Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.И-ийн

Хариуцагч: М.Э-д

Зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2019/00888/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Б.И түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч М.Э, түүний өмгөөлөгч В.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 онд өөрийн нөхрийн дүү болох М.Э-т 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн ба бид хамаатан садан хүмүүс учир боломжтой үедээ буцааж өгөөрэй гэсэн боловч ямар нэг байдлаар буцаан төлөлт хийхгүй байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулж, тодорхой хуваарийн дагуу зээлээ төлөх, буцаан авах талаар хэлцэл хийсэн. Гэтэл гэрээгээр тохиролцсон хугацаанд 2.000.000 төгрөгийн зээл төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Мөнгөө нэхэхэд эхэн үедээ төлнө гэдэг байсан боловч сүүлдээ би мөнгийг чинь өгч чадахгүй, шүүхдээ хандаад ав гэсэн зүйлийг ярих болсон. Э  болон түүний эхнэр хэн хэн нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Мөнгийг маань төлж барагдуулах бүрэн боломжтой хүмүүс байгаа. Гэсэн ч хэлцлээр тохиролцсон хугацаанд эргэн төлөлтөө хийхгүй байгаа тул үлдэгдэл 3.000.000 төгрөгийг Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Б.И  нь 2015 онд өөрийн нөхрийн дүү болох М.Э-т 5.000.000 төгрөг зээлдүүлсэн гэжээ. Гэтэл И-оос дээрх мөнгийг огт зээлж аваагүй. Харин би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-д ажиллахаар яваад тэнд нэг сар гаруй хугацаагаар ажиллаад 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монголд ирсэн. Ингэж ирэхдээ өөрийн төрсөн ах Э.О болон түүний эхнэр Б.И нарын бусдад өр төлбөртэй, тэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас дамжин шаардагдаж байгаа, хашаа байшин нь хураагдах дээрээ тулаад байгаа байдлыг харгалзаад ахдаа туслахын тулд өөрийн гадаадад ажиллаж олсон орлогоосоо 2.000.000 төгрөгийг эхнэрийн дансаар дамжуулан өгсөн. Энэ байдлыг эхнэр И  нь овжин ашиглаж, намайг өөрсдөөс нь мөнгө зээлж авсан, түүнийхээ төлбөрт дээрх мөнгийг өгсөн болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Намайг залилан мэхэлж байгаад бүрдүүлж авсан баримт болох өөрөөс нь зээлсэн мөнгийг гурав хувааж төлөх тухай хэлцэлд гарын үсэг зурсан баримтыг нотлох баримтаар хавсаргажээ. Б.И нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээр ачаалалтай байхад очоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан н.Ч  энэ гэрээн дээр чамаар гарын үсэг зуруулаад ир гэж байна. Тэгвэл танай эхнэр Т-н өрийг ч барагдуулсан баримт болно, Т-ын барьцаанд тавьсан манай хашаа байшин ч хураагдахгүй юм байна, тэртэй тэргүй чи Солонгос явж ирэхээрээ ахдаа мөнгөөр тусална гэсэн юм чинь түүнийгээ л баталчих гэхээр нь би тэр хэлцэл дээр гарын үсэг зурж өгсөн. Энэ маргаан бол манай эхнэр Т-ын 2015 оны 12 дугаар сард миний ах Э-ын /Б.И-ийн нөхөр/ хашаа байшинг Хас банкинд барьцаалж, 20.000.000 төгрөгийн зээл гаргуулан, уг зээлийн 1.700.000 төгрөг нь Б.И-ийн өөрийнх нь өмнө авсан зээлд суутгагдаж, 3.000.000 төгрөгийг И-ийн төрсөн дүү болох Б хүүгийнх нь хамтаар буцааж төлнө гэж тохирч авсан ба манай эхнэр Т өөрт оногдох хэсгийг үндсэн зээл, хүүгийн хамт хугацаанд нь төлж чадаагүйтэй холбоотой юм. Хас банк И, Б нараас зээлээ төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхийн шийдвэр гарч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгүүлэхээр тэдний хашаа байшинг хураах болоход энэ ажиллагааг хойшлуулахын тулд надаар баталгаа гаргуулсан нь энэ юм. Би тухайн үедээ Б.И хэлснээр үнэхээр миний баталгаагаар манай эхнэр Т-н зээлийг төлөгдсөнд тооцоод, ахын маань хашаа байшинг хураах ажиллагаа хойшлогдож, энэ хугацаанд Э  ах болон түүний эхнэр И  нар мөнгө олж зээлээ төлөх боломж гарах юм байна гэж ойлгоод л гарын үсэг зурсан. Харин үнэн бодит байдал дээр И-оос 5.000.000 төгрөг зээлж авсан явдал огт болоогүй. Иймд Б.И-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.И-  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд М.Э болон түүний эхнэр н.Э  нар манай хашаа байшинг барьцаалуулж, манай нөхөр М.Э бид хоёроор 20.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Тус зээлээс манай өмнөх зээлийн үлдэгдэл 1.700.000 төгрөгийг төлж, мөн Б-д 3.000.000 төгрөг өгсөн. Тэгээд авсан зээлээ төлөхгүй байсан тул  Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад н.Э-аас 14.630.000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Хас банкнаас зээлийн төлбөрийг нөхөр М.Э бид хоёроос нэхэмжилж шүүхэд хандсан. Үүний дагуу Хас банкинд 22.605.808 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Дээрх байдлаас болж манайх М.Э, түүний эхнэр н.Э  нарын авсан зээлийн төлбөрт 10.000.000 төгрөгийн хүү, алданги төлж хохирсон. Энэ тухайгаа М.Э-т хэлж, танайх 5.000.000 төгрөг төлөөрэй гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд нотариат дээр очиж, зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл байгуулсан. М.Э 2.000.000 төгрөг өгөөд, үлдэгдэл 3.000.000 төгрөг өгөхгүй өдий хүрсэн. Шийдвэр гүйцэтгэлийн газраас хашаа байшинг маань хураах гээд байхаар нь хүнээс мөнгө зээлж төлбөрөө дуусгасан. Одоо Ц-д 2.300.000 төгрөг өгөх өртэй үлдсэн.

Би М.Э-т 5.000.000 төгрөгийг бэлнээр зээлж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад зээлийн гэрээ байгуулсан тул үүний дагуу зээл өгсөн гэж бичнэ гэсэн. Анх зээл авч өгсөн мөнгөний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа тул “Зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл”-ийн дагуу  нэхэмжлэл гаргасан. М.Э-с 2.000.000 төгрөг авч эвлэрэх санал тавьсан ч зөвшөөрөөгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

Нэхэмжлэгч М.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.И-с бэлэн 5.000.000 төгрөг зээлж аваагүй. 2014 онд М.Э, Б.И нар хашаа байшингаа барьцаалж, Хас банкнаас зээл 20.000.000 төгрөг авснаас 15.000.000 төгрөгийг манай эхнэр н.Э авсан байдаг. Тэр зээлийг төлж байгаад манай эхнэр хүүхэд төрүүлж, цаашид төлж чадахгүй болоход Б.И Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ял шийтгэл оногдуулж, 14.630.000 төгрөгийг түүнд төлөхөөр болсон. Тэр төлбөрийг төлж дуусгасан. Мөн урд нь Хас банкинд зээл болон хүүнд нь зөндөө мөнгө төлж байсан. Түүний дараа Б.И эгч, М.Э ах хоёр надтай нэг удаа уулзаад банкны хүү, алдангид 10.000.000 шахуу төгрөг тооцсон, энэ мөнгөний талыг төлөөрэй гэж хэлсэн. Би Солонгос яваад ирэхээрээ чадах ядахаараа л тусална гэж хэлсэн болохоос 5.000.000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Гэтэл нэг өдөр ажил дээр байхад Б.И над руу манай хашаа байшинг хурааж авах гээд байна. Нэг баримт дээр чамаар гарын үсэг зуруулах шаардлагатай байна, н.Ч гэдэг хүн хэлсэн гэж ярихаар нь нотариат дээр очиж бичигтэй цаасан дээр гарын үсэг зурсан. Би Солонгос явж ажил хийгээд ирэхдээ ах, эгч хоёртоо туслах зорилгоор 2.000.000 төгрөг өгсөн. Гэтэл намайг Б.И бэлэн 5.000.000 төгрөг зээлж авсан гэж худлаа ярьж, миний нэр хүндэд халдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч М.Эт холбогдуулан зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд тэрээр “Би М.Э-т 5.000.000 төгрөг зээлж өгөөгүй. Манайх М.Э-, түүний эхнэр н.Э-нарын авсан зээлийн төлбөрт банкинд 10.000.000 төгрөгийн зээлийн хүү, алданги төлж хохирсон. Энэ тухайгаа М.Э-т хэлж, 5.000.000 төгрөг өгөхөөр тохирч, “Зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл”-ийг байгуулсан. Тус гэрээнд зааснаар 2.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг гаргуулж авна. Анх зээл авч өгсөн мөнгөний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодруулжээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.И-, түүний нөхөр М.Э- нар Хас банкны Хөвсгөл салбараас 2014 онд 20.000.000 төгрөгийн зээл авч, хариуцагч М.Э-ын эхнэр Д.Э-д өгсөн. Тэрээр зээлийн төлбөрийг төлөөгүй тул хуурч мэхлэн зээл авахуулсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаар шалгагдан ял шийтгэл хүлээсэн, зээлдүүлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь зээлдэгч Б.И-, М.Э-нараас дээрх зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн тухай үйл баримтууд тогтоогдож байна.  

Хариуцагч М.Э-нь бэлэн 5.000.000 /таван сая/ төгрөг зээлж аваагүй, хашаа байшин хурааж авах гээд байна гэж бичигтэй цаасан дээр гарын үсэг зуруулж авсан, ахдаа туслах зорилгоор 2.000.000 төгрөг өгсөн, 5.000.000 төгрөг өгч авахаар ярилцаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.И-, түүний нөхөр М.Э-нар Хас банкны Хөвсгөл салбараас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээл авч, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийх хугацаа хэтрүүлсний улмаас тус банкинд үндсэн зээл, хүү, нийт 22.605.808 төгрөг төлсөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1297 дугаар шүүхийн шийдвэрийн архивын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар тогтоолын архивын хуулбар, М.Э-н зээлийн эргэн төлөлтийн Хас банкны Хөвсгөл салбарын дансны хуулга, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай” 10/447 дугаар тогтоолын архивын хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар,  

Хариуцагч М.Э-рын эхнэр Д.Э- нь зээлдэгч Б.И-, М.Э- нараар Хас банкны Хөвсгөл салбараас зээл 20.000.000 /хорин сая/ төгрөг авахуулан тэднийг залилан мэхэлсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр түүнээс 14.630.000 /арван дөрвөн сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан Б.И-д олгосон, тус төлбөрийг төлж барагдуулсан тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолын архивын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16230007 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, Хорих 443 дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 12/563 дугаар тогтоолын архивын хуулбар, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Хариуцагч М.Э-, түүний эхнэр н.Э- нарын авсан зээлийн төлбөрт банкинд 10.000.000 төгрөгийн зээлийн хүү, алданги төлж хохирсон. Энэ тухайгаа М.Э-т хэлж, 5.000.000 төгрөг өгөхөөр тохирч, 2.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг гаргуулж авна гэж нэхэмжлэгч Б.И- тайлбарлан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл”-ийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

Тус зохигчийн хооронд байгуулсан хэлцэлд “хэлцлийн агуулга: 1. Төлбөр төлөгч М.Э-- нь төлбөр авагч Б.И-с 2015 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгийг зээлдэн авсан...дээрх төлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор доорхи хувиарын дагуу...хийж дуусгасан байна...” гэж тохиролцсон учир Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх ба зээлийн гэрээний дагуу 5.000.000 /таван сая/ төгрөгийг М.Э-т зээлээгүй буюу хүлээлгэж өгөөгүй болохыг зохигчид тайлбарлаж байна.

Иргэний хуулинд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч Б.И зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас уг хэлцлийн дагуу мөнгө шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч Б.И шүүх хуралдаанд М.Э болон түүний эхнэр Д.Э нарын банкнаас авахуулсан зээлийн төлбөрт хүү, алданги төлж хохирсон учир 5.000.000 /таван сая/ төгрөг өгч, авахаар тохиролцон зээлийн гэрээ байгуулсан гэж маргаж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч М.Эаас зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай Б.Иийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Гэрч Д.Ч мэдүүлэг, Я.Н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримт тухайн хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолын архивын хуулбар давхардсан байна.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Э-аас зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНБЯМБА