Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 01219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1993 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, малчин, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух, РД93051825 дугаар регистртэй, Хар сээр овогт Эрдэнэсамбуугийн Ууганбаярын,

      Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, РЛ91100931 дугаар регистртэй, Хориг овогт Сүхбаатарын Лхагвадарьд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2019/01537/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Э.Ууганбаяр, хариуцагч С.Лхагвадарь нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд нөхөр С.Лхагвадарьтай танилцан үерхэж байгаад 2015 онд гэр бүл болж, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Азжаргал төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охин Л.Азжаргалыг миний нэрээр овоглож гэрчилгээ авсан бөгөөд өөрсдийн хүсэлтээр эцэг тогтоолгох бүртгэл хийлгэн, С.Лхагвадариар овоглож гэрчилгээ авсан. Эхний жилүүдэд аз жаргалтай сайхан амьдарч байсан боловч охин Л.Азжаргалыг хөгжлийн бэрхшээлтэй төрсөн болохыг мэдээд миний хүүхэд биш гэх болж, охин эмчилгээ хийлгэхээр эмчилгээний зардлыг гаргаж өгөхгүй, эмчилгээнд авч явахаар бусадтай харддаг байсан. Би хүүхдээ ганцаараа эмчилгээнд авч явдаг байсан бөгөөд 2019 онд эмчилгээнд авч явж чадаагүй. С.Лхагвадарь айлын эхнэртэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож намайг гомдоож байсан. Бид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд би одоо нэг хүнтэй түр хугацаанд хамт амьдарч байгаа. Шүүхээс биднийг эвлэрүүлэхээр өгсөн 2 сарын хугацаанд С.Лхагвадариас уучлалт гуйж, гэртээ очьё гэхэд хэрэггүй, эвлэрэх боломжгүй гэсэн. Би охиноо бодоод эвлэрэх хүсэлт тавьсан ч эвлэрч чадаагүй. Охин Л.Азжаргал маань хөгжлийн бэрхшээлтэй тул байнгын асаргаанд байдаг ба халамжийн сангаас асаргааны мөнгө авдаг.

Иймд гэрлэлтээ цуцлуулна, охин Л.Азжаргалыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авна, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч С.Лхагвадарь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд анх танилцан, эхэндээ уулзаж үерхэж байгаад сүүлдээ больсон. Гэтэл Э.Ууганбаяр хүүхэдтэй боллоо гэсэн учир эргэн харилцаа холбоотой болж, хүүхэд төрөөд 01 нас 01 сартай байхад хурим хийж нэг гэртээ орсон. Охиноо ээж Ууганбаяраар овоглосон байсан ч бид нэг гэртээ орсон учир өргөдөл гаргаж өөрийн нэрээр хүүхдээ овоглон бүртгүүлсэн. Би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд тус дүгнэлтээр миний хүүхэд мөн гэдэг нь тогтоогдсон. Бид 2019 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарсан ба Э.Ууганбаяр нь Мөрөн орж хүүхдээ үзүүлэх, цэцэрлэгт оруулна гэж яваад ирээгүй. Гэр бүлээс гадуур харилцаатай болж, одоо нэг хүнтэй хамт амьдарч байгаа болохоор дундуур нь орьё гэж бодоогүй. Тэгээд ч Э.Ууганбаяр дахиад яваад өгөх байх, итгэхгүй байна. Би охиныхоо эмчилгээг хийлгэхэд тусалж дэмжинэ. 2019 онд эмчилгээ хийлгээгүй.

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Л.Азжаргалыг эх Э.Ууганбаярын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ууганбаяр нь хариуцагч С.Лхагвадарьд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Э.Ууганбаяр, С.Лхагвадарь нар 2019 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, шүүхээс өгсөн эвлэрүүлэх 2 /хоёр/ сарын хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын  бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Монгол Улсын иргэн, РД: РЛ91100931, нөхрийн овог: Хориг, эцэг /эх/-ийн нэр: Сүхбаатар, нэр: Лхагвадарь, Монгол Улсын иргэн, РД: РД93051825 эхнэрийн овог: Хар сээр, эцэг /эх/-ийн нэр: Эрдэнэсамбуу, нэр: Ууганбаяр нарын анхны гэрлэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 6737000015-рт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй №115/005721 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Тэдний дундаас охин Л.Азжаргал 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрж, эх Э.Ууганбаяраар овоглон бүртгүүлсэн, С.Лхагвадарийн хүүхэд мөн болохыг тогтоосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын  бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Монгол улсын иргэн, РД: РЛ14271800, Хориг овгийн Лхагвадарийн Азжаргалыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эцэг /эх/-ийн өргөдлөөр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эцэг тогтоолтын 67300001-рт Сүхбаатарын Лхагвадарийг эцгээр тогтоосон бүртгэл байгаа” гэх бичилттэй 115/005722 дугаар эцэг тогтоосон тухай лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон “РД: РЛ14271800, Хориг овогт Лхагвадарийн Азжаргал, охин, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулагт төрснийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төрсний бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №69 бүртгэлийн дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “...Дүгнэлт: 1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D13S317, D5S818, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар С.Лхагвадарь нь Л.Азжаргалын биологийн эцэг байх боломжтой байна. 2. С.Лхагвадарь нь Л.Азжаргалын биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна” гэх бичилттэй №731 дугаар дүгнэлт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдлоо.

Охин Л.Азжаргал нь тархины саажил оноштой байнгын эмчилгээ, хяналтад байдаг болох нь эмч Д.Оюунгэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Лхагвадарийн Азжаргал, 5 нас, эмэгтэй, тархины саажил оноштойгоор байнгын эмчилгээ хяналтанд бойжиж байгаа болно” гэх бичилттэй эмчийн магадлагаа, Боловсрол нийгмийн хамгааллын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн Хөвсгөл аймаг дахь салбар комиссын “...Л.Азжаргал өвчний учир асаргаа АД-НМТ-ийг 24 сараар олгоё...” гэх бичилттэй эх хүүхдийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхэд бага насны, эхийн анхаарал, хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Азжаргалыг эх Э.Ууганбаярын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг С.Лхагвадариас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Охин Л.Азжаргалыг эх Э.Ууганбаярын асрамжид үлдээсэн нь эцэг С.Лхагвадарийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Л.Азжаргалтай эцэг С.Лхагвадарь хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Э.Ууганбаяр, С.Лхагвадарь нарын гэрлэлтийг цуцалж, охин Л.Азжаргалыг эх Э.Ууганбаярын асрамжид үлдээн, хариуцагч С.Лхагвадариас охин Л.Азжаргалд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Азжаргал 05 нас 11 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин Л.Азжаргалд сар бүр эцэг С.Лхагвадарь төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Л.Азжаргалд сар бүр төлөх нийт 103.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг, бүгд 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагвадариас улсын тэмдэгтийн хураамж бүгд 102.729 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дараахь нотлох баримтыг үнэлээгүй болно. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн болон эцэг тогтоосон тухай лавлагаануудын хүчинтэй хугацаа дуусч, тухайн хэрэгт ач холбогдолгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Хар сээр овогт Эрдэнэсамбуугийн Ууганбаяр, Хориг овогт Сүхбаатарын Лхагвадарь нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Азжаргалыг эх Э.Ууганбаярын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Азжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг С.Лхагвадариас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.Лхагвадарь, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Ууганбаяр нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагвадариас улсын тэмдэгтийн хураамж 102.729 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.Ууганбаярт олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА