Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 15

 

 

 

           

 

 

 

 

 

Х.Цэрэндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаар шийдвэртэй.

 

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК68041900, Цэрэн овогтой Халиухайгийн Цэрэндуламын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 1968 онд төрсөн, 50 настай, ам бүл 4. Би 1984 онд 8 дугаар ангиа төгсөж, эцэг эхийн хамт Цалуу багт илгээлтээр гарч, мал маллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт олдохгүй байгаа учир шүүхэд хандах болсон юм. Өндөрхангай сумын архивын 1974 оноос 1995 он хүртэл хугацааны баримт байхгүй байна. Иймд Цалуу багт 1984 оны 6 дугаар сараас 1990 он дуустал хугацаанд илгээлтээр мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас мэдсэн боловч одоо яг нүүдлийн цаг таарсан, нөхөртэйгээ хоёулахнаа хөдөө хэдэн малаа маллан амьдардаг, мөн бидний нүүж очсон газар сумын төвөөсөө хол, машин унаа явдаггүй. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цэрэн овогтой Халиухайгийн Цэрэндуламын 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “1984 оны 6 дугаар сараас 1986 оны 5 дугаар сарыг дуустал, 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Х.Цэрэндулам миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Миний бие нь анхан шатны шүүхэд 1984 оны 6 дугаар сараас 1990 оныг дуусталх хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 6 сараас 1986 оны 5 дугаар сарыг дуустал, 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу багт малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Би анх 1984 онд 8-р ангиа төгсөөд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу багт илгээлтээр малчин болсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл малаа малласаар байгаа. Энэ хугацаанд малчнаас өөр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Миний ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр хэрэгт нотлох баримтаар авагдсан ба уг дэвтэрт 1984-1989 оны хооронд бичилт хийгдсэн. Тухайн үед нэгдлийн эрх бүхий албан тушаалтнууд бичилт хийсэн ба миний зүгээс нөхөж бичсэн зүйл байхгүй, би өөрөө болон өөр хэн нэгэн хүн уг дэвтрийг засаж, нөхөж бичсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад 1984-1986 оны хоорондох бичилтийг тосон балаар сүүлд нөхөж бичсэн байгаа тул нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн надтай хамт ажиллаж байсан Б.Цэнд. Ш.Жавзансэнгэ нараас анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчүүд нь намайг 1984-1990 оны хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу багт малчнаар ажиллаж байсныг гэрчилж мэдүүлэг өгсөн, мөн тэдний мэдүүлгийн эх сурвалж болох нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад гэрч Б.Цэнд, Ш.Жавзансэнгэ нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүйг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харах боломжгүй байна.

 

Би 1984 оны 6 дугаар сараас Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1984 оны 12 дугаар сард Монголын хувьсгалт залуучуудын үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэн орж, тэр үеэс хойш 1986 оны 6 сарыг дуустал тасралтгүй гишүүний татвар төлж байсан. Тухайн үед төр засагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэн орж татвар төлдөг байсан. Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар өгсөн миний 382055 дугаар бүхий Монголын хувьсгалт залуучуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүнийг бат илэрхийлэх нь миний Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж цалин хөлс авч байсан, мөн авч байсан цалин хөлснөөсөө төрд татвар төлж байсныг нотлох баримт учраас миний ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт юм. Гэтэл уг нотлох баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйг харуулж байна.

 

Иймд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Цэрэндулам Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ-зам” нэгдлийн Цалуу бригадад 1984 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал малчнаар ажилласан хугацаагаа тогтоолгохоор гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх зарим хэсгийг нь үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосныг Х.Цэрэндулам эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Цэрэндулам нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ –зам” нэгдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд 10 дугаар анги төгсөж 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн уг нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан болох нь хэрэгт авагдсан ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 40 дугаар хуудсанд тухайн үед бичигдсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Х.Цэрэндуламын нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 06 дугаар сараас 1986 оны 05 дугаар сарыг дуустал ажилласан нь тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Харин Х.Цэрэндуламын “Шинэ-зам” нэгдэлд 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан нь нотлох баримтаар хэрэгт эх хувиараа авагдсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэгээгээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн энэ хэсгийг ханган шийдвэрлэлээ.

 

Давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул Х.Цэрэндуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Цэрэндуламын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Цэрэн овогт Халиухайгийн Цэрэндуламыг 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 4 жил 6 сар 7 хоног Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс “1984 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Х.Цэрэндуламын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, Х.Цэрэндуламд буцаан олгосугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                                           

Д.ЖАМБАЛСҮРЭН