| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0189/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/208 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/208
2023 11 21 2023/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Тд холбогдох эрүүгийн 2335000000190 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Гын Т /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаангом политехник коллежийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дотуур байрны цонхоор нэвтрэн орж насанд хүрээгүй хохирогч Б.Лгийн эзэмшлийн самсунг А51, Э.Аын эзэмшлийн самсунг 90 загварын гар утас болон Улаангом политехник коллежийн гал тогооны хөргөгчинд байсан мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 772.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Тыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1. Шүүгдэгч Г.Т нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаангом политехник коллежийн оюутны байрны цонхоор нэвтрэн орж насанд хүрээгүй хохирогч Б.Лгийн эзэмшлийн самсунг А51, Э.Аын эзэмшлийн самсунг 90 загварын гар утас болон Улаангом политехник коллежийн гал тогооны хөргөгчинд байсан мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь:
Хэргийн газарт 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-12 дахь тал),
Хяналтын камерын бичлэгт 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үзлэг' хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дахь тал),
2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А51 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-26 дахь тал),
2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А90 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
Насанд хүрээгүй хохирогч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны 22 цагийн үед Улаангом политехник коллежийн 213 тоотод өөрийн эзэмшлийн А90 загварын гар утсаар фэйсбүүк орж байгаад орой 00 цагийн үед амрахаар хэвтэж гар утсаа өөрийнхөө орны дээд талд цэнэглэж үлдээгээд амарсан юм. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар 08-ны өглөө 07 цагийн үед сэртэл миний цэнэглэж байсан А90 загварын гар утас болон өрөөнд хамт амьдардаг Лгийн А51 загварын гар утаснууд алга болсон байсан юм. Бид хоёр байрны жижүүрт мэдэгдэж ганц хоёр тасгуудаар явж хайсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Гар утсыг цагдаагийн алба хаагчаас хүлээж авлаа. Миний гар утас хэвийн ажиллагаатай байна. Мөн гар утсанд ямар нэгэн гэмтэл үүсээгүй байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Мөн надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40, 43 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч Б.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын, 08-ны өдрийн 02 цагийн орчимд би унтахдаа өөрийнхөө Самсунг А51 загварын, утсаа толгойныхоо хажууд тавиад унтаж амарсан. Тэгээд 07 цаг 20 минутын орчимд хүүхдүүдийн дугарах чимээгээр сэрээд утсаа авах гэтэл унтахдаа тавьсан газарт миний утас байхгүй байсан. Намайг утсаа хайж эхлэх үеэр найз Э.А бас утсаа хайсан бөгвөд тухайн үед найз Э.А бид хоёр утаснуудаа хулгайд алдсаныг мэдээд дотуур байрны багшид хэлчихээд улсын шалгалтаа өгөхөөр явсан. Бид нарыг шалгатаа өгөөд ирсний дараагаар дотуур байрны багш цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөрийн утсыг буцаагаад авчихбал нэхэмжлээд байх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд дотуур байрны багш С.Саас дуудлага ирсэн. Утасны дуудлагыг авахад 213 тоот өрөөнд байсан хүүхдүүдийн гар утас алдагдсан байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад коллежийн дотуур байр руу явсан. Тухайн үед 213 тоотод байсан Б.Л, Ц.Ц, Д, Э.А нартай уулзаж, ярилцахад 02 цагийн үед унтаж амарсан. Унтахдаа өөрсдийн өрөөгөө цоожилсон, харин блокон нь онгорхой байсан Б.Л, Э.А нарын утас алга болсон байна гэж хэлсэн. Бид камер шүүж үзэхэд 00 цаг 50 минутын орчимд хоёр эрэгтэй хүн дотуур байрны үүд хэсгээр эргэлдэж байгаа бичлэг харагдсан. Бичлэгт тухайн хоёр хүн ойролцоогоор 20 гаруй минутын хугацаанд дотуур байрны үүдэнд эргэлдэж байсан. Нэг нь дотуур байрны цонхоор орох шиг болсон. Харанхуй хэсэгт байсан болохоор яг аль нь орж байгаа нь сайн харагдахгүй байсан. Тэр хоёр хүний нэг нь эрээн цоохор өнгийн фудболка, нөгөө нь түрийтэй /бакал байж магадгүй/ гутал өмссөн байсан. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэний дараагаар дотуур байрны багш С.С цагдаагийн газрын 7045102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн бөгөөд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэх гэхэд хяналтын камер болохгүй байсан. Цагдаа нар явсаны дараа хяналтын камерын ажилтан Н.Б дотуур байран дээр хүрч ирээд хяналтын камерыг шалгачихаад “Хийсэн бичлэгүүд нь устсан байна. Бичлэг хийхгүй байна. Хард нь гэмтчихсэн байх шиг байна” гэсэн хариултыг надад өгсөн. Миний бие коллежийн захирал Д.Бын шийдвэрээр танай газарт шалгагдаж байгаа гомдолд байгууллагынхаа хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Коллежийн дотуур байрны хөргөгчинд байсан хонины хаа, ямааны цул мах хулгайлагдсан байна. Ойролцоогоор 10 кг ямааны цул мах байсан. Харин хонины хаа нь ойролцоогоор 4 кг жинтэй байсан. Уг махнуудыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүд хоолонд хэрэглэх гэж байсан юм. Тухайн үед манай Улаангом политехник коллежийн дотуур байрнаас гар утас хулгайд алга болсоны дараа би дотуур байрны хяналтын камер харахад хэвийн ажиллагаатай байсан бөгөөд манай дотуур байрны гадна талын хаалга буюу цонхны тус хэсэгт үл таних 1 эрэгтэй хүн зогсож байсан бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Ингээд би тухайн хяналтын камерын бичлэг харчихаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч шалгуулсан бөгөөд дуудлага мэдээлэл өгсний дараа цагдаагийн байгууллагаас алба хаагч нар ирж шалгаад тухайн хяналтын камерыг үзүүлэх гэтэл миний харсан хяналтын камер ажиллагаагүй болсон байсан. Чухам яагаад юунаас болж ажиллагаагүй болсон талаар мэдэхгүй. Тэгээд цагдаагийн байгууллага тухайн хяналтын камерт үзлэг хийж чадаагүй. Намайг цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс өмнө тухайн хяналтын камер харахад үл таних залуу хяналтын камерт ганцаараа бичигдсэн байсан бөгөөд тус залуугийн өмсөж байсан хувцасны өнгө нүүр царай харагдаагүй. Хяналтын камер нь тухайн үед цагаан саарал өнгийн ямар ч байсан эрэгтэй хүн байна гэдгийг ялгаж харж байсан тул царай зүс тодорхой харагдахгүй байсан. Тухайн үед миний хажууд дотуур байрны жижүүр С байсан бөгөөд тус хяналтын камер харсан үгүйг нь мэдэхгүй би ганцаараа хараад сууж байсан юм. Өөрөөр тухайн бичлэгийг харсан үзсэн хүн байхгүй. Тухайн үед хяналтын камер үзэхэд бүрсгэр бас цагаан саарал өнгийн тодорхой бус байсан бөгөөд би тухайн үед 2 хүн холбогдон шалгагдаж байгаа гэх талаар сонсоод 2 хүн байсан юм байх гэж бодоод 2 хүн гээд мэдүүлэг өгсөн. Сүүлд бодоод байхад үл таних эрэгтэй 1 хүн харагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 221 дэх тал),
Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “213 тоот өрөөнөөс Аын А90 загварын гар утас болон манай өрөөнд хамт амьдардаг Лгийн эзэмшлийн А51 загварын гар утас мөн манай дотуур байрны гал тогооноос хонины нэг хаа, ямааны ууц алга болсон талаар өглөө манай тогооч Мягмарсүрэн надад хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э.А унтаж амрахаасаа өмнө шар өнгийн модон хайрцган дээр гар утсаа тавьчихаад унтсан. Харин Л өөрийн орны дээд талд дэр нь дээрээ га'р утсаа тавьж унтаж амарсан. Өглөө бид нар 6 цагийн орчимд сэрэхэд Л, А нарын гар утас алга болсон байсан. Тэгээд дотуур байрны жижүүрт хандаж цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),
Насанд хүрээгүй гэрч С.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн орчимд өөрийн өрөөний хаалгыг цоожилсон. Хаалга цоожилсноос хойш ямар нэгэн хүн өрөөнөөс гарч, мөн ороогүй. Намайг унтах үед хаалга цоожтой байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн орчимд унтсан. Намайг унтах хүртэл хугацаанд ямар нэгэн хүн гаднаас орж ирээгүй. Би хаалга цохих чимээгээр сэрэхэд хаалга цоожтой байсан ба хаалганы цоожийг би онгойлгосон. Тухайн үед 07 цаг болж байсан гэж би бодож"байна. Тэгэхээр 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагаас 07 цаг 30 минутын хооронд гаднаас манай өрөөнд хаалгаар ямар нэгэн хүн ороогүй гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэр рүү явж байх замд “Та энэ утсыг хадгалж бай” гэж хэлээд Г.Т надад андройд загварын утас өгөхөөр нь машины дунд талын хайрцаг руу хийсэн. Тухайн үед би Г.Таас Чи энэ гар утсыг хаанаас авсан юм бэ?" гэж асуухад “Их наядаас гарч яваад нэгийг нь олж авсан. Баарнаас гараад талбай дээр явж байгаад нөгөө утсыг олж авсан" гэж хэлсэн. Тэр үед би өөр юм асуугаагүй. Гэрт ороод хоол, цайгаа уучхаад яаг унтах гээд байж байтал буюу ойролцоогоор 23 цаг 30 минутын орчимд манай хашаанд цагдаа нар хүрч ирээд Г.Ттай уулзсан. Удалгүй цагдаагийн алба хаагч “Асуух зүйл байна. Та цагдаагийн газар дээр яваад очих боломж байна уу?” гэж асуухаар нь би зөвшөөрөөд цагдаагийн газар руу явсан. Г.Тын надад хадгалуулахаар өгсөн андройд гар утас нь гэмт хэргийн замаар алдагдсан байсныг би мэдээгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
Гэрч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 16 цаг үйлчилгээний машинаар аймгийн төв рүү эмнэлэгт хэвтэхээр Г.Ттай хамт орж ирсэн. Маргааш нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд цай авчирч өгөхдөө “Та энэ утсыг түр хадгалж бай” гэж хэлэхээр нь би тэр утсыг авч хадгалсан. Тухайн шөнө нь цагдаа нар ирж хурааж авсан. Гэмт хэргийн замаар авсан утас байсныг би мэдээгүй тухайн өдрөөс хойш миний хүргэн Г.Т надтай огт уулзаагүй Цагаанхайрхан суманд байгаа гэж манай охин хэлсэн. Г.Т надаас санаа зовоод ичээд уулзахгүй байгаа юм шиг байна. Г.Т хар өнгийн гар утас авч ирж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),
Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын эхээр чухам яг хэдний өдөр гэх талаар санахгүй, мэдэхгүй байна. Манай Улаангом политехник коллежийн дотуур байрны багш Н над руу залгаад ирээд энэ хяналтын камер хараад шүүгээд өгөөч дотуур байрнаас гар утас хулгайд алдагдаад би цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Ингээд би тухайн үед яваад очиход дотуур байрны багш Н байсан бөгөөд манай сургуулийн дотуур байр 5 хяналтын камертай ертөнцийн зүгээр хойд зүгт харсан хаалга, урд зүгт харсан хаалга 1,2,3 давхарын коридор зэрэг зүйлс харагддаг. Ингээд тухайн 5 хяналтын камерын 2 хяналтын камер ажиллахгүй байсан бөгөөд тухайн 2 хяналтын камерын цахилгаан тэжээлийн блок нь эвдэрчихсэн байсан тул ямар нэгэн дүрс бичлэг байхгүй ажиллахгүй байсан. Тухайн ажиллаж байсан хяналтын камерт нь дотор сургуулийн хоосон коридор харагдаж байсан. Ингээд хяналтын камер ажиллахгүй байна гээд үзэжчадаагүй орхисон. Би ямар нэгэн хяналтын камер бичлэгхараагүй учир тухайн хэргийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 223 дахь тал),
Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Улаангом коллежийн дотуур байран дээр очиж С.С, Г.Н нартай уулзаж яагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгснийг тодруулахад “Дотуур байранд амьдардаг хоёр хүүхдийн 2 гар утас, хүүхдүүдэд хоол хийж өгөхөөр бэлтгэж тавьсан мах хулгайлагдсан байна. Бид камер шүүж үзэхэд 2 эрэгтэй хүн дотуур байрны хаалганы урдуур эргэлдэж байгаа бичлэг харагдсан. Мөн тэр хоёр хүн ойролцоогоор 20 гаруй минутын хугацаанд дотуур байрны үүдэнд эргэлдэж байсан. Тэр хоёр хүний 1 нь эрээн цоохор өнгийн фудболка, нөгөө нь түрийтэй гутал өмссөн байсан” гэжтайлбарлаж хэлсэн. Уг хүмүүстэй уулзсаны дараа хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэх гэхэд бичлэг байхгүй байсан ба Г.Нд хандаж “Энэ камерт бичлэг байхгүй байна. Бичлэгээ хэд хоног хадгалдаг” талаар асуухад “Би сайн мэдэхгүй байна. Камерын ажилтан Быг дуудаж үзүүлчихээд буцаад хариу өгье” гэж хэлсэн. Дотуур байрны багш нартай уулзалт хийсний дараагаар хэрэг гарсан газрын ойр орчмын байгууллагуудын хяналтын камеруудыг шүүж үзэхэд “Голд паб” гэсэн нэртэй газрын гаднах хяналтын камер тусгалд Улаангом коллежийн дотуур байрны хаалга, цонх харагдаж байсан тул үзлэг хийсэн. Харанхуй бүдэг орчин байсан болохоор зарим үйл хөдлөл тодорхой сайн харагдахгүй байсан. Тухайн өдөр дотуур байрны багш Г.Н миний утас руу холбогдож “Манай камерын ажилтан Б ирж камер үзлээ бичлэг нь устсан байна гэж хэллээ. Манай камерын хард нь гэмтчихсэн байгаа юм шиг байна” гэж хэлж байсан. Энэ тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нас мэдүүлэг авахдаа мэдүүлэг дээр тусгаж өгсөн” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 224 дэх тал),
Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Т.Шын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал),
Шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би дотуур байрны цонхоор орж байх үед Г гэртээ харихаар явчихсан байсан. Намайг дотуур байрны цонхоор орж байгааг харж үзсэн хүн байхгүй. Гт би маргааш нь хэлсэн. Маргааш нь Г унтаж босож ирээд энэ гар утас махыг хаанаас авсан талаар надаас асуусан. Тэгэхэд би коллежийн дотуур байр руу орсон юм. Тэгэхдээ энэ мах, утасыг хулгайлчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Тухайн өдөр цагдаагаас дуудаад бид цагдаа дээр ирж уулзаад гар утас маын буцааж өгөхөөр ирэхэд махыг нь нохой зуугаад аваад явчихсан байсан тэгээд би гар утсыг өгсөн юм. Би тухайн хулгайлсан самсунг загварын 2 гар утсаа ашиглахгүйгээр буцааж өгсөн. Махны төлбөр төлж барагдуулаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл юм.
Улаангом политехник коллежийн оюутны байр нь оюутнууд байнга амьдрах зориулалттай уг зориулалтын дагуу ашиглагдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Л, Э.А нар амьдарч байсан тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаангом политехник коллежийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дотуур байрны цонхоор нэвтрэн орж насанд хүрээгүй хохирогч Б.Лгийн эзэмшлийн самсунг А51, Э.Аын эзэмшлийн самсунг 90 загварын гар утас болон Улаангом политехник коллежийн гал тогооны хөргөгчинд байсан мах зэргийг тус тус авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж материаллаг шинжийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгож гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлжээ.
“Увс финанс Аудит” ХХК-ийн шинжээч Я.Нгийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 06 дугаар сарын байдлаар алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 649,300 /зургаан зуун дөчин есөн мянга гурван зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 94 дэх тал), 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хохирлын тооцоо (хавтаст хэргийн 95 дахь тал)-оор шүүгдэгч Г.Тын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Ад 328.000 төгрөг, Б.Лд 300.300 төгрөг Улаангом политехник коллежид 144.000 төгрөгийн хохирол, 772.300 төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд Энэ хуульд заасан “орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаангом политехник коллежийн оюутны дотуур байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.
Иймд шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолоор Ц.Гт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон тул прокурорын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гар утсыг цагдаагийн алба хаагчаас хүлээж авлаа. Миний гар утас хэвийн ажиллагаатай байна. Мөн гар утсанд ямар нэгэн гэмтэл үүсээгүй байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Мөн надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), Насанд хүрээгүй хохирогч Б.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өөрийн утсыг буцаагаад авчихбал нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал), 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А51 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-26 дахь тал)-үүдээр насанд хүрээгүй хохирогч Э.А, Б.Лнарт гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т 2023 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаангом политехник коллежийн гал тогооны хөргөгчинд байсан махыг хулгайлсан үйлдлийн улмаас Увс аймгийн Улаангом политехник коллежид 144.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч 144.000 төгрөгийн хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Увс аймгийн Улаангом политехник коллежийн 144.000 төгрөгийн махны үнэ хохирол барагдуулсан гэх утгатай Увс аймгийн Улаангом политехник коллежийн нягтлангийн гарын үсэгтэй бэлэн мөнгөний орлогын 1 /нэг/ ширхэг баримтыг шинээр гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгч Г.Таас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 167 дахь тал)-аар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Т.Бын өгсөн: “Г.Т нь урьд өмнө ял шийтгэлэдлэж байсан талаар сонсож байгаагүй, нийтэч төлөв даруухан, хүн чанар сайтай, сайхан сэтгэлтэй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, тусч найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байхгүй, эрүүл саруул хар бор ажил сайн хийдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал) хавтас хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Тд 1 /нэг/ жил 7 /долоо/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Г.Тын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/384 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон 1 /нэг / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заажээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/380 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг гүйцэтгэж 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Өндөрхангай сумаас Улаангом сум руу 290 км, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаангом сумаас Өндөрхангай сум руу 290 км нийт 580 км 163.750 төгрөгийн бензин хийсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ШТМ-ын зарлагын 2 ширхэг падааныг тус тус шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөнг үнэлээд шүүгдэгч Г.Тын хувьд ногдох хөрөнгөөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 163.750 төгрөг гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ирүүлсэн Б овогт Гын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Тд 1 /нэг/ жил 7 /долоо/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Тын энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын хувьд ногдох хөрөнгөөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 163.750 төгрөг гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ