| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2026/0018/З |
| Дугаар | 221/МА2026/0229 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0229
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.З
Гомдол гаргагч: Б.А-
Хариуцагч: Б.З
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Д, Э.Э, хариуцагч Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0018/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Б.А-гээс Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зт холбогдуулан “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0079889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.3 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1,2, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0079889 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 60 /жар/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“...3.1.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлгээгүй, буруу үнэлсэн. Гомдол гаргагчийн гаргаж өгсөн гэрэл зураг болон бичлэг, цахим баримтаар Б.А- нь тухайн дууг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй дуулж байгааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүрэг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлий 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрт дурдсанчлан зөрчил тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд хэрэгт цугларсан баримтууд нь зөрчил үйлдсэнийг хангалттай нотолж байна. Шүүхийн шийдвэрийн 3.7 дахь хэсэгт cool love дууг нийтэд дуулж тоглолт үзүүлж, дууг сонсох боломжоор хангасан гэж дүгнэх боломжгүй гэх үндэслэлийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн уран бүтээлийн тоглолт болон арга хэмжээнд дуулсан бичлэг болон гэрэл зураг он сар өдөртэй нотлох баримт байхад аьч хэлэлцээгүй буруу дүгнэсэн гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохиогчийн эрхийн зөрчлийн шинжтэй үйлдэл гарсан нөхцөл байдал байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна. Шийдвэрийн 3.9 дэх хэсэгт зөрчил үргэлжилсэн шинжтэй тохиолдолд зөрчлийг илрүүлсэн үеэс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг тооцох бөгөөд энэ талаарх нөхцөл байдлыг анхан шатны шүүх буруу тайлбарласан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тоглолт дээр тухайн бүтээлийг дуулсан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин дуулсан нь хэрэгт авагдсан баримт мөн шүүх хуралдааны үед үзүүлсэн бичлэгээр зохиогчийн эрхийн зөрчил гаргасан нь тогтоогдсон байдаг.
3.2. Шүүх зохиогчийн эрхийн зөрчлийн шинжийг буруу тайлбарласан. Шийдвэрийн 3.7 дахь хэсэгт тухайн дууг нийтэд тоглуулсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах нийтэд түгээх хүргэх, тоглуулах зэрэг нь зохиогчийн эрхийг зөрчих үйлдэлд хамаардаг. Шүүхийн шийдвэрт нотлох баримт дутуу гэх үндэслэлийн талаар хэргийн материалд байгаа гомдол бичлэг нийтийн тоглолтын баримт, энэ нь нотлох баримт хангалттай байсан гэдгийг харуулна. Зөрчил бодитойгоор болсон дуу олон нийтэд дуулсан, зохиогч зөвшөөрөл өгөөгүй эрхийг нь зөрчсөн, байцаагчийн акт хуульд нийцсэн Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулсан.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0079889 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №0079889 дүгээр шийтгэлийн хуудсаар Б.А-д Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4. Б.А-гээс уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг анхан шатны шүүх “...Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, шийтгэлийн хуудсанд заагаагүй, ...хариуцагч зөрчлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагыг хангаагүй, тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр баталгаажуулах ажиллагаа хийгдээгүй, ...зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүссэн хохирлын төлбөр, орлогын хувь, ёс суртахууны хохирол гэж нэхэмжилсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй...” гэж дүгнэн, Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №0079889 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 60 /жар/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн байна.
5. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,
6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэх”, 7.1 дүгээр зүйлийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”; гэж тус тус заасан.
7. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд эрх бүхий этгээдээс гомдол гаргагчийг “зөрчил үйлдсэн” гэж үзэн хариуцлага ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хуулиар зөрчилд тооцсон тохиолдолд тохирох хариуцлага ногдуулах ба энэ тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл тодорхойгүй байна.
8. Тодруулбал хариуцагчаас гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан боловч чухам Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар шийтгэлийн хуудаст тодорхой тусгаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, уг баримтуудыг ямар эх сурвалжаас хэрхэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй.
9. Түүнчлэн гуравдагч этгээдээс нэхэмжилсэн хохирол, төлбөр, орлогын хувийг ямар хэмжээгээр тогтоож, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэлийн хуудаст тусгаагүй, шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх, уг асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
10. Нөгөөтээгүүр, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас иргэн Б.А-г Cool love гэх дууны үгийг эрх эзэмшигч Э.Сгийн зөвшөөрөлгүйгээр ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж дүгнэн шийтгэлийн хуудас үйлдэхдээ “зөрчил үйлдэгдсэн” гэх цаг хугацааг хөдөлбөргүй тогтоохгүйгээр хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүхээс эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнд халдаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хуульд заасан хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байгааг мөн дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Зын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН