| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00431/И |
| Дугаар | 00431 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1985 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 13-03 тоотод оршин суух, РЭ85010208 дугаар регистртэй, Өөлд овогт Т.Т-ийн
Хариуцагч: Ц.Д-д холбогдох
Хашаа бариулсан хөлс, гарсан зардал, бүгд 1.395.040 /нэг сая гурван зуун ерэн таван мянга дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2020/00117/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Т.Т хариуцагч Ц.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарын дагуу 2019 оны 7 дугаар сард Ц.Д-ээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-11 тоотод байрлах, үзүүрийн, хоёр тал, 600м.кв газрыг хашаатай нь хамт 4.000.000 төгрөгөөр зарна гэснийг 00 бариагүй байсан тул 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг бэлэн мөнгөөр түүний дансанд шилжүүлсэн. Зөвхөн газар байсан бол тус газрыг 3.500.000 төгрөгөөр авахгүй байсан. Нотариатч дээр очиж гэрээ байгуулахдаа татвар бага төлөхийн тулд 1.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус газрыг н.Ганчулуун гэдэг хүнд давхардуулан олгосон, түүнийг хашаа барьсан байхад Ц.Д нь надад хашаатай газар гэж зарсан зэрэг байдлаас болж маш их чирэгдэл гарч, олон газраар явж, Цагдаагийн байгууллагад хүртэл хандсан.
Тэгээд н.Ганчулуунд өөр газар олгоход тэрээр гурван тал хашаа барьсан гээд банзыг буулгаж авсан. Манай хашааны гурван тал онгорхой үлдсэн. Ц.Д нь миний буруу тул хашааг хүүхдүүдээрээ бариулж өгнө гэсэн тул Цагдаагийн байгууллагаас өргөдлөө буцааж авсан. Бид хоорондоо тохиролцсон талаар Цагдаагийн байгууллагаас бичиг аваагүй. Би газар дээрээ өөрийн зардлаар кадастрын зураг хийлгэхэд 25 метр квадрат газар дутсан. Түнэл суманд газар сунгаж олгох хөтөлбөр явагдсаны дагуу газраа сунгасан ч 585 метр квадрат л болсон. Миний газар дээр Ц.Д амласан ёсоороо хашаа барьж өгөхгүй байсан болохоор өөртөө нь болон эхнэртэй нь удаа дараа уулзахад 3м урттай 4см банз 10 ширхэг, 2м урттай 3см банз 70 ширхэг, 4метрийн шон 7 ширхэгийг өгсөн. Үүнийг мөнгөн дүнгээр үнэлээгүй. Өөрийн ах, дүүдээ хөлс өгч бариулахад зөвхөн хашааны нэг талыг бөглөсөн. Би дээр нь нэмж 4м урттай 3см банз 130 ширхэг, 1 ширхэг банзны үнэ 4.848 төгрөг, нийт 630.240 төгрөг, 4м урттай 5см банз 28 ширхэг, 1 ширхэг банзны үнэ 9.000 төгрөг, нийт 252.000 төгрөг, 18 ширхэг шон, нэг бүрийн үнэ 5.000 төгрөг, нийт 90.000 төгрөг, 80, 100мм хадаас 6кг, 1кг үнэ 3.800 төгрөг, нийт 22.800 төгрөг, хашаа барьсан хөлс 150.000 төгрөг, хоолны үнэ 50.000 төгрөг, мод тээвэрлэлт 100.000 төгрөг, Түнэл сум руу 3 удаа явахдаа 40.000 төгрөгөөр 2 удаа бензин хийсэн, нийт 80.000 төгрөг, Мөрөн сум дотор таксигаар 20.000 төгрөгөөр явсан. Намайг Ц.Д хашаанаас дур мэдэн банз, мод авсан гэж байгаа боловч би банз хүрэхгүй байна гэхэд манайд юу ч байхгүй, грашийн хуучин 2 хаалга байна түүнийг ав гэсний дагуу авсан. н.Ганчулуун нь гурван тал хашааны банз буулгаж авсан тул Ц.Д-эй 2 тал хашаа худалдаж авсан гэрээ байгуулсан боловч би гурван тал хашаанд хэрэглэсэн төлбөрийг гаргуулж авна. Иймд Ц.Д-с 1.395.040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-11 тоотод байрлах, үзүүрийн, хоёр тал, газрыг зарна гэж зар тавьсаны дагуу Т.Т өөрөө очиж үзээд 3.500.000 төгрөгөөр зарчих гэж гуйсаар байгаад надаас худалдаж авсан. Хэрэв хашаатай газар байсан бол ийм хямд зарахгүй байсан. Тус газрыг бид хоёр ярилцаж байгаад 1.000.000 төгрөгөөр худалдсан гэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл тус газрыг н.Ганчулуунд давхардуулан олгож, тэр хүн хашаа барьсныг мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас намайг дуудаад мэдүүлэг авч, гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хаасан. Т.Т нь миний хүүхдүүдээс ялгаагүй болохоор туслах зорилгоор хашааны банз болон палк хүртэл өгсөн. Тэр банзаар хангалттай 2 тал хашаа битүүлэх боломжтой байсан. Өөрөө ч ах, дүү нараараа хашаагаа бариулна гэж байсан. Дараа нь дахиад Т.Т манай хашаанаас хуучин хашааны хаалга, төмөрлөсөн шон, мод зэрэг эд зүйлийг ачиж явахдаа манай эхнэрт одоо ингээд боллоо гэж хэлсэн байсан. Би дээрх банз болон бусад зүйлийг үнэлж өгөөгүй. Тус газар нь давхар гудамж учир зөвхөн 2 тал хэсгийг битүүлэх ёстой байсан. Гэтэл н.Ганчулуун гурван тал хашаа аваад явсан гэж Т.Т яриад байгаа юм. Би өмнө нь таамгаар хашаагаа тойруулж шон суулгахаар алга болчихдог байсан. Иймд би Т.Т-т хашаагүй газар зарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан хашаа бариулсан хөлс, гарсан зардал, бүгд 1.395.040 /нэг сая гурван зуун ерэн таван мянга дөч/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн зохигч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-11 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдсан, худалдан авч, төлбөрийг бэлнээр төлсөн, тус газар дээр барьсан хашааг н.Ганчулуун буулгаж авсан тухай үйл баримтууд болсон талаар маргадаггүй.
Харин нэхэмжлэгч Т.Т нь газрыг хашааны хамт худалдаж авсан ба хашааг н.Ганчулуун буулгаж авсны улмаас дахин хашаа барихад гарсан зардал 1.395.040 төгрөг гаргуулж авна,
хариуцагч Ц.Д- нь хашаагүй газар зарсан, хашааны банз, шон зэргийг түүнд туслах зорилгоор өгсөн, хашаа барьж өгнө гэж тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-11 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдах, худалдан аваxаар тохирсон, улмаар газрын үнийг бүрэн төлж, тус газар Т.Т-н эзэмшилд шилжиж очсон үйл баримтууд тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Т.Т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-11 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр хариуцагч Ц.Д-с худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, Т.Т-с газрын үнэд 3.500.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Т-н 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Туул овогтой Т миний бие Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой тоот хаягт байрлах, .............гэрчилгээний дугаартай 600 /0.06/ м/к-т талбайтай газрыг Ц.Д-с газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул миний нэрээр бүртгэж, гэрчилгээ олгож өгнө үү” гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Түнэл сумын газрын даамалд гаргасан өргөдлийн архивын хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой 10-48-11 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай...600м/к-т талбайтай 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий газрыг эрх шилжүүлэн авагч Т.Т- шилжүүлнэ...” гэх бичилттэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/128 дугаар захирамж, тус захирамжийн “...Эрх шилжүүлж байгаа иргэн ААНБ-ын нэр: ...6. Ц.Д шилжүүлэн авч байгаа иргэн, ААНБ-ын нэр: Т.Т газрын зориулалт: гэр орон сууцны хашааны газар, газрын байршил, хаяг: Хөх толгой 48-11, газрын хэмжээ /м2/: 585, газар эзэмшүүлэх хугацаа: 10, нэгж талбарын дугаар: 6709006459, хүчингүй болгож буй захирамжийн хавсралтын хэсгийн дугаар: 2014.09.04 А/109 хавсралт №31, тайлбар: гэрээ гэрчилгээ шилжүүлэх” гэх бичилттэй “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, гэрээ гэрчилгээ шинэчлэх иргэний жагсаалт” хавсралтын архивын хуулбар, иргэний газар эзэмших эрхийн 000022597 дугаар гэрчилгээний архивын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдов.
Нэхэмжлэгч Т.Т-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...Миний газар дээр Ц.Д амласан ёсоороо хашаа барьж өгөхгүй байсан болохоор өөртөө нь болон эхнэртэй нь удаа дараа уулзахад 3м урттай 4см банз 10 ширхэг, 2м урттай 3см банз 70 ширхэг, 4метрийн шон 7 ширхэгийг өгсөн. Үүнийг мөнгөн дүнгээр үнэлээгүй. Өөрийн ах, дүүдээ хөлс өгч бариулахад зөвхөн хашааны нэг талыг бөглөсөн...” гэх тайлбар, хариуцагч Ц.Д-н “...Т.Т нь миний хүүхдүүдээс ялгаагүй болохоор туслах зорилгоор хашааны банз болон палк хүртэл өгсөн. Тэр банзаар хангалттай 2 тал хашаа битүүлэх боломжтой байсан. Өөрөө ч ах, дүү нараараа хашаагаа бариулна гэж байсан. Дараа нь дахиад Т.Т манай хашаанаас хуучин хашааны хаалга, төмөрлөсөн шон, мод зэрэг эд зүйлийг ачиж явахдаа манай эхнэрт одоо ингээд боллоо гэж хэлсэн байсан...” гэх тайлбараас дүгнэхэд хариуцагч Ц.Д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-11 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, хашааны хамт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр Т.Т-т худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Т.Т, Ц.Днар гэрээний гол нөхцөл болох газар, хашааны үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохирч, газрыг Т.Т эзэмшилдээ шилжүүлэн авч, төлбөрийг шилжүүлсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “худалдах, худалдан авах гэрээ” байгуулагджээ.
Хариуцагч Ц.Д-ийн эзэмшил газар дээр өөр этгээд хашаа барьсан байхад түүнийг мэдсэн мөртлөө тэрээр бусдад хашаатай газар гэж доголдолтой эд хөрөнгө худалдсан байх тул нэхэмжлэгч Т.Т өөрт учирсан хохирол эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Т.Т тус газар дээр хашаа бариулсан хөлс, гарсан зардал, нийт 1.395.040 төгрөг гаргуулж авна гэж тайлбарлан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэн “Хөвсгөл карго транс”ХХК гэх тэмдэг дарсан “Зарлагын баримт”, шатахуун авсан тухай нэмэгдсэн өртгийн албан татварын баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Учир нь “Хөвсгөл карго транс”ХХК гэх тэмдэг дарсан “Зарлагын баримт”-ын огноо засвартай, байгууллагын нэр, хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн нэр бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудаар Т.Т-г шатахуун авсан гэдгийг давхар нотлох өөр баримт байхгүй байна. Мөн тэрээр хашаа бариулсан хөлсөнд 150.000 төгрөг, хоолны үнэ 50.000 төгрөг, мод тээвэрлэсний хөлс 100.000 төгрөг, Мөрөн сум дотор таксигаар явсан 20.000 төгрөг гэх зардлыг ямар этгээдэд хэзээ, хэрхэн, яаж өгсөн тухайгаа нотлож чадахгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө шүүхэд бүрдүүлж, цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Иймд Ц.Д- с хашаа бариулсан хөлс, гарсан зардал, бүгд 1.395.040 /нэг сая гурван зуун ерэн таван мянга дөч/ төгрөг гаргуулах тухай Т.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-ийг нэхэмжлэлийн үнэ 1.395.040 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 37.271 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ц.Д-д холбогдох хашаа бариулсан хөлс, гарсан зардал, бүгд 1.395.040 /нэг сая гурван зуун ерэн таван мянга дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-г улсын тэмдэгтийн хураамж 37.271 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА