Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2021/0039

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Б.Цын нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ний өдрийн А/645 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийн гэрээг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Л.Төмөрчөдөр нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч иргэн Б.Ц, нөгөө талаас хариуцагч С сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг удирдлага болгон талуудын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгөөр байгуулав.

1.2 Нэхэмжлэгч иргэн Б.Цаас С сумын Засаг даргад холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/645 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг талууд эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

1.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Хоёр. Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг

2.1 Хариуцагч С сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 сарын 20-ний өдрийн А/645 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгон, газар эзэмших эрхийг сэргээж, зориулалтын дагуу үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулах гэрчилгээ олгохоор харилцан тохиролцож, эвлэрэв.

2.2 Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө жил бүр хугацаанд нь төлж, газрыг зориулалтын дагуу эзэмших, хуульд заасан бусад үүргээ хэрэгжүүлж ажиллах бөгөөд дахин зөрчил үүсгэхгүй байх.

2.3 Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээг жил бүр дүгнэж байх

Гурав. Бусад

3.1 Талууд гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд үлдээнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Цын нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заажээ.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй нь тогтоогдож байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Цын нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ний өдрийн А/645 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч С сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 сарын 20-ний өдрийн А/645 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгон, газар эзэмших эрхийг сэргээж, зориулалтын дагуу үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулах гэрчилгээ олгохоор харилцан тохиролцож эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР