Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 360

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Д.Ч, хариуцагч Р.Д, Х.П нарыг оролцуулан хийж, К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П  нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0475 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын тогтоосон 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0475 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Д.Ч-ын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шийдвэр, магадлал нь хууль бус болсон тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Бид гомдлоо 4-н үндэслэлээр гаргасан.

Нэгдүгээрт: Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 тоот актад манай компанийг 2010 онд 8899,3 мянган төгрөг, 2011 онд мянган төгрөг нийт 25067,9 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэж акт тавьсныг анхан шатны шүүх зөв байна хэмээн үзэж, энэ зөрчил нь “тус компанийн 2010 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж илт худлаа тайлбарлаж хууль зөрчсөн. Орлого нуусан гэх 25067,9 мянган төгрөг нь илт үндэслэлгүй ба энэ нь ямар газраас хэзээ орж ирсэн гэдэг нь ойлгомжгүй, дээрх тайлангуудад ч харагдахгүй дүн юм. Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 тоот актад ч энэ талаар тодорхой заагаагүй, хяналт шалгалтыг хэлбэрийн төдий явуулсан нь үүгээр харагдаж байна. Мөн шүүх шийдвэртээ зөрчил тус бүрд үнэлэлт дүгнэлт өглөө гэсэн атлаа 2011 оны алдагдлыг 16168,6 мянган төгрөгөөр бууруулсан актад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна. Алдагдал бууруулна гэдэг чинь манай компанид энэ хэмжээгээр хохирол учирч байгааг шүүх ойлгосонгүй.

Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч “К” ХХК нь 2010, 2011 онд олсон 25067,9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, “К” ХХК-ийн 2010, 2011 оны санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, зэргээр тогтоогджээ... гэж мөн илт үндэслэлгүй дүгнэлт өгсөн. Дээрх орлогыг хэзээ яаж нуусан нь тодорхой бус байхад шүүх үүнийг санхүүгийн тайлангаас яаж гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна.

Гуравдугаарт: Манай компанийг нэр бүхий компаниудаас хуурамч мянган төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвараас 203411,8 мянган төгрөгийн хасалт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Манай компани бодит худалдан авалт хийсэн ба дээрх компаниудын падааныг татварын сайтад шивэхэд хүлээн авч байсан тул бид хууль бус гэдгийг мэдээгүй. Үүнийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж үзээд манай компанийг буруугүй болохыг тогтоосон. Шүүхээс анхан шатны баримтыг бүрдүүлээгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь анхан шатны баримтгүй бол тайлан автоматаар хүлээн авдаггүй. Гэтэл тайлан хүлээн авсан байхад шүүх энэ тал дээр үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Дөрөвдүгээрт: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.“Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”; 30.1.1.татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар “К” ХХК-д хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг зөрчиж татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 тоот актын эхлэл хэсэгт “...албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 албан тоотын дагуу...” гэж хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн нь харагдаж байдаг. Энэхүү хууль бус үйлдлээ нуухын тулд дахин хууль бус үйлдэл гаргаж, хуурамч удирдамж буюу “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ыг архивын баримтад нөхөж хийсэн. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн... явцад хариуцагч удирдамжийг нөхөж хийсэн талаараа мэдүүлсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг шүүх хэрэгжүүлсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийг шүүх хэрэглэх байсан. Уг тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.1.8-д “Татвар төлөгчдийг татварын гэнэтийн, хэсэгчилсэн, нийтийг хамарсан болон тусгай удирдамжаар хийх хяналт шалгалтад хамруулах, түүнд зарцуулах хугацаа зэргийг тухайн хяналт шалгалтын онцлог, гүйцэтгэх ажлын хэмжээ, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчдын тоог харгалзан Татварын албаны даргын баталсан удирдамжаар тогтооно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар удирдамжаа батлуулах байжээ.

Татварын албаны дарга гэдэг нь дүүргийн татварын хэлтсийн даргыг ойлгоно. Дүрмийн 2.3.5.6-д “Хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр, албан тушаалаа хэлж, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, «Татварын хяналт шалгалт хийх томилолт», «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», тусгай удирдамжаа үзүүлэн хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлана” гэж заасан байтал татварын улсын байцаагч нар удирдамж ерөөсөө үзүүлээгүй ба харин шүүхийн шатанд томилолтоо гарган өгсөн. Дүрмийн 2.3.6.а-д “Хяналт шалгалтын удирдамжийг үндэслэн хийх ажлын жагсаалт гаргаж, удирдамж, томилолтод заасан хугацаанд багтаан хянан шалгах дарааллыг тогтооно” гэж зааснаас үзэхэд удирдамж дээр хугацаа, хийх ажлын жагсаалтыг заахаар зохицуулсан. Эдгээрээс үзэхэд хуурамч хүчин төгөлдөр бус удирдамж хийсэн нь тогтоогдож байгаа ба нөхөж хийсэн ул мөр нь шүүхээс үзлэг хийх явцад илэрхий болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаар татварын улсын байцаагчийн акт гаргах эрх зүйн гол үндэслэлийн нэг бол удирдамж бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй удирдамжийн үндсэн дээр гарсан акт бүхэлдээ илт хууль бус юм.

Ийнхүү 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 1, 2 дахь үндэслэлд тайлбар өгсөнгүй, хэргийг гомдлын хүрээнд шийдвэрлэж чадаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь заалтыг зөрчсөн. 3 дахь үндэслэлийг хянаад өгсөн магадлалын тайлбартаа ...бараа материал худалдан авсан мэтээр тус компаниудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасч, аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2010 онд 8899,3 мянган төгрөг, 2011 онд 16168,8 мянган төгрөг, нийт 25067,9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэсэн зөрчил тогтоон, шалгалтаар илэрсэн 1478434,4 мянган төгрөгийн зөрчилд 146226,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44369,3 мянган төгрөгийн торгууль, 17982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү, нийт 208583,8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ... гэж утга агуулгын илэрхий алдаатай тайлбар өгсөн. Энэ гомдолд дурдсан 1 болон 3 дахь үндэслэлийг хольж хутган тайлбарласан байна.

Магадлалын Хянавал хэсэгт нэхэмжлэгч бодитой худалдан авалт хийсэн гэх боловч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Магадлалд дурдсан төлбөрийн нэхэмжлэл, худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебит, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэр мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байх тул гэжээ. Эдгээр баримтууд нь бүгд архивын баримтад байгаа ба мөрдөн шалгах явцад энэхүү баримтуудыг цагдаагийн байгууллагад өгсөн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 4 дэх үндэслэлд өгсөн тайлбартаа ...хариуцагчаас Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамжийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэн байна гэж илт хууль зөрчин тайлбарласан. Нотлох баримтыг яаж хууль бусаар нөхөж хийсэн талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой мэдэгдэж байгаа. Нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлбэл нотлох баримт хичнээн чухал боловч нотлох чадвараа алдана гэж заасан. Мөн тусгай удирдамж авах эрх зүйн зохицуулалттай байхад энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийн аль аль шатны шүүх шийдвэрлэсэн. Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “К” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д,Х.П нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Тус компани барилга барих үйл ажиллагаа явуулж арматурын төмөр худалдан авч, худалдан авалт бүрийг тайлагнасан. Нийлүүлэгч компанийн өгсөн НӨАТ-ын падаан хуурамч болох нь мэдэгдээгүй, тэдний үйлдлээс болж манай компанид акт тавих үндэсгүй. ...татварын байцаагчид удирдамж, томилолтгүй татварын шалгалт явуулж хууль зөрчсөн” гэж маргасан байна. 

Татварын улсын байцаагч нар нь “К” ХХК-ийн 2010-2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар, борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татвар тайланд тусгаж, татвар ногдуулан төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн, нийт 1,478,434.4 мянган төгрөгийн зөрчилд 146,226.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44,369.4 мянган төгрөгийн торгууль, 17,982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү ногдуулж, нийт 208,583.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч, актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх актаар тогтоосон зөрчил бүрт холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Тус актаар “К” ХХК-ийг 2010 онд 8,899.3 мянган төгрөг, 2011 онд 16,168.6 мянган төгрөг, нийт 25,067.9 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж татвар ногдуулан төлөөгүй, мөн уг борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн, нөхөн татвар, хүү, алданги, торгууль ногдуулжээ. 

Нэхэмжлэгчээс “орлого нуусан гэх 25,067.9 мянган төгрөг нь огт үндэслэлгүй, хаанаас орж ирсэн орлого нь тодорхойгүй, актад үндэслэлийг тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүхээс санхүүгийн 2010 оны 4 дүгээр улирлын тайлан, ААНОАТ-ын тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж илт худлаа тайлбарлаж хууль зөрчсөн; ...2011 оны алдагдлыг 16,168.6 мянган төгрөгөөр бууруулсан актад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан” гэсэн хяналтын гомдол нь үндэстэй байна.

Тодруулбал, “татвар ногдох орлого нуусан” гэх зөрчлийн тухайд, хариуцагч нараас шүүх хуралдаанд “энэ нь тус компанийн түрээсийн орлого, түрээсийн орлогыг дутуу тайлагнасан, 2011 оны алдагдлыг 16,168.6 мянган төгрөгөөр бууруулсанд акт тавьсан” гэж тайлбарласан. Гэвч анхан шатны шүүх уг зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнээгүй, тухайлбал, тус компани 2010, 2011 онуудад борлуулалтын /түрээсийн/ ямар орлого нуусан, эдгээр нь ямар нотлох баримтад үндэслэсэн, 2011 оны алдагдлыг 16,168.6 мянган төгрөгөөр бууруулсан зөрчил бодитой эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн санхүүгийн улирлын тайлан, ААНОАТ-ын тайлан зэргээр тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй тул актаар тогтоосон уг зөрчил бодитой эсэхэд хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн, тус татварын актаар “К” ХХК нь нэр бүхий 4 компанийн хий бичилттэй НӨАТ-ын 18 ширхэг падааныг ашиглаж, 2010 онд 335,375.6 мянган төгрөгийн, 2011 онд 1,092,923.0 мянган төгрөгийн, нийт 1,428,298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авалт хийсэн гэж тайлагнан, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн 2010, 2011 оны тайланд тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэн.

Актын энэ зөрчилтэй холбоотой НӨАТ-ын падаан, кассын орлогын болон зарлагын баримт зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч шүүх хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан, судлагдахуйц баримтыг хэрэгт цуглуулаагүй, эдгээр баримтуудын зарим нь огт уншигдахгүй, юуг нотлох баримт болох нь тодорхойгүй байгаад анхаарвал зохино.

Мөн  шүүх  татварын  улсын  байцаагчид  хяналт  шалгалтыг  явуулахдаа удирдамжийн дагуу явуулсан эсэх, нэхэмжлэгч нь актаар тогтоогдсон төлбөрөөс хэдэн төгрөгийн төлбөрийг төлсөн зэргийг шалгаж тогтоох, учир нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхээс хийсэн үзлэгээр удирдамжийг нөхөж хийсэн гэж дүгнэсэн, мөн Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 120 дугаар тогтоолд “К” ХХК-ийг актын төлбөрт 129,851.0 мянган төгрөгийг төлсөн гэж тогтоосон, иймд эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээр дурдсан нотлох баримтыг бүрэн цуглуулж, актаар тогтоосон зөрчил тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0475 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА