| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00364/И |
| Дугаар | 00364 |
| Огноо | 2020-02-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Э-ийн
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд байрлах, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ЭМТ-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2019/01544/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Этүгэн их сургуулийг 2016 онд хүний нөөцийн менежер мэргэжлээр төгссөн бөгөөд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Бага хүүгээ 2018 онд төрүүлээд хүүхэд асрах 6 сарын чөлөөгөө эдлэж дуусаад 2019 оны 4 дүгээр сард ажилдаа орсон. Гэтэл манай байгууллагын дарга намайг мэргэжлийн бус тул ажлаасаа гар, хүсэлтээ бичиж өг гэх дарамт шахалт үзүүлэх болсон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр ажилла гэх санал тавьсан боловч цалингийн зөрүүтэй учир зөвшөөрөөгүй. Би эрүүл мэндийн ажилтны хамрагдах курст суралцаад, ажлаа хийгээд явах боломж байсан ч намайг курст явуулаагүй. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын шалгалтаар намайг ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөхийг хориглож, хэрэв зайлшгүй чөлөөлөх бол тухайн албан тушаалтны эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр адил шатны албан тушаалд томилно гэсэн заалтыг зөрчсөн.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан Т.Д нь өндөр насны тэтгэвэрт гарч, сул орон тоо гарсан бөгөөд нэхэмжлэгч О.Э-г аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 620 дугаартай албан бичгийн дагуу Түнэл сумын Эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтнаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсан. О.Э нь ажилд орохдоо бага насны хүүхэдтэй байсан ба тус албан тушаалд 01 сар 14 хоног ажиллаад хүүхэд харах хүнгүй гээд хүүхэд асрах чөлөө авья гэхэд нь зөвшөөрч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Гэтэл О.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орьё гэхэд нь дахиад ЭМТөвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 тоот тушаалаар ажилд түр томилж ажиллуулсан. Тэгээд О.Э нь 03 сар 05 хоног ажиллаж байгаад дахиад хэвтрийн гам, дэглэм сахихгүй бол дутуу төрөх гээд байна гэхэд ЭМТөвийн даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны Б/28 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд О.Э нь хүүхдээ төрүүлчихээд, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн. ЭМТөвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар ажилд түр томилж оруулсан. О.Э-г ажиллаж байх хугацаанд нь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт манай байгууллага дээр хийгдсэн бөгөөд тэр шалгалтын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3001 дугаартай ажлын баримтад “Тус байгууллагын нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан нь мэргэжлийн бус албан хаагч байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гээд зөвлөмжиндөө “нийгмийн эрүүл мэндийн ажилтны мэдлэг чадвар нь ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулан хариуг ирүүлэх” гэсэн байсан. Ингээд О.Э- г томилон ажиллуулах зөвшөөрөл олгосон аймгийн Эрүүл мэндийн газарт дүгнэлт гаргуулахаар 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай албан бичгийг хүргүүлсний дагуу Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаартай албан бичгээр “...одоо ажиллаж байгаа О.Э нь мэргэжлийн бус мэргэжилтэн байгааг анхаарч ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж байна...” гэх хариуг ирүүлсэн. Мөн тус эмнэлэгт өмнө биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байсан бага эмч мэргэжилтэн М.Э ажлын байр нь хасагдахад түүнийг хүний оронд сэлгэн түр тушаалаар томилон ажиллуулж байсан бөгөөд М.Э нь нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтнаар мэргэжилгүй хүн ажиллаж байна, миний хувьд бага эмч мэргэжилтэй, ажлын туршлагатай хүн тул намайг авч ажиллуулна уу гэсэн хүсэлтийг аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байсны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1015 дугаартай албан бичгээр “...М.Э-г нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллуул...” гэсэн хариу ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч нь надад аавын бие муу байгаа, би ажлаа хүлээлгэж өгөөд амралтаа аваад аавыгаа эмчлүүлэхээр явлаа гэхэд ажилласан хугацаанд нь тохирох амралтын мөнгийг бодож олгоод ЭМТөвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний Б/42 тоот тушаалаар М.Э-г эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар томилж, анагаах ухааны боловсрол эзэмшээгүй Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар баталсан “Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Э-г чөлөөлж, байгууллагын даргын хувьд О.Э-н эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өөр албан тушаалд сэлгүүлэн томилох эрх надад байсан учраас тушаалын 3 дугаар заалтаар “...3. О.Э-тай зөвшилцөн, өөр ажилд шилжүүлэн томилох асуудлыг удирдлагын багийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргуулахыг ахлах сувилагч Ш.П-ад үүрэг болгосугай...” гэж нэмж оруулж өгснөөс биш түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй. Мөн би сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагаар 20 гаруй жил ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэх заалтыг хэрэгжүүлэн, мөрдөн ажиллаж байсан ба энэ үндэслэлээр нэг ч хүн ажлаас халсан шийдвэр гаргаж байгаагүй. Гэвч О.Э- нь удирдлагын зүгээс үзүүлсэн итгэлийг эвдэж, ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад ажилд орох талаар ажил олгогчтой өнөөдрийг хүртэл ирж уулзаагүй, би төрийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтны хувьд түүнийг албадан авчирч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулах эрх, үүрэг хариуцлага хүлээгээгүй болно.
Иймд О.Э- Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний Б/42 тоот тушаалаар анагаах ухааны мэргэжил эзэмшүүлэх сургууль төгсөөгүй, эрүүл мэндийн нийгмийн ажилтан эсхүл нийгмийн ажилтны бакалаврын зэргийн боловсролгүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар баталсан “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ы ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн хэдий ч тушаалын 3 дахь заалтаар адил чанарын өөр ажилд сэлгэн томилогдож ажиллах эрхийг нь нээлттэй үлдээсэн боловч О.Э- нь өнөөдрийг хүртэл өөрөө ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Э-г Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн байгаа. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь анагаах ухааны болон нийгмийн ажилтны бакалаврын зэргийн боловсролтой байх шаардлагатай байдаг. Гэтэл О.Э-г дээрх шаардлагыг хангаагүй байхад эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулж байсан бөгөөд аймгийн санхүүгийн хяналт, аудитын шалгалтаар зөрчилтэй гарч, нийгмийн эрүүл мэндийн ажилтны мэдлэг чадвар нь ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Үүний дагуу аймгийн Эрүүл мэндийн газраас бага эмч М.Э-ыг тус албан тушаалд томилох шаардлагатай гэх хариу ирүүлсний дагуу тушаал гаргасан байгаа. О.Э-г ажлаас нь чөлөөлөөгүй, адил шатны өөр ажил санал болгоход зөвшөөрөөгүй. Тухайн санал болгосон ажлыг хийж байх хугацаандаа эрүүл мэндийн нийгмийн ажилтны 6 сарын курст суралцаж төгсөөд тус ажлыг хийх боломжтой байдаг. Гэтэл О.Э- Эрүүл мэндийн төвийн даргатай огт уулзаагүй, ажилд орох талаар санаачлага гаргахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Энь хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Э-г чөлөөлж, байгууллагын даргын хувьд О.Э-н эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өөр албан тушаалд сэлгүүлэн томилох асуудлыг удирдлагын багийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргуулахаар зааж өгсөн бөгөөд түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй. О.Э- нь өнөөдрийг хүртэл өөрөө ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.Э- Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...Эрүүл мэндийн хүний нөөцийн менежер О.Э-нарыг мэргэжлийн дагуу ажиллуулахыг зөвшөөрч байгааг уламжилж байна...” гэх “Хариу хүргүүлэх тухай” 020 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “...1. Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар О.Э-г 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай...” гэх бичилттэй “О.Э-аг ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...1. Түр тушаалтай ажиллаж байсан нийгмийн эрүүл мэндийн ажилтан О.Э хүүхдээ асрах чөлөө хүссэн тул 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “О.Э-г ажлаас чөлөөлөх тухай” Б/33 дугаар тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “...1. Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар О.Э-г 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай...” гэх бичилттэй “О.Э-г ажилд түр томилох тухай” Б/13 дугаар тушаал, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “...1. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан О.Э жирэмсэн жирэмсэний амралт авсан тул 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “О.Э-гг ажлаас чөлөөлөх тухай” Б/28 дугаар тушаал зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон НДД № А 01265769 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч О.Э-г эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй гэх үндэслэлээр аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3001 дугаар ажлын баримт, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 757, 1015 тоот албан бичгүүдийг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “М.Э-ыг ажилд томилох тухай” Б/42 тоот тушаал, ажил хүлээлцэх тухай тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдов.
Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “...Илэрсэн асуудал 3: Тус байгууллагын нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан мэргэжлийн бус албан хаагч байна. Байх ёстой шаардлага /шалгуур/: МУ-ын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 дугаар “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” тушаал. Бодит байдал: Тус ажилтан нь МУ-ын Этүгэн их сургуулийг 2016 онд менежмент, хүний нөөцийн мэргэжлээр төгссөн, 2017 оноос тухайн байгууллагад ажиллаж байна. Зөрчлийн шалтгаан: Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас. Байгууллагад үзүүлэх нөлөө: Мэргэжлийн бус албан хаагч ажиллах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй...Анхаарах зүйл ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж: ...2. НЭМАжилтны мэдлэг чадвар нь ажлын байрны тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулан хариуг ирүүлэх...” гэх бичилттэй дотоод аудитын тайлан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “...Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анагаах ухааны их, дээд сургуулийг төгссөн нийгмийн эрүүл мэндийн болон бага эмч, сувилагч, эх баригч мэргэжлийн боловсон хүчин ажиллах шаардлагатай байгаа тул одоо ажиллаж байгаа О.Э-нь мэргэжлийн бус мэргэжилтэн байгааг анхаарч ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж байна...” гэх бичилттэй 757 дугаар албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...одоо ажиллаж буй мэргэжлийн бус мэргэжилтэн О.Э-г нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлаас чөлөөлөх саналыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар бүхий албан бичгээр хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй байгааг шийдвэрлэж, Хөдөлмөрийн хуулийн дагуу өөр боломжит ажлаар хангаж ажиллах...” гэх бичилттэй 1015 дугаар албан бичиг зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Монгол улсын Этүгэн их сургуулийн менежмент, хүний нөөцийн мэргэжлийн бакалаврын диплом, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч О.Э- эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл О.Э эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллах мэргэжлийн боловсон хүчинд тавигдах болзол шаардлагыг хангаагүй байна.
Гэвч ажилтан О.Э-г ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “М.Э-г ажилд томилох тухай” Б/42 тоот тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтныг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:
1. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан “37 дугаар зүйл: Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, 38 зүйл: Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, 39 дүгээр зүйл: Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах, 40 дүгээр зүйл: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” гэх заалтын аль тохирох зүйлийг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зүйлийн аль тохирох заалтыг заавал бичнэ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтад нийцүүлэн О.Э-аг өөр ажилд шилжүүлэн томилохоор тушаалд заасан шалтгаан, үндэслэл тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заажээ. О.Э-2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрж, 2 нас хүрээгүй хүүхэдтэй боловч “3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг өөр ажилд шилжүүлэн томилох тухай” хуулийн зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халж болохгүй.
Ажил олгогч нь ажилтныг эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай тушаал гаргахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд “О.Э-аг ажлаас бүр мөсөн чөлөөлөөгүй, адил шатны өөр ажилд шилжүүлэн томилохоор тушаалд заасан” гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч О.Э-г Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоов.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн цалингийн тодорхойлолт хэрэгт ач холбогдолгүй,
2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “М.Э-г ажилд томилох тухай” Б/42 дугаар тушаал давхардсан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1044 дугаар албан бичиг, Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/4953 дугаар албан бичиг, Монгол улсын Эрүүл мэндийн яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 тоот тушаал, Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар, танилцуулга, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирлын “Санал хүргүүлэх тухай” 1/159 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, аймгийн Эрүүл мэндийн газрын “Эх, хүүхдийн үзлэг, хяналт үнэлгээний баг” эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллан гаргасан зөвлөмж зэрэг баримтуудын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Цэнгэлд овогт О.Э-г Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА