Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0225

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийг төлөөлөн Б.Б-ы

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бо

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийг төлөөлөн Б.Б

Хариуцагч:Хан-Уул дүүргийн Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийдвэр,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийг төлөөлөн Б.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бо нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1030/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийг төлөөлөн Б.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, заалтыг баримтлан “Т” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Б.Б-ы гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бо давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийг төлөөлөн ... миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримт тэдгээрт хамаарах нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

3.1. Сонсох ажиллагааны тухайд: Захиргааны байгууллага буюу Хан-Уул дүүргийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй.

 

Маргаан бүхий энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба “ЗМ” сонины 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 113-р дугаарт сонсох ажиллагааг мэдэгдсэн бөгөөд тус сонсох ажиллагааны мэдэгдэлд “...“Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөр төлөөгүй жагсаалтад дурдсан газар эзэмшигч, ашиглагч нарт төлбөрийг нөхөж төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрын эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдож байна.” гэсэн байсан ба энэ тохиолдолд сонсох ажиллагааг бүрэн дүүрэн явуулсан гэж үзэхгүй.

 

Учир нь “ЗМ” сонинд гаргасан сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” үйл баримт нь маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл байж болох ч тухайн мэдэгдлийг хүргүүлснээс хойш 3 сар гаруйн дараа маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагч Засаг дарга нь дээрх үндэслэлээс гадна өөр бусад үндэслэл буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г үндэслэл болгосон.

 

Өөрөөр хэлбэл зөвхөн дуудлага худалдааны анхны үнээс гадна, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-тай холбоотойгоор нэхэмжлэгч “Т” ХХК-ийг сонсож, хуульд заасан арга, журмын дагуу сонсох сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан. Мөн “Т” ХХК-ийн 40%-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Б бөгөөд тэрээр үлдсэн 60%-ийн хувьцаа эзэмшигч нь нас барсан тухай болон улмаар шүүх, цагдаа дээр асуудал шалгагдаж байгаа тухай Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд биеэр очиж тайлбарлаж хэлж байсныг мэдэж байсан боловч шаардлагатай арга хэмжээ аваагүй.

 

Иймд сонсох ажиллагааг захиргааны байгууллага зохион байгуулахдаа маргаан бүхий актын үндэслэл болж буй хуулийн зүйл заалтыг сонсох ажиллагааны мэдэгдэлд бүрэн тусгаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдаагүй үндэслэлээр захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

3.2. Дуудлага худалдааны анхны үнийг төлөх мэдэгдлийн тухайд: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамжийн 1.4-д “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” гэж заасан байдаг.

 

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10-17/299 дүгээр албан бичгээр “Т” ХХК-д газрын анхны үнийг төлөх 4 хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч дуудлага худалдааны анхны үнийг төлөхтэй холбоотойгоор дахиж хугацаатай мэдэгдэл хүргүүлээгүй нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамжийн 1.4-д заасан “...өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болсон.

 

3.3. Газрын төлбөрийн үнийн дүнгийн тухайд: Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр “Т” ХХК нь газрын төлбөрт улиралд 440,000 (Дөрвөн зуун дөчин мянга) төгрөг, жилд 1,760,000 (Нэг сая долоон зуун жаран мянга) төгрөг буюу бүгд 15,840,000 төлөхөөр байхад 35,082,639 төгрөг төлөөгүй гэж илүү мөнгө тооцсон байсныг болон мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш Хан-Уул дүүргийн Татварын албанаас гаргаж өгсөн нэхэмжлэлүүдийн дагуу 5 сая гаруй төгрөг төлсөн байсныг тооцож үзээгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Маргааны зүйл нь нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Төв аймаг явдаг замын зүүн талд 20000 метр квадрат амины орон сууцны зориулалт бүхий газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

3.1. Маргаан бүхий акт болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/343 дугаар захирамжийг тус тус үндэслэжээ.

 

3.2. Ингэхдээ тус захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад:

 

-газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй,

-газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,

-хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн гурван үндэслэлийг дурдсан байна. Тодруулбал,

 

4. “...Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

 

4.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад … нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно.”, 36.2-т “Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна.” гэж тус тус заажээ.

 

4.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлж болохоос бусад газрыг эзэмшүүлэх эсэх асуудлыг тухайн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгохоор шийдвэрлэж, мөн дуудлага худалдааны анхны үнийг тогтоохоор хуульчилсан байна.

 

4.3. Хэрэгт авагдсан баримтуудаар, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/343 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж, үүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын мөн оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай даалгавраар “...газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, тайлагнахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт үүрэг болгосон” агуулгатай байна.

 

4.4. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10-17/299 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 176 000 000 (нэг зуун далан зургаан сая) төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэн /1хх-ийн 42/ байх бөгөөд нэхэмжлэгчээс уг үнийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн энэ талаар нэхэмжлэгчээс үгүйсгэж маргаагүй.

 

5. “...Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

 

5.1. Хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №01122-2011/61579 дугаартай “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газрын төлбөр байдлыг харвал, 2011-2015 онд төлбөрийн үлдэгдэлгүй, харин 2016 оноос 2024 оны 09 дүгээр 17-ны өдрийг хүртэл нийт 35 082 639 (гучин таван сая наян хоёр мянга зургаан гучин ес) төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй /1хх-ийн 48/ болох нь тогтоогдож байна.

 

5.2. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж тус тус зааснаар газар эзэмшигч болох нэхэмжлэгч “Т” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Төв аймаг явдаг замын зүүн талд 20000 метр квадрат газрыг анх 2011 онд эзэмших эрхтэй болсноор дээрх хууль тогтоомж болон газар эзэмшүүлэх гэрээний дагуу газар эзэмшигчийн төлбөр төлөх үүрэг үүсжээ.

 

5.3. Нэхэмжлэгчээс “...2011 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй гээд 35 сая төгрөг гаргасан. Татварын албанаас албан ёсоор оруулсан нэхэмжлэл нь 5 сая гаруй төгрөг байсан...газар эзэмшүүлэх гэрээний дагуу улиралд 440 000 төгрөг төлөхөөр байна...” гэж газрын төлбөрийн тооцоололд маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

5.4. Энэ талаар анхан шатны шүүхийн “...газрын төлбөрөө төлөх, газраа зориулалтаар нь ашиглах боломжийн талаар “Т” ХХК, эсхүл төлөөлөн нэхэмжлэгчээс захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан хүсэлт, санал гаргасан гэх нотлох баримт байхгүй байгаа тул дээрх хугацааг оруулан тооцож газраа зориулалтаар нь ашиглах, газрын төлбөрөө төлөх боломжгүй нөхцөлд байсан гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл байгаагүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6. “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

 

6.1. Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн “...Зураг төсөл хийлгээд албан ёсоор каркас зураг хийлгээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргуулаад явж байсан. ...Төсөл хэрэгжүүлэх гээд явж байсан. Амины орон сууцны хотхон барихад нэлээд их хөрөнгө оруулалт шаардлагатай байсан” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс, 2хх-ийн 48/-аас үзвэл, нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь мөн тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

6.2. Түүнчлэн, “ЗМ” сонины 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №113 (7357) дугаарт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөр төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг гаргаж, энэ талаарх сонсох ажиллагааг хэзээ, хаана болох явуулах талаар мэдэгдсэн /1хх-ийн 39/ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” гэж заасны дагуу захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийг тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон байна.

 

7. Дээрхээс үзэхэд, газар эзэмшигч буюу нэхэмжлэгч “Т” ХХК нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдон, тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/582 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж заасантай нийцжээ.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дээрх гурван үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн нэг үндэслэлд хамаарах Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэсэн хуулийн зохицуулалтыг л баримталсан нь тухайн захиргааны актыг “хууль бус” гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

 

9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Богийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                        Л.ОДБААТАР

             ШҮҮГЧ                                                         Ц.ОДМАА   

             ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА