эд зүйл нь дээрх хуулийн заалт, шалгуурт тэнцэж байна. Энэхүү 6 ширхэг эд зүйлс нь олон тоогоор бүтээгдсэн, түгээмэл байдаг, зарим хэсэг, иж бүрдэл дутуу хэдий ч түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, түүх, соёлын үнэ цэн, ач холбогдлыг илэрхийлж буй тул түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна. Үүнд:
Британийн худалдааны доллар нь (2 ширхэг) ЮНЕСКО-гийн конвенцид заасан 100 жилээс өмнөх үед хамаарч байна;
Дошгин дүртэй бурхны найман залгаа мутар нь нуруунаасаа ордог шаантаг хэлбэрийн оруулгатай. Хүрэл цутгуур. Бурхан урлалын уламжлалт хийцийг агуулсан;
-Баруун гарын мутар бугалганаас урагш зузаан хөндий цутгагдсан. Гууль цутгуур. Дошгин дүртэй бурхны мутар. Бурхан урлалын уламжлалт хийцийг агуулсан;
-Зүүн гарын мутар мутарны алган дээр бадар аяга, барьц байсан нүхтэй. Бугалганаас урагш битүү цул цутгасан хүрэл. Амгалан төрхтэй бурхны мутар. Бурхан урлалын уламжлалт хийцийг агуулсан;
Сангийн бойпор /жижиг/ нь гууль цутгуур, язгуур зориулалтаараа хэрэглэгдэж байсан хэв шинжийг агуулсан, эдэлгээний элэгдэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 110-113/
Соёлын өвийн үндэсний төвийн хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өдрийн “ 1. Эд зүйлийг шинжлэн, соёлын биет өвд хамаарах эсэх талаар тодорхойлон дүгнэх боломжтой.
2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсээс 1 ширхэг шавар бурхан нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд илэрсэн бурхадтай материал, хэв шинжээрээ ижил байна. Харин бусад металл бурхад, ном, судар, зоосонд газрын хөрсөнд хадгалагдаж байсан, эсвэл сүм хийдийн тууриас олсон гэх ул мөр байхгүй, ямар нэгэн хэлбэрээр тасалгаанд хадгалагдаж байсан бололтой юм.
Шинжилгээнд ирүүлсэн шавар бурхан, металл бурхад, ном, судар, зоос зэрэг нь шашин шүтлэгийн болон түүхийн холбогдолтой эд зүйлс бөгөөд тухайн нийгмийн бүхий л давхаргын иргэд тодорхой хэмжээнд бурхан шүтээн, эд зүйлсийг үе уламжлан тахин шүтэж, өөрсдийн гар дээр хадгалж байсан нь өдгөө ч хэвээрээ байна. Дээрх эд зүйлс нь бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдох бүрэн боломжтойгоос гадна түгээмэл байдаг. Асуултын дагуу чухам хаанаас олдсоныг нарийн тодорхойлон хариулах боломжгүй болно.
Тухайлбал:
Бурхан, судрын хувьд Монгол оронд 16-р зуунаас Бурхны шашин дахин дэлгэрснээр Бурхны шашны сүм хийдүүд Монголын уламжлалт соёлд том байр суурь эзлэх болж, түүнийг даган бурхан шүтээний урлал, судар барлах зэрэг нь өндөр хөгжсөн байдаг. 1930-аад оны байдлаар Монголд нийт 1000 гаруй сүм хийд оршин байсан гэсэн мэдээ бий.
Илтгэл шастир хэмээх барласан ном нь Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн сурвалж бөгөөд засаг ноёдын залгамж, гавьяа зүтгэлийг өгүүлэх төдийгүй түүхэн хэрэг явдлууд, аймаг угсааны түүх, түүхт хүмүүсийн намтарт холбогдох чухал мэдээ агуулсан. “Илтгэл шастир"-ыг анх 1779 оноос эхлэн зохиож, 1795 онд хэвлэн үндсэн 120 дэвтэрийг барлан тараан, 1812, 1836, 1849, 1859 онд тус тус залган зохиосон бөгөөд нийт 216 дэвтэр болгож, барлан олшруулж Монголын олон хошуунд тараасан байдаг.
Мөнгөн зоос нь хэдийгээр Манж Чин гүрний үед Бадаргуулт төрийн 33 дугаар онд үйлдвэрлэгдсэн хэдий ч манай улсад гүйлгээнд гарч байсан болно.
3.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлстэй ижил төстэй дурсгалт зүйл манай улсын төрийн болон орон нутгийн музей, сүм хийд, архив, номын сан болон хувь хүмүүсийн гар дээр цөөнгүй хадгалагдаж байна. Музей нь үзмэр цуглуулгын бодлогоор хувь хүмүүсийн гар дээрээс авч сан хөмрөгтөө хадгалахаас гадна хэлмэгдүүлэлтийн нөлөөгөөр сүйтгэгдсэн сүм хийдийн эд зүйлс нь музей болон хувь хүмүүст хадгалагдсаар ирсэн.
4. Тухайн эд зүйлс нь бүгд 17-20 дугаар зууны түүх, соёлын орон зайг төлөөлнө. 1. Шавар бурхан 1 ширхэг нь 17-18 дугаар зуун үед;
2. Металл бурхад 7 ширхэг нь 19 дүгээр зууны үед;
3. Илтгэл шастир 18 ширхэг нь 1795-1859 онд;
4. Судар 5 ширхэг 17-18 дугаар зууны үед;
5. Ном 2 ширхэг 17-20 дугаар зуун эхэн үед;
6. Зоос 2 ширхэг нь 1908 онд тус тус хамаарч байна.
5.Шинжилгээнд ирүүлсэн шавар бурхан /1 ширхэг/, металл бурхад /7 ширхэг/, илтгэл шастир /18 ширхэг/, судар /5 ширхэг/, ном /2 ширхэг/, зоос /2 ширхэг/ нь бүгд материал болон хэв шинж, хийц, холбогдох он цагаараа түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарна. Ном, судар, зоосон мөнгө нь олон тоогоор бүтээгдсэн, түгээмэл байдаг хэдий ч түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, түүх, соёлын үнэ цэн, ач холбогдлыг илэрхийлж байдаг.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.1.11 дэх заалтад уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл, 6.1.12 дахь заалтад бичгийн дурсгалт зүйлийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна, ЮНЕСКО-гийн "Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" конвенцид "...100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал эд зүйл, зоос, тамга тэмдэг зэрэг хуучны эд юмс, ховор гар бичмэлүүд, хэвлэмэл зүйлс, түүх, урлаг, шинжлэх ухаан, уран зохиол зэрэг онцгой сонирхол татаж байгаа баримт бичиг, хэвлэл гарц нэгээрээ буюу цуглуулга соёлын өвд хамаарна” гэж тус тус заасан байдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-64/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн182-183/
Иргэний нэхэмжлэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би хариуцсан сум орон нутагт гарсан гэмт хэргийн 23200005100.. дугаартай хэрэгт соёлын өвд хамаарах шавар бурхан 1 ширхэг, металл бурхан 7 ширхэг, зоос 2 ширхэг, илтгэл шаштир 18 ширхэг, судар 5 ширхэг, ном 2 ширхэг, эд зүйлийг хууль бусаар гаргасан гэх хэрэгт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан авахад нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй. Энэ хэрэгт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан төрд учирсан хохирлыг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 219/
Шүүгдэгч Л.Б-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорт гаргасан “ Миний бие Л-ын Б нь өөрийн буруугаас хууль бус үйлдэлд холбогдсоноо ойлгож гэм буруугаа ухаарч ухамсарлаж байгаа тул хялбаршуулсан аргаар түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 223/
Шүүгдэгч Б.Э-ын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорт гаргасан “... Хийсэн үйлдэлдээ гэмшин ойлгосон учир хялбаршуулсан байдлаар хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 224/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Э, Л.Б нар үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Э, Л.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд тэдний орлого олох боломжийг харгалзан өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт буюу торгуулийг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн авав.
Шүүгдэгч Б.Э, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт зүйл болох нь тогтоогдсон 1 ширхэг шавар бурхан, металл бурхад 7 ширхэг, илтгэл шастир 18 ширхэг, судар 5 ширхэг / нэг судар дотор нь 2 ширхэг судар байгаа/, ном 2 ширхэг, зоос 2 ширхэг, бурханы гар 3 ширхэг, 2 ширхэг цайвар зоос, сангийн бойпор /жижиг/ 1 ширхэг зэргийг Монгол Улсын боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй байна.
Харин түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй сангийн бойпор том 1 ширхэг, дунд 1 ширхэг, очир 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Э-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н******* Л-ын Б /РД:/, Б ******* Б-ын Э /РД:/ нарыг бүлэглэж түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н******* Л-ын Б-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ******* Б-ын Э-ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус, тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шавар бурхан, металл бурхад 7 ширхэг, илтгэл шастир 18 ширхэг, судар 5 ширхэг / нэг судар дотор нь 2 ширхэг судар байгаа/, ном 2 ширхэг, зоос 2 ширхэг, бурханы гар 3 ширхэг, 2 ширхэг цайвар зоос, сангийн бойпор /жижиг/ 1 ширхэг зэргийг Монгол Улсын боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй сангийн бойпор том 1 ширхэг, дунд 1 ширхэг, очир 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Э-д буцаан олгохоор шийдвэрлэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э, Л.Б нарт тус бүр оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Э, Л.Б нар нь тус бүр оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц