Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/01567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Их аврага овогт Бэхбатын Ж /РД: **********/

 

Г.Б-н асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Ж  

                                нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

Хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний төрсөн дүү Б.У нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Дүү маань 9-17 насны хүү охин хоёртой том охин У.Б 17 настай 10 дугаар ангид сурдаг, хүү Г.Б 9 настай 4 дүгээр ангид сурдаг. Энэ хоёр хүүхэд 2011 оноос хойш манайд амьдарч байгаа. Тухайн үед ээж нь 2011 оны 3 дугаар сард хүү Бын аав болох С.Г зодуулан баруун нүд нь хараагүй болж сохорсон мөн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж байсан. С.Г нь энэ хэргийн улмаас Орхон аймгийн Эрүүгийн шүүхээс гэм буруутайн тогтоогдож хоригдох ялаар шийтгүүлж, энэ үеэс хүүхдийн эцэг С.Г нь сураггүй болсон. Хүүхдээ нэг удаа эргэж тойроогүй өнөөдрийг болтол сураггүй болсон. Энэ хүүхдүүдийн хувьд нас биеэнд хүрээгүй байгаа нас биеэнд хүртэл нийгмийн харилцаанд сургууль эмнэлэг хороо банк зэрэг газарт өөрөө өөрийгөө төлөөлөх нас биед хүрээгүй болохоор хууль ёсны асран хамгаалагчтай байх зайлшгүй шаардлага гарч байна. Нагац эгч болох Б.Ж би У.Б, Г.Б нарыг өөрийн асрамжинд хамтад нь өсгөх хүсэлтэй байна. Иймд У.Б, Г.Б нарыг Б.Ж миний асрамжинд байлгах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

 

Хүсэлт гаргагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү У нь 2 хүүхэдтэй. Том хүүхэд нь эхээрээ овоглодог бөгөөд энэ хүүхдийн асран хамгаалагчаар дүүргийн Засаг даргаар тогтоолгосон. Харин бага хүүхэд нь эцгээрээ овоглодог бөгөөд дүүргийн Засаг дарга татгалзсан хариу өгсөн. Миний дүү Б.У 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан. 2009 онд дүү маань охиноо дагуулаад Эрдэнэт рүү Г гэдэг хүнтэй гэр бүл болоод явсан юм. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Ингээд 2010 онд Б төрсөн бөгөөд хүүдийг 4,5 сартай байхад нь дүүг маань зодож нүдийг нь сохлоод 2013 онд хорих ял авсан. Тухайн үед ээж нь 2011 оны 3 дугаар сард хүү Бын аав болох С.Гд зодуулан баруун нүд нь хараагүй болж сохорч, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан.  Миний дүү хөгжлийн бэрхшээлтэй болж үлдээд 2011 онд 2 хүүхдээ дагуулаад над дээр ирсэн. Манайд хамт амьдарч байгаад нас барсан. 2011 онд ирсэн цагаас нь хойш дүүгийнхээ 2 хүүхдийг манай гэр бүл өсгөж, сургуульд сургаж, сургуульд нь хүргэж өгөх, эцэг, эхийн хуралд нь суух гэх мэтээр өөрийн хүүхэд шигээ өсгөж байна. Г.Б нь манай нөхрийг аав гэж дууддаг. С.Г нь хүүхдээ нэг удаа анхаарал халамж тавьж, анхаарч байгаагүй. С.Г нь энэ хэргийн улмаас Орхон аймгийн шүүхээс гэм буруутай нь тогтоогдож хорих ялаар шийтгүүлж, энэ үеэс сураггүй болсон. Энэ хүүхдүүдийн хувьд нас биед хүрээгүй учраас хууль ёсны асран хамгаалагчтай байх зайлшгүй шаардлага гарч байна. Нагац эгч болох Б.Ж би У.Б Г.Б нарыг өөрийн асрамжид хамтад нь өсгөх хүсэлтэй байна. Иймд Г.Бын асран хамгаалагчаар Б.Ж миний биеийг тогтоож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Ж нь Г.Бын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргажээ.

 

Дээрх хүсэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргад гаргасан боловч Г.Быг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан асран хамгаалалтад байх хүн гэж үзэх хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр асран хамгаалалт тогтоохоос татгалзаж, харин Г.Бын төрсөн эгч У.Бын харгалзан дэмжигчээр Б.Ж-г Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/132 дугаар захирамжаар тогтоосон байна.

 

Г.Б нь 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эцэг С овогт С Г, эх Б У гэж төрсний бүртгэлд бүртгэгдсэн байна. Эх Б.У нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, эцэг С.Г нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн үйл баримт тогтоогдов.

 

Хүсэлт гаргагч Б.Ж нь Г.Бын эх Б.Уийн төрсөн эгч буюу Г.Бын нагац эгч болох нь садан төрлийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, Г.Б нь 2011 оноос одоог хүртэл Б.Жавзанпагмын асрамжид байгаа болох нь өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч Б.Т, Д.Т, Д.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй бөгөөд хүүхдээсээ тусдаа амьдарч буй нь үүргээс чөлөөлөгдөх, үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Дээрх үүргээ С.Г биелүүлдэггүй болох нь гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон болно.

 

Дээрх үүргийг хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж буй этгээд мөн хүлээдэг бөгөөд Б.Ж нь Г.Быг өсгөн хүмүүжүүлж, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, багштай хамтран ажиллах, эрүүл мэндийг хамгаалж эмнэлгийн үзлэгт хамруулах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах, нийгмийн харилцаанд оролцоход нь туслах гэх мэт хуульд заасан эцэг, эхийн үүргийг биелүүлж байгаа байдал болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан Г.Бын асран хамгаалагчаар Б.Ж-г тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд цаашид Б.Ж нь Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалын тухай болон бусад хуульд заасан асран хамгаалагчийн эрх, үүрэг хэрэгжүүлэх болохыг мэдэгдэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн С овогт Гын Бын асран хамгаалагчаар И овогт Б Ж-г тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА