| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2026/0178/З |
| Дугаар | 221/МА2026/0222 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0222
| 2026 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2026/0222 | Улаанбаатар хот |
Б.Хын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Гомдлын шаардлага: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0103757 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Гомдол гаргагч: Б.Х,
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0207 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Ч,
Хариуцагч улсын ахлах байцаагч Д.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц,
Хэргийн индекс: 128/2026/0178/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0207 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Хаас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1 ... Хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлээ нотлоогүй. Гомдол гаргагч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Монгол Улсад “И” ХХК-ийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох ЕNGN брэндийн бүтээгдэхүүний зарыг байршуулсан. Гэтэл бүртгэлтэй, бүртгэлгүй талаар ямар ч баримт цуглуулаагүй атлаа “бүртгэлгүй бүтээгдэхүүн борлуулсан” гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
3.2 Хариуцагчийн зөрчлийн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсаныг шүүхийн шийдвэрт “И” ХХК нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч албан ёсны газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Монгол Улсын хууль журамд заасан шаардлагыг биелүүлж бүртгэл хийлгэсэн гэж дүгнэсэн нь буруу.
3.3 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу 2025 оны 6 дугаар сарын 30, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7-д заасныг зөрчсөн. Мөн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэл нь Б.Хын гарын үсэг байхгүй, Б.Х байлцаагүй байхад мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн нь мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
3.4 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй буюу хуульд заасан журмын дагуу явагдаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд үндэслэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасанд нийцээгүй. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрт өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүдийг хийсэн.
3.5 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Б.Хыг “эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдсан” гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчил үйлдэж олсон орлого гэх 3,037,000 /гурван сая гучин долоон мянга/ төгрөгийг хурааж шийдвэрлэсэн.
4. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргаж,
гомдлын шаардлагын үндэслэлээ “...эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сарын хугацаанд худалдсан, энэ хугацаанд Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгэх журам батлагдаагүй байхад буюу Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/206 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгэх журамд үндэслэсэн нь дараа батлагдсан зохицуулалтыг өмнө болсон үйлдэлд хэрэглэж, шийтгэл ногдуулсан” гэх зэрэг агуулгаар тайлбарласан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” хэмээн,
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ”, 41.3-д “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлнэ”, 41.6-д “Энэ хуулийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина”, 41.12-д “Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, түүнтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү бүртгэгдсэн бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудаст байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавихаар, цахим хуудаст бүртгэлтэй нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулахыг хуулиар хориглоогүй байна.
7. Тухайн тохиолдолд хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гомдол гаргагчийн “бүртгэлгүйгээр” худалдан борлуулсан гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг “И” ХХК бүртгүүлсэн. Гомдол гаргагч нь тухайн бүрээгдэхүүнийг эрх бүхий этгээдээс худалдан авч, борлуулсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч хариуцагч улсын байцаагчаас зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үйл баримтыг тодруулаагүй.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүрээнд тухайн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй атлаа “...Б.Х нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч албан ёсны хуулийн этгээдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд анхнаасаа хувийн хэрэглээний зориулалтаар авсан байна” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
8. Мөн, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчид 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан ч гомдол гаргагч 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийтгэлийн хуудсыг хүлээн авсан, шүүхэд гомдол гаргасан хэмээн тайлбарлаж байгаа үйл баримтыг шүүх тодруулалгүй, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, холбогдох баримтад гарын үсэг зурж баталгаажуулах, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, баримтжуулах, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийгээгүй зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА