| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 184/2020/01576/И |
| Дугаар | 101/ШШ2020/02363 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2020/02363
2020 06 30 101/ШШ2020/02363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн тоот хаягт оршин суух, Ш овогт Р-ийн Эд холбогдох 1.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХКомпани Г.М-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э нь М ХХК-ийн захирал М надаас 2019 оны 09 сарын 17-ны өдөр “ipone-6” плас утас 1 ширхэг, “Samsung” маркийн утас 2 ширхэгийг барьцаанд тавьж 1.000.000 төгрөгийг, 2019 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 8 хувийн хүү төлөхөөр зээлж аваад өнөөдрийг хүртэл үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 100.000 төгрөгийг төлөхгүй байна. Би барьцаанд тавьсан гар утсаа ав мөнгийг буцааж төлөхийг удаа дараа шаардсан. Иймд Эаас 1.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 сарын 17-ны өдөр М ХХК ломбарданд 3 ширхэг гар утас тухайн үед 1.400.000 төгрөгийн үнэд хүрэх утсыг 1 сая төгрөгт тавьсан. 10 хоног хэтрэх юм бол уг утас ломбардны орлого болно гэж ойлгосон. Би гэрээний дагуу 1 сая төгрөгийг өгөх боломжгүй тул барьцаанд тавьсан утсаар хохиролгүй болно гэж заасан тул одоо авч чадахгүй. Тухайн үед 1.400.000 төгрөгийн үнэ бүхий утсыг өөрсдөө шалгаад авсан, 10 хоног хэтрэх юм бол утсыг зарж хохирлоо барагдуулна гэж надад хэлсэн тул надад тухайн үед мөнгө байхгүй байсан тул өөрийн хэрэглэж байсан 3 төрлийн гар утсаа уг ломбарданд алдчихлаа гэж ойлгосон. Одоо гэрээний дагуу 3 ширхэг гар утсаа зарж хохирлоо барагдуулна уу. Би одоо эрхэлсэн ажил байхгүй. Хүний утас цэвэрлэж наалт нааж өдөрт 15000 төгрөгийн ажил хийдэг. Итгэлцлээр гэж бичээгүй байж байгаад сүүлд нь тэгж бичсэн байсан. Ямар ч ломбарданд барьцаанд юм тавихад итгэлцэл гэж байхгүй гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Р.Э-аас 1.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Р.Э нь 1.400.000 төгрөгийн үнэ бүхий утсыг өөрсдөө шалгаад авсан, 10 хоног хэтрэх юм бол утсыг зарж хохирлоо барагдуулна гэж гэрээ байгуулсан. Барьцаанд тавьсан гар утас төлбөрт тооцогдох учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
М ХХК-иас 2016-09-06-ны өдрөөс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000123117 гэрчилгээр нотлогдож байна. Хариуцагч Р.Э нь 2019 оны 09 сарын 17-ны өдөр “ipone-6” плас утас 1 ширхэг, “Samsung” маркийн утас 2 ширхэгийг барьцаанд тавьж 1.000.000 төгрөгийг, 2019 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 8 хувийн хүүгэйгээр,зээлийг хугацаандаа төлөхгүй бол хугацаа дууссанаас хоыш 10 хоногийн дараа борлуулж ломбарны орлого болгох нөхцөлтэйгээр нэхэмжлэгч М ХХК-тай гэрээг бичгээр байгуулжээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж зохицуулжээ.
Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч М ХХК нь барьцаанд тавьсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31000 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Э-аас 1.100.000 төгрөг гаргуулах М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30950 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 50 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА