Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Д.Баатарчулуун

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ч.Баясгалан нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ч.Баясгаланд холбогдох эрүүгийн 201612000180  тоот  хэргийг  2017 оны  01 сарын 19-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан  дүүрэг 9-р хороо Баруун  Баян Уул 8-17 /одоо Налайх дүүрэг, уурхайн задгай/  тоотод оршин  суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цэций Боржигон овгийн Чулуундоржийн Баясгалан /РД:ТЯ86011819/

 

            Шүүгдэгч Ч.Баясгалан нь Дундговь аймгийн  Адаацаг  сумын  ерөнхий боловсролын сургуулийн байранд засварын ажил гүйцэтгэж байх үедээ буюу 2016 оны 10 сарын 08-ны өдөр архидан  согтуурч, улмаар хамт ажиллаж байсан Д.Баатарчулууныг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ч.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Бид хоолоо идчихээд өрөөндөө амрах гэж байсан. Д.Баатарчулуун ах, Д.Энхтөр ах хоёр нөгөө өрөөнд маргалдаад байхаар нь ороод салгах гэтэл Д.Баатарчулуун ах “чамд хамаагүй, чи цаашаа бай” гэсэн. Д.Энхтөр ахыг дарсан байхаар нь татаад салгах гэтэл намайг Д.Баатарчулуун ах цохьсон. Тэгэхээр нь зөрүүлээд нэг цохиод өрөөндөө ороод байж байтал Д.Баатарчулуун ах араас ирж надтай хамт байсан Ч.Батдоржийг өшиглөсөн. Тэгэхээр нь би өрөөнд нь буцааж оруулаад 2, 3 удаа цохьсон. Түүнээс хойш зодолдоогүй. Ийм л зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

2.Хохирогч Д.Баатарчулуун шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр буюу 10 сарын 8-ны өдөр цаг агаарын сааталтай байсан учраас бид ажилдаа гаралгүй амарч байсан. Г.Жадамба, Ч.Батдорж хоёр 1 шил архи авч ирээд бид хувааж уусан. Дараа нь дахин 2 шил архи аваад, нийт 3 шил архи ууж, хоол идсэн. Д.Энхтөр ах согтоод агсам тавих шинжтэй болж хараал хэлж эхэлсэн. Би Д.Энхтөр ахыг тайвшруулах гэж хэдэн үг хэлсэн ч урдаас элдвээр хэлж, улмаар маргалдаад, бид ноцолдож байсан. Энэ үед Ч.Баясгалан гаднаас орж ирэхээр нь би “цаашаа чамд хамаагүй” гэж хэлээд нэг удаа алгадсанаа санаж байна. Тэгтэл зөрүүлээд намайг зодсон. Ийм байдалтай байхад гаднаас хүмүүс орж ирээд биднийг салгасан. Өөр юу болсныг мэдэхгүй байна. Бидний байсан өрөөний хаалга хаалттай байхад нөгөө өрөөнөөс Ч.Баясгалан хаалга өшиглөн орж ирээд намайг зодсон. Тухайн үед миний биеийн байдал ямар байсныг харуулсан гэрэл зураг хэрэгт байгаа. Би тэр дор нь Адаацаг сумын эмнэлэгт очиж үзүүлж нүдний дунд 2 см зулгарсан, хавдсан байсан учраас 2 оёо тавиулсан. Манай гэр бүлийн хүмүүс 2016 оны 10 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос намайг авахаар ирсэн. Би Улаанбаатар хотод очоод эхлээд Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлсэн. Маргааш өглөө нь  эход харуулж, цээжний зураг авахуулж, томографийн шинжилгээ хийлгэхэд миний хамрыг хугарсан, цөмөрсөн байна гэсэн. Ингээд шүүхийн шинжилгээний байгууллагад хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгосон. Цаашид миний зүүн нүд нэг талруугаа гүйхгүй байх магадлалтай, имрайн шинжилгээ яаралтай хийлгэх шаардлагатай гэсэн боловч мөнгө байхгүй учраас хийлгэж чадаагүй байгаа. Мөн ЭМЖЖ эмнэлэгт хамрын хугарлаа үзүүлэхэд эмч нар нь “хагалгаа хийлгэх шаардлагатай  байна, гэхдээ урьдчилан  нэхэмжлэх бичиж өгөх боломжгүй, харин ийм хагалгаа хийхэд 950000 төгрөг, дээр нь ор хоногийн зардалтайгаа нийлээд 1500000 төгрөгийн зардал гарна гэсэн тарифаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал 1000000 сая төгрөг  хүлээн авсан. Цаашид хагалгаанд орох, эмчлүүлэхэд шаардлагатай 1.853.000 төгрөгийн  зардлаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэв.

   3. Гэрч Б.Бат-Эрдэнийн “2016.10.08-ны өдөр ...манай нөгөө өрөөнд Баатарчулуун, Төрөө ах нар хоорондоо маргалдсан, юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд юу болоод байгааг нь мэдэх гээд Баясгалан ах бид 2 ортол Баатарчулуун нь Төрөө ахын дээр нь сууж байсан. Баясгалан ах очоод салгах гээд та одоо болиоч, хөгшин настай хүн зодох гээд гэж хэлэхэд Баатарчулуун ах Баясгалан  ахад хандан чамд хамаагүй, миний асуудал гэж хэлсэн. Тэгэхээр нь Баясгалан ах Баатарчулуун ахыг татахад Баатарчулуун ах Баясгаланг 1 удаа цохисон юм. Тэгээд Баясгалан ах зөрүүлээд цохисон. Тэр үед аав Батдорж хаалгаар нилээн согтуу шагайж харахаар нь би өрөөөнд нь оруулж хэвтүүлээд буцаж орж  ирэн  тэр 2-ыг салгаад өрөөндөө оруулсан. Тэгсэн Баатарчулуун ах Баясгалан пизда минь хүрээд ир гээд хашхирсан. Тэгсэн Баясгалан ах өөдөөс нь гараад очсон. Тэр 2 дахиад л зодолдсон тэгэхээр нь Жаабаа ах бид хоёр тэр 2-ыг салгасан. Түүнээс хойш зодолдоогүй. Баатарчулуун, Баясгалан ах 2 бие биенээ л цохиод байх шиг байсан, яг хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Баатарчулуун ахын хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 13/

4. Гэрч Д.Энхтөрийн “2016.10.08-ны өдөр нөгөө бригадынхаа Баясгалан , Батдорж нартай манай бригадын  Жаабаа, Баатарчулуун бид 3 нэг шил 0,75 литрийн Ерөөл архийг өөрсдийнхөө байрлаж байсан өрөөнд  уусан. Тэрийг  ууж дуусаад Баатарчулуун, Батаа бид 3 гарч өөр эзэнгүй өөрөөрүү орж 0,5 литрийн Ерөөл архи хувааж уусан. Батааг өрөөнд үлдээгээд Баатарчулуун  бид 2 гарч байрлаж байсан  өрөөрүү орох замдаа би Баатарчулуунд цалингаа авмаар байна гэхэд байж бай, юун сүртэй юм гэж хэлэхээр нь би өөдөөс нь маргалдаж, бид 2 хэрэлдсээр өрөөрүүгээ орсон. Өрөөнд ороод Баатарчулуун бид 2 барилцаж аваад нэг нэгийгээ заамдсан, тэгэхэд Баатарчулуун намайг  унагаж дээр дараад суусан.  Тэгэхэд би манараад улам бүр согтсон юм шиг байна лээ, заамдуулаад газар унаснаас хойш би юу ч санахгүй байгаа. Нэг сэрэхэд Батааг үлдээсэн өрөөнд Баатарчулуун, Батаа бид 3 байж байсан. Баатарчулуун хүнд зодуулсан байдалтай, хамраас нь цус гарсан, аль нэг нүд нь дээд хэсэгтээ бага зэрэг  хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

5. Гэрч П.Цэцэгнямын “Би Дундговь аймгийн  Нэгдсэн эмнэлэгт нүдний их эмчээр 17 дахь жилдээ ажиллаж байна. Нүдний 6-р мэдрэлийн саажил гэдэг нь хүний нүд аль нэг тийшээ хөдлөхөө болихыг хэлдэг. Тухайн өвчин олдмол байж болдог. Тэгэхдээ ихэнх тохиолдолд гэмтлээс болж үүсдэг юм. Тухайн  өвчин урт хугацаааны буюу 4-6 сар үр дүнтэй эмчилгээ хийвэл эдгэрнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

6. Гэрч Г.Жадамбаагийн  “...2016.10.08-ны өдөр...Баясгалан, Батдорж,  Баатарчулуун нар маргалдаж Баатарчулуун ах Баясгаланг нэг удаа цохиж байгаа байсан.  Баясгалан Баатарчулууныг зөрүүлээд нүүр рүү нь цохиод зодоон эхэлсэн юм. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Баатарчулуун ахын нүд нь хөхөрсөн байсан, аль нүд байсныг нь санахгүй байна. Хамраас нь цус гарсан байсан. Баясгалан зүгээр байсан. Батдорж зодоонд оролцоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

7. Гэрч О.Отгончимэгийн “2016.10.08-ны өдөр гаднаас амрах байрандаа ганцаараа орж ирэхэд Баатарчулуун ах хашхираад Баясгалан пизда минь хүрээд ир би хүн алж байсан хүн, чамайг одоо ална гээд орилоод байсан. Тэгсэн Баясгалан хажуу талын өрөөнөөс ганцаараа гарч ирээд Баатарчулуун ахын нүүр, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон юм. Тэгсэн Баатарчулуун ойчсон. Тэгээд байж байтал Бат-Эрдэнэ, Жадамбаа нар очиж салгасан юм. Түүнээс хойш миний мэдэхээр дахиж зодолдоогүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 17/

8. Гэрч Б.Батгэрэлийн “ 2016.10.08-ны өдөр ажилчидаа амраасан. Тэр өдөр би, Чука, Жаабаа, Баясгалан, Батдорж, Энхтөр нартай 2-3 шил архи хувааж уугаад согтоод унтаад өгсөн юм. Тэгээд орой нь сэрэхэд тэр хэд хоорондоо маргалдаад Чука зодуулсан гэж байсан,  хэн нь хэнийгээ зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Чука Баясгаланд зодуулсан юм шиг байсан, би зодоон болж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 9. Гэрч С.Отггонбаярын “2016 оны 10  сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай сумын төвд барилгын ажил хийж байгаа Баатарчулуун гэх хүн ирж үзүүлсэн. Хамт ажиллаж байгаа хүндээ зодуулсан гэсэн. Тэгээд үзлэг хийхэд дух, шанаа, хацар, эрүү зулгарсан, баруун нүд хавдартай, хөхөрсөн, нүдэнд цус хурсан зэрэг гэмтлүүд учирсан байсан. Өөр ямар ямар гэмтэл учирсан байсныг сайн санахгүй байна. 2 сар гарангийн хугацаа өнгөрсөн байна.Тэгээд анхны тусламж үзүүлээд эмчийн тодорхойлолт бичиж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

10. Гэрч Г.Эрдэнэсувдын “Би Баясгалантай 2015 онд танилцаж, хамтран амьдрах болсон юм. Баясгалан өнчин, орох орон гэр байхгүй, манай гэрт аав, ээжийн хамт амьдардаг юм. Манай нөхөр Баясгалан барилгын ажил хийж орон гэрээ тэжээдэг, гэр бүлдээ халамжтай хүн байгаа юм. Бид 2-т өөрийн гэсэн юу ч байхгүй аав, ээжийндээ толгой хоргодож амьдардаг юм. Манай нөхөрт ямар нэгэн хорт муу зуршил байдаггүй, төлөв даруу зантай, элдэв янз бүрийн ааш авир байдаггүй, гэр орноо авч явдаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ 

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016.10.13-ны өдрийн  14039 тоот дүгнэлтэд:  “ Д.Баатарчулууны биед нүдний 6-р мэдрэлийн саажил, хамар ясны хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зулай, баруун чамархайн зөөлөн  эдийн  няцралт, зүүн чамархай, баруун хацар, хамрын дор, баруун хөмсөгний дор, зүүн нүдний дор, хүзүүнд зулгарал, баруун гуяны баруун шилбэ, цээжний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 4.7.23-т зааснаар ердийн хөдөлмөрийн чадвар 30 хувь алдагдуулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс шалтгаална”  гэжээ.  /хх-ийн 22/

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.20-ны өдрийн нэмэлт шинжилгээний 23 дугаартай дүгнэлтэд “ Д.Баатарчулууны биед учирсан зүүн нүдний 6-р мэдрэлийн саажил нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.23-т зааснаар ердийн хөдөлмөрийн чадварыг 30 хувь алдагдуулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Д.Баатарчулууны хамар ясны хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зулай, баруун чамархайн зөөлөн эдийн няцралт, зүүн чамархай баруун хацар, хамрын дор, баруун хөмсөгний дор, зүүн нүдний дор, хүзүүнд зулгаралт, баруун гуяны баруун шилбэ, цээжний баруун талд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтэл болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Баатарчулууны биед учирсан зүүн нүдний 6-р мэдрэлийн саажил нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 4.7.23-т зааснаар ердийн хөдөлмөрийн  чадварыг 30 хувь алдагдуулна. Д.Баатарчулууны биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. /хх-ийн 26-27/

13. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ч.Баясгалан нь Дундговь аймгийн  Адаацаг  сумын  ерөнхий боловсролын сургуулийн байранд засварын ажил гүйцэтгэж байх үедээ буюу 2016 оны 10 сарын 08-ны өдөр архидан  согтуурч, улмаар хамт ажиллаж байсан Д.Баатарчулууныг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Баясгаланг бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл  санаатай  учруулах гэмт  хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн  байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1 дэх хэсэгт заасан хорих  ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Баясгалан нь  анх  удаа, тохиолдлын  шинжтэй  нөхцөл  байдлын  улмаас  хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг  үйлдэж  учруулсан  хохирлоо  сайн  дураараа  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  55 дугаар  зүйлийн  55.1.1, 55.1.3  дахь  хэсэгт  заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл,  энэ  гэмт  хэргийг  согтуугаар  үйлдсэн  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  56 дугаар  зүйлийн  56.1.10 дахь  хэсэгт заасан  ял  хүндрүүлэх  нөхцөл  болж  байна. 

Шүүгдэгч  нь   хүндэвтэр гэмт  хэрэг  үйлдэж, хорих ял  шийтгүүлж  байх  тул  түүний  хорих  ял  эдлэх  дэглэмийг  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь  хэсэгт  зааснаар  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэх нь  зүйтэй  байна.

Шүүгдэгч  нь   энэ   хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй, хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан болон  битүүмжлэгдсэн  эд  хөрөнгөгүй болохыг  дурдлаа.

 

Хохирогч Д.Баатарчулуун нь нийт 2806150 төгрөгийг  шүүгдэгчээс  нэхэмжилжээ.  Хохирогч нь өөрт учирсан  гэм  хорын хохиролтой холбоотой  953.150 төгрөгийн баримтыг хэрэгт  ирүүлсэн  байх  тул энэхүү зардлыг шүүгдэгчээс  гаргуулах үндэстэй юм. Шүүгдэгч нь шүүх  хуралдааны шатанд хохирогчид 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тул баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн гэж  үзлээ.  

Хохирогч нь  MRI шинжилгээ хийлгэх 380000 төгрөг, хамрын хагалгааны ор хоногийн төлбөр 48000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд 950000 төгрөг, хагалгаанд ороход лабораторын бүх шинжилгээ 150000 төгрөг, хагалгааны өмнөх болон дараах эм тан авах зардал 300000 төгрөг нийт  1.853.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч   энэ талаарх нотлох баримтаа  шүүхэд ирүүлээгүй,  уг зардлууд нь  ирээдүйд  буюу хагалгаа  хийлгэхтэй холбогдон гарах зардал  байх тул  хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх журмаар  шүүгдэгчээс нэхэмжлэх  эрхтэй болохыг заалаа.

 

   Шүүгдэгч  нь  анх  удаа  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн, гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо сайн  дураараа  нөхөн  төлсөн,  гэм  хорыг арилгасан  байх  тул  түүнд  оногдуулсан  хорих  ялыг  биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж шүүх үзлээ.

 

   Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 297, 299, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэций боржигон овогт Чулуундоржийн Баясгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баясгаланд 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Баясгаланд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус  тус  дурдсугай.

5.Шүүгдэгч Ч.Баясгалан нь хохирогч Д.Баатарчулуунд гэм хорын  хохиролд 1000000 /нэг сая/ төгрөг төлсөн  болохыг дурдсугай.

6. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн  291.3, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Баатарчулууны гэм хорын нэхэмжлэлээс 1806150 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Баясгалангаас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Эрүүгийн  хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баясгаланд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан  дүүргийн  Цагдаагийн  газар /Налайх дүүргийн Цагдаагийн газар /-т  даалгасугай.  

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Баясгаланд урьд авсан  бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү,  иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                      Г.МӨНХБАТ