Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1990 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн РС Молл салбарт борлуулагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 8-16 тоотод оршин суух, РГ90093001 дугаар регистртэй, Боржигон овогт Хүрлээгийн Мөнхжаргалын,

Хариуцагч: Орхон аймагт 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 9Б-06 тоотод оршин суух, ФД90071310 дугаар регистртэй, Галуут овогт Оюунцэцэгийн Ууганбаярт холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2019/01021/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, хариуцагч О.Ууганбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Ууганбаяртай 2011 онд танилцан үерхэж байгаад 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин Төгстөгөлдөр 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, хүү Төгсбаяр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. О.Ууганбаяр бид хоёр хамт амьдарсан хугацаанд үзэл бодол, зан байдал таарахгүй болж, хэрүүл маргаан гарах болсон. Сүүлдээ архи ууж согтууран муухай авирлан зодож дээрэлхэх болсон. 2018 оны 8 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрсэн. Гэвч зан харилцаа нь засрахгүй хэцүү байсан тул би хоёр хүүхдээ авч, эцэг эхийндээ очсон. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд явж байхад О.Ууганбаяр ирээд миний толгой руу цохиж, гар базаж, утсыг минь аваад зугтаасан. Бидний амьдралд миний эцэг, эх оролцдоггүй, О.Ууганбаяр өөрөө л дандаа оролцоод байна гэдэг. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж, тэжээн тэтгүүлнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч О.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Мөнхжаргалтай 2011 онд танилцаж үерхэж байгаад нэг гэртээ орсон. 2012 онд охин Төгстөгөлдөр, 2016 онд хүү Төгсбаяр нар төрсөн. Бид 2012 оны 8 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээ цуцлуулах ноцтой шалтгаан байхгүй. Би олон хоног архи уудаггүй, маргалдаж байхдаа нэг удаа түлхэж унагаасан нь үнэн. Бид хоёр хоорондоо таарч тохироод амьдарч байхад намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж янз бүрээр хэлж манай хадмууд болон Х.Мөнхжаргалын найз нөхөд нь бидний амьдралд хэт их оролцдог. Тэр байдал нь манай эхнэрийн зан байдалд нөлөөлдөг. Би эхнэр, хүүхдүүддээ хайртай. Шүүхээс өгсөн 2 сарын эвлэрүүлэх хугацаанд тусдаа амьдарч байсан ч бид хоёр эв найртай байсан. Х.Мөнхжаргал надад хэлэхдээ аав, ээж 2 дургүйцээд байна, ямар ч байсан салья гээд байгаа. Хэрэв гэрлэлтээ цуцлуулвал бага хүү 03 настай У.Төгсбаярыг өөрийн асрамжидаа авна. Хүүхдийн тэтгэлэг төлөх чадвар байхгүй. Би группэд байдаг учир хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар Х.Мөнхжаргалтай ярилцаж, сард 100.000 төгрөгийг өгч байхаар тохирсон. Тусдаа байх хугацаанд 100.000 төгрөг өгсөн. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнхжаргал нь хариуцагч О.Ууганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч О.Ууганбаяр гэрлэлтээ цуцлуулахгүй гэх тайлбар гаргаж байгаа боловч гэрлэгчдийг эвлэрүүлэхээр шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь “Монгол Улсын иргэн, РД: ФД90071310, нөхрийн овог: Галуут, эцэг /эх/-ийн нэр: Оюунцэцэг, нэр: Ууганбаяр, Монгол Улсын иргэн, РД: РГ90093001, эхнэрийн овог: Боржигон, эцэг /эх/-ийн нэр: Хүрлээ, нэр: Мөнхжаргал нарын анхны гэрлэлтийг 2012 оны 8 дугаар сарын 23-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6701000142-рт 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин У.Төгстөгөлдөр, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү У.Төгсбаяр нар төрсөн болох нь 6701000583-т бүртгүүлсэн 115/004625 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, 6701000657 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаж, хариуцагч О.Ууганбаяр нь 03 настай бага хүү У.Төгсбаярыг өөрийн асрамжид авна гэх тайлбар гаргаж байгаа ч хүү У.Төгсбаяр бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, охин У.Төгстөгөлдөрийн санал зэргийг харгалзан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Төгстөгөлдөр, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү У.Төгсбаяр нарыг төрсөн эх Х.Мөнхжаргалын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч О.Ууганбаяр шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй тайлбар гаргаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг О.Ууганбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл О.Ууганбаяр үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулсан байдаг. Мөн О.Ууганбаяр хүүхдийн тэтгэлэгт сар болгон 100.000 /нэг зуун мянга/ төгрөг өгөхөөр Х.Мөнхжаргалтай тохирсон гэх боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болно.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин У.Төгстөгөлдөр, хүү У.Төгсбаяр нар эх Х.Мөнхжаргалын асрамжид үлдсэн нь эцэг О.Ууганбаярын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл эцэг О.Ууганбаяр нь охин У.Төгстөгөлдөр, хүү У.Төгсбаяр нартай хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй байна.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Х.Мөнхжаргал, О.Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин У.Төгстөгөлдөр, хүү У.Төгсбаяр нарыг эх Х.Мөнхжаргалын асрамжид үлдээн, хариуцагч О.Ууганбаяраас охин У.Төгстөгөлдөр, хүү У.Төгсбаяр нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Төгстөгөлдөр 07 нас 07 сар, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү У.Төгсбаяр 03 нас 06 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин У.Төгстөгөлдөр, хүү У.Төгсбаяр нарт тус тус сар бүр эцэг О.Ууганбаяр төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин У.Төгстөгөлдөр, хүү У.Төгсбаяр нарт сар бүр төлөх нийт 206.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65.058 төгрөг, бүгд 135.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 135.258 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Х.Мөнхжаргалыг шүүх хуралдааны журам зөрчсний улмаас  шүүх хуралдааны танхимаас гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Боржигон овогт Хүрлээгийн Мөнхжаргал, Галуут овогт Оюунцэцэгийн Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Төгстөгөлдөр, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү У.Төгсбаяр нарыг төрсөн эх Х.Мөнхжаргалын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Төгстөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү У.Төгсбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг О.Ууганбаяраас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Ууганбаяр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Мөнхжаргал нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамж 135.258 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхжаргалд олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА