Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0765

 

Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын хэргийг  хэрэгсэхгүй болгосон магадлалын тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, гомдол гаргагч Г.Янсанжав нарыг оролцуулан, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг эс зөвшөөрч иргэн Г.Янсанжавын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Г.Янсанжавын гомдолтой, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоожид холбогдох сахилгын хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалаар: “Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоожид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Иргэн Г.Янсанжав давж заалдах гомдолдоо: “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 911 дүгээр тогтоолоор хэрэг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, мөн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргалаа. Үүнд:

1. Миний гомдлыг тогтоолд бичсэн Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүх хуралдаанд уншиж танилцуулаагүй. Камерын бичлэгт шүүгч нь ч харагдахгүй, миний ярьсан зүйл ч байхгүй болгосон байна лээ. Камерын бичлэг бүгдийг шийднэ гэж 2 удаа хуралдаж ярьсан. Эцэст нь А.Доржготов шүүгч хуралд ирж “чи надаас татгалз” гэх мэтээр дарамталсан. Тэр л камерт байгаа байх гэж бодож байна. Ц.Амарсайхан ахлагчтай шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанд гаргасан гомдлыг танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн.

2. Анх миний боловсруулсан Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 2-т “өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох”-ыг Төвбанк /Монголбанк/-ны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглосон заалт байдаг.

Гэтэл Төвбанк /Монголбанк/-ны Хяналт шалгалтын газрын захирал Д.Энхжаргал нь 1995 онд дампууруулсан “Зам банк”-ны Төвбанк /Монголбанк/ дахь дансанд байсан мөнгийг “Зам сан” гэж нэрлэж, “Тээвэр хөгжлийн банк” гэсэн зөвшөөрөл авч, захирлаар нь эцэг, тэтгэврийн өвгөн н.Данзанбалжирыг, Төвбанк /Монголбанк/-ны ерөнхийлөгчийн 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тушаалаар зөвшөөрч, Д.Энхжаргал /охин нь/ хяналт тавих үүргийг тушаалаар авсан байдаг. Ингэж Төвбанк /Монгол/-ны газрын дарга Д.Энхжаргал эцэг н.Данзанбалжирт давуу байдал олгож, хувьдаа банктай болсон.

Үүнийг Төвбанк /Монгол/-ны архивын баримтыг “Банк-90” дэд дэвтэрт илчилснийг хэрэгт нь байгаатай танилцана уу гэж хүсч байна.

Шүүх бүрэлдэхүүн хэрэг шийдвэрлэхдээ Төвбанк /Монгол/-ны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 2-т заасныг харгалзан үзээгүй учир хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, Ц.Амарсайхан, ахлагчтай Г.Цагаанцоож нарын /бусад шүүгч нарын нэрийг мэдэхгүй, тогтоолд нэр бичээгүй тул/ бүрэлдэхүүнтэй шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулж, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний гомдлыг хүлээн авч, хэрэгтэй танилцаж, шударгаар, хууль зүйн үндэслэлийн дагуу хэргийг шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн ёс зүйн хорооны магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

“Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн “Тээвэр хөгжлийн банкны нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээг тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцааж, залруулга хийхийг Г.Янсанжавт даалгах, гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/06060 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, улмаар шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1722 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 246 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ/2015/03274 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1132 дугаар магадлалтай, иргэн Д.Энхжаргалын “Өөрийн эцэг Ц.Данзанбалжирын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн үүсгэн байгуулагчдаас уучлал хүсүүлэх, гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 246 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргүүдийг хяналтын журмаар шүүгч Г.Цагаанцоож илтгэн хянан хэлэлцүүлсэн нь хяналтын шатны шүүх хуралдааны дүрс бичлэгээр тогтоогдсон тул гомдол гаргагч Г.Янсанжавын “Ц.Амарсайхан ахлагчтай шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанд гаргасан гомдлыг танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Г.Янсанжавын гомдолд дурдсан зарим асуудал нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 /Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ/-д заасанд хамаарахгүй бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргүүдийг илтгэж хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулж, шүүгч Г.Цагаанцоожийг шүүгчийн ёс зүйн зөрчил үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд Шүүхийн ёс зүйн хорооны шүүгч Г.Цагаанцоожид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, иргэн Г.Янсанжавын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР