Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч М.Батжаргал

Гэрч Д.Сүхбайды нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шувуутынхан овгийн Магванжавын Батжаргалд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 1392017/00005/Э/ индекстэй, эрүүгийн 201612000163 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 26 дугаар байрны “Б” тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 2001 онд БНСУ-д танхайн хэргээр шийтгэгдсэн гэх Шувуутынхан овгийн Магванжавын Батжаргал /Регистерийн дугаар ЗЮ72010131/        

 

              Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

                 Шүүгдэгч М.Батжаргал нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 43 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Д.Гүнсэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, Асус маркын зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг, зөөврийн компьютерийн цэнэглэгч залгавар 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, принтерийн залгавар 1 ширхэгийг хулгайлж, иргэн Д.Гүнсэнд 657000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч М.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хэрэг гардаг өдрийн урьд өдөр нь архи уугаад шартсан байсан. Тэр өдөр Д.Ганзоригтой хамт явж байхад улаан байрны хамгийн хойд талын орцны үүдэнд Д.Сүхбайды согтуу хэвтэж байсан юм. Д.Сүхбайды манай хадам аавын гутлын шавь учраас таньдаг юм. Очоод Д.Сүхбайдыг бос гэхэд “архи уух уу” гэж надаас асуухаар нь “мөнгө байхгүй” гэхэд “манай гэрт мөнгө байгаа” гэж хэлсэн. Д.Сүхбайды хүрэн гэртэй түлхүүр гартаа барьсан байсан. Би түлхүүрийг нь авч яваад гэрт нь очиж бие засаад байж байтал 2 минутын дараа Д.Сүхбайды араас орж ирсэн. Тэгээд хоёр давхарт гарч модон орны гудсыг сөхөж үзээд “мөнгө байхгүй байна, чи компьютер барьцаанд тавьж чадах уу” гэж санал болгосон учраас би компьютерийг аваад гараад зах дээр ирж Б.Батсайхантай уулзаад 50000 төгрөгийн барьцаанд авчих гэхэд барьцаанд авахгүй гэж хэлэхээр нь зарахаар болж 70000 төгрөгөөр тохирсон ба би урьд нь түүнээс 20000 төгрөгийн гурил, будаа зээлсэн байсан ба өртэй байсан учраас 20000 төгрөг суутгаж Б.Батсайханаас бэлнээр 50000 төгрөг аваад захын хашааруу ортол Д.Гансүх, В.Ганзориг нар тааралдсан. Бид 3 архи аваад хуушуурын гуанзанд уусан. Тэгээд тэнд Д.Гансүх үлдсэн. В.Ганзориг бид хоёр зүүн хойшоо Оргодол гэдэг айлд очсон боловч хүн байхгүй байхаар нь “Мандал худалдааны төв”-ийн тэнд барьж дуусаагүй барилгын хажууд архи ууж согтоод, гэртээ очиж унтсан. Би биеэ авч явж чадахгүй хүнийг ашигласан. Өөрөө надад компьютерийг санал болгосон. Би буруугаа хүлээж гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Гүнсэнгийн “... Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Сайнцагаан сумын 7-р баг 43-р байрны 2 тоотод байх гэрээсээ гарч явсан. Тэгээд тэр өдрөө 18 цаг 10 минут гээд гэртээ ирээд 2 давхарт голын өрөөнд ороод хувцасаа солиод зогсож байхдаа өрөөний зүүн урд талд байдаг ширээрүү хартал дээр нь байдаг зөөврийн компьютер, хаалганы хойд талд байдаг цагаан өнгийн хувцасны шүүгээн дээр байдаг зөөврийн компьютерийн цүнх нь байхгүй байхаар нь хойд өрөөнд орон дээр хэвтэж байсан нөхөр Д.Сүхбайдыгаас “зөөврийн компьютер алга байна, хаана байгаа юм бэ?” гэж асуухад нөхөр маань “мэдэхгүй” гэж хариулсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Зөөврийн компьютер, залгуур, принтерийн холбогч, хулгана,  зөөврийн компьютерийн цүнх алга болсон…. Би алдсан эд зүйлээ тоо ёсоор хүлээн авсан болохоор гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы “... Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М.Батжаргал гэдэг хүнээс “Тогтох мандал” худалдааны төвийн хашааны баруун талын дэлгүүрт хар өнгийн зөөврийн компьютер, хар цүнх, хар өнгийн зөөврийн компьютерийн залгавар, хар өнгийн принтерийн залгаврыг 50000 төгрөгөөр худалдаж авсан. Надад өмнө нь М.Батжаргал 20000 төгрөгийн өртэй байсан болохоор нийт 70000 төгрөгөнд бодож тэр зөөврийн компьютерийг дагалдах хэрэгслийн хамт авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 /,

 

 Гэрч В.Ганзоригийн “... Би Д.Гансүх, М.Батжаргал хоёртой 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим зах дээр таараад 12-р байрны зүүн талаар явж байхад уг байрны хамгийн хойд орцны гадаа нэг өвгөн хэвтэж байсан чинь М.Батжаргал гүйж очоод халааснаас нь юм авах шиг болоод хүрээд ирсэн. Би М.Батжаргалаас “юу юм бэ” гэж асуутал түлхүүр гэж хэлээд 5-р байрны зүүн талаар гараад урагшаа яваад өгсөн. Тэгээд Д.Гансүх бид хоёр захын урд очоод сууж байтал М.Батжаргал цүнхтэй юм аваад ирсэн. М.Батжаргал захын хашаанд ороод нэг хүнд үзүүлээд нөгөө хүнтэйгээ захын баруун талын хүнсний дэлгүүрт ороод зөөврийн компьютерээ зарчихаад гараад ирсэн. Тэгээд уг мөнгөөр дэлгүүрээс 1 шил архи авч Д.Гансүх, М.Батжаргал бид гурав Хаан банкны зүүн талын хуушуурны цайны газарт ороод хуушуур авч идээд тэндээ архиа уусан. Дараа нь тэндээс гараад 1 шил архи авч бид гурав дахиад уусан. Би цааш нь сайн санахгүй байна..” гэх тайлбар /хх-ийн 10/,

 

Гэрч Д.Сүхбайдын “... Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 9 цагийн үед Сайнцагаан сумын 7-р багийн 43-р байрны 2 тоотод байх гэрээсээ гарч яваад Ж.Нямынд очоод хийлгэж байгаа юмаа үзээд байж байхад Ж.Ням 0.5 литрийн шилтэй 2-3 хуруу архи байсныг надад аягалж өгөхөд би уусан. Ж.Ням бид хоёр хамтдаа баруун лагерьт байдаг Болд гэдэг айлд очсон. Болд 0.75 литрийн архи авч өгөөд тэрнээс бид 2 хамтдаа хувааж уугаад нэлээн согтсон. Болдынхоос гараад явсан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн би гэрийнхээ гадаа хойд хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ авах гэтэл түлхүүр байхгүй байхаар нь хаалганыхаа бариулыг дарж үзтэл онгорхой байсан. Би эхнэрийг гэрт байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би гэртээ ороод 1 давхарын хойд өрөөнд /ажлын өрөөнд/ баруун талын хананд байдаг орон дээрээ унтсан. Аль хэр удсаныг мэдэхгүй. Би сэрээд 2 давхарт гарч баруун тийш харсан хаалгатай өрөөний хойд талын өрөөнд орж орон дээр бас унтсан. Тэгээд сэрээд байж байхад эхнэр орж ирээд зөөврийн компьютер алга байна гээд надаас хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгсөн. Гэртээ очиход гэрийн түлхүүр надад байхгүй, гэрийн хойд хаалганы бариулыг дарахад хаалга онгорхой байсан. Тэгээд би ороод хаалгаа хаагаад шууд орон дээр унтсан. Манай гэрт хүн байгаагүй. Миний авч явдаг гэрийн түлхүүр хүрэн өнгийн савхин түлхүүрийн савтай, 2 ширхэг түлхүүр байдаг. Батжаргал гэдэг хүнтэй 28-ны өдөр таарсанаа санахгүй байна. Би согтуу байсан. Би хүнд гэрийнхээ түлхүүрийг өгдөггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

 

Яллагдагч Д.Гансүхийн “... Намайг В.Ганзориг, М.Батжаргал хоёр дээр ирж явахад 12-р байрны хойд талын орцны үүдэн дээр Д.Сүхбайды гэдэг хүн хажуу талаараа хэвтэж байсан юм. М.Батжаргал тэр хүн дээр очоод бос гэж хэлээд татаад байсан чинь босоогүй. Тэгээд 5, 12-р байрны дундуур урагшаа жаахан явж байгаад буцаж 5-р байрны хойд талын буланд зогсож байсан В.Ганзориг дээр очиж, “ганц юм уумаар байна яаж уух вэ, мөнгө байна уу” гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгтэл М.Батжаргал гартаа хүрэн өнгийн түлхүүрийн сав барьж ирээд 5-р байрны зүүн хойд талын булангаар эргээд шууд урагшаа яваад өгсөн...М.Батжаргал хар цүнхтэй юм үүрээд Цоглог плазагийн тэндээс хүрээд ирсэн.. Тэр хар цүнхтэй зүйл нь нотебук байсныг архи уух гээд явж байхдаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/

 

Гэрч Ц.Сугиржаргалын “... Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед “Тогтох мандал” захын хашаан дотор ачааны машинтай мах зараад нөхөр Д.Батсайхантай хамт байж байхад М.Батжаргал гэдэг хүн ирээд машинд суугаад зөөврийн компьютер барьцаанд тавина гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр барьцаанд юм авахгүй гэж хэлсэн чинь хямдхан зарна гэсэн. Манай нөхөр зөөврийн компьютерийг асааж үзэх гэтэл асахгүй унтарсан. Тэр зөөврийн компьютерийг манай нөхөр М.Батжаргал гэдэг хүнээс 50000 төгрөг бэлнээр өгөөд авсан. Өмнө өртэй байсан 20000 төгрөгийг бас оруулж тооцоод нийт 70000 төгрөгөнд бодож авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 /,

 

Гэрч Ж.Нямын “... Д.Сүхбайды манайд 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 8 цаг өнгөрөөж ирсэн. Манай гэрт Д.Сүхбайды 2-3 хуруу архийг уучихаад манай гэрээс гарч баруун лагерын Болд гэдэг айлд очиж Д.Сүхбайды 1 шил архи хувааж уугаад Болдынхоос 13 цаг өнгөрөөж гарсан. Д.Сүхбайды 28-ны өдөр их согтсон, өөрийгөө авч явах чадваргүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 /,

 

         - Хураан авах тогтоолд “Асус маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерийн хар өнгийн цүнх 1 ширхэг, зөөврийн компьютерийн залгуур 1 ширхэг, принтерийн залгавар 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг хураан авсугай.”  гэжээ. /хх-ийн 12/

 

         - Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “Хар өнгийн зөөврийн компьютер Асус маркийн, дэлгэцний гадна талын өнгө нь хүрэн өнгийн дөрвөлжин хээтэй, хар өнгийн цүнх HP гэсэн бичигтэй, зөөврийн компьютерийн ар талын бичиг дээр MODEL:К52 F гэсэн бичигтэй, хар өнгийн зөөврийн компьютерийн бар код нь 0А0010040000216037708 дугаартай, хар өнгийн принтерийн залгуур, хар өнгийн хулганыг хүлээлгэн өгөв” гэжээ. /хх-ийн 18 /

 

         - Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд “..Цагдаагийн газрын хяналтын камерын өрөөний 4 дэлгэцийн 3-р дэлгэцийн 6-р камерын бичлэгт “Цоглог” плазагийн хойд талын ногоон төмөр хашааны урд талаар цагаан цамцтай, хар хүрэмтэй хоёр эрэгтэй хүн зүүн тийшээ явж байгаа 14 цаг 53 минут 46 секунтээс 14 цаг 54 минут 12 секунт 3-р дэлгэцийн 7-р камер цагаан цамцтай хар хүрэмтэй хоёр хүн 12-р байрны зүүн талаар орж байгаа бичлэг, 3-р дэлгэцийн 8-р камерт 14 цаг 55 минут цагаан цамц, хар хүрэмтэй 2 эрэгтэй хүн байрны хойд талд зогсож байгаа, 14 цаг 56 минутад тэр хоёр эрэгтэй хүн дээр зүүн талаас нэг хүн ирж байгаа бичлэг, цагаан цамцтай хүн /эр/ салаад 12-р байрруу ирж байгаа 14 цаг 56 минут 33 секунтэд цагаан цамцтай эрэгтэй хүн 14 цаг 58 минутад байрны хойд булангаар ороод явж байгаа бичлэг, 3-р дэлгэцийн 7-р камерт 14 цаг 58 минут 45 секунтэд цагаан цамцтай эрэгтэй хүн аймгийн Прокурорын газрын баруун талаар урагшаа явж байгаа бичлэг, 3-р дэлгэцийн 8-р камерт 14 цаг 44 минутад зүүн талаас засмал замаар баруун тийш явж байгаа бараан өнгийн хувцастай эрэгтэй хүний бичлэг. Мөн бараан өнгийн хувцастай согтуу эрэгтэй хүн 3-р дэлгэцийн 7-р камерт 3, 4-р байрны дундуур 15 цаг 00 минутад урагшаа явж байгаа бичлэг бичигдсэн байв. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 12 минутад 3-р дэлгэцийн 5-р камерт Цоглог плазагийн баруун талын 2 давхар саарал өнгийн тоосгон байшингийн хойгуур захруу хар цүнх барьсан цагаан ноосон цамцтай эрэгтэй хүн явж байгаа бичлэг, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хяналтын  камерын бичлэгийг  S4 /Samsung/ маркийн утсаар бичлэг хийж авав. Гар утсаар авсан бичлэгээ цагаан өнгийн  DVD дээр хуулбарлан авав” гэжээ. /хх-ийн 24-26 /

 

          - 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаартай Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ “...Асус маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хэрэглэж байсан 600000 төгрөг, компьютерийн  хулгана 1 ширхэг, хэрэглэж байсан 7000 төгрөг, компьютерийн цүнх 1 ширхэг хэрэглэж байсан 25000 төгрөг, компьютерийн залгуур 1 ширхэг 20000 төгрөг, принтерийн залгуур 1 ширхэг хэрэглэж байсан 5000 төгрөг” гэжээ. /хх-ийн 46/

 

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “... Шувуутынхан овогт Магванжавын Батжаргал БНСУ-д танхайн хэргээр шийтгэгдсэн, /ХЗЯ-ны 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/2872 тоот/, мөн 2005 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан” гэжээ. /хх-ийн 66/

 

           - М.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа “Шувуутынхан овогт Магванжавын Батжаргал, регистрийн дугаар ЗЮ72010131...” гэжээ. /хх-ийн 77/

         

          - Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-81/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

            Шүүгдэгч М.Батжаргал нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 43 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Д.Гүнсэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, Асус маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг, зөөврийн компьютерийн цэнэглэгч залгавар 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, принтерийн залгавар 1 ширхэгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батжаргал “Д.Сүхбайдын гэрт нь очиж би бие засаад байж байтал 2 минутын дараа Д.Сүхбайды араас орж ирсэн. Тэгээд хоёр давхарт гарч модон орны гудсыг сөхөж үзээд мөнгө байхгүй байна, чи компьютер барьцаанд тавьж чадах уу гэж санал болгосон учраас би эд зүйлийг зарсан” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд “3-р дэлгэцийн 7-р камерт 14 цаг 58 минут 45 секунтэд цагаан цамцтай эрэгтэй хүн аймгийн Прокурорын газрын баруун талаар урагшаа явж байгаа бичлэг, бараан өнгийн хувцастай согтуу эрэгтэй хүн /Б.Сүхбайды/ 3-р дэлгэцийн 7-р камерт 3, 4-р байрны дундуур 15 цаг 00 минутад урагшаа явж байгаа бичлэг бичигдсэн, харин 15 цаг 12 минутад 3-р дэлгэцийн 5-р камерт Цоглог плазагийн баруун талын 2 давхар саарал өнгийн тоосгон байшингийн хойгуур захруу хар цүнх барьсан цагаан ноосон цамцтай эрэгтэй хүн /М.Батжаргал/ явж байгаа бичлэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанаас үзэхэд уг гэмт хэргийг үйлдсэн гэдэгт эргэлзээ төрж байна, учир нь энд бичигдсэн цаг хугацаанаас харахад шүүгдэгчийн мэдүүлэгийг үнэн гэж үзэхээр байна  гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

          

            Шүүдэгч М.Батжаргалын Д.Сүхбайдыг бос гэхэд “архи уух уу” гэж надаас асуухаар нь “мөнгө байхгүй” гэхэд “манай гэрт мөнгө байгаа” гэж хэлснийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, гэрчийн этгээдээр тус тус оролцож удаа дараа мэдүүлэг өгсөн Д.Гансүх, В.Ганзориг нарын мэдүүлэг болон гэрч Д.Сүхбайдын мэдүүлгээр гэрчлэгдээгүй, харин гэрч В.Ганзоригийн “...орцны гадаа нэг өвгөн хэвтэж байсан чинь М.Батжаргал гүйж очоод халааснаас нь юм авах шиг болоод хүрээд ирсэн. Би М.Батжаргалаас “юу юм бэ” гэж асуутал түлхүүр гэж хэлээд …урагшаа яваад өгсөн”, гэрч Б.Сүхбайдын “би гэрийнхээ гадаа хойд хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ авах гэтэл түлхүүр байхгүй байхаар нь хаалганыхаа бариулыг дарж үзтэл онгорхой байсан. Би эхнэрийг гэрт байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би гэртээ ороод 1 давхарын хойд өрөөнд /ажлын   өрөөнд/ баруун талын хананд байдаг орон дээрээ унтсан. Би хүнд гэрийнхээ түлхүүрийг өгдөггүй юм, … гэрийнхээ эд зүйлийг барьцаанд тавьж болон зарж уудаггүй, мөнгөө ч орны гудсан доороо хийдэггүй юм”, гэрч Д.Гансүхийн “Д.Сүхбайды гэдэг хүн хажуу талаараа хэвтэж байсан юм. М.Батжаргал тэр хүн дээр очоод бос гэж хэлээд татаад байсан чинь босоогүй. Тэгээд 5, 12-р байрны дундуур урагшаа жаахан явж байгаад буцаж 5-р байрны хойд талын буланд зогсож байсан В.Ганзориг дээр очиж, “ганц юм уумаар байна яаж уух вэ, мөнгө байна уу” гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгтэл М.Батжаргал гартаа хүрэн өнгийн түлхүүрийн сав барьж ирээд 5-р байрны зүүн хойд талын булангаар эргээд шууд урагшаа яваад өгсөн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.  

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Батсайханаас Асус маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг, зөөврийн компьютерийн цэнэглэгч залгавар 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, принтерийн залгавар 1 ширхэгийг  тус тус хураан  авч хохирогч Д.Гүнсэнд хүлээлгэн өгсөн /хх-12, 18/,  хохирогч Д.Гүнсэн “алдагдсан зүйлсээ бүрэн бүтэн олж авсан тул надад гомдол санал байхгүй” гэсэн /хх-158/ байх тул 657000 төгрөгийн хохирол төлөгдсөн  байна гэж  үзлээ.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы “М.Батжаргалаас 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 60000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан нь үнэн болно. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5465030756 дугаарын дансанд М.Батжаргалаас 60000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч М.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй тул мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч  М.Батжаргал  нь Дундговь  аймаг  дахь Сум дундын  шүүхийн  2005 оны 8 дугаар сарын 2-ны  өдрийн  85 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох  нь хэрэгт  авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож  байх ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батжаргал нь ялгүй болсон байна.

 

           Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.

 

           Шүүгдэгч М.Батжаргал нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          

            Шүүх дээрх нөхцөл байдал болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар замын хяналтын камерын бичлэг бүхий CD хураагдаж ирсэн байх тул уг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн сэжигтнээр тооцох тогтоолд /хх-55/ шүүгдэгчийн эцгийн нэрийг “Магмажав” гэж буруу бичсэн байх бөгөөд ийм зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй  байна.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299, 301, 303 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Шувуутынхан овгийн Магванжавын Батжаргалыг бусдын орон байранд

нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батжаргалд эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Батжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч М.Батжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ОДОНЧИМЭГ