Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1303

 *

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Ц.Амар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,

улсын яллагч: Д.Түмэнжаргал,

иргэдийн төлөөлөгч: А.Буянжаргал, 

гэрч Ө.А,

шинжээч ****** /цахимаар/,

шинжээч ********,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга /ӨҮД-3067/,

шүүгдэгч: Д.Т, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ӨҮД-0362/, З.Хүрэлсүх /ӨҮД-0809/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********** овогт *******, ********* /регистрийн дугаар: **********/,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ***** оны **дугаар сарын ***-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт ********* дүүргийн ***** дугаар хороо, ******* дугаар гудамжны ********тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:           

- Баянгол дүүргийн шүүхийн *******-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 247.500 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч: Д.Т 2023 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ******** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хамтран амьдрагч Ө.А-тай бэлгийн харьцаанд орохыг оролдсон” гэх шалтгаанаар амь хохирогч Г.Б-ыг гар болон хөлөөрөө цохиж зодон түүний биед “баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, эрүү зүүн бугалга, зуүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ********** дүүргийн ********* дугаар хороо ********* тоот гэртээ хамтран амьдрагч Ө.А, найз Г.Б нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Улмаар шүүгдэгч Д.Т нь 26-ны орой гэртээ унтаад сэрэх үед хамтран амьдрагч Ө.Агийн өмдийг найз Г.Б тайлсан байдалтай байгааг харсан даруйд уурлаж, маргалдан, хардсаны улмаас түүний биед гар болон хөлөөрөө цохиж, дэвсэн халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, эрүү зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт” бүхий гэмтэл учруулан амь хохирогч Г.Б нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримт

- Цагдаагийн байгууллагад 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн “...би **********гэх хүнийг алчихлаа...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 2-р хуудас/,

- 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

- Тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-14-р хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-21-р хуудас/,

- Гэрч Ө.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Т нь миний хамтран амьдрагч байгаа юм. Хамт амьдраад 4 жил гаруй болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. Харин Г.Б гэх хүнийг танихгүй, өчигдөр л анх удаа харсан. Өөрийгөө ******* л гэж танилцуулж байсан, тэгээд мэддэг болсон юм. Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***************** цагийн үед байх хамтран амьдрагч Д.Т “өчигдөр архи уусан болохоор шартаад байна” гээд дэлгүүр орчоод ирье гээд гарсан. Удалгүй буцаж гэртээ орж ирэхдээ ******* гэх ахтай үүдэн дээр таарлаа гээд цуг орж ирсэн. ******* гэх ах орж ирэхдээ 1 шил пиво, савтай дөрвөлжин архи аваад орж ирсэн. Тэгээд бид гурав авч ирсэн архийг нь хувааж уугаад байж байхад хамтран амьдрагч 17 цаг өнгөрч байхад түрүүлээд тасраад унтаад өгсөн. Тэгээд би жоохон байж байгаад дивайн орон дээр ганцаараа унтаад өгсөн. Тэгээд унтаад байж байгаад хүн оролдоод байх шиг болохоор нь сэрсэн чинь ******* гэх ах миний дотуур хувцас, өмд зэргийг тайлаад доогуураа нүцгэн болчихсон, өөрөө миний өөдөөс харчихсан дивайн дээр сууж байхаар нь би ямар заваан бузартай амьтан бэ гэж хэлээд өөрөөсөө түлхэж холдуулаад байж байтал хамтран амьдрагч Д.Т хараад босож ирээд ******* буюу Болдбаатар гэх ахтай маргалдаж, муудалцаад, хэрүүл маргаан хийж байгаад гал тогооны өрөөнд зодолдоод байсан. Би хувцсаа өмсөөд босоод хартал ******* гэх ах газар хэвтчихсэн байхаар нь би хүн аллаа ш дээ чи болиоч гээд хамтран амьдрагч Д.Тд хэлсэн чинь надад юм хэлэхгүй, их бухимдсан, уур нь хүрсэн байдалтай байсан. Намайг харахад хамтран амьдрагч Д.Т гутлаа өмсчихсөн, өшиглөсөн бололтой байсан. ******* гэх ах ухаан алдчихсан байдалтай, царай нь хөхөрчихсөн байхаар нь би хамтран амьдрагч Д.Тд хандаж үхчихсэн юм биш үү царай нь сонин болчихсон байна гэж хэлээд, би гэрт үхсэн хүн байлгамааргүй байна, би айгаад байна гээд хэлэхэд Д.Т гэрийн урагшаа байшингаас 50-60 гаруй метр зайд хашаан дотор аваачиж гаргасан. Тэгээд хамтран амьдрагч Д.Т надад хэлэхдээ би маргааш өглөө цагдаа дээр очиж хэргээ хүлээнэ гээд ярьж байсан. Тэгээд тэр шөнөдөө унтаж амраад маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед босоод цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаагаас хүмүүс ирээд хэргийн газрыг хамгаалалт авсан. Надтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орох гэж байсан байх л гэж бодож байна. Миний өмд, дотуур хувцас хоёрыг тайлаад тавьчихсан байсан. Миний бэлэг эрхтэн рүү гар, хуруу болон бусад эд зүйл хийсэн зүйл байхгүй. Бид гурав пиво савтай, дөрвөлжин архи 1 шилийг л хувааж уусан. Би тухайн үедээ бага зэргийн согтолттой байсан. Болсон зүйлээ сайн санаж байна. Би яг хаана нь яаж, хэдэн удаа цохисныг нь хараагүй, гал тогооны өрөөнд муудалцаад зодолдоод байсан. Намайг гал тогооны өрөөнд очиход хамтран амьдрагч Д.Т, ****** гэх хүнийг цохиж байгаа харагдахаар нь би дундуур нь очиж болиулсан. ******** гэх хүн газар хэвтэж байсан, царай нь хөхөрчихсөн, амьсгалахгүй л болчихсон харагдаж байсан. Тухайн үед Д.Т гэрээс гаргах үед нь *******хэвтэж байсан газар бага зэргийн цус болчихсон байсан. Би тухайн үед зодоонд оролцоогүй, салгасан, болиоч, хүн аллаа гэж хэд хэдэн удаа хэлсэн, анх ирэхдээ согтуу байсан. Миний харснаар биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43-р хуудас/,

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад баруун хашааны залуу ********* эхнэр бид хоёрыг ажилдаа явах гээд байж байсан чинь орж ирээд надаас тамхи асуусан тэгэхээр нь би тамхи өгсөн чинь надаас 5 ширхэг тамхи аваад би одоо цагдаа явах гэж байна. Би ******* ахыг алчихлаа,...цагдаа явлаа гээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52-р хуудас/,

- Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад баруун хашааны залуу ********* орж ирээд манай нөхрөөс тамхи асуусан тэгсэн манай нөхөр тамхинаас өгсөн чинь 5 ширхэг тамхи аваад би одоо цагдаа явах гэж байна би урьд шөнө ******* ахыг алчихлаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Т-ын яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед **************** тоот гэрээсээ гараад зүүн салааны эцэст байрлах “*********” нэртэй хүнсний дэлгүүрээс тамхи аваад тэр хавиараа хүмүүстэй утсаар ярьж мөнгө асууж байгаад мөнгө олдохгүй байхаар нь буцаад гэр рүүгээ өдрийн 13 цаг өнгөрч байхад харьсан юм. Тэгээд би гэрийнхээ хашааны үүдээр орох гэж байсан чинь манай зүүн талын хашааны айлын эмэгтэй нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгсэн надад хандаж ******* ахыгаа авч яваа манай хашаан дотор нэг шил архитай хамт байна гэж хэлээд байж байсан чинь ******* ах гараад ирчихсэн зогсож байсан. Тэгээд би ******* ахыг аваад гэр рүүгээ дагуулж орсон юм. Тэгээд би хашаа руу орж гэр рүүгээ алхах замдаа та битгий энэ айлд ирж дандаа архи битгий ууж байгаач гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэр рүү ороход хамтран амьдрагч Ө.А гэрт ганцаараа намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд бид гурав *** ахын бариад явж байсан хуванцар савтай 0.75-ийн Шүншиг нэртэй цагаан архи байсныг бид гурав хувааж уусан. Би тухайн архинаас жижиг шаазан аягаар хоёр удаа хийж уусан. Тэгээд нойр хүрээд өөрийнхөө сууж байсан орон дээр унтаад өгсөн юм. Ө.А, ******* ах хоёр юм яриад суугаад үлдсэн. Намайг унтаж байхад ханиа, ханиа гээд *********** дуудахаар нь би сэрсэн чинь *********** доогуураа өмдгүй, хувцасгүй шалдан ор нь дээрээ дээшээ харчихсан хөл гараараа цааш нь түлхсэн байдалтай, харин ******* ах дээрээс нь дарчихсан байдалтай байж байсан, эхнэр ямар заваан юм бэ энийг аваач ээ ******* ах ингээд байна гэж хэлсэн. Тэгээд би босож ирээд ******* ахтай барилцаж аваад хажуунаас *********** чи болиоч ******* ахын нүүр царай хөхөрчихлөө гэж хэлээд *********** миний гараас татсан. Тэгээд би харсан чинь  ******* ахын царай нь эвгүй болсон байсан. Би тэрхэн зуур юу болсноо сайн санахгүй байсан, тэгсэн эхнэр *********** үүдний айл руу очиж цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн гэсэн. Тухайн айл нь манай хамар зүүн талын залгаа хашааны хүнд орж хэлсэн гэсэн. Тэгээд эхнэр орж ирээд дахин ******* ахыг үзсэн чинь амьсгалахгүй хөдлөхгүй байхаар нь бид хоёр юу хийхээ мэдэхгүй байгаад байсан. Тэгээд би цагдаа хүрээд ирэх юм болов уу гэж жоохон харзнасан юм. Тэгсэн цагдаа ирээгүй. Тэгсэн *********** би харахаар хэцүү байна, даралт ихсээд харахаар болохгүй байна гаргаад өгөөч гэхээр нь би гэрээсээ өргөж гаргаад гэрээс урагш холдуулж орхисон юм. Би хэдэн цагийн үед гэрээс гаргасныг мэдэхгүй байна. Тэгээд шөнө бид хоёр унтаж чадаагүй өглөө үүр цайлгасан юм. Тэгээд би өглөө үүдний айлаас тамхи гуйж аваад автобусны буудал руу алхаад автобусанд суугаад шууд цагдаагийн хэлтэс рүү очоод болсон зүйлээ үнэн зөвөөр би ахыгаа алчих шиг боллоо гэж хэлээд цагдаад өөрийн биеэр мэдэгдсэн юм. Тэгээд цагдаа нартай хамт гэр рүүгээ очсон юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 196-197-р хуудас/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ******** 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1491 дугаартай: 

“...1. Г.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, эрүү зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      2. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл ба баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чамархайд цус хуралт нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий ташаа, хоёр өвдөгт, цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

      3. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, мөн элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

      4. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байна.

      5. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ

      6. 2023 оны 05 дугаар сарын 27-ны 14 цаг 30 цагт үзлэг хийхэд нас бараад 16-18 цаг болсон байна.

      7. Цус нь АВО системээр 3-р бүлэг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51-56-р хуудас/,

      -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ********** 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2628 дугаартай: 

      “...“ХГҮ-ээр хураан авсан гэх Д.Тын өмсөж байсан гэх хөр өнгийн богино түрийтэй ботинк дээр цус илэрсэн...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71-72-р хуудас/,

               - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчтай шинжлэн судлах баримт маань давхцаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ********* /1-р хавтаст хэргийн 51-62 дахь тал/ гэрч Ө.Агийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43/, гэрч Ө.А-гийн дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-15/, шинжээч эмч ******дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71-72/, оршуулгын зардал төлсөн баримтууд /2-р хавтаст хэргийн 151-157 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан зарлагын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 51-64/, Д.Т-ыг сэжигтнээр баривчилсан мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 154/, Д.Т-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159/, талийгаачийн зөрчилтэй холбоотой Асап сангийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 160-164/, Эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 170/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 171-188/, Д.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Гэрч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...********* нөгөө өрөөнд унтаж байсан. Намайг унтаж байхад миний бэлэг эрхтнийг нэг хүн оролдоод байсан, цээжин дээр дарахаар нь цочоод сэрсэн, тэгээд *********ыг дуудаж сэрээсэн. ********* талийгаачийг хаана нь яаж цохисон талаар хараагүй. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд үүдний айлд очиж хэлэхэд өөрөө дууд гэсэн тул нөхөртэйгөө хамт цагдаа дуудахаар явж байхад миний нугасаар хатгуулаад өвдөөд явж чадахгүй байсан тул буцаад гэртээ ирсэн...” гэв.

Шинжээч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачийн биед учирсан хавирганы гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, дэвсэх үед үүснэ. Нурууны зулгаралт нь чирэх үед үүссэн зулгаралт байсан. Тухайн гэмтлийг авснаас хойш түргэн хугацаанд нас барна. ” гэв.

Шинжээч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сэтгэл санаа цочрон давчидсан талаарх гол үзлэгийн явц маань зөвхөн ярилцлагаас гадна хэргийн материалыг бүхэлд нь судлан шинжилж гаргаж байгаа, мөрдөгчийн зүгээс тусгайлан гаргаж өгсөн эмнэлгийн бичиг баримт байгаагүй. Тухайн хэрэг болох үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна...” гэв.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...өглөө дэлгүүр ороод тамхи авчихаад буцаад явж байтал үүдний айлын эхнэр, нөхөр хоёр намайг дуудаж Болдбаатар ахыгаа аваад яв гээд надтай хамт манайх руу явсан. Манайд очоод нэг шил архи уусан бөгөөд уг архинаас би 2 хундага уусан. Тэгээд ядарсан учраас унтаад өгсөн. Шөнө унтаж байхад эхнэр *********** намайг дуудсан ба би сэрээд хартал манай эхнэрийн өмдийг шувталсан салтайд нь толгойгоо хийсэн байдалтай ноцолдож байсан. Тэгээд би очоод юу гэж маргалдсан талаараа болон гал тогооны өрөөнд орсноо санахгүй байгаа. Миний буруутай үйлдлээс болж амь хохирсон нь үнэн. Намайг зодолдож байхад эхнэр маань одоо болио ******* ахын царай зүс нь хөхрөөд байна, чи хүн аллаа гэж хэлсэн. Тэгээд хартал ******* ахын нүүр нь хөхөрсөн байдалтай газар хэвтэж байсан. Би цээжин дээр нь усаар норгоод сэргээх гэж үзсэн боловч ******* ах маань амьсгал хураасан байсан. Би гэнэт ухаан ороод эхнэрээсээ эмнэлэг, цагдаа дуудсан уу гэхэд утасны цэнэг дууссан байна, урд айлд очиж хэлсэн гэж надад хэлсэн. Би өөрөө урд айлд очоод хэлтэл чамд итгэхгүй байна, хэрвээ үнэн юм бол чи өөрөө цагдаа, эмнэлэг дууд гэсэн. Тэр шөнө би эхнэртэйгээ хамт эмнэлэг дуудах гээд явсан боловч эхнэрийн бие нь өвдөөд буцаад гэртээ ирсэн. Буцаж ирээд эхнэртээ эм уулгаж тайвшруулаад байж байтал эхнэр маань ******* ахыг хараад байхаар хэцүү байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* ахыг гэрээсээ гаргаад гэрийн урд байх зүлгэн дээр аваачиж хэвтүүлсэн. Тэр шөнөдөө би юу болж байгааг мэдэхгүй хэцүү байдалд байсан. Өглөө нь үүр цайнгуут би босоод цагдаа дуудах гээд явахдаа үүдний айлаас манай эхнэр өчигдөр орой цагдаа дуудаад өгөөч гэж ирсэн үү гэхэд ирсэн гэж хэлсэн. Би нөхрөөс нь тамхи гуйж аваад Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэс рүү цагдаа дуудахаар явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Үүдний айлын эхнэр нөхөр хоёр ******* ахтай нэлээн олон удаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд ахыгаа ав гэж нэлээдгүй олон удаа хэлж байсан. Би ахыгаа аваад гэрт нь хүргэж өгдөг байсан. Тэр өдөр ийм харамсалтай зүйл болсон. Миний зүгээс ээж, ах дүү, хамаатан садан нараас нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний буруутай үйлдлээс болж хуурай ах Болдбаатар амь хохирсон нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *********ыг танихгүй, манай гэрээр орж гардаг гэж ээж маань ярьж байсан. Сэтгэл санааны хохиролд 82,000,000 төгрөг нэхэмжилж байна. Настай ээж маань хүүгээ нас барсан гэдэгтэй эвлэрч чадахгүй, ороод ирнэ гээд үүд рүүгээ хараад сууж байгаа. Би гомдолтой байна...” гэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Талуудын дүгнэлт:

Улсын яллагч: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,500,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 82,500,000 төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал байхгүй байна. Шинжээч эмчийн хэлж байгаачлан тухайн үеийн үйлдлээ сольсон. Тухайлбал гутлаа өмсөх, нэг газраас нөгөө газар руу шилжих үйлдэл хийж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд зарим нэг өөрт ашигтай байдлыг санаж, ашиггүй байдлыг санахгүй байгаа нь харагдаж байна. Эрүүгийн хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан байдаг. Энэ нь эрүүгийн хариуцлага чөлөөлөхгүйгээс гадна хэргийн зүйлчлэлийн хувьд мөн яригдах асуудал юм. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлгээс илтэд зөрүүтэй байна. Өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүнд ашигтай байдлаар тайлбарлаж байгааг харгалзан үзэх шаардлагатай. Тиймээс анхдагч нотлох баримт буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг бүрэн үнэлэх боломж бололцоотой байгаа учраас тухайн мэдүүлгийг үнэлэх зарчмаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Шүүгдэгч нь оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Харин сэтгэл зүйд учирсан хохирол нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа. Үүнтэй холбоотой хүсэлтийг холбогдох баримттай гаргаж байна. Амь хохирогч нь ээжтэйгээ хамт амьдардаг, хууль ёсны дагуу төлөөлөх бүрэн эрх нь Болормаад байгаа нь баримтаар харагдаж байна. Сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх шаардлагагүй бөгөөд хамт шийдвэрлэх боломжтой байна. Иймээс 82.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: “...Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу онц харгис хэрцгий аргаар хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байна. Гэвч хэргийн зүйлчлэлийг эргэлзээгүй гэж үзэхэд нотолбол зохих дараах хэд хэдэн дутагдалтай тал байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Улсын яллагч энэ гэмт хэргийн сэдэлтийг тогтоохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь гэрчийн мэдүүлгийг худлаа гэж үзэх нотлох баримт байхгүй бөгөөд гэрчид хууль сануулсан байгаа. Тэгэхээр үүнээс үндэслэж хийсэн улсын яллагчийн дүгнэлт бол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилготой нь уялдуулаагүй байна гэж үзэхээр байна.

Хоёрдугаарт: Гэрч Ө.Агийн мэдүүлэг дээр үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой байсан бөгөөд хувцас, биед нь үзлэг хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл төгс хийгдсэн эсэхийг шалгах ёстой байсан. Хэт нэг талыг барьсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн.

Гуравдугаарт: Сэтгэцийн дүгнэлт гаргах ажиллагааг хийсэн боловч шүүх сэтгэцийн дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйл буюу шинжилгээний стандарт, 17 дугаар зүйл буюу шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагад нийцээгүй. Ямар ч нотлох баримт шинжлэн судлаагүй. Мөн шинжээчийн дүгнэлт дээр 3 хүн гарын үсэг зурсан боловч 2 хүн л үзсэн гэдэг. Тухайн шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнд тусгаж, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх гэсэн заалтад нийцээгүй байна. Шинжилгээний тухай хуульд шинжээчийн эрх үүргийг заасан бөгөөд дүгнэлт гаргахад шаардлагатай материал дутуу бол шаардах эрх нь нээлттэй байгаа. Тэгэхээр сэтгэцийн дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. хохирогчийн гэмтлийн хувьд маргах зүйл байхгүй бөгөөд шүүгдэгч өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа. Шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдвол яллах болон цагаатгах аль ч талын нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой. ********* мөрдөн байцаалтын шатанд өгсөн анхны мэдүүлгээрээ ямар байдлаар гэмтэл учруулснаа санахгүй, мэдэхгүй байгаагаа хэлж байсан. тиймээс гэрч болон яллагдагчийн мэдүүлэг, учирсан гэмтэл, хохирогчийн дотуур өмднөөс эр бэлгийн эс илэрсэн зэрэг нөхцөл байдал нь гэрчийн мэдүүлэгтэй уялдана гэж үзэж болохоор байна. Хэрвээ шүүх гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцох боломжтой. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлах боломжтой юм. *********ын цуснаас этилийн спирт илрээгүй бөгөөд мэдүүлгээрээ 2 хундага уусан гэсэн боловч нотлох баримт байхгүй. Түүнчлэн шинжээч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь цочирдоход шууд шалгуур шинж болохгүй, маш бага хэрэглэсэн тохиолдолд цочирдон давчдаж болно гэж хэлсэн. Тэгэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод ийм зүйл хийсэн гэсэн үндэслэл няцаагдаж байна гэж үзэхээр байна. шинжээч ийм нөхцөл байдалд цочирдон давчдаж болох нөхцөл байдлыг үгүйсгээгүй бөгөөд яг энэ хэрэг дээр цочирдох нөхцөл байдал байсан эсэх дээр үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй. Тиймээс шийдэгдээгүй нөхцөл байдлыг шүүх үнэлж дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар хуулийн шаардлагад нийцсэн сэтгэцийн дүгнэлтийг шинжээч томилон дахин хийлгэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх эрхийг шүүх эдэлж байгаа, мөн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэргийн оролцогчид гаргаж байгаа. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 531 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт үндэслэлгүй гарсан учраас дахин шинжилгээг өөр бүрэлдэхүүнтэйгээр хийлгэх хүсэлтэй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалтад зааснаар шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцыг бүрэн тусгасан байх ёстой. Мөн тус хуулийн 18.3 дугаар зүйлд Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана гэж хоёрдмол утгагүй тодорхой заасан байна. Энэ заалтын хажуугаар энэ дүгнэлт бичигдсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийг судалсан шинжээчийн дүгнэлт батлагдаагүй. Шинжилгээ үнэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдээгүй, өөрөөр хэлбэл шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмын хүрээнд уг дүгнэлт гараагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгч байгаа шинжээчийн дүгнэлт нь бидний хооронд үүсэж байгаа маргааныг хагалаагүй бөгөөд ач холбогдолгүй байсан. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл байна гэж үзэж байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч: “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ********* 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1491 дугаартай дүгнэлтээр “...талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэсэн байх бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Д.Т нь хохирогч Г.Бын биед цээж рүү нь өшиглөж, дэвсэж дээрх хохирол хор уршгийг бий болгосон үйлдэл нь хууль бус юм.

Шүүгдэгч Д.Тын, хохирогч Г.Бын эрүүл мэнд, амь насны эсрэг дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Хүнийг хөлөөрөө өшиглөж, дэвсэж зодоход гэмтэл учирч болно гэдгийг мэдсээр байж /энгийн ухамсрын хүрээнд/ үйлдэж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж, улмаар хохирогч нас барсан байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Улсын дээд шүүхийн №564 дугаар тогтоолоор “ хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой” гэж тайлбарласан байна.

   Хэдийгээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1491 дугаартай дүгнэлтээр хохирогчид амь насанд аюултай олон тооны гэмтэл шарх учирсан нь тогтоогдсон хэдий ч шүүгдэгч Д.Тын үйлдэлд дээрх санаа зорилго бүхий хүсэл зоригийн шинж уг хэрэгт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан хяналтын прокуророос Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтлоо.

Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан буюу эхнэрийг нь доромжилсон нөхцөл байдалд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан шинжтэй байсан гэж шүүхэд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцсон.

Гэвч санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болдог.

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Г.Б нь Д.Тыг санаа сэтгэлийн болон бие махбодын хувьд амь насанд аюултай гэмтэл учруулахаар хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин хардалтын улмаас маргаан үүссэн нөхцөл байдалд шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ уурлаж хохирогчийг олон удаа гар хөлөөрөө цохиж байгаа нь түүний гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол давчдалд оруулаагүй гэж хууль зүйн талаас нь дүгнэсэн.

Тодруулбал хавтаст хэргийн 39-43-р хуудсан дахь гэрч Ө.Агийн мэдүүлэг “... хамтран амьдрагч ********* хараад босж ирээд Болдбаатар ахтай маргалдаж, муудалцаад, хэрүүл маргаан хийж байгаад гал тогооны өрөөнд зодолдоод байсан...” гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд энэ нь нотлох баримтын шаардлага хангасан, хууль сануулсан баталгааны хуудаст түүнийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь танилцуулж, бичиг үсэг мэддэг гэрч Ө.А танилцаж гарын үсэг зурсан байх тул уг мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Мөн түүнчлэн дээрх нөхцөл байдлыг эмнэл зүйл талаас үгүйсгэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлтийг бүрэн бодитой дүгнэлт байна гэж үзсэн бөгөөд “шүүгдэгчийн хувьд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна...” гэсэн шинжээч Л.Баттулгын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийг гэм буруутай гэж иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Т-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь “хохиролд 15,259,938 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Д.Т нь хохирол төлбөр төлсөн барагдуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь сэтгэл санаанд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүхээс хэлэлцэх үндэслэлгүй байна.

Учир нь амь хохирогчийн хууль ёсны өв залгамжлагчтай холбоотой болон бүрэн төлөөлөх эрхийн талаарх нотлох баримт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн гэмт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Гэмт хэрэгт хандсан сэтгэхүйн арга хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд өнөөдрийн шүүх хуралдаан явагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү, мөн нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: “...Миний үйлчлүүлэгч нь өөрийн биеэр цагдаагийн байгууллагад очиж хэргээ илчилсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. Мөн нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн ар гэрийнхнээс дахин уучлалт хүсэж байна...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Тыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт найман жилээс арван таван жил хорих ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” /оршуулгын зардлыг төлсөн/, 1.4 “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” /хохирогчийн зүгээс шүүгдэгчийн хамтран амьдрагчийн бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэл гаргасан/, 1.5 “өөрийгөө илчилсэн,” / хавтаст хэргийн 1-р хуудас гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ /хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж, улмаар хохирогч хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан/, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулах саналыг гаргасан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд: гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг гэрээсээ зөөвөрлөн тавьсан, гэмт үйлдлийн шинжийн хувьд хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулахаар цохих дэвсэх үйлдэл гаргаж, улмаар хохирогч хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан нөхцөл байдлыг харгалзан тус зүйл ангид зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Д.Т-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд баримтаар авагдсан хохирлыг төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн богино түрийтэй, гутал 1 хос, хар өнгийн оймс 1 ширхэг, шүншиг нэртэй архины хуванцар сав 1 ширхэг, мааралд шингээсэн цусны дээж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс нийт 160 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.“ гэж тус тус заасантай нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ********* овогт *******,*********ыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

   2. Шүүгдэгч ******* овогт ********,*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 160 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Тын эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

   8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн богино түрийтэй, гутал 1 хос, хар өнгийн оймс 1 ширхэг, шүншиг нэртэй архины хуванцар сав 1 ширхэг, мааралд шингээсэн цусны дээж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА

                           ШҮҮГЧ                                    Ц.АМАР

                                               ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР

    2023          11           03                                    2023/ШЦТ/1303

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Ц.Амар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,

улсын яллагч: Д.Түмэнжаргал,

иргэдийн төлөөлөгч: А.Буянжаргал, 

гэрч Ө.А,

шинжээч О.Нансалмаа /цахимаар/,

шинжээч Л.Баттулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга /ӨҮД-3067/,

шүүгдэгч: Д.Т, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ӨҮД-0362/, З.Хүрэлсүх /ӨҮД-0809/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********** овогт *******, ********* /регистрийн дугаар: **********/,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ***** оны **дугаар сарын ***-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт ********* дүүргийн ***** дугаар хороо, ******* дугаар гудамжны ********тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:           

- Баянгол дүүргийн шүүхийн *******-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 247.500 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч: Д.Т 2023 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ******** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хамтран амьдрагч Ө.А-тай бэлгийн харьцаанд орохыг оролдсон” гэх шалтгаанаар амь хохирогч Г.Б-ыг гар болон хөлөөрөө цохиж зодон түүний биед “баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, эрүү зүүн бугалга, зуүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ********** дүүргийн ********* дугаар хороо ********* тоот гэртээ хамтран амьдрагч Ө.А, найз Г.Б нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Улмаар шүүгдэгч Д.Т нь 26-ны орой гэртээ унтаад сэрэх үед хамтран амьдрагч Ө.Агийн өмдийг найз Г.Б тайлсан байдалтай байгааг харсан даруйд уурлаж, маргалдан, хардсаны улмаас түүний биед гар болон хөлөөрөө цохиж, дэвсэн халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, эрүү зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт” бүхий гэмтэл учруулан амь хохирогч Г.Б нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримт

- Цагдаагийн байгууллагад 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн “...би Болдбаатар гэх хүнийг алчихлаа...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 2-р хуудас/,

- 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

- Тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-14-р хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-21-р хуудас/,

- Гэрч Ө.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Т нь миний хамтран амьдрагч байгаа юм. Хамт амьдраад 4 жил гаруй болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. Харин Г.Б гэх хүнийг танихгүй, өчигдөр л анх удаа харсан. Өөрийгөө ******* л гэж танилцуулж байсан, тэгээд мэддэг болсон юм. Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 02 дугаар гудамж 126 тоотод 15 цагийн үед байх хамтран амьдрагч Д.Т “өчигдөр архи уусан болохоор шартаад байна” гээд дэлгүүр орчоод ирье гээд гарсан. Удалгүй буцаж гэртээ орж ирэхдээ ******* гэх ахтай үүдэн дээр таарлаа гээд цуг орж ирсэн. ******* гэх ах орж ирэхдээ 1 шил пиво, савтай дөрвөлжин архи аваад орж ирсэн. Тэгээд бид гурав авч ирсэн архийг нь хувааж уугаад байж байхад хамтран амьдрагч 17 цаг өнгөрч байхад түрүүлээд тасраад унтаад өгсөн. Тэгээд би жоохон байж байгаад дивайн орон дээр ганцаараа унтаад өгсөн. Тэгээд унтаад байж байгаад хүн оролдоод байх шиг болохоор нь сэрсэн чинь ******* гэх ах миний дотуур хувцас, өмд зэргийг тайлаад доогуураа нүцгэн болчихсон, өөрөө миний өөдөөс харчихсан дивайн дээр сууж байхаар нь би ямар заваан бузартай амьтан бэ гэж хэлээд өөрөөсөө түлхэж холдуулаад байж байтал хамтран амьдрагч Д.Т хараад босож ирээд ******* буюу Болдбаатар гэх ахтай маргалдаж, муудалцаад, хэрүүл маргаан хийж байгаад гал тогооны өрөөнд зодолдоод байсан. Би хувцсаа өмсөөд босоод хартал ******* гэх ах газар хэвтчихсэн байхаар нь би хүн аллаа ш дээ чи болиоч гээд хамтран амьдрагч Д.Тд хэлсэн чинь надад юм хэлэхгүй, их бухимдсан, уур нь хүрсэн байдалтай байсан. Намайг харахад хамтран амьдрагч Д.Т гутлаа өмсчихсөн, өшиглөсөн бололтой байсан. ******* гэх ах ухаан алдчихсан байдалтай, царай нь хөхөрчихсөн байхаар нь би хамтран амьдрагч Д.Тд хандаж үхчихсэн юм биш үү царай нь сонин болчихсон байна гэж хэлээд, би гэрт үхсэн хүн байлгамааргүй байна, би айгаад байна гээд хэлэхэд Д.Т гэрийн урагшаа байшингаас 50-60 гаруй метр зайд хашаан дотор аваачиж гаргасан. Тэгээд хамтран амьдрагч Д.Т надад хэлэхдээ би маргааш өглөө цагдаа дээр очиж хэргээ хүлээнэ гээд ярьж байсан. Тэгээд тэр шөнөдөө унтаж амраад маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед босоод цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаагаас хүмүүс ирээд хэргийн газрыг хамгаалалт авсан. Надтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орох гэж байсан байх л гэж бодож байна. Миний өмд, дотуур хувцас хоёрыг тайлаад тавьчихсан байсан. Миний бэлэг эрхтэн рүү гар, хуруу болон бусад эд зүйл хийсэн зүйл байхгүй. Бид гурав пиво савтай, дөрвөлжин архи 1 шилийг л хувааж уусан. Би тухайн үедээ бага зэргийн согтолттой байсан. Болсон зүйлээ сайн санаж байна. Би яг хаана нь яаж, хэдэн удаа цохисныг нь хараагүй, гал тогооны өрөөнд муудалцаад зодолдоод байсан. Намайг гал тогооны өрөөнд очиход хамтран амьдрагч Д.Т, Болдбаатар гэх хүнийг цохиж байгаа харагдахаар нь би дундуур нь очиж болиулсан. Болдбаатар гэх хүн газар хэвтэж байсан, царай нь хөхөрчихсөн, амьсгалахгүй л болчихсон харагдаж байсан. Тухайн үед Д.Т гэрээс гаргах үед нь Болдбаатарын хэвтэж байсан газар бага зэргийн цус болчихсон байсан. Би тухайн үед зодоонд оролцоогүй, салгасан, болиоч, хүн аллаа гэж хэд хэдэн удаа хэлсэн, анх ирэхдээ согтуу байсан. Миний харснаар биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43-р хуудас/,

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад баруун хашааны залуу ********* эхнэр бид хоёрыг ажилдаа явах гээд байж байсан чинь орж ирээд надаас тамхи асуусан тэгэхээр нь би тамхи өгсөн чинь надаас 5 ширхэг тамхи аваад би одоо цагдаа явах гэж байна. Би ******* ахыг алчихлаа,...цагдаа явлаа гээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52-р хуудас/,

- Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад баруун хашааны залуу ********* орж ирээд манай нөхрөөс тамхи асуусан тэгсэн манай нөхөр тамхинаас өгсөн чинь 5 ширхэг тамхи аваад би одоо цагдаа явах гэж байна би урьд шөнө ******* ахыг алчихлаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Т-ын яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхны 2-126 тоот гэрээсээ гараад зүүн салааны эцэст байрлах “Хөхий” нэртэй хүнсний дэлгүүрээс тамхи аваад тэр хавиараа хүмүүстэй утсаар ярьж мөнгө асууж байгаад мөнгө олдохгүй байхаар нь буцаад гэр рүүгээ өдрийн 13 цаг өнгөрч байхад харьсан юм. Тэгээд би гэрийнхээ хашааны үүдээр орох гэж байсан чинь манай зүүн талын хашааны айлын эмэгтэй нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгсэн надад хандаж ******* ахыгаа авч яваа манай хашаан дотор нэг шил архитай хамт байна гэж хэлээд байж байсан чинь ******* ах гараад ирчихсэн зогсож байсан. Тэгээд би ******* ахыг аваад гэр рүүгээ дагуулж орсон юм. Тэгээд би хашаа руу орж гэр рүүгээ алхах замдаа та битгий энэ айлд ирж дандаа архи битгий ууж байгаач гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэр рүү ороход хамтран амьдрагч Ө.А гэрт ганцаараа намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд бид гурав *** ахын бариад явж байсан хуванцар савтай 0.75-ийн Шүншиг нэртэй цагаан архи байсныг бид гурав хувааж уусан. Би тухайн архинаас жижиг шаазан аягаар хоёр удаа хийж уусан. Тэгээд нойр хүрээд өөрийнхөө сууж байсан орон дээр унтаад өгсөн юм. Ө.А, ******* ах хоёр юм яриад суугаад үлдсэн. Намайг унтаж байхад ханиа, ханиа гээд *********** дуудахаар нь би сэрсэн чинь *********** доогуураа өмдгүй, хувцасгүй шалдан ор нь дээрээ дээшээ харчихсан хөл гараараа цааш нь түлхсэн байдалтай, харин ******* ах дээрээс нь дарчихсан байдалтай байж байсан, эхнэр ямар заваан юм бэ энийг аваач ээ ******* ах ингээд байна гэж хэлсэн. Тэгээд би босож ирээд ******* ахтай барилцаж аваад хажуунаас *********** чи болиоч ******* ахын нүүр царай хөхөрчихлөө гэж хэлээд *********** миний гараас татсан. Тэгээд би харсан чинь  ******* ахын царай нь эвгүй болсон байсан. Би тэрхэн зуур юу болсноо сайн санахгүй байсан, тэгсэн эхнэр *********** үүдний айл руу очиж цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн гэсэн. Тухайн айл нь манай хамар зүүн талын залгаа хашааны хүнд орж хэлсэн гэсэн. Тэгээд эхнэр орж ирээд дахин ******* ахыг үзсэн чинь амьсгалахгүй хөдлөхгүй байхаар нь бид хоёр юу хийхээ мэдэхгүй байгаад байсан. Тэгээд би цагдаа хүрээд ирэх юм болов уу гэж жоохон харзнасан юм. Тэгсэн цагдаа ирээгүй. Тэгсэн *********** би харахаар хэцүү байна, даралт ихсээд харахаар болохгүй байна гаргаад өгөөч гэхээр нь би гэрээсээ өргөж гаргаад гэрээс урагш холдуулж орхисон юм. Би хэдэн цагийн үед гэрээс гаргасныг мэдэхгүй байна. Тэгээд шөнө бид хоёр унтаж чадаагүй өглөө үүр цайлгасан юм. Тэгээд би өглөө үүдний айлаас тамхи гуйж аваад автобусны буудал руу алхаад автобусанд суугаад шууд цагдаагийн хэлтэс рүү очоод болсон зүйлээ үнэн зөвөөр би ахыгаа алчих шиг боллоо гэж хэлээд цагдаад өөрийн биеэр мэдэгдсэн юм. Тэгээд цагдаа нартай хамт гэр рүүгээ очсон юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 196-197-р хуудас/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1491 дугаартай: 

“...1. Г.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, эрүү зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      2. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл ба баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чамархайд цус хуралт нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий ташаа, хоёр өвдөгт, цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

      3. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, мөн элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

      4. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байна.

      5. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ

      6. 2023 оны 05 дугаар сарын 27-ны 14 цаг 30 цагт үзлэг хийхэд нас бараад 16-18 цаг болсон байна.

      7. Цус нь АВО системээр 3-р бүлэг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51-56-р хуудас/,

      -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Өнөржаргалын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2628 дугаартай: 

      “...“ХГҮ-ээр хураан авсан гэх Д.Тын өмсөж байсан гэх хөр өнгийн богино түрийтэй ботинк дээр цус илэрсэн...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71-72-р хуудас/,

               - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчтай шинжлэн судлах баримт маань давхцаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Нансалмаагийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 51-62 дахь тал/ гэрч Ө.Агийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43/, гэрч Ө.А-гийн дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-15/, шинжээч эмч Өнөржаргалын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71-72/, оршуулгын зардал төлсөн баримтууд /2-р хавтаст хэргийн 151-157 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан зарлагын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 51-64/, Д.Т-ыг сэжигтнээр баривчилсан мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 154/, Д.Т-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159/, талийгаачийн зөрчилтэй холбоотой Асап сангийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 160-164/, Эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 170/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 171-188/, Д.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Гэрч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...********* нөгөө өрөөнд унтаж байсан. Намайг унтаж байхад миний бэлэг эрхтнийг нэг хүн оролдоод байсан, цээжин дээр дарахаар нь цочоод сэрсэн, тэгээд *********ыг дуудаж сэрээсэн. ********* талийгаачийг хаана нь яаж цохисон талаар хараагүй. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд үүдний айлд очиж хэлэхэд өөрөө дууд гэсэн тул нөхөртэйгөө хамт цагдаа дуудахаар явж байхад миний нугасаар хатгуулаад өвдөөд явж чадахгүй байсан тул буцаад гэртээ ирсэн...” гэв.

Шинжээч О.Нансалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачийн биед учирсан хавирганы гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, дэвсэх үед үүснэ. Нурууны зулгаралт нь чирэх үед үүссэн зулгаралт байсан. Тухайн гэмтлийг авснаас хойш түргэн хугацаанд нас барна. ” гэв.

Шинжээч Л.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сэтгэл санаа цочрон давчидсан талаарх гол үзлэгийн явц маань зөвхөн ярилцлагаас гадна хэргийн материалыг бүхэлд нь судлан шинжилж гаргаж байгаа, мөрдөгчийн зүгээс тусгайлан гаргаж өгсөн эмнэлгийн бичиг баримт байгаагүй. Тухайн хэрэг болох үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна...” гэв.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...өглөө дэлгүүр ороод тамхи авчихаад буцаад явж байтал үүдний айлын эхнэр, нөхөр хоёр намайг дуудаж Болдбаатар ахыгаа аваад яв гээд надтай хамт манайх руу явсан. Манайд очоод нэг шил архи уусан бөгөөд уг архинаас би 2 хундага уусан. Тэгээд ядарсан учраас унтаад өгсөн. Шөнө унтаж байхад эхнэр *********** намайг дуудсан ба би сэрээд хартал манай эхнэрийн өмдийг шувталсан салтайд нь толгойгоо хийсэн байдалтай ноцолдож байсан. Тэгээд би очоод юу гэж маргалдсан талаараа болон гал тогооны өрөөнд орсноо санахгүй байгаа. Миний буруутай үйлдлээс болж амь хохирсон нь үнэн. Намайг зодолдож байхад эхнэр маань одоо болио ******* ахын царай зүс нь хөхрөөд байна, чи хүн аллаа гэж хэлсэн. Тэгээд хартал ******* ахын нүүр нь хөхөрсөн байдалтай газар хэвтэж байсан. Би цээжин дээр нь усаар норгоод сэргээх гэж үзсэн боловч ******* ах маань амьсгал хураасан байсан. Би гэнэт ухаан ороод эхнэрээсээ эмнэлэг, цагдаа дуудсан уу гэхэд утасны цэнэг дууссан байна, урд айлд очиж хэлсэн гэж надад хэлсэн. Би өөрөө урд айлд очоод хэлтэл чамд итгэхгүй байна, хэрвээ үнэн юм бол чи өөрөө цагдаа, эмнэлэг дууд гэсэн. Тэр шөнө би эхнэртэйгээ хамт эмнэлэг дуудах гээд явсан боловч эхнэрийн бие нь өвдөөд буцаад гэртээ ирсэн. Буцаж ирээд эхнэртээ эм уулгаж тайвшруулаад байж байтал эхнэр маань ******* ахыг хараад байхаар хэцүү байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* ахыг гэрээсээ гаргаад гэрийн урд байх зүлгэн дээр аваачиж хэвтүүлсэн. Тэр шөнөдөө би юу болж байгааг мэдэхгүй хэцүү байдалд байсан. Өглөө нь үүр цайнгуут би босоод цагдаа дуудах гээд явахдаа үүдний айлаас манай эхнэр өчигдөр орой цагдаа дуудаад өгөөч гэж ирсэн үү гэхэд ирсэн гэж хэлсэн. Би нөхрөөс нь тамхи гуйж аваад Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэс рүү цагдаа дуудахаар явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Үүдний айлын эхнэр нөхөр хоёр ******* ахтай нэлээн олон удаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд ахыгаа ав гэж нэлээдгүй олон удаа хэлж байсан. Би ахыгаа аваад гэрт нь хүргэж өгдөг байсан. Тэр өдөр ийм харамсалтай зүйл болсон. Миний зүгээс ээж, ах дүү, хамаатан садан нараас нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний буруутай үйлдлээс болж хуурай ах Болдбаатар амь хохирсон нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *********ыг танихгүй, манай гэрээр орж гардаг гэж ээж маань ярьж байсан. Сэтгэл санааны хохиролд 82,000,000 төгрөг нэхэмжилж байна. Настай ээж маань хүүгээ нас барсан гэдэгтэй эвлэрч чадахгүй, ороод ирнэ гээд үүд рүүгээ хараад сууж байгаа. Би гомдолтой байна...” гэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Талуудын дүгнэлт:

Улсын яллагч: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,500,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 82,500,000 төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал байхгүй байна. Шинжээч эмчийн хэлж байгаачлан тухайн үеийн үйлдлээ сольсон. Тухайлбал гутлаа өмсөх, нэг газраас нөгөө газар руу шилжих үйлдэл хийж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд зарим нэг өөрт ашигтай байдлыг санаж, ашиггүй байдлыг санахгүй байгаа нь харагдаж байна. Эрүүгийн хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан байдаг. Энэ нь эрүүгийн хариуцлага чөлөөлөхгүйгээс гадна хэргийн зүйлчлэлийн хувьд мөн яригдах асуудал юм. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлгээс илтэд зөрүүтэй байна. Өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүнд ашигтай байдлаар тайлбарлаж байгааг харгалзан үзэх шаардлагатай. Тиймээс анхдагч нотлох баримт буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг бүрэн үнэлэх боломж бололцоотой байгаа учраас тухайн мэдүүлгийг үнэлэх зарчмаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Шүүгдэгч нь оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Харин сэтгэл зүйд учирсан хохирол нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа. Үүнтэй холбоотой хүсэлтийг холбогдох баримттай гаргаж байна. Амь хохирогч нь ээжтэйгээ хамт амьдардаг, хууль ёсны дагуу төлөөлөх бүрэн эрх нь Болормаад байгаа нь баримтаар харагдаж байна. Сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх шаардлагагүй бөгөөд хамт шийдвэрлэх боломжтой байна. Иймээс 82.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: “...Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу онц харгис хэрцгий аргаар хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байна. Гэвч хэргийн зүйлчлэлийг эргэлзээгүй гэж үзэхэд нотолбол зохих дараах хэд хэдэн дутагдалтай тал байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Улсын яллагч энэ гэмт хэргийн сэдэлтийг тогтоохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь гэрчийн мэдүүлгийг худлаа гэж үзэх нотлох баримт байхгүй бөгөөд гэрчид хууль сануулсан байгаа. Тэгэхээр үүнээс үндэслэж хийсэн улсын яллагчийн дүгнэлт бол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилготой нь уялдуулаагүй байна гэж үзэхээр байна.

Хоёрдугаарт: Гэрч Ө.Агийн мэдүүлэг дээр үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой байсан бөгөөд хувцас, биед нь үзлэг хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл төгс хийгдсэн эсэхийг шалгах ёстой байсан. Хэт нэг талыг барьсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн.

Гуравдугаарт: Сэтгэцийн дүгнэлт гаргах ажиллагааг хийсэн боловч шүүх сэтгэцийн дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйл буюу шинжилгээний стандарт, 17 дугаар зүйл буюу шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагад нийцээгүй. Ямар ч нотлох баримт шинжлэн судлаагүй. Мөн шинжээчийн дүгнэлт дээр 3 хүн гарын үсэг зурсан боловч 2 хүн л үзсэн гэдэг. Тухайн шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнд тусгаж, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх гэсэн заалтад нийцээгүй байна. Шинжилгээний тухай хуульд шинжээчийн эрх үүргийг заасан бөгөөд дүгнэлт гаргахад шаардлагатай материал дутуу бол шаардах эрх нь нээлттэй байгаа. Тэгэхээр сэтгэцийн дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. хохирогчийн гэмтлийн хувьд маргах зүйл байхгүй бөгөөд шүүгдэгч өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа. Шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдвол яллах болон цагаатгах аль ч талын нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой. ********* мөрдөн байцаалтын шатанд өгсөн анхны мэдүүлгээрээ ямар байдлаар гэмтэл учруулснаа санахгүй, мэдэхгүй байгаагаа хэлж байсан. тиймээс гэрч болон яллагдагчийн мэдүүлэг, учирсан гэмтэл, хохирогчийн дотуур өмднөөс эр бэлгийн эс илэрсэн зэрэг нөхцөл байдал нь гэрчийн мэдүүлэгтэй уялдана гэж үзэж болохоор байна. Хэрвээ шүүх гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцох боломжтой. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлах боломжтой юм. *********ын цуснаас этилийн спирт илрээгүй бөгөөд мэдүүлгээрээ 2 хундага уусан гэсэн боловч нотлох баримт байхгүй. Түүнчлэн шинжээч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь цочирдоход шууд шалгуур шинж болохгүй, маш бага хэрэглэсэн тохиолдолд цочирдон давчдаж болно гэж хэлсэн. Тэгэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод ийм зүйл хийсэн гэсэн үндэслэл няцаагдаж байна гэж үзэхээр байна. шинжээч ийм нөхцөл байдалд цочирдон давчдаж болох нөхцөл байдлыг үгүйсгээгүй бөгөөд яг энэ хэрэг дээр цочирдох нөхцөл байдал байсан эсэх дээр үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй. Тиймээс шийдэгдээгүй нөхцөл байдлыг шүүх үнэлж дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар хуулийн шаардлагад нийцсэн сэтгэцийн дүгнэлтийг шинжээч томилон дахин хийлгэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх эрхийг шүүх эдэлж байгаа, мөн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэргийн оролцогчид гаргаж байгаа. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 531 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт үндэслэлгүй гарсан учраас дахин шинжилгээг өөр бүрэлдэхүүнтэйгээр хийлгэх хүсэлтэй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалтад зааснаар шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцыг бүрэн тусгасан байх ёстой. Мөн тус хуулийн 18.3 дугаар зүйлд Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана гэж хоёрдмол утгагүй тодорхой заасан байна. Энэ заалтын хажуугаар энэ дүгнэлт бичигдсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийг судалсан шинжээчийн дүгнэлт батлагдаагүй. Шинжилгээ үнэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдээгүй, өөрөөр хэлбэл шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмын хүрээнд уг дүгнэлт гараагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгч байгаа шинжээчийн дүгнэлт нь бидний хооронд үүсэж байгаа маргааныг хагалаагүй бөгөөд ач холбогдолгүй байсан. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл байна гэж үзэж байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч: “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1491 дугаартай дүгнэлтээр “...талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэсэн байх бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Д.Т нь хохирогч Г.Бын биед цээж рүү нь өшиглөж, дэвсэж дээрх хохирол хор уршгийг бий болгосон үйлдэл нь хууль бус юм.