| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0139/T/ |
| Дугаар | 2023/ШЦТ/138 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 2316000810161 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг гарах үед Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ********* сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У хот, ******** дүүрэг, ********** хороо, ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, СИ*********** регистрийн дугаартай, О овогт Г-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа зөрчлийн хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийн төлбөр гэж ойлгуулан эхнэр Г.М-н хаан банкны ********** тоот дансаар хохирогч Ц.П-с 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000(гурван зуун мянга) төгрөг, хохирогч Э.Д-с 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 400,000(дөрвөн зуун мянга) төгрөг, хохирогч Н.М-с 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000(гурван зуун мянга) төгрөг, хохирогч Н.П-с 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150,000(нэг зуун тавин мянга) төгрөг тус тус шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ********** сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “...үйлдсэн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийн төлбөр...” гэж хохирогч нарт ойлгуулан эхнэр Г.М-н хаан банкны ********** тоот дансаар хохирогч Ц.П-с 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000(гурван зуун мянга) төгрөг, хохирогч Э.Д-с 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 400,000(дөрвөн зуун мянга) төгрөг, хохирогч Н.М-с 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000(гурван зуун мянга) төгрөг, хохирогч Н.П-с 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150,000(нэг зуун тавин мянга) төгрөг тус тус шилжүүлэн авсан болох нь:
1. Шүүгдэгч Г.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Би сургуулиа 2020 онд төгсөөд *** хотод 1 жил гаруй ажилласан. Тэгээд хол ажиллаж үзье гээд Говь-Алтай аймагт ирсэн. Хэнтий аймгийн ***** суманд төрсөн. Говь-Алтай аймагт хүүгээ 3 сартай байхад эхнэр хүүхдээ авч ирсэн. Намайг энд ирснээс хойш манай аавын бие муудаж нойр булчирхайн хавдартай, эмчилгээгүй гэж оношлогдсон, одоо 3 дугаар эмнэлгийн сэхээний тасагт байгаа. Хохирогч нараас авсан мөнгийг аавынхаа эмчилгээнд зориулж, эхнэрийнхээ дансаар дамжуулж авсан. Аавын эмчилгээнд их мөнгө хэрэгтэй байсан. Миний цалин зээлд явчихдаг. Тухайн үед хүүхэд төрчихсөн, эхнэр ажилгүй байсан. Гарцаагүй эрхэнд тийм зүйл хийсэн. Би айлын ганц хүү болохоор өөр туслах хүн байхгүй байсан тул хохирогч нараас торгох нэрийдлээр мөнгө авсан ...Хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан зүйл байхгүй... Хохирогч нартай холбогдсон. Он гарахаас өмнө барагдуулна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Л даргад хэсгийн төлөөлөгч Г.Б намайг 400,000 төгрөгөөр торгож торгуулийн мөнгийг өөрийн эхнэр М гэдэг хүний Хаан банкны дансаар авсан... 2021 оны 11 дүгээр сарын үед би бага зэрэг пиво уугаад ***** УНӨ улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслээр сумын төвд ирсэн урлагийн тоглолт үзэж байхад манай ээж Б над руу залгаад хашаанд байсан азарга уяатайгаа орооцолдоод байна гэхээр нь би ганцаараа машинаа бариад гэр лүүгээ яарч явахад урд талд нэг жижиг тэрэг удаан яваад байхаар нь хажуугаар нь гараад гэртээ ирсэн... Араас хэсгийн төлөөлөгч Г.Б машинтай нэг эрэгтэй хүний хамт ирээд “...намайг яаж яваад байгаа юм бэ үхлээ шүү дээ...” гэхээр нь би азаргаа орооцолдооноос гаргах гээд яарч явсан юм гэдгээ хэлсэн... Хэсгийн төлөөлөгч Г.Б намайг авч өөрийн жижиг машиндаа суулгаад сумын эмнэлэг дээр очиход хүн байхгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Г.Б нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн түлхүүр хоёрыг аваад маргааш цагдаагийн хэсэг дээр ирж уулзаарай гээд явсан. Би маргааш өглөө 09 цагт сумын цагдаагийн хэсгийн байранд очиж Г.Б-тай уулзсан... Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдтай явсан гэж 400,000 төгрөгөөр торгоно гэсэн... Надад торгуулийн хуудсаа өгчих авч яваад банканд мөнгийг нь тушаая гэхэд хэсгийн төлөөлөгч Г.Б “...торгуулийн мөнгө тушаадаг данс ажиллахгүй байгаа мөнгөө бэлнээр өгчих...” гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учир торгуулийн мөнгө өгч чадаагүй.... Г.Б би аймаг руу ажлаар явлаа араас торгуулийн мөнгийг дансанд тушаагаарай гэсэн....Мөнгө тушааж чадаагүй байхад хэсгийн төлөөлөгч Г.Б над руу утсаар яриад торгуулийн мөнгөө өг гээд Хаан банкны данс өгсөн. Данс руу 400,000 төгрөг өөрийн Хаан банкны ********** данснаас шилжүүлсэн... Г.Б ямар нэгэн торгуулийн хуудас бичиж өгөөгүй бөгөөд би 400,000 төгрөг шилжүүлсний дараа тээврийн хэрэгслийн түлхүүр болон гэрчилгээг авсан... Намайг хуулийн дагуу шалгаж торгуулийн арга хэмжээ аваагүй нь тогтоогдвол би өгсөн 400,000 төгрөгөө буцааж авмаар байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/
3. Хохирогч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай нөхөр Б-н Э /РД:**********/ нь 2021 оны 12 дугаар сарын эхээр энэ мөнгө шилжүүлэхээс нэгээс хоёр хоногийн өмнө Н-н М найзтайгаа хэдэн өдөр дараалж архи уугаад гэртээ ирэхгүй байхаар нь би нөхрөө хайж Н.М-н гэрт очсон. Тэнд М болон манай нөхөр 2 архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би архи уулаа гэж уурлаад М-тэй хэрүүл хийсэн... Сумын цагдаа Т болон хэсгийн төлөөлөгч Б нар ирсэн... Манай нөхөр Э болон М хоёрыг цагдаагийн хэсгийн байранд саатуулсан... Маргааш нь манай нөхөр Э-г хэсгийн төлөөлөгч Б утсаар дуудаад цагдаагийн хэсгийн байранд уулзсан бөгөөд торгуулийн арга хэмжээ авна гээд нэг данс өгсөн байсан, тухайн дансанд мөнгийг нь би шилжүүлсэн. Дахиж хэсгийн төлөөлөгч болон цагдаагаас дуудаагүй. Өөр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй... Манай нөхөрт ямар хуулиар арга хэмжээ авсан талаар мэдэхгүй. Манай нөхөрт торгуулийн арга хэмжээ авсан талаар ямар нэгэн баримт өгөөгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/
4. Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2021 оны 12 дугаар сард байх одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна өөрийн найз Э-н хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ******* тоот гэртээ архи ууж байхад Э-н эхнэр П ирээд бага насны хүүхдийн хажууд архи уулаа гэж уурлаад сумын цагдаа дуудсан. Дуудлагаар хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Т-н хамт ирээд цагдаагийн хэсэг рүү авч явж саатуулсан. Тэгээд архи гарсны дараа явуулсан бөгөөд Э бид хоёрт бага насны хүүхдийн хажууд архи уусан гэж торгуулийн арга хэмжээ авна гэсэн... ********** руу ажилдаа явсан. Торгуулийн 300,000 төгрөгийг хэсгийн төлөөлөгч Г.Б-н өгсөн данс руу шилжүүлсэн. Хэсгийн төлөөлөгч Г.Б нь Э бид хоёрт адилхан арга хэмжээ авна гэж байсан. Өөр миний хувьд торгуулийн арга хэмжээ авагдаж мөнгө шилжүүлж байсан зүйл байхгүй... Тухайн үед надад ямар нэгэн баримт бичиж өгөөгүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/
5. Хохирогч Н.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 02 дугаар сард Говь-Алтай аймгийн ****** суманд хувиараа алт олборлохоор очоод ******** сумын төв дээр байхдаа цагдаад баригдсан. Тэгээд торгуулийн арга хэмжээ авна гэхээр нь би 150,000 төгрөгийг хэсгийн төлөөлөгчийн өгсөн дансанд шилжүүлсэн... Г.Б нь торгуулийн арга хэмжээ авна гэсэн боловч ямар хуулиар арга хэмжээ авахаа хэлээгүй. Ямар нэгэн торгуулийн баримт өгсөн зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/
6. Э.Д-н ХААН банк дахь ********* тоот данснаас ********* тоот данс руу “********” гэх утгаар 400,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлснийг тусгасан дансны дэлгэрэнгүй хуулганы хэсэг. /1-р хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/
7. Г-н М-н ХААН банк дахь ******** тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ********* тоот данснаас “*********” гэх утгаар 400,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ********* тоот данснаас “torguul” гэх утгаар 300,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ********* тоот данснаас “e-n torguuli” гэх утгаар 300,000 төгрөг шилжүүлсэн, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ********** тоот данснаас “torguil” гэх утгаар 150,000 төгрөг шилжүүлснийг тусгасан дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хавтаст хэргийн 249 дүгээр хуудас, 2-р хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
8. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1052 дугаартай Г-н Б-г Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон тушаалын хуулбар. /2-р хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэрэг төгсөх бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хууль сахиулах чиг үүрэг хүлээсэн нийтийн албан тушаалтан/төрийн албан хаагч/ болохын хувьд зөрчил илрүүлсэн тохиолдолд зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах ёстой байжээ. Гэтэл шүүгдэгч нь энэ чиг үүргээ хэрэгжүүлэн хуульд заасан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүйгээр барахгүй шийтгэлийн хуудас үйлдэлгүй зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулж байна гэж хохирогч нарт ойлгуулан эхнэрийнхээ дансаар удаа дараагийн үйлдлээр мөнгө авч түүнийгээ хувийн хэрэгцээндээ ашигласан нь албан үүргээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийн эрх мэдлээ хэтрүүлэх буюу “урвуулан ашиглах” ойлголтод хамаарахаар байна.
Иймээс шүүгдэгч Г.Б-н үйлдэл нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Тодруулбал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан. Гэтэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....нийтийн албанд томилогдох эрхийг 2(хоёр)-оос 5(тав) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжээс 27,000(хорин долоон мянга) нэгжээр торгох, эсвэл 1(нэг)-ээс 5(тав) жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1(нэг)-ээс 5(тав) жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан байжээ. Өөрчлөн найруулсан хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй, хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдээгүй байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Г.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 152 дугаар тал/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б-с 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-т, 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д, 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-д, 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж Н.П-д тус тус олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О овогт Г-н Б-г 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.Б-с 400,000(дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-т, 300,000(гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д, 300,000(гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-д, 150,000(нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж Н.П-д тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА