Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1996 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт “Сайн элкетроникс” ХХК-д харилцааны менежер ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 31 дүгээр байр, 14 тоотод оршин суух, РЭ96092225 дугаар регистртэй, Тогоруутан овогт Батболдын Жаргалсайханы,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1995 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харуул хамгаалалт мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хөгжмийн салаанд хөгжимчин ажилтай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт оршин суух, МЮ95041513 дугаар регистртэй, Ангаахай овогт Давгасүрэнгийн Бат-Өлзийд холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2019/01031/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Жаргалсайхан, хариуцагч Д.Бат-Өлзий нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бат-Өлзий бид хоёр ахлах сургуульд сурч байхдаа буюу 2010 оноос эхлэн үерхээд, 2013 оноос 2017 оны хооронд манай эцэг, эхийнд хамт амьдарсан. Бидний дундаас охин Учрал 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул би өөрийн нэрээр охиноо овоглож бүртгүүлсэн. Бид албан ёсоор 2017 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дээрх хугацаанд хамт амьдарч байхдаа бидний үзэл бодол, зан байдал таарч тохирохгүй болж үргэлж маргалдан, хэрэлдэж, Д.Бат-Өлзий гэр бүлээс гадуур харьцаа үүсгэн, архи дарс ууж, зодох болсон. Энэ бүхнийг тэвчихээ байсны улмаас 2019 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Д.Бат-Өлзий охинтойгоо ерөөсөө уулздаггүй, нэг удаа согтуу шөнө ирэхэд нь маргааш эрүүл болоод ирээрэй гэж явуулаад хүлээсэн боловч ирээгүй. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Учралыг өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлгийг эцэг Д.Бат-Өлзийгөөс хуульд зааснаар гаргуулж авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

Хариуцагч Д.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос Б.Жаргалсайхантай үерхэж эхлээд 2013 оноос 2017 оны хооронд хадмынд хамт амьдарч байсан. Энэ хугацаанд охин Учрал төрсөн, гэрлэлтээ батлуулаагүй тул ээжээрээ овоглосон байсан. Миний хүүхэд мөн. Б.Жаргалсайхан бид хоёрын дунд байнгын маргаан гардаггүй, хадам эцэг, эх бидний амьдралд байнга оролцож, бидний өмнөөс шийдвэр гаргадаг байсан. Мөн намайг ядуу гуйлгачин гэж дуудаж, эцэг, эхийг минь доромжилоход надад хэцүү байдаг. Б.Жаргалсайхан эцэг, эхийнхээ үгэнд ордог. Намайг миний аав, ээжийн бэлдэж өгсөн гэрээс зайл гэж байнга хөөдөг. Энэ байдлаас бухимдаж хааяа гадуур явах шалтгаан болж байсан, байнга архи дарс ууж, эхнэр, хүүхдэдээ айдас хүйдэс мэдрүүлдэггүй байсан. 2019 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байна. Охинтойгоо уулзахаар очиход уулзуулдаггүй, хадам эцэг уурлаж, янз бүрээр хэлж дарамтладаг. 2017 оноос 2018 оны хооронд бидний харьцаа хөндийрч зүгээр л хамтран амьдрагчид болсон. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ би 2019 оны 11 дүгээр сард элэгний вирустэй болж хүнд өвчин туссан. Энэ олдмол өвчин. Цус цусан бүтээгдэхүүн, зүү тариур, хумсны хутга, сахлын хутга гэх мэтээр цусаар дамжиж халдварладаг гэсэн. Хотод 1 сар эмчилгээ хийлгэж байгаад энд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна. Гэр бүлийн тухай хуулинд эхнэр, нөхрийн аль нэг нь хүнд өвчтэй бол салахгүй гэж заасан байдаг тул гэрлэлтээ цуцлуулахгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь хариуцагч Д.Бат-Өлзийд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.Бат-Өлзий шүүх хуралдаанд “...Гэхдээ би 2019 оны 11 дүгээр сард элэгний вирустэй болж хүнд өвчин туссан. Энэ олдмол өвчин. Цус цусан бүтээгдэхүүн, зүү тариур, хумсны хутга, сахлын хутга гэх мэтээр цусаар дамжиж халдварладаг гэсэн. Хотод 1 сар эмчилгээ хийлгэж байгаад энд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна. Гэр бүлийн тухай хуулинд эхнэр, нөхрийн аль нэг нь хүнд өвчтэй бол салахгүй гэж заасан байдаг тул гэрлэлтээ цуцлуулахгүй” гэх тайлбар гаргасан боловч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “...эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан бөгөөд “хариуцагч хүндээр өвчилсөн гэдэгт гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх үед хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагатай, мэс засалд орох, эмчийн хяналтанд байнга эмчилгээ хийлгэх зэргээр өөрийн эрхийг хамгаалах боломжгүй байх явдал” хамаарна. Дээрх хүндээр өвчилсөн гэх нөхцөл байдлыг эмнэлгийн дүгнэлтээр тогтооно.

Гэвч хариуцагч Д.Бат-Өлзий өөрийн биеэр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн ба хүндээр өвчилсөн болохыг нотолсон тухай эмчийн болон эмнэлгийн магадлагаа зэрэг баримт байхгүй байна.

Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл боллоо.

Гэрлэгчид нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь “Эрэгтэй, РД: мю95041513, Монгол улсын иргэн, Ангаахай овогт Давгасүрэнгийн Бат-Өлзий, эмэгтэй, РД: рэ96092225, Монгол улсын иргэн, Тогоруутан овогт Батболдын Жаргалсайхан нар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6710000005-рт бүртгэж гэрчилгээ олгов”  гэх бичилттэй гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин Ж.Учрал төрсөн болох нь 1110007965 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

 Гэрлэгчид гэрлэлтээ батуулаагүй байхад охин Ж.Учрал төрж, эх Б.Жаргалсайханаар овоглон бүртгүүлсэн болохыг зохигчид тайлбарласан болно.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхэд бага насны, эхийн анхаарал, хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ж.Учралыг төрсөн эх Б.Жаргалсайханы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Бат-Өлзийгөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Охин Ж.Учрал эх Б.Жаргалсайханы асрамжид үлдсэн нь эцэг Д.Бат-Өлзийгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Ж.Учралтай эцэг Д.Бат-Өлзий хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Б.Жаргалсайхан, Д.Бат-Өлзий нарын гэрлэлтийг цуцалж, охин Ж.Учралыг эх Б.Жаргалсайханы асрамжид үлдээн, хариуцагч Д.Бат-Өлзийгөөс  охин Ж.Учралд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ж.Учрал 05 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг охин Ж.Учралд сар бүр эцэг Д.Бат-Өлзий төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ж.Учралд сар бүр төлөх нийт 97.150 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.165.800 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг, бүгд 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 102.729 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тогоруутан овогт Батболдын Жаргалсайхан, Ангаахай овогт Давгасүрэнгийн Бат-Өлзий нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ж.Учралыг эх Б.Жаргалсайханы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ж.Учралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Бат-Өлзийгөөс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Бат-Өлзий, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Жаргалсайхан нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамж 102.729 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Жаргалсайханд олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА