| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01747/И |
| Дугаар | 102/ШШ2020/01568 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2020/01568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух Г Э /РД: ********, утасны дугаар: ********/
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхоны 301 байрны 74 тоотод оршин суух Жаргалант саруул овогт Галбатын Б /РД: *******, утасны дугаар: *********/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л
хариуцагч Г.Б
нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э миний бие 2012 онд Г.Бтай танилцаж, үерхэж эхэлсэн ба бидний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.И төрсөн. Улмаар бид 2014 оны 6 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн Залуус хотхонд тусдаа гарч хамт амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарч эхэлсэн үеэс Г.Бын зан ааш өөрчлөгдөж, байнгын хэрүүл маргаан хэл амтай болж, элдэв ааш занг тэвчихийн аргагүй болсон тул салахаар шийдэж 2016 оны 8 дугаар сараас охин Г.Игийн хамт аав, ээж дээрээ очин өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа билээ. Охин маань эмээ Ё.Б-н ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг сурч, хүмүүжин цэцэрлэгийнхээ авьяаслаг тэргүүний хүүхэд болон эрүүл чийрэг өсч хүмүүжиж одоо 1 дүгээр ангид орох гэж байна. Миний бие энэ хугацаанд ээж аавынхаа дэмжлэгтэй охиноо хэнээс ч дутхааргүй өсгөн, эцгээс нь нэг ч төгрөг аваагүй өнөөдрийг хүрсэн. Гэвч Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Г.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хуулиар хүлээх тул тэтгэлэг гаргуулан түүнийг нь охиныхоо ирээдүйд зориулан хадгалах хүсэлтэй байна. Иймд Г.Баас хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Этай 2012 онд танилцаж, үерхэж эхэлсэн нь үнэн бөгөөд Г.Э нь тэр үед оюутан байсан ба миний аав,ээж хоёр нэгэнт миний хүүгийн хань болж байгаа юм бол тусад нь гаргая гээд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Залуус хороололд 2 өрөө байр худалдан авч тусд нь гаргасан. Төд удалгүй бид хоёр охинтой болж сайхан амьдрах эхлэл тавигдсан ба Г.Э нь миний халамж дэмжлэгээр сургуулиа төгсчихөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажилд орж охин бид хоёрыг гэрт орхиод ажилтай гээд хэд хоногоор алга болчихдог болсон. Г.Э нь охиноо сүүгээрээ бүрэн тэжээж чаддаггүй учраас аав,ээж бид гурав гаднаас нэмэгдэл сүү тэжээл авч хөхүүлэн өсгөн бойжуулсан. Ер нь миний эхнэр болох Г.Э нь хувийн зохион байгуулалт муу, гэрийн ажилд оролцдоггүй, ажлынхантайгаа нийлж зугаалах сонирхолтой хүн. Дээр дурдсан асуудлаас болж бид хоёрын хэрүүл маргаан үүсэх гол шалтгаан болдог байсан. Одоо Г.Э нэг залуутай танилцсан одоо тэр залуутайгаа амьдарч байгаа сурагтай. Ийм байдлаар миний амьдралаар тоглож, охиноо хагас өнчрүүлсэнд би гомдолтой явдаг. Миний хувьд гарсан үрээ асарч тойлж тэжээн тэтгэхэд эцэг хүний хувьд татгалзах зүйлгүй.
Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоогоор ажил эрхлэхгүй байгаа. Хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин охинтойгоо сард 2 удаа уулзаж байх талаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Г.Э, Г.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Иг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Г.Эийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч охин Б.И эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Г.Баас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, охин Б.Иг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан бөгөөд тусдаа амьдарч буй эцэг, эхтэйгээ уулзах, тэдэнтэй харилцаатай байх эрхийг хамт амьдарч байгаа эцэг, эх хязгаарлах эрхгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад хуульд эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд уг үүргээ хүүхдээсээ тусдаа амьдарч байгаагаас үл шалтгаалан биелүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байх замаар биелүүлэх боломжтой юм. Иймд хүүхдээсээ тусдаа амьдарч буй эцэг, эхийг хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байх /эцэг, эх байх эрхийг хязгаарласан, хассанаас бусад тохиолдолд/ эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Иймд талуудын тохиролцсоноор хариуцагчийг хүүхэдтэйгээ сард 2 удаа уулзуулж байх боломжоор хангахыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г Б-аас 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Иг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин Б.Иг эцэг Г.Бтай сард 2 удаа уулзуулж байх боломжоор хангахыг нэхэмжлэгч Г.Эт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА