| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01270/И |
| Дугаар | 01270 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 01270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1997 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, РА97040103 дугаар регистртэй, Бэсүд овогт Нямдалайгийн Отгонбаярын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт оршин суух, эрэгтэй, РЕ89092392 дугаар регистртэй, Цагаан гэрт овогт Адъяасүрэнгийн Гэрэлчулуунд холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2020/01107/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Н.Отгонбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Гэрэлчулуунтай 2014 онд танилцан үерхэж байгаад 2016 онд охин Г.Анхилуун төрж, эцгээр нь овоглон бүртгүүлсэн. Бид гэр бүлээ батлуулах гэтэл А.Гэрэлчулууны ах, дүү нар дургүйцсэн, хэсэг хугацаанд хамт амьдрахад олсон орлогоороо архи ууж, намайг зодож, олон өдөр гадаа хонуулж байсан. А.Гэрэлчулуун тайлбартаа худлаа бичсэн байна. Манайхаас мотоцикль, хувцсаа аваад явсан. Бид цаашид эвлэрч, гэр бүл болж амьдрах боломжгүй тул охин Г.Анхилуунд хуульд зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч А.Гэрэлчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Би Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 2014 онд Алаг-Эрдэнэ суманд танилцаж байсан. Уулздаг болсон. Энэ хугацаанд бид хоёрын дундаас 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Г.Анхилуун төрсөн. Одоо 4 настай. Би өөрийн гэр, хадмын гэрийн хооронд ирэн очин байдаг. Ар гэрийн боломж муу учир тусдаа гарч чадаагүй байгаа. Манай гэрээс эгч, хоёр ах маань тус туургандаа гараад, намайг тусад нь гарах бололцоогүй байгаа учир хэсэгтээ хойшлуулъя гэсэн юм. Би олдсон ажлаа хийж мөнгө төгрөгөө дундаа хэрэглэдэг байсан, одоо ажил төрөлгүй байна. Бидний дунд тамхины мөнгөнөөс болж маргаан гарч, би хадмынд очиж чадахгүй байгаа. Намайг очвол дарамталж байна гэж хэлэх байх. Миний хувцас, мотоцикль хадмынд байгаа. Би сая хүүхдийн баяраар хүүхэддээ бэлэг замын унаагаар өгч явуулсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч охин Анхилуун миний нэрээр овоглож гэрчилгээ авсан. Миний хүүхэд мөн. Маргах зүйлгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Би буруу зүйл хийж гомдоосон бол Н.Отгонбаяраас уучлалт гуйж байна. Цаашид тусдаа гарч эхнэр хүүхэдтэйгээ амьдрах хүсэлтэй байдаг. Миний сэтгэлийг ойлгож, Н.Отгонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авна гэж итгэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь хариуцагч А.Гэрэлчулуунд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Отгонбаяр, хариуцагч А.Гэрэлчулуун нар 2014 оноос эхлэн үерхэж, хэсэг хугацаанд хамтран амьдарсан ба тэдний дундаас 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Г.Анхилуун төрж, эцэг А.Гэрэлчулуунаар овоглон бүртгүүлж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон “РД: РА16280924 дугаар регистртэй, Цагаан гэрт овогт Гэрэлчулууны Анхилуун, охин, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төрсний бүртгэлд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №6704000054 бүртгэлийн дугаартай, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Зохигч болох Н.Отгонбаяр, А.Гэрэлчулуун нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Г.Анхилуун гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг.
Хариуцагч А.Гэрэлчулуун шүүхэд “...Би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй...” гэх тайлбар гаргасан боловч ямар шалтгааны улмаас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг А.Гэрэлчулуунаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл А.Гэрэлчулуун үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулжээ.
Иймд эцэг А.Гэрэлчулуунаас хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Анхилууныг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Анхилуун 03 нас 09 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин Г.Анхилуунд сар бүр эцэг А.Гэрэлчулуун төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.Анхилуунд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч А.Гэрэлчулуунаас нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хариуцагч А.Гэрэлчулуун шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нэхэмжлэгч Н.Отгонбаяр түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Анхилууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Цагаан гэрт овогт Адъяасүрэнгийн Гэрэлчулуунаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Гэрэлчулуунаас улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА