Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 00965

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний судлаач, орчуулагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12-18 тоотод оршин суух, ЖЮ86070907 дугаар регистртэй, Хатагин овогт Эрхэмбаатарын Уянгын,

Хариуцагч: Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Хилийн 0257 дугаар ангид хилийн инженер техникийн байгууламж хариуцсан ахлах оффцер ажилтай, АЮ86080316 дугаар регистртэй, Чонууд овогт Рэгзэнжунайн Отгонбаатарт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2020/00849/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Э.Уянга, хариуцагч Р.Отгонбаатар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Отгонбаатар бид хоёр 2013 онд танилцан үерхэж байгаад 2014 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарсан. Бидний дундаас охин О.Лхагвадулам 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд амьдарч байх хугацаанд үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй байснаа, надад гар хүрэх болсон. Энэ байдлаас болж, 2018 оноос хойш буюу 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байна. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Бидний дундын хөрөнгө байсан хашаа байшинг би бусдад худалдсан тул Р.Отгонбаатарт ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцож, эхний 1 жил буюу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар охин О.Лхагвадуламд хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар ярилцаж тохиролцсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин О.Лхагвадуламыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Р.Отгонбаатараас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.

Хариуцагч Р.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Уянга бид хоёр 2014 онд гэр бүл болон хамт амьдарч, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин О.Лхагвадулам төрсөн. Хамт байх хугацаанд үзэл бодол таарахгүй, ажлын онцлогоос болж маргалдан, 2018 оноос  хойш тус тусдаа амьдарч байна. Одоо Э.Уянга нь хүүхэд төрүүлсэн тул эвлэрч, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо  ээжийнх нь асрамжид үлдээнэ. Бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болох хашаа байшинг Э.Уянга зарж борлуулсан тул үүнээс өөрт ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцож эхний 1 жилд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн охин О.Лхагвадуламд хүүхдийн тэтгэлэг төлөхөөр тохиролцсон. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Уянга нь хариуцагч Р.Отгонбаатараас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Э.Уянга, Р.Отгонбаатар нар 2018 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Нөхөр: Монгол улсын иргэн, аю68080316 дугаар регистртэй, Чонууд овогт Рэгзэнжунайн Отгонбаатар, эхнэр: Монгол улсын иргэн, жю86070907 дугаар регистртэй, Хатагин овогт Эрхэмбаатарын Уянга нарын анхны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 6758000016 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 115/004163 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин О.Лхагвадулам төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын  бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “РД: рс14272304, Р.Отгонбаатар, Э.Уянга нарын гэр бүлд 2014/07/23-нд төрүүлсэн Отгонбаатарын Лхагвадуламыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 6758000077 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 115/004162 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,  хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн нас, эхийн анхаарал, хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Лхагвадуламыг эх Э.Уянгын асрамжид  үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Р.Отгонбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин О.Лхагвадулам эх Э.Уянгын асрамжид үлдсэн нь эцэг Р.Отгонбаатарын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин О.Лхагвадуламтай эцэг Р.Отгонбаатар хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, охин О.Лхагвадуламд тэтгэлэг төлөх нэг жил буюу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээр хариуцагч Р.Отгонбаатар төлөхөөр  тохиролцсон болохыг тус тус дурьдлаа.

Иймд Э.Уянга, Р.Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалж, охин О.Лхагвадуламыг эх Э.Уянгын асрамжид үлдээн, хариуцагч Р.Отгонбаатараас охин О.Лхагвадуламд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Лхагвадулам 05 нас 09 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг О.Лхагвадуламд сар бүр эцэг Р.Отгонбаатар төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар О.Лхагвадуламд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хатагин овогт Эрхэмбаатарын Уянга, Чонууд овогт Рэгзэнжунайн Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Лхагвадуламыг эх Э.Уянгын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Лхагвадуламыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Р.Отгонбаатараас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, охин О.Лхагвадуламыг тэжээн тэтгэх тэтгэлгийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эцэг Р.Отгонбаатараас гаргуулахаар тохиролцсон болохыг тус тус тус дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Р.Отгонбаатар, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Уянга нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус  хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА